Бидний өвөг дээдэс 2219 жилийн өмнө төр улсаа байгуулсан

Administrator 2010-10-21 11:09:28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын тулгар төрийн 2220 жилийн ойгтэмдэглэх тухай зарлиг гаргажээ. Зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зөвлөх Р.БОЛД – оос зарим тодруулга авав.

 -       Та манай сонины уншигчдад Ерөнхийлөгчийн зарлигийн гол утга санааг хэлж өгнө үү?
Хүн ардынхаа үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх, монгол төрийн үндсийг улам бэхжүүлэх, эртний дэлхий дахины түүхийн үйл явцад, түүний дотор Евразийн олон үндэстний түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн бидний өвөг дээдэс болох Хүннүчүүдийн болон Монголын тулгар төрийн буурал түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Зарлигийн гол утга санаа нь Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх, ойг угтаж тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, уг ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог байгуулан ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.
 
-       Монгол төрийн түүх 2200 гаруй жилийн настай болж байгаа юм уу?
Тийм ээ. Манай эриний өмнөх 209 онд Модун шаньюй Төв Азид нутаглахнүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэснээрнүүдэлчдийн анхны төр улс болох хүчирхэг Хүннү гүрэнг байгуулсан билээ. Хүннү гүрэн дорно зүгт Гуулин улс, өрнө зүгт Дундад Ази, умард зүгт Байгаль нуур, өмнө зүгт Хятадын Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байжээ.
Нүүдэлчин малчин Хүннү нар Ази тивийн төдийгүй Европын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Тэдний үүх түүхийг ярихад Еврази хэмээх нэр томъёог хэрэглэх болдог. Энэхүү хоёр тив, нэг эх газрын энгээр Хүннүчүүд намтар цадигаа тэрлэж ул мөр, үйл хэргээ тамгалан үлдээжээ.Нүүдэлчдийн хүчирхэг гүрнийг байгуулсан нь Египет, Хоёр мөрөн, Энэтхэг, Хятад зэрэг дэлхийн эртний соёл иргэншилүүдтэй эн зэрэгцэнэ.
            Гурван зуу гаруй жил оршин тогтносон тус улс нүүдэлчдийн дунд төрт ёсны их уламжлалыг бий болгосон. Хүннүчүүд улс гүрнээ гурван гарт хуваан, бүгд хорин дөрвөн түмтийн ноён тохоон томилсон бөгөөд аравтын тогтолцоонд үндэслэн цэрэг - засаг захиргааны байгуулал хэрэгжүүлсэн байна. Энэ нь Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үндэс болсон юм.
Чингис хаан Хүннүгээс уламжлан авсан төр, засаг захиргааны зохион байгуулалтыг хөгжлийн шинэ шатанд тохируулан хэрэглэсэн нь удирдлагын сонгодог арга хэлбэр болж хожмын төрийн удирдлагын загварт нөлөө үзүүлснээрээ монгол төрийн залгамж чанар тасраагүй бат бэх байсныг харуулж өгсөн юм.
 
-       Чингисийн Их Монгол Улс эзгүй газар мэндлээгүй юм байна ...?
 
