Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэв

Administrator 2015-05-14 18:14:00

-Сайн засаглал руу орох зам бол иргэдийн оролцоо, ил тод байдал юм-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэрэгжиж эхлээд дөрвөн сар хагас болж буй Шилэн дансны тухай хуулийг амьдралд хэрхэн мөрдөж байгаа талаар төрийн байгууллагуудын төлөөлөл цугларан хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү хэлэлцүүлэг Сангийн яамнаас зохион байгуулж байгаа Төрийн сангийн удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөний үеэр зохион байгуулагдаж байна. Шилэн дансны тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуулийг боловсруулах эрх зүйн үндэс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хийх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Төсөв, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын мөнгө, санхүү, зарлага, гүйлгээ, өмч хөрөнгө, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ард иргэд, олон нийтэд ил тод мэдээлж байх тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Шууд ардчилал-Иргэдийн оролцоог дэмжих дунд ба урт хугацааны бодлогын баримт бичигт Шилэн дансны тогтолцоо байх тухай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх тухай заалт тусгасан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн санаачлагыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасны дагуу энэ хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг боловсруулахад Ерөнхийлөгчийн баталсан ажлын хэсэг ажилласан. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөхүүдээс гадна Сангийн яамныхан, бие даасан судлаачид идэвхтэй оролцсон.

Шилэн дансны тухай хуулийн гол үзэл баримтлал нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн өөрийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ шууд болон өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Төрийн хэрэгт иргэд оролцоно гэдэг нь хууль эрх зүйн маш чухал орчинг шаардана. Мэдээлэлгүй иргэдэд оролцоо гэж байхгүй. Иргэдийн оролцоог хангахын тулд мэдээллийн орчинг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах шаардлагатай. Үүний дагуу Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-аас энэ хуулийн төслийг нэг удаа буцаасан. Бид буцаасан шалтгааныг тодруулж, зарим зүйлийг засварласны дагуу дахин өргөн барьж батлуулсан.

Өнөөдөр Шилэн дансны тухай хуультай холбоотой үйл ажиллагааг гардан зохион байгуулж, хэрэгжилтийг хангадаг мэргэжлийн хүмүүс цуглаад байна. Энэ удаа бид хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ярилцана” гэлээ.

Төрийн том бүтэц, иргэдийн бүрэн дүүрэн оролцоогүй нийгэм оршсоор байгаа өнөө үед сайн засаглал руу орох зам бол иргэдийн оролцоо, ил тод байдал юм. Ил тод байдал, иргэдийн оролцоо бол ардчиллын гол зарчим юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Шилэн дансны хуулийн эхний тодорхой үр дүн 3-5 жилийн дараа харагдана. Тэр хүртэл хуулийг хэрэгжүүлэх арга зүйг бүрэн шийдэх, хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг шинэчлэх зэрэг олон ажил хийх хэрэгтэй байгааг илтгэгчид хэлж байсан юм.

Эхний байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт Завхан, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт тааруу байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад илтгэлдээ дурдлаа. Хэнтий, Ховд аймагт “Цахим Хэнтий”, “Цахим Ховд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж,төсвийн  ил тод байдлыг сайн хангаж байгаа юм байна.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитад 5804 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсаны 5399 нь төсвийн байгууллага, 405 нь төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж байсан байна. Эдгээрийн 96,8 хувь буюу 5617 нь төсвийн ерөнхий мэдээллээ байршуулжээ. Үүнээс 4868 нь нэгдсэн цахим сүлжээ, байгууллагын цахим сүлжээнд, 749 нь мэдээллийн самбарт байршуулсан. 187 нь шилэн дансны мэдээллээ байршуулаагүй байна. 1650 нь байгууллагынхаа мэдээллийн самбарт давхар байршуулжээ.

Аудитад хамрагдсан нийт байгууллагаас 87,9 хувь буюу 4482 байгууллага 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээний мэдээллийг байршуулаагүй, оны эхний улиралд хөрөнгө оруулалт болон бусад томоохон зардлын гүйлгээ гараагүй тохиолдолд хэрхэн тэмдэглэх арга зүй тодорхойгүй байсан гэсэн алдаа дутагдал илэрсэн байна.

Шилэн дансны нэгдсэн сайтад дутагдалтай талууд байгааг Улсын ерөнхий аудитор мөн тэмдэглэлээ. Уг сайтад санхүүгийн аудитын дүгнэлтийг оруулах цэс байхгүй. Төслүүдэд олгосон санхүүжилт, санхүүжилтийн нөхцөл, эргэн төлөлт зэрэг мэдэээллийг байршуулахад нэр болон агуулгын хувьд тохирох цэс байхгүй. Мөн нэгдсэн сайтад мэдээлэл байршуулахад тендэрт шалгарсан болон шалгараагүй байгууллагын нэрийг оруулах боломжгүй, хуульд төсвийн гүйцэтгэлийн хэтрэлт, хэмнэлт, түүний шалтгааны талаарх тайлбарыг улирал тутам оруулж байхаар заасан боловч нэгдсэн цахим хуудсанд зөвхөн хагас, бүтэн жил гэсэн цэс суулгажээ.

Мөн цахим хуудсанд оруулах мэдээллийг байгууллагын холбогдох ажилтнуудад сануулах хугацааны сэрэмжлүүлэг, дохио байхгүй зэрэг дутагдал байгааг санууллаа.




Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү