Монгол, Японы Хөлбөмбөгийн холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Administrator 2015-09-15 19:21:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлигууд тус тус гаргасан юм.  

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа ба түүний нэг нь Монгол, Японы Хөлбөмбөгийн холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Японы Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Дайни Күния болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Ташима Козо нар оролцов.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Япон дасгалжуулагчид  Монголын 14 хүртэлх насны эмэгтэй шигшээ багийг 4 жилийн хугацаанд дасгалжуулах, мөн Монголын багийг өвлийн хүйтэн улиралд Япон улсад бэлтгэл хийлгэх талаар гэрээ хийгдэж байгаа юм.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар хэлэхдээ:

Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн улиралдаа эмэгтэй хөлбөмбөгчдийнхөө бэлтгэлийг Японд базаах боломжтой болж байгаа юм. Дан ганц бэлтгэл хийхээс гадна Япон улс эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болж байгаад маш их баяртай байна.  

Японы Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Дайни Күния хэлэхдээ:

Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэ удаагийн бид бүхний байгуулж байгаа гэрээ Зүүн Азийн бүс нутагт хөлбөмбөгийн хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой. Ялангуяа эмэгтэй хөлбөмбөгийн хөгжилд түлхүү анхаарч боловсон хүчин солилцох явдал нь хоёр орны эмэгтэй хөлбөмбөгийн хөгжилд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Цаашдаа харилцан туслалцаж, хамтран хөгжиж, Азийн хөлбөмбөгийн дээд түвшинд хүргэхэд хамтран ажиллацгаая гэлээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд:

Монголын талаас

  • Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар
  • МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир
  • Их Монгол группын захирал н.Ганхуяг
  • 2015 оны Эмэгтэйчүүдийн Лигийн шагналт эхний гурван байрын эзэд
  • МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүд болон Эмэгтэйчүүдийн Хорооны дарга Д.Болдбаатар
  • Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Ц.Ганболд

Японы талаас

Японы Хөлбөмбөгийн Холбооноос:

  • Японы Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Дайни Күния
  • Японы Хөлбөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн Ташима Козо
  • Японы Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Окүда Ясүхиса
  • Японы Хөлбөмбөгийн Холбооны гадаад харилцааны гүйцэтгэх захирал Мацүнага Такаши

Японы элчин сайдын яам болон “JICA” байгууллагаас

  • Япон улсаас  Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи
  • Аташэ ноён Рио Такигүчи
  • “JICA” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын ахлах мэргэжилтэн Хироми Савада нарын хүмүүс оролцсон юм.