Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийв

Administrator 2015-06-29 13:12:00

Төрийн тэргүүдийн ганцаарчилсан уулзалтын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Өргөтгөсөн хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мьянмарын бүлгийн дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын зэрэг албаны хүмүүс, Мьянмарын Холбооны Улсын талаас Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин, Мэдээллийн сайд Е Хтуг, Уул уурхайн сайд Минт Аунг, Үндэсний төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн сайд Кан Зау, Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Өргөтгөсөн хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Энэхүү төрийн айлчлал бол Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж байгаа анхны айлчлал. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Би 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад айлчлал хийсэн. Танай ард түмний гайхамшигтай сайхан, зочломтгой байдал надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Сүүлийн үед манай хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, 2014 онд  Мьянмарын Парламентын дарга Монголд айлчилсан. Мөн 2015 оны 5 дугаар сард Мьянмарын Гадаад хэргийн сайд айлчиллаа. Энэ удаагийн таны анхны түүхэн айлчлал хоёр орны харилцааг улам өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн хариу талархал илэрхийлээд хоёр талын харилцааг өргөтгөх хөгжүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажлуудыг өндрөөр үнэлж байлаа.

Өргөтгөсөн хэлэлцээний үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай  хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Мөн Монгол, Мьянмар нь байгалийн арвин нөөц баялагтай орнууд тул уул уурхайн салбарт байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар туршлага солилцох, геологийн хайгуулын чиглэлээр мэргэжилтэн солилцох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах зэрэг боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцов. 

Аялал жуулчлал, худалдаа, соёл, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай  хамтын ажиллагааг хоёр тал хөгжүүлэх боломжтойг талууд тэмдэглэж байлаа.


 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү