Тусгай олимпийн хөдөлгөөн бол найрсаг өрсөлдөөн, найз нөхөрлөл, хамтын ажиллагаа, хайр энэрлийн бэлгэдэл юм

Administrator 2015-07-03 17:48:00

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ 7 дугаар сарын 25-нд нээлтээ хийх Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох багийн тамирчин хүүхдүүдийг үдэн гаргаж өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Тус зуны наадамд Монгол Улсаас 14 тамирчин оролцохоор багш, дасгалжуулагчдын хамт АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын тусгай олимпийн тамирчид анх удаа Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох гэж байгаагаараа онцлог юм.

Монголын Тусгай Олимпийн хороо ТББ 2013 онд байгуулагдаж  тэргүүнээр  нь УИХ-ын гишүүн С.Оюун ажиллаж байна. Тусгай олимпийн холбооны гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж урам дэм өгөх, авъяас чадвар, туршлагыг нь хуваалцуулах, ийм хүүхэдтэй гэр бүлүүд танилцаж нөхөрлөх боломжийг олгодог юм. Дэлхийн 180 оронд тусгай олимпийн  226 хөтөлбөр хэрэгжиж байгаа ажээ.

Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  хэлэхдээ “АНУ-ын Лос-Анжелес хотод болох Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцохоор Монгол Улсыг төлөөлөн мордох гэж байгаа нэр бүхий 14 тамирчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье. Энэ хөдөлгөөнийг Монголд санаачилж тэргүүлэн манлайлж яваа УИХ-ын гишүүн С.Оюун болон эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, албаны хүмүүс, гадаад, дотоодын төлөөлөгчдөд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд зарлиг гаргаж тусгай олимпийн хөдөлгөөнийг өөрийн ивээл дор авсан. Өнгөрсөн жил тусгай олимпийн өвлийн наадамд оролцсон баг тамирчдыг өөрийн биеэр хүлээж авч үдэн мордуулж байсан. Энэ хөдөлгөөнийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх, ивээл дороо авах, дэмжин ажиллахад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөөдрийг хүртэл идэвх чармайлттай ажиллаж байна. Олон улсын тусгай олимпийн хөдөлгөөн АНУ-ын Ерөнхийлөгч агсан Ж.Кеннидийн гэр бүлээс санаачлагатай өргөн дэлгэр хөдөлгөөн юм. Энэ удаа Лос-Анжелес хотноо болох гэж байгаа тусгай олимпийн зуны наадамд 177 орны 7000 гаруй тамирчин оролцоно гэж бодохоор дэлхий нийтийг хамарсан энэ хөдөлгөөний ач холбогдол ямар өргөн болохыг харж болно.

Тусгай олимпийн хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч найрсаг өрсөлдөөн, найз нөхөрлөл, хамтын ажиллагаа, хайр энэрлийн бэлгэдэл юм гэж дүгнэсэн байдаг. Та бүхэндээ амжилт хүсч, спортын өндөр амжилт гаргаж Монгол Улсынхаа нэрийг гаргаад ирнэ гэдэгт найдаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн. Та бүхэнд баяр хүргэе. Амжилт хүсье” гэлээ.