Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Administrator 2015-07-02 09:47:00

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр /2015.07.01/ өргөн барилаа.

Хуулийн төсөлд “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж томъёолж хуульд төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал /ажлын байр/-д тавигдсан шаардлагыг хангахуйц мэдлэг, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, аливаа сонгон шалгаруулалт ил тод, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагааны үр дүнгээр болон идэвх зүтгэл гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших, томилогдох, энэ хуульд заасан бусад томилгоо улс төрөөс болон удирдах албан тушаалтнаас хараат бус байхаар тусган оруулсан байна.
Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг оруулж, шинэчлэн найруулсан.

Эдгээр өөрчлөлт нь нээлттэй, иргэдийн оролцоог өргөжүүлэх, олон нийтийн хяналттай төрийн албыг бэхжүүлэх, хариуцлагатай байх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал, үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэтгэл, улс орны хөгжилд бодитой, тодорхой хувь нэмэр оруулахад энэ хуулийн ач холбогдол нь оршиж байгааг хууль санаачлагч танилцуулсан юм.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 17 бүлэг, 58 зүйлтэй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан 62 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