"Үндсэн хуулийн эсрэг ажиллавал намыг татан буулгана"

Administrator 2015-07-07 10:42:00

-Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслөө танилцуулах үеэрээ намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө, нам бүхэн шилэн данстай болно гээд олон санаа дэвшүүлсэн.  Зорилт нь амаргүй ч юм шиг санагдсан. Хуулийн төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу. Мөн УИХ-ын төвшинд боловсруулагдаж байсан Улс төрийн намын тухай хуулийн төслөөс Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл юугаараа онцлог юм?

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх санаачлагыг 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Ч.Сосормаа /Элчин сайд/ зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байдаг.  Хоёр жилийн дараа нь 2013 оны нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын төвшинд Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий С.Баярцогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тус ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан байсан. Гэвч намууд нэлээд олон зүйл дээр нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байсан учраас Ерөнхийлөгч төслийг татаж аваад ажиллаж эхэлсэн. Олон улсын байгууллагууд, судлаачидын зөвлөмж саналыг ч нэлээд олон удаа сонсож, гадаад орнуудын Улс төрийн намын хуультай танилцаж үзсэн.  Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголын улс төрийн намуудын харилцаанд гарч байгаа давуу болон сул талуудыг тодорхойлж, шийдэх ёстой асуудлуудын жагсаалтыг ч гаргаж шийдэхийг зорьсон тул өмнөх хуулиа  бодвол нэлээд олон зүйл заалттай зузаан хуулийн төсөл хийгдсэн. Хуулийн төслийн боловсруулалт дууссанаар ерөнхийлөгч сэтгүүлчдэд товч танилцуулга хийсэн.

Хуулийн төсөлд улс төрийн намын үйл ажиллагааны хүрээ зорилгыг тодорхойлж өгсөн. Өнөөдөр үйлчилж байгаа Улс төрийн намын хуульд байдаггүй заалт. Хуулийн төсөлд тусгасан үзэл баримтлалаар Улс төрийн нам гурван гол үүрэгтэй байна.

Нэгдүгээрт, нам нь судалгаа, бодлого боловсруулах институт байна. Хоёрт нь,  манлайлагч, хүний нөөцийг бэлтгэх газар байна. Гуравт, төрөөр дамжуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүтэц байна гэж тодорхойлсон. Ийм заалтыг суулгаж өгснөөрөө улс төрийн нам бодлогын нам байна гэдэг үндсэн зарчмыг хангаж байгаа. Улс төрийн намын талаар нийгэмд өрнөдөг хамгийн гол шүүмж бол нам иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байна, нийгмийн менежмэнтийг хангалттай гүйцэтгэж чадах бодлогогүй төрийг удирдахад оролцож байна гэдэг.

Тэгэхээр УИХ-аар хуулийн төсөл батлагдвал улс төрийн нам нийтийн өмнө тулгараад байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг  халамж түгээлтийн аргаар биш харин тодорхой бодлого боловсруулж өрсөлддөг институт болж хувирч байгаа юм. Хоёрт, намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болгоно.

-Ямар аргаар хариуцлага тооцох юм. Одоо бол зөвхөн сонгуулиар л хариуцлага хүлээлгэхээс өөр сонголтгүй байгаа?

-Судлаачид болон олон нийтийн зүгээс сонгуулийн бус үед намуудад яаж хариуцлага хүлээлгэх вэ, төрийн эрх барихад оролцдог онцгой субьектынхээ хувьд яаж нийтийн өмнө хариуцлага хүлээдэг чадвартай болох юм бэ гэдэг асуудлыг байнга тавьж ирсэн. Үүнийг  шийдэхийг зорилгоор улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлэхээр зааж өгсөн.  Жилд хоёр удаа намуудаас тайлан авна. Тайлан нь гурван төрлийн байна. Намын мөрийн хөтөлбөрийн тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тайлан, санхүүгийн тайлан. Авсан тайлангуудаа сонгуулийн төв байгууллага нь иргэдэд нээлттэй мэдээлж, зохих хуульд заасны дагуу хяналтыг хэрэгжүүлнэ гээд заагаад өгчихөж байгаа.

