Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Administrator 2015-06-28 19:41:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр орой Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Түүнийг ” Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази,Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Тит Лин Он, албаны бусад хүмүүс угтан авав. Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлал  энэ 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Түүнийг албан ёсоор угтах ажиллагаа маргааш өглөө Чингисийн талбайд болж, албан ёсны хэлэлцээ, бусад арга хэмжээ Төрийн ордонд үргэлжилнэ.

Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болно.

Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаар төлөвлөж байна.

Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагааас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор зэхэж байна. Мөн хоёр талын харилцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм.