Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын бизнес форумд оролцов

Administrator 2015-11-20 08:45:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Францын бизнес форум зохион байгууллаа.

Бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн зургаа дахь том эдийн засагтай, Европын холбоонд хамгийн нөлөө бүхий, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц улсын эдийн засаг, бизнесийн төлөөлөл Монголд орж ирж, монголчуудтай хамтран ажиллах нь маш чухал. Францаас орох хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн утгаараа биш, манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй” хэмээн тодотгов.

            Түүнчлэн тэрбээр “Монгол Улс хоёр том зах зээлийн дунд оршдог. Дэд бүтцийн дамжин өнгөрөх боломжийг сайжруулахаар хоёр хөрштэйгөө ярьж байгаа. БНХАУ-ын зүгээс газар нутгаар нь дамжаад, бусад орон руу тээвэр хийхэд хөнгөлөлт үзүүлэх, хамтарч ажиллах тухай үндсэн хэлэлцээрийг өнгөрсөн жил байгуулсан. Нарийвчилсан хэлэлцээрүүдийг одоо хийгээд явж байгаа. Түүнчлэн Та бүхний бодож, төлөвлөж байгаа бизнесийн бүх салбарт Монгол Улс хамтрах боломжтой. Бизнес эрхлэхэд нээлттэй, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх гэж, бизнесийн хамгийн найдвартай түшиц газар байхыг Монгол Улс хичээдэг” хэмээлээ.

            Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон МЭДЭФ буюу Францын ажил олгогчдын хамгийн том холбоо хамтран энэхүү бизнес форумыг зохион байгуулсан юм. Монгол Улсаас 36 компанийн 50 орчим бизнесмэн, харин Францын талаас жижиг, дунд хэмжээний төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохон 50 компанийн төлөөллүүд бизнес форумд хүрэлцэн иржээ.

            Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн чиглэлийн бизнес гол байр суурь эзэлдэг. Гэхдээ сүүлийн үед үйлдвэрлэх, боловсруулах салбар маш хурдтай хөгжиж байна. Монголчууд өөрийнхөө хийсэн зүйлийг бусдад хүргэж худалддаг болж, эдийн засгийн салбарт чанарын өөрчлөлт гарч байна. Энэ үед Францын бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Хоёр улсын бизнес эрхлэгчид маш олон салбарт хамтрах боломж бий. Хөдөө аж ахуй, барилга үйлдэрлэл, дэд бүтэц, эрчим хүчний салбарт Монгол Улс Францтай хамгийн ойрхон ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарт л гэхэд зөвхөн нүүрснээс эрчим хүч гаргах бус, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах маш өргөн боломж бий. Хоёр улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс Та бүхний хамтын ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэлээ.

            Монгол, Франц улсын худалдааны нийт эргэлт 2014 оны байдлаар 62.9 сая ам.доллараар хэмжигдэж байна. Өдгөө Францын 57 компани Монголд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 1990 оноос хойш тус улсаас хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 43.4 сая ам.доллар байна.