Л.Пүрэвсүрэн: Гадаад харилцааны хувьд ихээхэн ач, холбогдолтой бас ачаалалтай зун болох нь

Administrator 2014-07-22 10:50:48

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс эхлэн Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Японд төрийн айлчлал хийсэн. 2013 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Японд айлчилсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сай Ш.Абэтай 2012 оноос хойш хэд хэдэн удаа уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад эмчлүүлэхдээ ч Шинзо Абэтэй уулзсан. Энэ мэтээр хоёр орны удирдлагуудын хооронд ажил хэргийн ойр дотно харилцаа тогтмолжсон гэж хэлж болно.  

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад айлчлахдаа  Монгол, Японы харилцааг идэвхжүүлэх “Эрч” санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт дэвшүүлэн зарласан. Энэ санаачилгын дагуу өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон ажил хийгдсэн. Ер нь манай улсын эдийн засаг сайнгүй байна. Дэлхий дээр санхүүгийн боломжтой цөөн орны нэг нь Япон улс. Ялангуяа Ерөнхий сайд Ш.Абэгийн явуулж буй Авонимэкс гэж нэрлээд буй эдийн засгийн бодлогын гол утга санаа нь эдийн засгаа гадагш нь тэлэх бодлого юм. Манай талаас Японы хөрөнгө оруулалтыг Монгол руу татах сонирхол японы эдийн засгаа гадагш тэлэх бодлоготой ийнхүү зохицон нийлж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал товч ажлын айлчлал байна.  Гол нь Монгол-Японы эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилт тавьсан.  Ерөнхийлөгчийг дагалдан манай 120 гаруй компанийнхан явж байгаа. Засгийн газраас  Ч.Сайханбилэг сайд ахалсан ажлын хэсэг гарч, айлчлалын бэлтгэлийг базаасан. Ажил олгогч эздийн холбоо, Банкны холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим болоод бизнесийн бусад холбоодоос зохион байгуулан манай компаниуд Японоос яг юуг сонирхож байгаа вэ гэдгийг Японы талд урьдчилан мэдээлсэн. Японы талаас “Кeidanren”, “Jetro” гэдэг Японы томоохон бизнес байгууллага хариуцан бизнесийн уулзалтыг зохион байгуулж байна.  

-Эдийн засгийн хувьд яг ямар асуудлуудыг шийдэхээр айлчилж байгаа гэсэн үг вэ?

- “Кeidanren” байгууллагын гишүүн 200 гаруй томоохон компанийн төлөөлөл оролцсон арга хэмжээ маргааш буюу долдугаар сарын 22-ны үдээс өмнө эхэлнэ. Тус арга хэмжээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэх юм. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, Засгийн газар, хувийн хэвшлийн шугамаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн танилцуулга хийнэ.   Хэд хэдэн яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон нэлээд өргөн бүрэлдэхүүн явж байгаа.  Тухайн өдрийнхөө үдээс хойш японы гадаад худалдааны чиглэлийн “Jetro” байгууллагын гишүүн 300 гаруй жижиг, дунд хэмжээний компанийнхан манайхаас очсон 120 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны холбоо хэлхээ тогтоох уулзалт болно. 

-Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тогтоох нь. Тэгвэл хоёр орны төрийн хэмжээнд ямар асуудал яригдах бол? 

