Оюутанд жилд 540 мянган төгрөгийнтэтгэмжөгөхөөр төсөлд тусгасан

Түвшинбаяр 2010-08-05 18:26:59

            Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл санаачилсан. Оюутнууд хэзээнээс тэтгэлэгтэй суралцах бол хэмээн хүлээж байгаа.

 
Энэ асуултын хариулт болгож Ерөнхийлөгчийн боловсролын зөвлөх Р.Болдоос тодруулга авлаа.

            -Ерөнхийлөгчийн санаачилсан оюутны сургалтын тэтгэлэг олгох хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
 
            -Оюутны сургалтын тэтгэлэг олгох талаар ажлын хэсэг байгуулсан. Хуулийн төсөлдөө иргэд саналыг тусгаж, өнгөрсөн гуравдугаар сард Иргэний танхимаар хэлэлцүүлсэн. Ингээд дөрөвдүгээр сарын сүүлчээр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Найман яамнаас санал авахад тав нь энэ хуулийн төслийг дэмжсэн юм билээ.
 
            -Ямар яамд хуулийн төслийг дэмжээгүй юм бэ?
 
            -БСШУЯ, ХХААХҮЯ дэмжээгүй байсан. Ингээд БСШУЯ-тай хамтарч хуулийн төсөл боловсруулахаар болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг гарч хуулийн төсөл дээр ажиллахаар болсон. Ажлын хэсгийн ахлагчаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Мишигжав ажилласан л даа.
 
Ажлын хэсгийн гишүүдийн хувьд санал зөрөлдөх асуудал нэлээн гарсан. Гэвч Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамныхан хамтарч хуулийн төсөл боловсруулахаа болилоо. Ерөнхийлөгчийн боловсруулсан хуульд саналаа өгье, энэ хуулийг засч янзлах хэрэггүй юм байна гэсэн. Бидний зүгээс ингэж шийдэж байгаа бол саналаа наадмаас өмнө өгөөрэй гэж тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл яамнаас ямар нэгэн санал ирээгүй л байна.
 
            -Нэг оюутанд олгох тэтгэлэгийн хэмжээг тогтоосон уу?
 
            -Нэг оюутанд сард 54 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхөөр тусгасан. Ингэхээр жилд 540 мянган төгрөгийн сургалтын тэтгэлэг олгох юм. Үүнээс гадна амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг олгож байгаа тэтгэлэгийг нэг дахин нэмэгдүүлж жилд нэг сая 80 мянган төгрөг олгох юм.
 
            -Мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

            -Оюутны тэтгэлэгт шаардагдах хөрөнгийн 20 хувийг улсын төсвөөс, 80 хувийг нь “Хүний хөгжил сан”-аас гаргах санал оруулсан. Ер нь хүний “Хүний хөгжил сан”-гийн хөрөнгийг дөрвөн чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн шүү дээ. Үүнд боловсролын салбар багтсан.  
 
            -БСШУЯ хуулийн төсөлд саналаа оруулаагүй ч гэсэн Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс Засгийн газарт хуулийн төслөө өргөн барих боломжгүй юу?
 
            -Одоо ингэхээс өөр аргагүй. Манайх Оюутны сургалтын тэтгэлэг олгох хуулийн төслөө Засгийн газарт дахин хүргүүлнэ. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд санаачилж боловсруулсан хуулийн төслөө УИХ-д өргөн барих эрхтэй. Энэ ч үүднээс УИХ-д өргөн барьж бас болно.

            -Салбарын яамны хувьд ямар шалтгаанаас болж оюутны тэтгэлгийг зөвшөөрөхгүй байгаа юм бол?

            -Улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа.