ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Түвшинбаяр 2010-08-25 17:01:46
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөхР.БОЛД-той оюутны сургалтын тэтгэлэг болон дээд боловсролын хөгжлийн асуудлаар ярилцав.
 
-       Өнгөрсөнонд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц. Элбэгдорж их, дээд сургуульд суралцагчдад тэтгэлэг өгнө гэж мэдэгдэж байсан, Ерөнхийлөгч энэхүү амлалтаа хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодлого үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөртөө Оюутны сургалтын тэтгэлгийн асуудлыг боловсролын шинэчлэлийн нэг тулгуур асуудал гэж үзэж эрх зүй, санхүүжилтийн механизмыгтодорхой болгоход санаачлагатай ажиллана” гэсний дагуу “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг боловсруулж дууссан. Бүтцийн хувьд хуулийн төсөл нь 6 бүлэг, 20 зүйл, 160 заалтаас бүрдэж байна.
Ажлын хэсэг уг хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох бусад хууль, тогтоомжтой уялдуулах, давхардуулахгүй байх, аль болохоор бодиттой, үндэслэл сайтай болгох, олон нийтийн санаа бодол, зөвлөмж дээр тулгуурлаж “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн хэлбэрийн шаардлагыг хангах талаар онцгой анхаарч ажилласан.
Хуулийн төслийг бүрэн эхээр нь энэ оны хоёрдугаар сард төвийн хэвлэлүүдэд нийтэлж гуравдугаар сард Иргэний танхимаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үед гарсан олон арван саналыг төсөлд тусгасан болно. Мөн Монголын Оюутны холбооноос албан ёсоор санал авсан.
Бид хуулийн төсөлдөө санал авахаар Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Хэрэв Засгийн газар саналаа өгөөдөхвөл Ерөнхийлөгч аль болохоор хурдан хууль тогтоох байгууллагад өргөн барих бодолтой байгаа.
 
-       Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар шийдвэр гаргаж оюутны сургалтын төлбөрийн тодорхой хэсэг болох 500 мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас олгохоор боллоо. Үүнийг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газраас өгч буй нааштай санал хэмээн ойлгож болох уу?
 
Монгол Улсын Засгийн газрын уг шийдвэр нь угтан тоссон сайн зүйл боллоо гэж үзэж байна. Ерөнхийлөгчөөс Засгийн газарт хүргүүлсэн хуулийн төслийн 8.3.2 дугаар зүйлд “Дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагад зохих шалгуур үзүүлэлтийг ханган өдрийн ангид суралцаж буй суралцагчид сургалтын үндэсний тэтгэлэг олгоно. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлэг нь 10 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэсэн. Энэ нь 500 гаруй мянган төгрөг юм.
Түүнчлэн “Үндэсний тэтгэлгийн эх үүсвэр нь Хүний хөгжлийн сангийн хөрөнгө байна” хэмээн заасан.
 
-       Хуулийн ач холбогдлын талаар тодруулж яриач?
 
Энэхүү хуулийн төсөл батлагдвал манай дээд боловсролын санхүүжилтын тогтолцоо боловсронгуй болж, санхүүгийн олон эх үүсвэрт тулгуурлах, суралцагчдад олгох тэтгэлэг, тэтгэмжийн арга, хэлбэр олон хувилбартай болох, тэдгээрээр дамжин дээд боловсролын үйлчилгээний чанар, үр ашиг дээшлэх ач холбогдолтой.
Түүнчлэн өрхийн, ялангуяа хөдөөгийн малчин өрхийн ядууралд тодорхой нөлөөлөл үзүүлж, айл гэрийн төсөвт томоохон дарамт болж буй хүүхдийн сургалтын төлбөрийн ачааллыг хөнгөрүүлэхэд тустай. Ойрмогхон Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаармалчдын банкнаас авсан бүх зээлийн 67 хувь нь дээд боловсролын сургалтын төлбөрт зориулагдаж байна.
Судалгаанаас үзэхэд манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг аж.
 
-       Монголчууд үр хүүхдийнхээ боловсрол, мэдлэгт их анхаардаг. Төр засаг ч одоо анхаарал дэмжлэгээ үзүүлэх боллоо?
 
Дээд боловсрол бол нийгмийн баялаг мөн. Иймд дээд боловсролын үр шимийг хүртэгч талууд зардлыг харилцан хуваалцах замаар оролцоо, хяналтаа хэрэгжүүлэх зарчим нь шударга ёсонд нийцнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгийг бий болгоход гарч буй зардлыг суралцагч төдийгүй нийт олны төлөөлөл болох төр засаг хуваалцан төлөх ёстой.

Мэргэжлийн судалгааны байгууллагаас нийт орон даяар 1800 гаруй хүнийг хамруулан хийсэн судалгаанд оролцогчдын 60 хувь нь төр засаг сургалтын зардал, төлбөрөөс хуваалцах ёстой хэмээн үзэж байгаа бол 82,6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг олгох зайлшгүй шаардлагатай байна гэжээ.

Ийм учраас оюутны сургалтын төлбөрийн асуудал бол манай нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудал мөн. Үүнийг төр, засаг хаана хаанаа хичээж нааштайгаар шийдвэрлэх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Энд аливаа улс төржилт хэрэггүй, арав таван оноогорьдоод хэрэггүй, асуудлыг ард олны эрх ашгийн үүднээс харж шийдэх учиртай хэмээн Ц. Элбэгдорж Ерөнхийлөгч үзэж байсан. Одоо оюутанд тэтгэлэг олгох эхлэл тавигдлаа.
 
 
-       Манай орны дээд боловсролын санхүү, эдийн засгийн өнөөгийн бодит байдал ямархуу байгаа вэ. Бага зардалтай, түүнийгээ дагаад муу чанартай гэж ярих юм?
 
Угаас энэхүү дэд салбар бага зардалтай, муу чанартай явж ирсэн. Өнөөдөр манай улсын дээд боловсролын нэг оюутанд ноогдох төсвийн зарлага 339 ам. доллар байгаа нь олон улсын стандартаас ихээхэн доогуур байна. Үүнтэй харьцуулахад хөгжингүй орнуудад их дээд сургуульд суралцаж байгаа нэг оюутанд ноогдох улсын төсвийн зарлага 11 520 ам. доллар байгаа.

Дээд боловсролд зарцуулж буй энэхүү бага зардал нь чадварлаг багш нарыг өндөр цалингаар татах, сургалтын орчныг сайжруулах хөрөнгө оруулалт хийх эсвэл ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Улсын болон хувийн их дээд сургуулийн үндсэн профессоруудын сарын цалин ойролцоогоор 300 ам.доллар байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалинтай бараг адилхан байна. Хөгжсөн орнуудын жишгээр бол ийм байж таарахгүй.

Улсын их дээд сургуулиудын багш нарын дөнгөж 16 хувь, хувийн их дээд сургуулийн багш нарын 5 хувь нь докторын зэрэгтэй байгаа нь манай дээд боловсролын сургалтын байгууллага эрдэм шинжилгээний бус шинж төрхийн илэрхийлэл юм. Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх болон сайжруулахад зарцуулах хөрөнгийн нөөц бололцоо, хөхиүлэн дэмжих хөшүүрэг бага байна.
 
-       Сургуулиудыг хэрхэн санхүүжүүлэх вэ. Урьд өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ?
 
Одоо бол манай дээд боловсрол үндсэндээ нэг л эх үүсвэрээс санхүүжиж байгаа гэж хэлж болно, тэр нь сургалтын төлбөр. Дээд боловсролын санхүүжилтийн 80 гаруй хувийг зөвхөн сургалтын төлбөрөөр бүрдүүлж буй өнөөгийн нөхцөлд судалгаа шинжилгээний ажил, чанартай сургалтыг дэмжих бүтэц, удирдлага, санхүүжилтийн тогтолцоог бий болгож үнэхээр чадахгүй байна.

Шинээр боловсруулсан хуулийн төсөлд зааснаар бол их, дээд сургуулийн санхүүжилт олон эх үүсвэртэй байна. Төрөөс тогтоосон шаардлага хангасан сургуулийн урсгал зардлын тодорхой хувийг улсын төсвөөс шууд болон өрсөлдөөнт шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлнэ. Ийнхүү улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ нь дээд боловсролын сургалтын байгууллагын жилийн нийт орлогын 20 хувиас багагүй байхаар төсөлд тусгасан. Бусад эх үүсвэр нь гэрээт судалгааны ажил, туршилт, зөвлөгөө, сургалтын төлбөр, үйлчилгээний хураамж, эзэмшсэн хувьцааны ногдол ашиг, бэлэг, хандив, хөрөнгө оруулалтын орлого зэргээс бүрдэхээр зааж өгснөөрөө онцлогтой.

Цаашид дээд боловсролын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, аттестатчлалын тогтолцоо, бодлого, дүрэм, журмыг дээд боловсролын чанарын шинэ шаардлага, орчинд нийцүүлэн боловсронгуй болгох, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийн үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг чанарын шинэ төвшинд гаргах хууль эрх зүйн чухал орчин болно хэмээн үзэж байна.

-       Онц, сайн сурдаг оюутнуудыг хэрхэн урамшуулах вэ?
 
Төслийн 8.3.3–д “Дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж буй суралцагчид тухайн хичээлийн жилд урамшуулалт тэтгэлэг олгоно” гэж тусгасан. Урамшуулалт тэтгэлэг олгох журмыг Засгийн газар тогтоохоор заасан байгаа.

            Хуулийн төслийн энэхүү заалтын дагуу онц, сайн сурдаг оюутанд нэмэлт санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ гэсэн үг. Өдгөө манай магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцагчдын 12 орчим хувь нь буюу 15 мянган оюутан онц, сайн сурдаг бөгөөд хуулийн төслийн энэхүү заалтын дагуу тэдгээрт зориулж жилд 8, 1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөөлж байна.
Оюутны сурах боломжийг нэмэгдүүлэх, дэмжихдээ сурлагын амжилт, авъяас, чадварыг урамшуулах, хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай элсэгчдийг тэгш хамрах, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх эх үүсвэрийг олшруулах, суралцагч нь өөрийн сонирхол хэрэгцээнд нийцсэн хичээл, хөтөлбөрийг сонгоход төлбөрөө хуваарилах замаар чанарын хяналтанд оролцох боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Суралцагчдыг дэмжсэн дээрх зохицуулалтын зэрэгцээ сургуулийг санхүүжүүлэх олон эх үүсвэрийг баталгаажуулан, суралцагчдад шаардлагатай үйлчилгээг нийлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог урамшуулж сургалтын орчныг сайжруулснаар дээд боловсролын нийгэм, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, нийгмийн үнэт зүйлсийг бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.

-       Оюутнуудад үзүүлэх бусад дэмжлэгийн талаар ...?

Дээд боловсролын суралцагчдад үзүүлэх санхүүгийн бус дэмжлэг нь суралцаж буй мэргэжлийн чиглэлээр интерншип (мэргэжлийн дадлага) хийх нөхцлөөр хангуулах, цагийн хөдөлмөр эрхлэх, суралцах хугацаандаа номын сан, байр, хоолны газар, ном бичиг хэргийн дэлгүүр, угаалга цэвэрлэгээний газар, биеийн тамир, спортын заал, соёлын үйлчилгээ, тээвэр, эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хэлбэртэй байна. Суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн хийгээд суралцагчдыг ажилд зуучлах алба, нэгжүүдийн хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой зааж өгсөн болно.
 
-       Хууль батлагдсанаар ямар эерэг үр дагавар гарна гэж Ерөнхийлөгч үзэж байна вэ?
 
Юуны өмнө дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэр, бие даасан байдал баталгаажиж, үйл ажиллагаанд нь чанарын тогтвортой ахиц гаргах боломж бүрдэнэ. Мөн суралцагчид суралцах үндсэн зорилгодоо төвлөрөх, сурлагадаа ахиц гаргах, мэргэжил боловсролыг чанартай эзэмших боломж нь баталгаажна. Сургалтын төлбөрөө төлөх, амьжиргаандаа шаардлагатай орлогыг нэмэгдүүлэхэд авах тусламж дэмжлэгийн хүртээмж, хэмжээ нэмэгдэнэ. Түүнчлэн дээд боловсролыг дэмжих, суралцагчдад шаардлагатай нийгмийн үйлчилгээг хөнгөлөлттэй хүргэхэд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн идэвх, санаачилга дээшилнэ.

-       Их сургуулиудыг оюутны хотхон хэлбэрээр хөгжүүлэх талаар сүүлийн үед дээр дооргүй сүрхий ярих болов. Энэ нь дурдсан хуулийн төслийн агуулга, зорилттой хэр нийцэж байна вэ?
 
Бүрэн нийцнэ хэмээн бодож байна. Сургуулиудыг тусгай хотхон байгуулах замаар хөгжүүлэх нь дэлхийн сайн жишиг, шалгарсан арга. Ийм хотхон буюу хатуу дэд бүтцэд (hardware) үйл ажиллагааг нь тэтгэх, зохицуулах программ хангамж (software) хэрэгтэй нь мэдээж. Түүнгүйгээр тэр машин ажиллахгүй. Чухамхүү уг хатуу дэд бүтцийн амьдрах чадварыг тэтгэх зөөлөн дэд бүтцийг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж санал болгож буй юм.
 
-       Сүүлийн үед төр засгийн зүгээс болон олон нийт, мэргэжилтнүүдийн хүрээнд дээд боловсролын тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж их ярих боллоо. Энд чухам ямар шинэчлэл байж болох, энэ талаар Таны бодол ...?

Өнөөгийн Монголын дээд боловсролын шинэчлэлийн үндсэн чиглэл нь сургалтын агуулга, технологи, чанарын үнэлгээ, сургалтын зохион байгуулалт болон багшлах боловсон хүчний чанар чансаа, сургуулийн санхүү, эдийн засгийн чадавхи, дэд бүтцийн хөгжил, багш, оюутны цалин хангамж, тэтгэлэг, нийгмийн баталгааны асуудал болоод байна.