-Японы Засгийн газраас өнөөдрийг хүртэл манай улсад хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж байсан. Харин одоо Японы талаас олгодог арилжааны томоохон зээл, бондын хөтөлбөрт хамрагдах, худалдаа, хөрөнгө оруулалтын зээл, баталгааны нөхцөлийг сайжруулах шаардлага гарч байгаа. Төрийн шугамаар явагдах ярианы гол агуулга энэ байх болно. Энд шүүмжлэлтэй хандах нэг зүйл байдаг нь хоёр жилийн өмнө Японы Засгийн газар манай Засгийн газарт найман тэрбум иен буюу 100 сая ам.долларын арилжааны зээлийг олгохоор болж, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэтэл үүнийг манай тал одоо хүртэл ашиглаж эхлээгүй байна. Яагаад гэвэл манай дотоод процедур өнөөдрийг хүртэл дуусаагүй юм. Сангийн яам, Эдийн засгийн яам, УИХ-аар яригдсаар хоёр жилийг үдсэн. Манай компаниуд Японоос тоног төхөөрөмжөө авъя гээд тохирчихсон байхад Монголын төрийн зүгээс боломжийг хангаж өгөөгүй байна. Төр ингэж л удаан ажиллаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлээд байгаа ухаалаг төрийн нэг зорилт төрийн энэ хүнд суртал, удаан ажиллагааг өөрчлөх явдал шүү дээ. Засгийн газраас энэ асуудлыг яаралтай шийднэ хэмээн хувийн хэвшлийнхэн хүлээж байгаа нь тодорхой.  

Монгол Улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон улстай байгуулж байгаа. Энэ талаарх хэлэлцээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд хийсэн айлчлалын дараа эхлүүлсэн. Хэлэлцээ сүүлийн шатандаа яваа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн ажлын айлчлалын хэлэлцээг амжилттай дуусгахад нэмэр хандив болно гэж бодож байна. Тэгвэл манай улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэсэн үг. Товчхондоо дүгнэхэд Ерөнхийлөгчийн энэ ажлын айлчлал Монгол-Японы эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. 

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал яригдаж байгаа. Энэ айлчлал хэдийгээр товлогдож байгаа вэ?

-Гадаад харилцааны хувьд ихээхэн ач, холбогдолтой бас ачаалалтай зун болох нь. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотноо болсон Азийн аюулгүй байдал хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дээр хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзаж ярилцсан. Хоёуланг нь Монголд урьж, Улаанбаатар хотноо Монгол-Орос-Хятадын гурван талт уулзалт хийх санал дэвшүүлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр тэмдэглэх Халх голын дайны ялалтын баярт оролцохоор болж, бидний урилгыг талархан хүлээж авсан. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалд бэлтгэж байгаа. Мөн л наймдугаар сарын хоёрдугаар хагаст айлчлалыг хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Энэ айлчлалууд бол мэдээж улс төр, эдийн засгийн талаасаа ихээхэн ач холбогдолтой. Энэ утгаараа төрийн байгууллагууд амралтгүй ажиллаж айлчлалд бэлтгэж байна. 

-Хэд хоногийн хугацаанд ямар хэмжээний айлчлалыг өрнүүлэх юм бол?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээж Халх голын ялалтын баярын үйл ажиллагаанд оролцоно. Ер нь бүрэн хэмжээний төрийн айлчлал байх болов уу гэж харж байгаа. Транзит тээврийн асуудлаас эхлээд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг  чухал асуудлууд айлчлалын үеэр яригдах болно. ОХУ-тай тогтоосон стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах шаардлага ч байгаа. Энэ мэтээр олон асуудлыг шийдэх болно. 

БНХАУ-тай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулан хэрэгжүүлж байгаа. Түүнийгээ шинэ шатанд гаргах тухай асуудал ярих болно.  

