Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чуулганы Төр, засгийн тэргүүн нарын арга хэмжээнд үг хэлэв

Administrator 2015-11-30 21:54:00

Франц Улсын нийслэл Парис хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэв.

Дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон хоёр сорилт нь терроризм, дэлхийн дулаарал болооод байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж, тэдгээрийг дорвитой шийдвэрлэхийн төлөө улс орон бүр хүчээ нэгтгэж, үүрэг амлалтаа тодотгон бататгахыг уриалав.

Дэлхийн дулаарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох чиглэлээр Монгол Улсаас тавьж буй зорилт, Ногоон хөгжлийн бодлогыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцуулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн тодорхой санал дэвшүүлэв.  Тухайлбал, “Уур амьсгалын ногоон сан”-г хөрөнгө санхүүгээр бүрдүүлэх, үүрэг амлалтаа биелүүлэх, нэг хүн амд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг тогтоож, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр татвар төлөх зэргээр хүлээх хариуцлагаа улам бүр нэмэгдүүлэхийг мөн уриалав.

Эх дэлхийгээ хамгаалахыг зорьсон тохиролцоо хийж, түүхэн гэрээ байгуулахаар 150 гаруй орны Төр, засгийн тэргүүн нар анх удаа цугларч байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ онцолж, хөх дэлхийгээ аюул заналгүй бүрэн бүтнээр нь хойч ирээдүйдээ хүлээлгэж өгөхийн төлөө, нийт хүн төрөлхтний  сайн сайхны төлөө улс орон бүр үүрэг амлалт,  хариуцлагаа дахин нотолж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Уг чуулганд мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр оролцож байна.