Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Administrator 2015-06-29 13:53:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар оролцлоо.

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газрыг төлөөлж Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл  Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Кан Чун нар гарын үсэг зурлаа.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт МҮХАҮТ-ыг төлөөлж МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг төлөөлж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Вин Аунг нар гарын үсэг зурав.