-       Саявтархан Засгийн Газраас төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх асуудлаар шийдвэр гаргасан. Дээд сургуулиудыг нэгтгэж томруулах, сургуулиудын тоог захиргааны журмаар цөөлөх нь хэр оновчтой вэ?

Захиргаадалтын зүйл байж болно, гэхдээ тэр нь асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл болох учиргүй. Бид өрсөлдөөнт ардчилсан тогтолцоонд оршиж байна. Төр нь нийгмийн амьдралд оролцогч нэг субъектын хувьд тоглоомын дүрмийг тоглоом эхлэхээс өмнө тухайн үйл ажиллагааны жишиг стандарт, шалгуураар тогтооно. Тэдгээр нь эх орны болон олон улсын хэмжүүр, шалгуур байна. Тогтоосон стандарт, шалгуурыг хангаагүй нэгжүүд тоглоомын дүрэм ёсоор тоглолтоос гарах учиртай. Харин уг шаардлага хангаагүй этгээдийг түр ч атугай тоглуулаад байж болохгүй. Тэгвэл бид үр хүүхэд, ирээдүй хойчоороо тоглуулсантай адил болно. Манайд янз бүрийн шалтгаанаар, ихэвчлэн танил тал, арын хаалга, авилгын улмаас шаардлага хангадаггүй тоглогчийг тоглуулаад, үйл ажиллагаагийн үргэлжлүүлээд байдаг тал бий. Үүнээс үүдээд сургалтын чанар муу, үнэ төлбөр өндөр, сургуулиудын тоо олширлоо гэдэг яриа гардаг.

-       Тэгэхээр оролцогч талуудын хариуцлага чухал болох нь ...?

Тийм. Төр болон сургуулиудын аль алинынх нь хариуцлага. Төрийн төлөөлөгч танил тал харахгүй, авилга бодохгүй байж, ажилдаа хариуцлагатай хандан төрөөс тогтоосон дээд боловсролын стандарт, хэм хэмжээг ягштал мөрдүүлж ажиллах хэрэгтэй байна. Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих боловсролын агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэдлэг, мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлдог. Сургуулиудын эрх баригчид сургууль, сургалтын стандартыг ханган дотоод бүтэц, зохион байгуулалтаа зохистой болгох шаардлагатай байгаа юм. Манай зарим сургуулиудын удирдлагын бүтэц хэт данхайсан, оновчгүй байна.

-       Жишээ нь ...?

Шинжлэх ухаан, технологийн их сургууль гэхэд дотроо 17 сургуультай, тэдгээр нь тус бүртээ захирал, захирлын туслах, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, нярав гээд захиргааны хөөрхөн аппараттай. Дээрх сургуулиудын захиргаанд ажилладаг хүн гэхэд 100 хол давж байна. Мөн энд туурга тусгаарлах огт шаардлагагүй сургуулиуд ч байх юм. Математикийн сургууль, Хэлний боловсролын сургууль, Нийгмийн технологийн сургууль гээд байна. Эдгээр гурван сургуулийг нэгтгээд Ерөнхий эрдмийн сургууль гэдгийг байгуулж болно шүү дээ. Зарим өөр хоорондоо төстэй мэргэжлийн сургуулиудыг ч нэгтгэж нэг сургууль болгож болмоор. Тухайлбал ШУТИС-т Геологи, газрын тосны сургууль, Уул уурхайн инженерийн сургууль, Уул уурхайн хүрээлэн гэдэг нэг чиглэлийн гурван байгууллага зэрэгцэн ажиллаж байна. Эдгээр сургуулиуд нь тус бүртээ нижгээд төвүүдтэй юм билээ.

-       Бүтцийн өөрчлөлтөөс гадна орчин үеийн их сургуулийн үйл ажиллагааны чиглэл ямархуу байдалтай байна вэ?

Өдгөө их сургууль нь тухайн улс орныхоо нийгэм, эдийн засагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг хийж шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүрэгтэй болж байна. Үүнийг сургалт – үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ойртуулах, их сургууль дахь судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэх, инновац бий болгох замаар хэрэгжүүлэх болов. Ойрын жишээ дурдахад манай хойд хөршийн Эрхүү хотын Техникийн их сургууль инновац хэлбэрийн их сургууль (инновацлаг их сургууль) болон зохион байгуулагдан ажиллаж байна.

Түүнчлэн их сургуулийн сургалтын сонгомол хэлбэр болох кредит цагийн систем нь өөрөө багшийн үйл ажиллагааг судалгаа шинжилгээ хийх, инновац гаргахад чиглүүлж байна. Онолын судалгаанд хэт их цаг, хөрөнгө зарцуулах гэж оролдох нь санхүүгийн боломж муутай манай орны нөхцөлд үр дүн, тохиромж багатай байгаад дүгнэлт хийж сургалтын хэт бясалгалын аргаас татгалзах шаардлага зүй ёсоор гарч ирлээ.