Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтад үг хэллээ

Administrator 2015-09-29 09:12:00

НҮБ-ын чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дээд түвшний уулзалтад ороцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

“Бүгд Найрамдах Замби Улсын Ерөнхийлөгч, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн тэргүүн, Эрхэмсэг ноён Эдгар Лунгу,

Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч өө,

Эрхэмсэг ноён дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны түрүүнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг амжилттай тэргүүлж байгаа хүндэт төлөөлөгч та бүхэнд Монгол Улсын нэрийн өмнөөс баяр хүргэе. Та бүхний баг хамт олон энэхүү бүлгийг цаашид амжилттай манлайлна гэдэгт итгэж байна. Та бүхний ажил үйлсийг Монголын зүгээс идэвхитэй дэмжиж, хамтран ажиллана гэдэгт бидэнд эргэлзэхгүй байж болно.

Хүндэт дарга нар аа,

Алма-Атагийн хөтөлбөрийг баталснаас хойш бид өөрт хэрэгтэй зүйлүүд, сорилтуудыг  энэхүү олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж үздэг. Гэсэн хэдий ч бид ярвигтай сорилт бэрхшээлтэй тулгарсаар байна. Далайд гарцгүй хөгжиж буй олон оронд дэд бүтэц, зам харилцаа, эрчим хүчний салбар хөгжөөгүй хэвээр байна. Иймээс ирээдүйд ахиц дэвшилд хүрэхийн тулд бидэнд шинийг эрэлхийлсэн төлөвлөгөө хэрэгтэй байна. Бид 2015 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт тулгуурлан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг 2014-2024 онд хөгжүүлэх Венийн Хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ нь тулгарч буй асуудлаа оновчтойгоор хамтран шийдвэрлэж, хэрэгтэй зүйл, сорилт бэрхшээлээ илэрхийлэх бидний гол найдвар болоод байна. Венийн Хөтөлбөрийг амжилттай биелүүлэхэд бидний хамтын ажиллагаа, үүрэг, зүтгэл, бие биенээ дэмжиж ажиллах чадвар хамгаас чухал.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтын эрх ашгаа хамгаалан, өөрийн сонирхлоо биелүүлэх эрмэлзэлд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, олон улсын тавцанд дэмжин ажилладаг. Манай орнууд далайд гарцгүйгээсээ болоод нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд боогдмол, олон улсын худалдаа, дамжин өнгөрөх тээврийн салбарт нэгдэх тал дээр үргэлж бэрхшээтэй тулгардаг. Монгол тэргүүтэй далайд гарцгүй орнуудад ачаа тээвэрлэлтийн өртөг зардал бусад улс оронтой харьцуулахад 30-50 хувиар илүү байдаг. Монгол Улс зөвхөн энэ салбарт ДНБ-нийхээ 6.2 хувийг зарцуулж байна.

Энэ боогдмол байдлаас ангижирхын тулд бид урьд өмнөхөөсөө илүү нягт, идэвхитэй хамтран ажиллах ёстой. Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд бүлгийнхээ хүрээнд өөрийн гэсэн Судалгааны төвтэй /Think Tank/ болох саналыг дэвшүүлсэн. Улмаар энэхүү санал санаачилга болон урагшилж, нэгдмэл зорилгоо биелүүлэхийн тулд далайд гарцгүй орнуудын дүн шинжилгээ хийх нөөц бололцоог ашиглах, шилдэг эрдэмтэн мэргэд, зорилтот боловсон хүчний нөөцийг бүрдүүлэн дайчилж Венийн Хөтөлбөрийг биелүүлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад тусгасан далайд гарцгүй орнуудтай холбоотой зорилго, зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн юм.

Хүндэт дарга нар аа,

Монголын гадаад бодлогын хувьд 2015 он бахдам амжилт, их ололт бүтээлийн жил байлаа. Бид Японтой анх удаа чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь манай хоёр орны худалдааны харилцааг тэлээд зогсохгүй бидний бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, манай гуравдагч хөршийн бодлогын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх сайн хэлэлцээр болсон. Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ нь худалдааны татвар, гаалийн хүндрэл, чирэгдлийг багасгах учраас хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, Японоос шинэ технологи нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй.

Душанбе хотноо өнгөрсөн жил болсон Шанхайн Хамтын ажиллагааны чуулганы үеэр Монголын санаачилгаар ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүд анх удаа гурван талт уулзалтын ширээний ард суусан юм. Дараагийн гурван талт уулзалт ШХАБ-ын чуулганы үеэр ОХУ-ын Уфа хотноо 2015 оны долдугаар сард болсон. Бид дамжин өнгөрөх тээвэр, худалдааг сайжруулахын тулд хөрш орноо хамруулсан худалдаа, эдийн засгийн шинэ механизм бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм. Энэ механизм нь Монголыг далайд гарцгүй орны хүндрэлээс чөлөөлнө гэж үзэж байна.

Хүндэт дарга нар аа,

Дэлхий нийтээрээ мэдлэг, боловсролд тулгуурласан хөгжлийн эрин үед орох тусам Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын Судалгааны төвийн үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын биелэлт бидэнд улам бүр ач холбогдолтой болсоор байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын Судалгааны төвийг 2009 онд байгуулснаас хойш Монгол Улс санхүүгийн төдийгүй улс төрийн дэмжлэг үзүүлсээр иржээ. Гэвч энэхүү Судалгааны төв нь зөвхөн та бүхний хамтын дэмжлэг, багаар бодоход арван гишүүн орны хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу бүрэн хүчин чадлаараа ажиллах болно.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүндэт гишүүд та бүхнийг манлайлал үзүүлж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын Судалгааны төвийг бүрэн үйл ажиллагаанд нь оруулах гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарахыг уриалж байна. Энэхүү бүлгийн бүх гишүүд удахгүй уг гэрээ хэлэлцээрт оролцоно гэдэгт итгэж байна.

Далайд гарцгүй олон орны адилаар Монгол Улс нь цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг амсаж байна. Цаг уурын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, хуурайшилт нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ноцтой заналхийлж, бидний сайн сайхан амьдрах зорилгодоо хүрэх эрмэлзлийг мохоож байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгамдах бэрхшээлийг Парисын Саммитаас гарах баримт бичигт тусгаж, цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн бэрхшээлтэй тэмцэх бидний ажил үйлсэд тус нэмэр хүргэнэ гэдэгт найдаж байна.

Эцэст нь энэхүү өндөр хэмжээний уулзалтаас гарах баримт бичгийг манай төлөөлөгчид бүрэн дэмжиж байгааг бөгөөд түүнийг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох болно.

Баярлалаа" гэв. 

Венагийн Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Өндөр хэмжээний уулзалтыг энэ оны зургадугаар сарын 2-4-нд Замбийн Ливингстон хотод зохион байгуулсан учир НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр болох ээлжит Гадаад хэргийн сайд нарын уулзалтын түвшинг нэмэгдүүлж, төр, засгийн тэргүүнүүдийг оролцуулан чуулахаар болсон юм. Чуулга уулзалтыг Замби Улсын Ерөнхийлөгч даргалж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Могенс Ликкетофт нээлтэд үг хэлэв. Мөн Тажикистан, Малави, Бутан, Ботсвана, Лесото, Балба, Лаос зэрэг улсын төр засгийн тэргүүнүүд хуралд оролцож, тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ, хамтран ажиллах боломжуудын талаар дурдав.