• Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон гэр бүл, төрөл төрөгсдөөс нь төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

    2017-09-10

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахв жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    “Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,

    Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.

    Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН “ХААНЫ ЭРЭЛД-2017” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ

    2017-07-23

    Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагчид аа!

    Хүндэт зочид, төлөөлөгчид өө!

    Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын болон Тэнгисийн явган цэргийн командлал жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэлж байна. Энэхүү сургуульд оролцохоор  төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй манай сайхан оронд эх орноо төлөөлөн хүрэлцэн ирсэн энхийг сахиулагч Та бүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хүчин чармайлт  гарган, аливаа маргаантай асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж тодорхой үр дүнд хүрч байгаа хэдий ч шашин хоорондын  сөргөлдөөн, үймээн самуун, терроризм, хүний болон байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй  аюул занал  та бидний санааг зовоосоор байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандаж МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА-ын хэлсэн үг

    2017-07-21

    Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

    Төрийн   цэргийн   байгууллагуудын   генерал,   офицер,   ахлагч,   түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

    Хүндэт зочид оо!

      Улс, эх  орныхоо   тусгаар  тогтнол,   бүрэн   эрхт байдал,  нутаг дэвсгэрийн  бүрэн  бүтэн байдал, улсын хилийн  халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их  түүхэн   замнал, ололт  амжилтыг  улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

    2017-07-12

    Эрхэм хүндэт наадамчид аа,

    Эрхэм хүндэт зочид оо, 

    Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна.

    Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань сэц мэргэн харвалаа.

    Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ТӨРИЙН ДАЙЛЛАГАД ХЭЛСЭН ҮГ

    2017-07-11

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Их эзэн Чингис хаан соёрхсон Монгол төрийн их баяр наадам дэлхийн сонорыг мялааж дэлгэр сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нөхөд Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

    Нар хур тэгширсэн налгар зуны энэ сайхан үдэш Та бүхэнтэйгээ уулзан золгож буйдаа туйлын баяртай байна. Монгол наадам гэдэг монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл, баяр бахдал юм.

    Сайн үгээ хэлэлцэж, сайхан дээлээ өмсдөг монгол наадам бол төрт ёсны гүн уламжлал, түүх соёлын их чуулган билээ. Монгол төрийн нурууг түвшин залж, түмний заяаг өөд өргөж яваа эрхэм хүмүүст зориулсан Төрийн энэхүү дайллага ч гэсэн эртнээс улбаатай ёслол хүндэтгэл юм.

    Монгол Улс өв уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, ололт амжилттай хөл нийлүүлэн урагшилж явна. Бидний ололт амжилт бол монгол хүн бүрийн ололт амжилт төдийгүй манай орон, байгууллага, ард иргэдтэй хамтран ажилладаг түншүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    2017-07-11

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Эрхэм зочид гийчид ээ,

    Эрхэм хүндэт наадамчид аа,

    Туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос төрт ёсны их баяр монгол наадмын энэ гэгээн сайхан өдрийн халуун мэндийг наадамчин олон Та бүхэндээ дэвшүүлж, амрыг айлтган мэндчилье.

    Монголын Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой энэ жил тохиож байна.

    Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл өөрсдөө өөрсдөдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна.

    Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа санаж, төлөвлөж, ярьж хэлж байх ёстой гэж би бодож байна. Улс орон, ард иргэдийн маань өмнө тулгамдсан ажилгүйдэл ядуурал, иргэдийн амжиргааг улам бүр дордуулахад нэрмээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна. Мөн эдийн засгаа сэргээн тогтворжуулах, бүтээн байгуулалтын их ажлаа цаг алдалгүй өрнүүлэх том зорилт бидний өмнө байгааг наадмын энэ индрээс би зориуд дурдаж байгаа юм аа. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Халтмаагийн БАТТУЛГА-ын ард түмэндээ хандаж хэлсэн үг

    2017-07-10

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангараг өргөж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

    "Монголчууд аа,  элэг нэгт ахан дүүс ээ, 
    УИХ-ын Эрхэм гишүүд ээ,    
    Хүндэт зочид, хатагтай ноёд оо,   

    Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.        

    Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.

    Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

    Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

    Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна.  Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-12-31

    Төрийн ордон

    Улаанбаатар хот

    Сайн байцгаана уу!

    Эрхэм хүндэт ард иргэд ээ!

    Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

    2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.

    2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛООРОО БАХАРХАХ НЬ АРИУНБААТАРЫН ДЭЭД БАХАРХАЛ ЮМ

    2016-10-31

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРӨӨР ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

    Улаанбаатар хот                                                           Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөө

    Чингис хааны одонт эрхмүүд ээ,

    Хүндэт нөхөд өө,

    Ард иргэд ээ,

                Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэхүү бахархалт өдрийн халуун мэндийг Та бүхэнд хүргэе. Монгол хүн бүрт, Монголын төлөө сэтгэл, зүрх бүрт энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэе.

                Монголчууд бол бахархлыг бүтээж, бас түгээн, түүнийг эзэмдэж ирсэн хүмүүс. Бидний хаан бахархал бол Монголын сайхан эх орон, Монголын ард түмэн, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө юм. Мөн Та бидний их түүх, их өв соёл, их өвөг дээдэс маань билээ.

                Бахархлыг хүн бүтээдэг. Монголын бахархлыг Монгол хүн бүтээдэг. Монголчуудын бахархалт хүмүүсийн оройн дээд нь Эзэн Чингис хаан юм. Иймээс бид их хааныхаа мэлмий гийсэн учир билэгдэлт энэ өдрийг Монгол түмний бахархлын өдөр гэж тогтсон юм.

                Бахархалтай үндэстэн оршиж бас урагшилдаг. Үндэстнийхээ бахархлыг бүтээж яваа олон Монгол хүн бидний дунд бий. Хүнийг хөдөлмөр бүтээсэн тухай өмнө нь сургадаг байсан. Зорилготой, тууштай, хөдөлмөрч хүн л бахархлыг бүтээдэг. Харин энэ үнэнтэй бол маргах аргагүй юм. Монголын төрийн дээд хүндэтгэл-“Чингис хаан” одонг ийм хүнд жилдээ 1 удаа гардуулж байхыг Монгол Улс хуульчлан тогтоосон юм.

                Чингис хаан одонгоор манай улсын бахархал болсон нэр хүндтэй эрхмүүд шагнагдаж ирсэн. Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл, Думаагийн Содном, Хавтгайн Намсрай, Гомбожавын Мэнд-Ооёо. Өнөөдөр Монгол төр энэхүү эрхэм хүндэтгэлээ нэгэн хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчдээ хүртээхээр шийдвэрлэсэн.

                Хүн төрөлхтний соёлын үнэт өв-сонгодог урлагт амжилт гаргах нь амаргүй даваа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэр тусмаа олон зуун, олон үе дамжиж түүний оргил өөд мацсан мэргэжлийн домогт олон уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд нь зогсоно гэдэг бол хосгүй. Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн Монгол хүү ийм амжилтад хүрсэн нь яах аргагүй манай үндэсний бахархал. Энэ бахархлын эзэн бол Ганбаатарын Ариунбаатар юм.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН AСEM-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЗОЧДОД ЗОРИУЛСАН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-15

    Улаанбаатар хот                                                                                      Чингисийн хүрээ

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

    Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, хүндэт зочдод болон AСEM-ын 20 жилийн ойд зориулсан Монгол наадам манай үндэсний ёс жаягын дагуу өрнөөд ийнхүү өндөрлөж байна.

    Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжисийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна.

    Дэлгэрэнгүй