ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ДЭМЖСЭН БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ЯВАХ НЬ ИЛҮҮ ОНОВЧТОЙ

Administrator 2016-08-31 14:31:00

УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав.

Төсөвт тодотгол хийх асуудлыг Ерөнхийлөгч хэрхэн үзэж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоор уг хуулийн төсөлтэй танилцаж, судалж байна. Төсөлд тусгагдсан зарим заалтууд, ялангуяа нийгмийн хамгааллын шинжтэй төсөв, зардлыг хасаж танахыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа.

Чухам ямар зардал ?

Тухайлбал, оны эхнээс бэлтгэл нь гайгүй хангагдаад, хэрэгжээд явж байгаа, энэ онд угаасаа маш бага төсөв батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуультай холбогдсон зардлыг хоёр дахин бууруулах, мөн мэргэжилтэй ажиллах хүчин болохоор сурч буй МСҮТ-ийн суралцагчийн тэтгэлэг болоод их дээд сургуульд суралцагч оюутны 70 мянгыг зогсоох заалтыг дэмжихгүй байна.

Түүнчлэн гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлгийг, ялангуяа дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцагчдад төрөөс үзүүлэх дэмжлэгийг хасах төслийг дэмжихгүй байгаа. Ер нь аливаа хямралын үед ирээдүйдээ, чухамдаа боловсролд зарцуулах хөрөнгөө багасгах биш, харин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн олон улсад шалгарсан зөвлөмж байдаг. Ирээдүй тухайн улс оронд их зүйлийг авчирдаг юм. Энэ үе чадахгүй бол ирээдүй чадна гэсэн үг бий. Боловсролтой, мэргэшлийн ур чадвартай залуус Монгол орныг хөгжил дэвшилд хүргэнэ. Тиймээс хүүхэд, залуусаа дэмжсэн бодлогоо үргэлжлүүлээд явах нь илүү оновчтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Төсөвт мөнгө төгрөг байхгүй гээд байна шүү дээ ?

Хэрэв улсын төсөвт ч бай, айл гэрт ч бай мөнгө байхгүй бол түүнийг бий болгох, мөнгөний эх үүсвэрүүдийг олох талаар нухацтай ажиллах хэрэгтэй байх. Сайтар хичээж ажиллавал мөнгө төгрөг олдоно гэж бодож байна. УИХ-д өргөн барьсан Төсвийн тодотголд төсвийн урсгал зардлыг 428,3 тэрбум төгрөгөөр өсгөхөөр оруулж ирсэн нь анхаарал татаж байна. Дэд сайд энээ тэрээд багагүй мөнгө зардал байна. Үүний оронд баялаг бүтээгчдийн ажлын байр, хувийн хөрөнгө оруулалт, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх харилцан нягт уялдаа холбоотой арга хэмжээг тууштай авах хэрэгтэй мэт. Татвар дээр болгоомжтой хандах. Татвар нэмэгдвэл орлогын эх сурвалжууд далд орох магадлал бий. Татвар нэмэх тухай бодохын оронд тусгайлсан хууль гаргаж, ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулж байж олж мэдсэн орлогын эх сурвалжуудаа нягталбал зүгээр.

2016 оны эхээр хэрэгжилт нь дуусаж 36 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг илрүүлж, баталгаажуулсан гэх Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ярьж байна. Энд нэлээд мөнгө байх учиртай.

Ер нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх нөөц боломж байгаа. Тухайлбал, төрийн өмчийн аж ахуйн нэгж, байшин барилгуудыг он цаг хүлээлгүй хувьчилж, худалдаж болно. Хямралтай үед үнэ хүрэхгүй гэх байх, гэвч хямд авсан эзэн нь ашигтай бизнес хийж их татвар төлөхыг үгүйсгэж боломгүй.

Монголд зарж борлуулаад мөнгө болгочих зүйлс олон байгаа. Энд ганцхан жишээ хэлье. Төрийн ордны хойд талд Байгалийн түүхийн музей гэх барилга ашиглалтгүй болоод 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Үүнийг эзэмшил газартай нь хамт борлуулахад лав 15-20 тэрбум хүрнэ. Үүгээр хүүхэд харах үйлчилгээний төрд ногдох зардлыг бараг хоёр жил төлнө.

Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д хүсэлт тавьж Монголын Байгалийн түүхийн музейн барилгыг Солонгосын ард түмний буцалтгүй тусламжаар буюу 58 сая ам.долларын хөрөнгөөр барихаар болсон билээ. Иймд Улаанбаатарт дэлхийн жишигт нийцсэн томоохон музейн цогцолбор бий болох бололцоотой болоод байна. Музей барихад тохиромжтой шинэ газар ч байгаа. Тиймээс ашиглалтгүй байгаа хуучин барилгаа худалдаж орлого олж болно.

Эдийн засгийн хямрал болж байна гээд бүхнийг танаж хасах талаар яриад байна ?

Одоогийн нөхцөлд төр ард иргэдийнхээ халаас руу гэхээсээ илүү өөрийнхөө халаасыг сайтар тэмтрэх хэрэгтэй байна. Учир нь хэрэглээ байхгүй бол эдийн засаг идэвхждэггүй, амь ордоггүй юм.