Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв

Administrator 2015-03-23 16:49:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийж хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Оюун, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар мөн оролцлоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явууллаа.

Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан хуулиудын төслийг УИХ-д өргөн барихын өмнө иргэний нийгмийн төлөөлөл, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан Иргэний танхимд хэлэлцүүлэг хийдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ гэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хууль зүйн яамтай энэ чиглэээр хамтарч ажилласан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэж саналаа ирүүлэх гэж байна” гэлээ.

Үүний дараа Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлыг хуульчлаад 11 дэх жилдээ үйлчилж байна. Захиргааны хэргийн тухай хуульд “Танхайрах” гэсэн хэсэг байдаг. Үүгээр жилд 70 мянга орчим зөрчил шийдэгддэг. Үүний зарим нь гэр бүлийн хүрээнд гарсан зөрчил байдаг. Ийм зөрчил гаргасан хүнийг эрүүлжүүлээд, баривчлаад л явж ирсэн. Гэтэл эрүүлжүүлэхээс гарч ирээд дарамт үргэлжилдэг. Одоогийн тогтолцоогоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар биш, Захиргааны хариуцлагын тухай хуулиар бид энэ үзэгдлийг шийдэж байгаа.

Сүүлийн 10 жилд 23 мянгаас 26 мянган гэмт хэрэг гарч, үүнээс өсөхгүй, тогтвортой байгаа мэт харагдаж байгаа. Гэтэл захиргааны зөрчил гэдэг нэр томъёоны ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл даамжраад хүний амь нас хохирсон хойно л сая мэддэг. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддаг. Үүний нэлээд нь гэр бүлийн хүрээнд, хүчирхийлэл ужгирч даамжирсны улмаас үйлдэгдсэн байдаг. Бид үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Мөн хуулийн төслийг шинэлэг үзэл баримтлалаар сэлбэж амилуулах шаардлагатай болж байна.

Шинэчлэлийг цогц байдлаар харж байгаа. Өмнөх 11 жилд бусад хуультай уялдаагүй, процесс байхгүй явж ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг иргэний журмаар шийдвэрлэж ирсэн. Энэ явцад шүүхийн өмнө амь насаа алдсан хэрэг ч гарч байсан. Гэтэл дэлхий нийтийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож авч үздэг.

Одоо бидэнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургалт явуулах зэрэг ажил хийх хэрэгтэй болж байна. Олон улсад “anger management” буюу хүний уурыг барих сургалт явуулдаг болоод байна. Үүнийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бүрэн бололцоотой. Энэ мэтээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх маш олон боломж байна. Эдгээрт энэ хуулийн төсөл анхаарал хандуулаад байна.

Энэ хууль бол Гэр бүлийн тухай хууль биш, ахуйн хүрээнд хүчирхийлдэг, хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах учиртай хууль гэдгийг мөн анхаарвал зохистой юм. Нийгмийн маш том сөрөг үзэгдэлтэй тогтолцооны аргаар тэмцэхгүй бол үр дүн гарахгүй” гэлээ.

Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн хууль бусад хуультайгаа уялдаагүй, иргэний журмаар асуудлыг шийдэж сунжирдаг. Энэ завсар хүний эрхийн зөрчил гардаг байсныг шинэ хуулиар өөрчилж зөрчлийн хууль, эрүүгийн хуулийг уялдуулахаар болжээ. Гэр бүлийн хүчирхийллээр үүссэн ноцтой хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болж байгаа юм байна. 

Хүчирхийллийн эсрэг төвийн захирал Б.Энхжаргалын танилцуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирохоос гадна шүүх эмнэлэг, бусад үйлчилгээний төлбөрт 400 гаруй мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог. Гэр бүл салсан 5 тохиолдол бүрийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалах үйлдлийг хэтрүүлэн хэрэглэж хүний аминд хүрсэн 38 эмэгтэй одоо ял эдэлж байгаа юм байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийг тэвчилгүй гэр бүлийн гишүүнийхээ амийг хөнөөсөн эрчүүд ч байдаг гэлээ. Цагдаа, шүүхийн байгууллагад ханддаг ч тодорхой арга хэмжээ авдаггүйн улмаас аргагүй хамгаалалт хийсэн тохиолдол ч цөөнгүй гардгийг мөн дурдаж байв.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцсэн асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.