АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна

Administrator 2015-07-06 12:48:00

АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

- Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ ?

- Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын дунд АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан фото зургийн уралдааныг Ази, Европын сангаас 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 9 дүгээр сарын 6-ны хооронд хоёр сарын хугацаанд зарлаж байгаа юм.

- Уралдааныг хэрхэн шалгаруулж, дүнг хэзээ гаргах бол ?

-Уралдаанд оролцох гэрэл зургууд нь Ази, Европын амьдрал, хөгжлийг харуулсан “Урагшлах замд” (On the Go) сэдвийн хүрээнд болох юм. Бүтээлүүдийг цахим санал хураалтад үндэслэн гурван ялагчийг олон улсын шүүгчид тодруулна.

Люксенбургийн Вант Улсад ирэх 11 дүгээр сард болох АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр нээгдэх гэрэл зургийн үзэсгэлэн дээр ялагчаар тодорсон гурван бүтээлийг тодруулж, тэдний бүтээлээр цомог гарган олон нийтэд сурталчилна.

- Мэргэжлийн гэрэл зурагчид энэ уралдаанд яаж оролцох вэ ?

-Уралдааны талаар холбогдох мэдээллийг Ази, Европын сангийн цахим хуудас болох http://www.asef.org/onthego хаягаар орж бүртгүүлэн оролцох боломжтой.