Санхүүгийн тайлангаа өгөхдөө санхүүгийн бүх үйл ажиллагаа нэгдмэл нэг данстайгаар үйл ажиллагаа явуулна. Одоогийн намууд бүгд олон данстай. Төв нам нь нэг данстай, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг нам бүр тусдаа данстай. Намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллагууд тусдаа бас данстай.

Аль дансанд хэдий хэмжээний мөнгө байгаа, яаж зарцуулдаг вэ гэдэгт хяналт байдаггүй. Нэг данстай болохоор энэ бүгдийг нэгдмэл байдлаар хянах, нам нь өөрөө дансныхаа гүйлгээг гишүүддээ болон олон нийтэд ил байлгадаг, сонгуулийн байгууллага ч хянаад зөрчлүүд дээр нь хариуцлага тооцоод байх тийм боломжийг бий болгох юм. Маш тодорхой хэлбэл намууд шилэн данстай болж байгаа гэсэн үг. Ийм үүргийг нам хүлээснээр иргэн сонголтоо хийх, үнэлгээ өгөх эрхийг нь хангаж өгч байгаа юм.

Мөн намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх эрхийг сонгуулийн төв байгууллагад өгч, улс төрийн намын хүлээх хариуцлагын тогтолцоог тусгаж өгсөн. Нам Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан бол  сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах, гишүүдээсээ хандив барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол түүнийг нь улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулах гэсэн том заалт оруулж өгсөн. Одоогийн сонгуулийн төв байгууллага зөвхөн сонгуулийн үед үйл ажиллагаа явуулдаг, бусад үед үхмэл байдалтай байдгийг болиулж сонгуулийн бус үед ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг, намуудыг хянадаг, бүртгэдэг, тайланг нь авдаг, тайланг нь олон нийтэд мэдээлдэг тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг  бүтэц болж хувирах юм. Монгол Улс шиг тогтолцоотой гадаадын бусад орнууд сонгуулийн төв байгууллагуудаа ийм байдлаар хүчирхэгжүүлж, тогтмол үйл ажиллагаатай болгож, үүрэг хариуцлагыг нь тодорхой болгож, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, олон нийтэд нээлттэй болгосон. Хуучин социалист орнуудын 40 гаруй хувь нь сонгуулийн төв байгууллагынхаа эрх мэдлийг нэмэгдүүлж, тодорхой болгосон. Дэлхий нийтийн хандлагыг оруулсан гэсэн үг. Мөн 3001-ээс доош хүн амтай сум, баг, хороонд намын анхан шатны нэгж байгуулахыг хориглож байгаа. Ингэснээр цөөн хүн өмтай сум, багийн иргэдийг намын дарамт, хэт их улс төржилтөөс чөлөөлж байгаа юм. Ийм сум, хороод нийлээд намын анхан шатны нэгж байгуулж болно.

-Сонгуулийн төв байгууллага одоогийнхоо бүтцээс томорно гэсэн үг үү?

-Одоогийн бүтцээсээ томрохгүй, одоогийн бүтэц дотроо намуудыг хариуцдаг, сонгуулийн бус үед тайланг нь авдаг тогтмол бүтэц бий болно.

-Одоогийнхоо орон тоонд багтаагаад дээр дурдсан ажлыг хийх боломжтой юм уу, хүний нөөцийн хувьд?   

-Бүтцийн нэгж байгуулаад хийгээд явах боломжтой гэж үзэж байгаа.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зургаан жил дараалан сонгуульд оролцоогүй намыг татан буулгана гэж зааж өгч. Энэ талаар парламентын гадна байгаа намуудаас саналыг нь авсан уу. Хоёр жилийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр энэ тухай яригдаж, тэр даруйдаа л гадна талын хатуу эсэргүүцэлтэй тулж байсан?

