“Архигүй Монгол-Архигүй Хан-Уул” чуулган болов

Administrator 2015-06-11 16:18:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн “Архигүй Монголын төлөө” хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өнөөдөр “Архигүй Монгол-Архигүй Хан-Уул дүүргийн хороо” чуулган тус дүүргийн Соёлын төвд болов.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар нар болон архинаас татгалзсан 68 залуу, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд “Архигүй Монгол” гэсэн уриа дэвшүүлсэн. Тухайн үед хүмүүс итгэх, итгэхгүй янз бүрээр хүлээж авч байсан. Өнөөдөр би энд ирээд та бүхний яриаг сонсож байхад энэ уриалга амьдралд хэрэгжиж байна. Энд архинаас татгалзсан олон хүнийг төлөөлсөн 68 залуу ирээд байна. Ийм хүмүүсээрээ бид бахархаж байгаа шүү.

Мөн Ж.Цогтсугар гуайгаар бахархаж байна. Төр янз бүрийн ажил байнга санаачилдаг. Ихэнх нь тунхгийн шинжтэй байдаг. Бичиг цаасан дээр үлдээд л дуусдаг.  Үр дүн бага гардаг. Гэтэл иргэд өөрсдөө сэтгэл зүрхээрээ байгуулсан ажил үргэлж үр дүн авчирдаг гэдгийг Ж.Цогтсугар гуай байнга харуулж байгаа.

Архи ууна гэдэг хувь хүний асуудал биш. Гэр бүлийн асуудал байдаг. Үүний цаана Монгол Улсын асуудал бий. Архийг давж гарсан та бүхэнд баярлалаа” гэлээ.

Чуулга уулзалтад мөн Багахангай дүүргийн төлөөлөгчид ирж талархлын үг хэллээ. Төгсгөлд нь “Хан-Уул дүүргийн архигүй хороо” гэсэн уриалга гаргаж хороо бүхэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.