Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Administrator 2016-07-12 20:46:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Эрэгтэй харваачдаас Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний цехийн засварчин, Хангарьд спортын хорооны тамирчин Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа.

Эмэгтэй харваачдаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Пунсалдулам  Монгол Улсын Мэргэн цолны болзол хангав.

Мөн хүүхдийн харваанд хөвгүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны харваач, Өсөх идэр мэргэн Н.Алтантулга, охидоос Дорноговь аймгийн Хантанбулаг сумын уугуул, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Цэцэг-Өлзий нар төрийн их баяр наадамд түрүүллээ.