МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

Administrator 2016-07-13 00:23:00

Улаанбаатар хот                                                                                           Төв цэнгэлдэх

Эрхэм хүндэт наадамчид аа,

Хүндэт зочид оо, 

Эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам маань ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан Та бүхэндээ баяр хүргэж, сайн бүхнийг хүсэн ерөөе.

Монгол наадам - Монгол үндэстний агуу их түүхийг сануулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлалаа. Монгол наадмаас монгол соёл хичнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий вэ гэдгийг баясан харлаа. Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам - Монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ. 

Ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө шударга ёс, эвийн хүчийг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.

Монгол түмний түүх соёл, цэнгэл жаргалын манлай үндэсний их баяр наадам маань үеийн үед улам өргөн дэлгэр болж байхын өлзийтэй ерөөл өргөн энэ жилийн наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Төр улс минь түвшин гэгээн, түмэн олон минь амгалан жаргалтай байг ээ.

2016 оны 7 дугаар сарын 12