-Шинээр бодож олсон зүйл биш, дэлхийн бусад улс орнуудад хийгддэг соёл болчихсон зүйл. Яагаад гэвэл дэлхийн бусад оронд ч манайд өнөөдөр үүссэн шиг намууд нь олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй, сонгуулийн өмнө л идэвхижиж гарч ирж, том намуудтай эвсэл байгуулаад улс төрийн акци хийдэг. Эс бол тодорхой компанийн нам байгаад дотоод үйл ажиллагаа явуулдаггүй, дүрмэндээ заагдсан гишүүдийнхээ эрхийг хамгаалж хурлаа хийдэггүй гээд маш олон зөрчил байсныг дээрх байдлаар шийдсэн. Зургаан жил үйл ажиллагаа явуулна гэдэг тэр намд бүх шатны сонгуульд оролцох боломжийг нээж өгч байгаа. Намын үндсэн зарчим нь юу вэ гэхээр төрөөр дамжуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сонгуульд оролцох ёстой. Үндсэн үйл ажиллагаагаа эрхэлдэггүй компанийг хүртэл татан буулгадаг шүү дээ. Яг тэрэн шиг цүнхний нам байгаад байх юм бол тэр намын гишүүдийн үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзнэ.

Тийм учраас бүх шатны сонгуульд оролцох үндсэн эрхээ гүйцэтгэхгүй байгаа учраас намын статусыг нь татан буулгаж төрийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болох эрхийг нь үлдээнэ. Энэ бол жижиг намуудыг юм уу, сонгуульд оролцдоггүй намуудыг улс төрөөс шахах бус  хариуцлагыг нэмэгдүүлж том нам болж өсгөх үүднээс шахаж орсон заалт гэдэг утгаар харах ёстой.

-Намууд төрөөс санхүүжилт авна. Энэ тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлтэй бүх намууд төрөөс санхүүжилт авна гэж ойлгож болох уу. Зарим иргэд Монголд хэтэрхий олон нам бий, тэр бүгдийг төрөөс санхүүжүүлэх нь татвар төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдах юм биш үү гэдэг асуудлыг хөнддөг?

-Шинэ зүйл биш. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн хуулиар сонгуульд оролцоод парламентад суудал авсан намууд жил бүр суудлын тоогоор мөнгө авдаг. Гэхдээ намууд төрөөс авсан мөнгөө хэрхэн юун зарцуулж байгаа нь нууц байдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулиар төрөөс авч байгаа санхүүжилтийг нам тодорхой зорилтот үйл ажиллагаанд л зарцуулна, зарцуулалт нь сонгуулийн төв байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хяналтанд нээлттэй байна  гэж зааж өгсөн. Тодруулбал, санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг бодлого боловсруулахад, 30-аас доошгүйг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, 10-аас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхолын бүлгүүдийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна гэж заасан. Ингэснээр үр шим нь юу вэ гэхээр нам хариуцлагатай байх, соён гэгээрүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, гишүүдээ сургаж бэлтгэх боломж нь нэмэгдэнэ. Хамгийн гол нь татвар төлөлгчдийн мөнгийг намууд хяналтгүй зарцуулах боломжыг хааж өгч байгаа юм. Хэрвээ нам нууцаар данс нээлгэсэн, зориулалт бус зүйлд төсвийн мөнгийг зарцуулсан байвал түүнийг илрүүлсэн иргэнд санхүүжүүлсэн мөнгийг нь хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх урамшууллыг олгоно. Намын санхүүжилтийг иргэний хяналтад авчирч өгч байгаа учраас дэвшилттэй. Мөн одоо төрөөс  болон орон нутгийн төсвөөс намуудад өгч байгаа мөнгөний нийт дүнгээс хэтрэхгүй гэсэн тооцоог гаргасан байгаа.

-Засгийн газрыг байгуулахад УИХ дахь намын бүлгээр зөвхөн Ерөнхий сайдын асуудлыг ярина, бусад сайд нарыг хэлэлцэхгүй гэсэн. Ийм заалт оруулах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн нэг үг бий. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд гарсан алдаа, оноог дэнсэлж хийсэн хууль гэж...  Энэний гол илэрхийлэл бол чиний асуудаг энэ хэсэг. УИХ, Засгийн газар үйл ажиллагаа явуулахад хамгийн их оролцдог субьект бол улс төрийн нам. Хэнтэй эвсэх, ямар үйл ажиллагаа явуулах, ямар хуулийг батлах энэ бүхэн АН аар бол Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлөөр, МАН аар бол Удирдах зөвлөл, Бага хурлаар хэлэлцэгдэж төрд даалгавар өгөх байдлаар явж байгаа. Энэ бол 1990 оноос өмнө манайд байсан тогтолцоо одоо болтол өөрчлөгдөөгүйн тод илрэл. Орчин үеийн ойлголтоор парламент дахь намын бүлгийг намын биш төрийн нэг хэсэг гэж үздэг. Түүнээс намын доорх бүтэц биш. Одоо бол намын доор байдаг бүтэц гэж үзээд намаас нь даалгавар өгөөд байна шүү дээ. Энэ зааг ялгааг энэ хуульд тодорхой гаргаж өгсөн гэж бодож байгаа. Намаас янз бүрийн даалгавар өгөөд дарамтлаад байж болохгүй. Зөвхөн Ерөнхий сайдыг томилох асуудлыг намын бүлгээр ярих ёстой,  бусад нь төрийн ажил гэж заагласан. Намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүнд нам ганц л тохиолдолд хариуцлага тооцохоор байгаа нь гэм буруутай гэж үзвэл дараагийн сонгуульд намаасаа дахин нэр дэвшүүлэхгүй гэдгийг зарлах эрхтэй байх юм.

-Нам өмчтэй байх уу. Энэ асуудал ямар байдлаар туссан бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн барьж байгаа зарчим бол 1990 оноос өмнө эсвэл тухайн байгууламжийг барихад төсвөөс мөнгө оролцсон бол тэр байрыг улсад хурааж авна. Тухайн нам өөрийнхөө хөрөнгөөр үйл ажиллагаа явуулаад босгосон бол тэр намын өмч байна. Нам бол өмчтэй байх байгууллага биш, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бүр биш, нам төрийн эрхэд оролцдог онцгой субьект учраас өмчийн харилцааг хязгаарласан хатуу зарчимтай байх юм. Хэрвээ энэ байдлаар хууль батлагдах юм бол одоогийн намуудын ихэнх төв байрууд улсад хураагдана. Зөвхөн МАН -ын Тусгаар тогтнолын ордон бус АН-ын төв байр, ИЗНН ын байр хураагдана.

Орон нутагт өмчтэй байх юм бол бас хураагдана. Харин нам өөрийнхөө хөрөнгөөр сумандаа байр бариулсан бол намдаа үлдэнэ. Гэхдээ намд үлдсэн байрууд нь үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн орлого нь нийт орлогын 10 хувиас хэтрэх ёсгүй. Ийм байдлаар өмчийн асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж таарах байх, хэзээнээс эхлэх вэ. Иргэд, улс төрийн намууд саналаа ямар байдлаар ирүүлэх боломжтой вэ?

Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө судлаачид, олон нийт, улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, намын гишүүд идэвхитнүүдийн саналыг авах сонирхолтой байгаа. Тийм учраас хуулийн төслийг өргөн мэдүүлэх хүртэл хуулийн хэлэлцүүлгийн шатыг эхлүүлж байгаа. Манайд хуулийг гэнэт батлаад баталсаны араас шүүмж хэлэлцүүлэг нь нийгэмд өрнөдөг муу жишигийг халах ёстой гэж  ерөнхийлөгч үзэж байгаа. Хуулийн төслийг president.mn вэб сайтаас шууд татаж авч, санал зөвлөмж, шүүмжүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хаягаар илгээх, бидэнтэй ирж уулзах хэлэлцүүлэг өрнүүлэхэд чөлөөтэй.

Г.ДАРЬ