Монгол Улсын Ерөнхийлөгч сурын талбайд зочилж дуут сумаар харвалаа

Administrator 2016-07-11 16:14:00


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт сайхан уламжлалыг хүндэтгэсэн юм. Төрийн тэргүүн 2014 оны наадмаар анх удаа дуут сум тавьж эртний сайхан уламжлалыг сэргээсэн билээ.

Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа тэрээр шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж, онч мэргэн байж, хийморь нь өөдрөг сайхан наадахын ерөөл дэвшүүлэв.