БРИКС-ийн хамтын ажиллагаа даян дэлхийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна

Administrator 2015-07-10 19:29:00

БРИKС-ийн VII дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Уфа хот, ОХУ 
2015 оны 7 сарын 9

Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Владимир Путин,
Эрхэм хүндэт Төр, засгийн  тэргүүнүүд ээ,

Хатагтай ноёд оо,

Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Путин танаа БРИKС - ийн VII дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд намайг урьсан явдалд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Өнөөдөр энэхүү хуралдаанд үг хэлэх завшааныг би хувьдаа өндөр хүндэтгэл, нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. 

Намайг болон манай улсын албан ёсны төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч, найрсагаар зочилж буйд эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын ард түмэнд гүн талархал илэрхийлье.

Хөгжиж буй орнуудтай харилцаагаа өргөжүүлэх БРИКС-ийн нээлттэй хандлага, үйл ажиллагааг Монгол улс өндрөөр үнэлж байна. 

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүд, Евразийн эдийн засгийн холбооны гишүүдийн хамтарсан уулзалтыг зохион байгуулж буй явдал нь Форталезагийн тунхаглалд тусгасны дагуу БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн бусад улс орон, ард түмэнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эв нэгдлийг эрхэмлэх чин эрмэлзэлтэй байгааг тодорхой харуулж байна.

Даяаршлын шинж төрхийг агуулж, НҮБ-ын гишүүн аливаа улс орон, цаашилбал дэлхийн бүх улс орон гишүүнээр нэгдэх боломжийг олгож буй БРИКС-ийн Шинэ Хөгжлийн Банкны үйл ажиллагааны эхлэлийг бид хүсэн хүлээж байна.

Дэлхий дахины тогтвортой байдал нь дэлхийн хөгжлийн суурь болно гэдгийг бусад анд нөхдүүд ч сая цохон тэмдэглэлээ. БРИКС ба ШХАБ-ын гишүүн орнуудын нягт хамтын ажиллагаа нь Евроазийн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө болно гэдэгт би итгэл төгс байна. Түүнчлэн, тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ хэмээн итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

БРИКС-ийн орнуудын удирдагч нарт дахин талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын үйл ажиллагаанд тань өндөр амжилт хүсэн ерөөе.