-Оросоос Хятад руу тавигдах хийн хоолойн асуудал гэх мэтээр анхаарлын төвд байгаа олон зүйл айлчлалын үеэр шийдэгдэх байх?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван талт уулзалтыг хийе, энэ үеэр дамжин өнгөрөх төмөр замын асуудал зэрэг гурван талд хамаатай асуудлуудыг ярилцан шийдье гэсэн санаачлагыг гаргасан. Энэ дагуу хоёр хөршийн тэргүүн Улаанбаатарт зэрэг айлчлах асуудал яригдаж байсан юм. Гэхдээ энэ удаа цаг хугацааны хувьд боломжгүй болж байх шиг байна. Монгол Улс хоёр хөрштэйгөө улс төрийн хийгээд эдийн засгийн аливаа зөрчилдөөнгүйг хүн бүр мэднэ. Мөн ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн харилцаа нь сүүлийн үед ихээхэн эрчимжиж байна. В.Путины Хятадад хийсэн айлчлалаар 400 тэрбум ам.долларын буюу өмнө нь дэлхийд байгаагүй томоохон арилжаа наймааны тухай яригдлаа. Тэгэхээр Оросоос Хятад руу явж байгаа тэр их бүтээгдэхүүн, нефть, газыг дамжуулах боломжтой хамгийн дөт замын нэг нь Монгол Улс. Юуны өмнө Монголоор дайрдаг төмөр замын шугам бий. Гэхдээ энэ төмөр замын дамжуулах хүчин чадал хязгаарлагдмал.  Одоо байгаа нэг замыг хос төмөр замтай болгож, цахилгаанжуулах замаар дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хоёр хөрштэйгөө ярьж байж шийдэх учиртай. Мөн хоёр хөршийн нутгаар дамжин далайн боомтод Монголын бүтээгдэхүүнийг гаргах, Монгол руу ирэх импортын урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хоёр хөрштэйгөө ярилцан шийдэх учиртай.  Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван талт уулзалтыг санаачилсан. Энэ мэтээр эдгээр айлчлалын үеэр эдийн засгийн асуудал, сэдвүүд давамгайлна. ОХУ-тай хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, ОХУ руу гаргах экспортлохыг нэмэгдүүлэх гээд оросын талтай ярих тодорхой сэдвүүд байна.   ОХУ-ын зүгээс ч гэсэн хайгуул хийх, уул уурхайн төсөлд хамтарч оролцох хүсэлтүүдийг ирүүлсэн байдаг. Харин эдийн засгийн хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлж байгаа БНХАУ-тай харилцан ашигтай наймаа хийх шаардлага тавигдаж байна. Нүүрсээ л гэхэд түүхийгээр нь гаргаад байх бус боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоё. Боловсруулахдаа байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлэх гээд ярилцах өргөн сэдвүүд байна, байх. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг бид байнга анхаарч байх ёстой.  Нэг зах зээлээс хараат болох бодит аюул бий. Тиймээс ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дайрч гуравдагч зах зээлд гарах гарцыг хайх ёстой. Энэ асуудлын хүрээнд транзит тээврийн яриа хэлэлцээ явагдаж байгаа. Айлчлалын хүрээнд энэ асуудлуудаар тодорхой шийдвэрийг гаргах байх. 

-Талын зам төсөл хэрэгжих, манай нутгийг дайрах нь тодорхой болсон уу?

-Зарим хүмүүс мөрөөдлөө болсон зүйл мэтээр ярьж байгаа нь арай эртэдсэн хэрэг болж байна. ОХУ, Хятадын талтай ярьж байгаа асуудал бий юу гэвэл бий. Орос хийн хоолойгоо хаагуур тавих вэ гэсэн бодлогоо боловсруулсан байдаг. Европ руу их хэмжээгээр бүтээгдэхүүнээ гаргаж байсан. Украйны асуудлаас үүдээд Европын зах зээл хязгаарлагдмал байдалд орохоор Азийн зах зээлээ анхаарах нь ойлгомжтой.  Гэхдээ Ази руу байгалийн хий, нефть нийлүүлэх асуудлаа олон жилийн өмнөөс сайн төлөвлөсөн байгаа. Хятад улс Оросын нефть, байгалийн хийн хамгийн том худалдан авагч байх нь мэдээж.  Гэхдээ оросууд асуудалд ухаалгаар хандаж олон жилийн өмнөөс төлөвлөн Номхон далайн боомт руу чиглэсэн хийн хойлойг тавьж эхэлсэн шүү дээ. Ингэснээр нэг зах зээлээс хараат  бус байх давуу талтай болж байна гэсэн үг.  Орос-Хятадын энэ хаврын байгалийн хийн том наймааны агуулга нь Владивосток руу татаж буй гол хоолойноос нэг хоолойг салаалуулж Хятад руу татна гэсэн үг. Ямар ч орон эдийн засгийн аюулгүй байдал, нэг зах зээлээс хараат бус байхыг тэргүүн эгнээнд шийдэж ажиллаж байгаагийн жишээ энэ байна. Мөн Байгаль нуурын баруун талд буй байгалийн хийн томоохон орд байгаа. Эндээс Хятад руу бүтээгдэхүүн нийлүүлэхээр яригдаж байна.  Аюулгүй байдлаа тооцож үзээд гурав дахь улсаар дайруулахгүй байхаар нэлээд эртнээс ярилцсан байдаг. Тиймээс Алтайн нурууг давуулж Монгол Улс,  Казахстаны дундуур “Алтай” гэсэн хийн хоолойг барьж, байгуулах тухай ярьдаг.

