Засгийн газарт чиглэл өгөх тухай

Administrator 2015-01-11 23:55:00

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 01 сарын 11 өдөр                                                   Дугаар:01                                                                     Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Засгийн газарт чиглэл өгөх тухай

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

Нэг. 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т чиглэл болгосугай.

 

        1. 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх;

 

        2. Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

Хоёр. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                               МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ                                           ЧИМЭДИЙ САЙХАНБИЛЭГ