МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ ХЭЛСЭН ҮГ

Administrator 2015-12-31 11:57:00

Улаанбаатар хот                                                                                                  Төрийн ордон

Сайн байцгаана уу

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна.

2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна.

2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа.

2015 онд НҮБ-ын бүх гишүүн орон хамтарч, 2030 он хүртэл хийх 15 жилийн ажлаа тодорхойлов. “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-өө баталж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо. 2015 оны төгсгөлөөр Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүхэн чухал шийдвэрт хүрч чадлаа. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврах, улмаар дараачийн үедээ эрүүл амгалан амьдрах орчин бүрдүүлэх чухал шийдэлд хүрлээ.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олох гэсэн үр дүнтэй яриа хэлцэл, бодит алхамууд хийгдэж байна. Монгол Улс ч эдгээрт зохих хувь нэмрээ оруулсаар байна.

2015 онд Монгол Улсын иргэд 3 саяулаа боллоо. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна.

2015 онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хамгийн олон орны дэмжлэг хүлээж сонгогдлоо.

2015 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж тодорхой гэрээ хэлцэл ч хийлээ.

2015 онд Монгол Улсын ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газраас Монгол Улс байнга, идэвхтэй төвийг сахих тухай бодлогоо олон нийтэд зарлав. Монгол Улсын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшилд энхийг эрхэмлэсэн зорилгод л энэ бодлого үйлчилнэ. Манай сайн хөршийн уламжлалт бодлого, хамтын ажиллагаанд ч нийцнэ. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, харилцан ойлголцолд манай идэвхтэй, байнга төвийг сахисан бодлого тус нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

2015 он Их түүх, өнгөрснөө эргэн санахад өнөөгийн бидэнд сургамж авах, цаашдын ажил үйлсээ тодорхойлоход чухал он байлаа.

Хувилай хаан, Өндөр гэгээн гээд Монголын олон суутнуудын сүүдэр гийсний тэгш ой тохиолоо. Мөн Аугаа эх орны болон Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ой тохиолоо. Монголчууд бид анх удаа олон нам, олон нэр давшигчийн оролцоотой явуулсан ардчилсан, чөлөөт сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэв. Бидний бахархах түүх бол бидний бүтээх ирээдүйн хүч юм. Өнгөрөгч 2015 онд бүгдээрээ түүх сургамжаа ч ярилцлаа. Гарах шийдэл, цаашдын үйл ажиллагааны талаар ч өргөн хэлэлцүүлэг өрнөсөөр байна.

2015 он Монгол Улсын бүтээлч хөгжил дэвшилд түлхэц өгсөн он байж чадлаа. Монголчууд бид иргэдийнхээ чөлөөт сонголт, бүтээлч чанар, байгаа боломж, баялагтаа тулгуурлаж олон зүйлийг Эх орондоо хийж  болох юм байна гэдгээ харлаа. Олон үйлдвэр, бүтээн байгуулалтын шав тавигдаж, зарим нь бодит түүхээ бүтээж эхэллээ.

Улс орныхоо хөгжил дэвшил, өөрсдийнхөө сайн сайхны төлөө бид л санаачлага гаргах хэрэгтэй. Бид л их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол Улс бол бидний нийтлэг баялаг. Монголчуудын амжилт ололт бол зөвхөн биднээс шалтгаална. Бодит ажил, сайн санаачлагыг дэмжих хүрээ өсч байна. Хоосон хийрхэл, хариуцлагагүй байдлын орон зай хумигдаж байна. Шийдвэр гаргагчдаас хариуцлага, шинэ барьцтай шийдлийг олон нийт шаардсаар байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Шинэ он гарах мөч улам ойртсоор байна. Хуучин онд бий болгосон сайн бүхнээ шинэ ондоо улам өвлөж хөгжүүлье. Саар зүйлээсээ сургамж авч, дахиж давтахгүй, хөгжил дэвшил өөд хичээн зүтгэцгээе.

Гарч буй 2016 он манай ард иргэдийн хувьд хариуцлагатай сонголтын жил байх болно. Өндөр ёс зүйтэй, үнэт зүйлтэй, Монгол түмний нийтлэг  эрх ашигт үйлчлэх төрийн түшээдээ  сонгох чухал ажил биднийг хүлээж байна. Иргэдэд эрх боломж, төрд үүрэг хариуцлагыг улам баталгаажуулсан сонголт л манай улсад нэн шаардлагатай байна.

2016 оны зун Ази, Европ тивийн удирдагчид Монголд цуглана. Ази, Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ой тохионо. Дэлхийн нэр нөлөө бүхий хоёр тивийн удирдагчид уг уулзалтаасаа ажил хэрэгч яриа хэлцэл, чухал үр дүн хүсэж байна. Зочин орны хувьд Монгол Улс ч бүх боломжоороо чармайн ажиллаж байна. Монгол Улсын ололт амжилт, нэр төр Монгол хүн бүрт хамаатай. Энэ чиглэлд хийж буй бүхэн, дэд бүтэц, үр дүн цаашид ч Монгол Улсад нэн хэрэгтэй.

2016 оны зуны улирлын сүүл сард Бразил Улсад Олимпын XXXI Их наадам, тэмцээн өрнөнө. Монголчуудын спорт урлаг, оюун санаа, бүтээлч үйлсийн ололт амжилт улирч буй онд арвин байсан шиг, ирэх онд ч өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.

Гарч байгаа 2016 он манай орны хүн бүрийн амьдралд өөдрөг гэгээн өнгө нэмэхийг хүсэж байна. Он солигдох мөчийг халуун ам бүлээрээ хүлээж байгаа Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт ололтыг хүсье. Бидэнтэй шинэ оноо угтаж байгаа хамтран зүтгэгч хүн бүрт сайн сайхныг хүсье.

Ажил үүргээ одоо болтол нэр төртэй гүйцэтгэж байгаа иргэддээ ерөөл дүүрэн шинэ оны баярын мэнд хүргэе. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголоо төлөөлсөн энэхүү мэндчилгээг нойроо хугаслан хүлээсэн билэг ерөөл боддог, сайхан сэтгэлт хүн бүрт баярлалаа.

Энэхүү цагаан сүүний дээжийг айл хотол бүр элгэн саднаараа жаргалтай, хүж дэлхий Эх орон минь амгалан сайхан байхын төлөө өргөе.

Та бүхэнд шинэ оны ерөөл бүхэн шингэсэн, гал халуун, анхны мэндийг хүргэе.

Монгол минь мөнхөд мандаг ээ.

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг