“Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

Administrator 2015-09-28 12:41:00

НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет нар “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг даргалан зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож санал бодлоо илэрхийлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Тогтвортой Хөгжлийн найман зорилт дээр нэмээд бид ес дэх зорилтыг дэвшүүлж байгаа. Хүний эрх, сайн засаглал, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилтыг бид Монголд хэрэгжүүлэх болно. Мянганы Хөгжлийн Зорилтыг баталснаас хойш түүний зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид их зүйлийг хийж, чамгүй амжилтад хүрсэн гэж үздэг. Хариуцлагагүйгээр ямар ч улс оронд ардчилал хөгжихгүй. Хариуцлагын тогтолцоог сайжруулахгүйгээр аливаа улс орны төр засаг оршин тогтнохгүй. Хариуцлага бол бидний ажил, үйл хэргийн амин чухал хэсэг юм” хэмээв. Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ хүний эрхийг дээдлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах үйлсэд Монгол Улстай идэвхитэй хамтран ажиллаж байгаа гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлж, цаашид ч нягт уялдаа холбоотой ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэн хэлэх үгээ өндөрлөв.