“Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Administrator 2015-06-19 17:01:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зөвлөх П.Ганчимэг, “Ил тод” сангийн тэргүүн Д.Цэрэнжав нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Казакстан Улсын Орон нутгийн удирдлагын хөгжлийн институцийн захирал Сергей Худяков, Мангистауский бүсийн иргэдийн холбооны ерөнхийлөгч Жаксыгуль Маханбетова, Үндэсний эдийн засгийн яамны Орон нутгийн өөрийн удирдлага, бүсийн хөгжлийн хэлтсийн захирал Санат Тунгышбеков нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож буйгаараа онцлогтой юм.    

Төлөөлөгчид Монгол Улсын төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй талаарх Монгол Улсын туршлагыг судлах, Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байлын санаачилга хэрэгжүүлж буй байдал, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэний нийгмийн оролцоог хангахтай холбоотой туршилга судлах зорилготой 6 хоногийн хугацаатай айлчилж байгаа юм. Тус туршилга судлах аялалыг Казахстан Улсын Соросын сангийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газар, Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси Интернэшнл Монгол, ТАН  (Төлсөн авснаа нийтэл) эвсэл хамтран зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төврөлийг сааруулах, орон нутгийн төсвийн шинэтгэлийг хэрэгжүүлэх сэдвээр тавьсан илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төсвийн эрх мэдэл, төвлөрлийг сааруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулаад төлөөлөгчид болон хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхосон асуултад хариулт өгч, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар ярилаа.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зөвлөх П.Ганчимэг Орон нутгийн хөгжлийн сангийн тухай сэдвээр тавьсан илтгэлдээ Орон нутгийн хөгжлийн сангийн тухай болон Төсвийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй ярилаа. Түүний илтгэлд төсвийн тухай хуулинд иргэдийн оролцоог хангах тэднийг санал санаачилгыг бодитой дэмжих заалтууд батлагдсан талаар онцлоод, орон нутгийн хөгжлийн сангаар хөдөө орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Өмнөх жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан 300 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж байсан бол 2015 онд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас хамааран 128.6 тэрбум төгрөг хуваарилагдан санхүүжүүлт хийгдэж байгаа, мөн  хуулинд суугдсан хяналт, шалгалт хариуцлагын тогтолцооны талаар тайлбарлав.

“Ил тод” сангийн тэргүүн Д.Цэрэнжав Орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.