Шанхайд сайхан мэдээ ихтэй

Administrator 2014-05-21 11:12:37

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү энэ он гарсаар хөрш хоёр орны тэргүүн нартай хоёр дахь удаагаа нүүр тулан уулзлаа. Өмнөх уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард Сочи хотноо болсон билээ. Ийнхүү ноён В.Путин, Си Жинпин нар манай урилгыг ёсоор болговол хөрш хоёр орны төрийн тэргүүн зэрэг айлчилсан түүхэн жил болох нь-


БНХАУ-ын Шанхай хотноо Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дөрөвдүгээр уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр орны тэргүүнүүдтэй уулзсан нь Монгол улсын гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр ОХУ болоод БНХАУ-тай харьцах харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. “Монгол Улс хөрш хоёр оронтойгоо ямар нэг хилийн маргаан байхгүй том давуу тал. Гол нь хөрш хоёр орны харилцаанд тэнцвэртэй байдал чухал. Бодит байдлыг аваад үзвэл ялангуяа эдийн засгийн харилцаанд энэ тэнцвэртэй байдал алдагдсан байгаа. Тухайлбал, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд Хятад улс давуу байдалтай байгаа бол ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт эсрэгээр байна. Монгол Улс жилдээ ОХУ-аас 1,4 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолж байгаа бол Монгол улсаас ОХУ руу жилдээ 250 сая ам.долларын экспортын бүтээгдэхүүн гаргаж байна. Өнгөрсөн 2013 оны статистикийг аваад үзвэл өмнөх 2012 оноосоо Монгол-Оросын гадаад худалдааны эргэлт буурсан. Энэ 2014 онд ч буурах хандлагатай байна” хэмээн Л.Пүрэвсүрэн хэллээ. Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийн энэ зөрүүтэй байдал эдийн засгийн ижил бүтэцтэй байгаатай ихээхэн холбоотой. Тухайлбал, манай хоёр улс хоёул ашигт малтмалын бүтээгдэхүүн түлхүү импортолж байгаа. Харин нөгөө хөрш Хятад улсын хувьд эдийн засгийн өргөн суурьтай байгаа юм. Тиймээс ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах /2014.05.20/ үеэрээ хоёр орны эдийн засгийн бүтцийг өөрчлөх талаар ярьсан. Ноён В.Путиныг ирэх наймдугаар сард тэмдэглэх Халхын голын ялалтын ойд оролцох заллагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр хүргэлээ.

 


БНХАУ-ын дарга ноён Си Жинпинтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Даваа гаригт /2014.05.19/ уулзсан бөгөөд энэ уулзалт маш амжилттай болсоныг Л.Пүрэвсүрэн зөвлөх онцолсон. Протоколын дагуу хагас цаг үргэлжлэхээр төлөвлөсөн уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн гэдэг баримт ихийг өгүүлж байгаа юм. БНХАУ-ын дарга Си Жинпинийг Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урьсан бөгөөд энэхүү урилгыг тун нааштайгаар хүлээн авч ирэх намар, тодруулвал, наймдугаар сард Монгол Улсад айлчлах магадлал өндөр байгаагэсэн сайхан мэдээ дуулдлаа.


Өөр нэг сайхан мэдээ нь Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын гишүүнээр элсэх боломж нээгдэж байгаа явдал юм. “БНХАУодоогоор АПЕК-ыг даргалж байгаа.АПЕК нь шинээр гишүүн элсүүлэхгүй хугацаатай хоригтой байсан. Энэ хориг өнгөрсөн 2013 онд дууссан. Ирэх арваннэгдүгээр сард  АПЕК-ын уулзалт болно. Энэ уулзалтад Монгол Улсыг оролцохыг Си дарга урьсан” хэмээн Л.Пүрэвсүрэн зөвлөх сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Үүнээс гадна Монгол, Хятад хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, тухайлбал, уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийг харилцан хэрэгжүүлэхэд цаг алдахгүй байх шаардлагатай байгааг Л.Пүрэвсүрэн зөвлөх онцолсон. Монгол-Хятадын харилцааны хувьд энэ жил онцгой жил болж байгаа. Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Энэ ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёлын олон арга хэмжээ төлөвлөгдөөд эхнээсээ хэрэгжээд явж байгаа юм.


Шанхай хотноо болж байгаа АХАИББХ-ын дөрөвдүгээр уулзалтын цаг хугацаатай давхцуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар эдийн засгийн өндөр үр дагавар бүхий том хэмжээний гэрээнүүдийг үзэглэв. Нийтдээ 49 гэрээ хэлэлцээрийг хөрш орны тэргүүн нар үзэглэсэн бөгөөд үүнд хамтарсан хийн хоолойн төсөл, хамтарсан төмөр замын төсөл, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гээд Хятад-Оросын харилцааг цоо шинэ шатанд гаргах гэрээ, хэлэлцээрүүдийг хийлээ. Энэ уулзалт нь Си Жинпин, В.Путин нарын энэ оны долоо дахь уулзалт юм.  

Д.НАРАНТУЯА /БНХАУ. Шанхай хот

http://politics.news.mn/content/179613.shtml