МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН АСЕМ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЗОЧДОД ЗОРИУЛСАН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Administrator 2016-07-15 23:17:00

Улаанбаатар хот                                                                                      Чингисийн хүрээ

Эрхэм нөхөд өө,

АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Франц Улсын Ницце хотод халдлага болж олон гэмгүй хүн амь насаа алдаж шардхадсан. Өнөөдөр бидний хурлаас терроризмыг санал нэгтэйгээр буруушааж, түүний эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн билээ. Уг халдлагад амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут хүндэтгэл илэрхийлье гэж чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид санал гаргасан юм. Энэ саналыг би хүлээн авч байна. Тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн босч хүндэтгэл илэрхийлье.

/Нүүдэлчдийн наадамд ирсэн АСЕМ-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд, бусад төлөөлөгч зочид амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босч эмгэнэл илэрхийлэв/

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг. Олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил, дэвшлийн нууц ч Монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол, бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэнд толилуулж байна.

Монгол бол найрсаг нээлттэй улс. Ази Европ тивийг уулзуулж оршдог орон. Манай улсыг зорьж ирсэн, байнга Монголыг дэмжин хамтран ажиллаж байдаг орон бүрийн төр засгийн тэргүүн, эрхэм дээд зочид, сайд, албаны хүмүүс нийт хатагтай ноёдод Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

Бүтэн жил хүн бүр хүлээдэг манай Үндэсний их баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Монгол наадмын их ёслол хүндэтгэл, давтагдашгүй сайхныг бид Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт зочид гийчид Та бүхэн ч энэ бүхнийг нэг дороос харж сэтгэлийн таашаал авах азтай хүмүүс юм.

Монголчууд үндэсний баяр наадмаараа их сүлд тугаа залж, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морьдоо уралдуулж, цэц мэргээ сорьж, соёл түүхээ тольдож, үгийн сайхныг хэлэлцдэг уламжлалтай. Ази Европ тивийн дээд хэмжээний ээлжит уулзалт ч, ASEM-ын түүхэн ой ч бидний энэхүү бахархалт уламжлалтай яв цав зохицож байна.

Ингээд ASEM-ын 20 жилийн тэгш ой, Ази Европын дээд хэмжээний уулзалт, төр засгийн тэргүүн нар, эрхэм зочдод зориулсан Монгол үндэсний наадам нээснийг мэдэгдье.

Ази Европ тив, улмаар даян дэлхий амгалан, найрсаг оршиг ээ.

2016 оны 7 дугаар сарын 15