Түүнийг барихад өндөр уул нуруу, байгаль орчны асуудлаас эхлээд олон бэрхшээл тулгарч байгаагаас эцэслэн шийдвэрлээгүй. Магадгүй түүгээр тавьж болохгүй бол Монголын Улсын нутгаар дайруулж болох хувилбар яригдаж магад.  Тэгэхээр өнөөдөр Орос, Хятадын талын байр сууриа илэрхийлээгүй, техникийн үнэлгээ гараагүй байхад ямар нэгэн зүйлийг хэлэхэд эртэднэ. Мэдээж Монголоор энэ хоолой дайрахаар бол нөхцөлийн талаар ярилцахад бэлэн гэдгээ бид эртнээс хэлсээр ирсэн. Тэгэхээр үйлдвэрлэгч хийгээд эцсийн хэрэглэгч үгээ хэлнэ гэсэн үг.  Украйнаар дайрч байсан хийн хоолой дээр аюулгүй байдал талаасаа олон асуудал гарч байсан. Аюулгүй байдал, үнэ тариф гээд. Саяхан Киргизийн Ерөнхий сайд манайд айлчилсан. Киргиз Улс Туркменээс Хятад руу чигэлсэн хийн хоолойг өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг шийдсэн тухай ярьж байна. Энэ нь цэвэр транзит шугам байхаар тохирсон байгаа юм. Үүнийг хэрэглэсэн тохиолдолд дундаас нь саасан, саагаагүй, их хэмжээгээр авсан, аваагүй гэдэг асуудал үүсдэг. Дээрээс нь бид өөрсдөө хүрэн нүүрсээ шингэрүүлээд хятадын талд хий нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. Хүрэн нүүрснээс хий гаргасан тохиолдолд бүтээгдэхүүнээ хэрхэн нийлүүлэх юм. Бүх эдийн засгаа, бүх төхөөрөмжөө газан технологиор оруулах уу гэх мэт асуудал бий. Байгалийн хий  хэрэгтэй байгаа нь үнэн. Улаанбаатарыг утаанаас салгахад хамгийн их дөхөм болох зүйл чинь хий юм. Монгол оронд хүрэн нүүрс хамгийн их бий. Тэгэхээр өөрийн нутгаар дайрах хоолойноос хийгээ аваад бас л хараат болоод суух уу. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад үнэтэй ч гэсэн үйлдвэрлэгч болох уу гэсэн сонголт бий. Энэ бол удаан хугацаанд бодож хэлэлцээд гаргах төрийн бодлого юм. 

-Бид гадаад айлчлал бүрийн араас хөрөнгө оруулалт, зээл, тусламж хардаг. Харин дотоод орчны зээл авах боломж бололцоо тун тааруу байна?

-Мэдээж төрийн шугамаар гадаадаас  авдаг хөнгөлөлттэй зээлийн хэмжээ багасаж буй.Арилжааны зээл рүү орлоо гэсэн үг.  Зээлээс гадна Японы талтай тохиролцоод Самурай бондыг ашиглаж эхэлсэн. Энэ нь шинэ тутам ажил. Үүний ард өрийн босго ДНБ-ий 40 хувиас илүүгүй байна гэсэн хуультай. Энэ босгыг нэмж, хасах шаардлага байгаа. Миний хувьд эдийн засагч, банкир биш ч ажиглахад олон улсын тавцан дээр өрийн босго өндөр байх тохиолдол байдаг. Америк л гэхэд өрийн хэмжээгээ ДНБ-ий 250 хувьд хүргэсэн байдаг бол Герман 70-80 хувьтай байна. Ер нь манай улсад өнөөдөр хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн шатанд гарсан. Хувийн хэвшлийн ч тэр төрийн хэмжээнд ч төр хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нөхцөлд өрийн босгоор боомилох нь хэр оновчтой вэ гэдгийг дахин дахин харж улс төрийн намууд үндэсний хэмжээнд шийдвэр гаргах хэрэгтэй байх. 

-Манай улс ШХАБ-ын ажиглагч орноос гишүүн орон болж магадгүй гээд байгаа. Мэдээлэл үнэн үү. Гишүүн орон болсноор ямар дэвшилд хүрэх юм?

-Газрын зургийг харахад ч ШХАБ ОХУ, Хятад болоод Төв Азийг хамарсан байдгаас ороогүй ганц цэг нь манайх. ШХАБ-ын ажиглагчаар элсээд 10 жил болж байна.  Яагаад гишүүн орноор ороогүй вэ гэдэг асуудал гарч байна. ШХАБ-ын байгууллагын үйл ажиллагааг жигдрэхийг бид анхааралтай харж байна. Одоогоор эдийн засгийн талаа барих юм уу. цэрэг, улс төрийн холбоо чиглэл рүүгээ илүү ажиллах юм уу гэдэг нь тодроогүй. ШХАБ-ын хүрээнд банк байгуулна гэж яригддаг. Яг гарт баригдахуйц хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл юу байна вэ, мэдээж дэд бүтцийн, бүс нутгийн холбогдолтой ажил байвал бид хоцрох ёсгүй. Ер нь бол энэ байгууллагад элсье гэж өргөдөл өгсөн олон орон байгаа. Тэр орнуудын өргөдлийг хэрхэн шийдэх юм гэх мэтээр ажиглах зүйл олон байна.

-Эцэст нь асуухад Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлага хэр хэрэгжиж байна вэ. Та саяхан хойд Солонгост ажиллаад ирсэн гэл үү?

-Зүүн хойд Азийн бүс нутаг гэдэг бол хамгийн эмзэг цэгүүдийн нэг болчихоод байна. Солонгосын, цөмийн зэвсгийн асуудал гээд. Энэ бүсийн бүх оронтой манай улс сайн харилцаатай байдаг. Өнгөрсөн жил Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг зарласнаас хойш хэд хэдэн уулзалт хэлэлцээ Улаанбаатарт амжилттай явагдсан. Үүнийг хоёрдугаар шугам гэж нэрлэдэг. Албан ёсны хэлэлцээр нь мухардмал байдалд орчихоод байгаа шүү дээ. Америкийн болоод бусад талууд нь хойд Солонгостой зөвхөн цөмийн асуудлыг ярьж болно. Цөмийн асуудлыг ярихгүй бол ширээний ард суухгүй гээд гацчихсан. Гэтэл цөмийн асуудлаас гадна улс орнуудын хооронд ярилцах зүйл олон байдаг. Байгаль орчин, дэд бүтэц, эдийн засгийн асуудлаар санал солилцох шаардлага байна. Тиймээс үүнийг албан бус шугамаар ч болов явуулж байх шаардлагатай. Энэ хүрээнд Хойд Солонгос-Японы уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо амжилттай явуулсан. Мөн хойд Солонгос, Америкийн эрдэмтдийн уулзалтыг өн­гөрсөн зургаадугаар сард хийсэн. Бас бүсийн бүх орныг оролцуулж, Европ, Америкийн эрдэмтдийн уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан. Ирэх наймдугаар сард л гэхэд Зүүн хойд Азийн том хотуудын дарга нарын уул­залтыг бас Улаанбаатар хотод хийнэ. Хойд Солонгосын дотоодод ч гэсэн том өөрчлөлтүүд гарч байна. Саяхан Гадаад харилцааны шинэ сайдтай болсон гэх мэтээр. Тиймээс Ерөнхийлөгчийн тусгай элчийн хамт би хойд Солонгост ажиллаад ирлээ. Тодорхой хэмжээнд яриа хэлэлцээр явагдаж байгаа. 

Л.МӨНХТӨР