1206 онд байгуулагдсан Их Монгол Улс бол Хүннүгээс уламжилсан төрийн нарийн зохион байгуулалт, дэг журам, тэр их өв соёлын түүхэн улбаан дээр гарч ирсэнмонгол угсаатны ээлжит нэгэн хүчирхэг төр улс юм.
Судлаачид “Хүннү нар нь Төв Азийн өргөн уудам тал нутаг, Орхоны хөндийд төвлөн сууж эдийн засаг, улс төр, соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлж ирсэн” гэж тодорхойлсон байдаг. Хүннү гүрний хаан Модуны өргөө ордон нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул тэдний түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв.
Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс мөн. Түүх, археологи, газар зүй, соёлын олон баримт монголчуудынхтай ижил төстэй байгаа учраас ингэж хэлж байна. Хүннүчүүд төр ёсны аравтлах тогтолцоог бий болгон, түүнийгээ баримталж хөгжүүлсэн. Тэд мал аж ахуй эрхэлж, сүү цагаан идээ боловсруулах, эрийн гурван наадам, уртын дуу зэрэг соёлоо дээдэлж амьдарч байсан нь монголчуудын өвөг дээдэс мөн болохын баталгаа болно.
Хүннү нар Монгол угсаатан болох нь уугуул нутаг орон, малын үүлдэр, сүргийн бүтэц, нийгмийн байгуулал, эдийн болон утга соёлын талын угсаатны шинж, ёс заншил, зан үйлийн өвөрмөц онцлог, үгсийн сангийн утга зэрэг олон шинжээр тов тодорхой харагддаг. Монгол үндэсний дуу, хуур, бөхийн барилдаан гээд өв соёлын олон зүйлийн эхлэлийг Хүннүчүүд бий болгосон аж. Хүннүгийн булшнаас олдсон археологийн эд өлгийн зүйлс эдгээрийн баталгаа нотолгоо нь мөн болой.
Гадаад дотоодын ихэнх судлаачид хүннү нарыг дунд зэргийн нуруутай, хүрэн бор царайтай, бахимхан бие хаатай буюу антропологийн хувьд монголжуу төрхтэйгээс гадна монгол хэлээр ярьдаг хүмүүс байсан хэмээжээ. Археологи, антропологи болоод эртний сурвалж судлал, угсаатан зүй гэх мэт шинжлэх ухааны судалгаагаар Хүннү нар Монгол угсаатан болох нь бүрэн батлагдсан гэж үзэж болно.
Монголчууд бид Хүннү гүрний нутаг дэвсгэрийг өвлөн авч гал голомтыг нь сахиж суугаа, тэдний өв соёлыг уламжлан, үргэлжлүүлж яваа үр сад нь билээ. Бид Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэж Хүннү угсаатны голомтыг сахиж суугаа удам хойчис нь мөн гэдгээ дэлхий дахины сонорт тунхаглан, түрлэг өргөх нь зүйд нийцэх болой.
Тиймээс их ойг гадаад орнуудад өргөн сурталчлах, ЮНЕСКО – гоор дэмжүүлэх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн Ерөнхийлөгч зарлигтаа онцлон заасан байгаа.
 
-       Ой тэмдэглэх ажлын цар хүрээг хэрхэн тодорхойлж байна вэ?
 
Энэхүү ой бол эх түүхээ эзний ёсоор баринтаглаж авах, эцэг дээдсийнхээ гавъяа зүтгэлийг дэлхий дахинаа алдаршуулах үйл хэрэг болох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт түүхийн ой санамжийг бүрдүүлэх, өвлүүлэх, хадгалах үүднээс “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв” (дэргэдээ хүүхдийн “Тэмүүжин” цэнгэлдэх хүрээлэн бүхий) цогцолборыг үе шаттайгаар барьж байгуулах, Монголын тулгар төрийн түүхийг үе улираан судлах, Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншил, Хүннү судлалыг гүнзгийрүүлж олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, судалгаа шинжилгээний экспедиц зохион байгуулах, Монгол төрийн үүсэл, ёс, ёслол, хүндэтгэл уламжлалыг өнө эртнээс өдгөө хүртэл нэгтгэн судлах, ном бүтээх, шинжлэх ухаан, урлаг, уран сайхны бусад олон төрлийн бүтээл туурвих санаачлагыг дэмжих зэрэг олон талт ажлыг хийхээр тусгасан.
Эдгээрээс “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв” байгуулах нь томоохон бүтээн байгуулалтын ажил гэж үзэж байна. Учир нь энэхүү цогцолбор баригдсанаар түүх соёлын үнэт зүйлсийг хамгаалах, хадгалах олон асуудлыг цогцоор нь шийдэх бөгөөд түүх соёл, эдийн засгийн асар их ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
 
-       Ой тэмдэглэх ажлын цар хүрээ үнэхээр өргөн юм байна. Энэ том ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайд хэтэрхий тулгамдсан, хожуу шийдвэр гарч байгаа юм биш үү?
 
Тийм байж болох. Ерөнхийлөгч уул нь өнгөрсөн хавар, Цагаан сарын дараахан ой тэмдэглэх тухай зарлигийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хандсан билээ. Гэвч Засгийн газар дээр бэрхшээл, гацаа үүссэн. Ингээд хагас жил өнгөрсний дараа сая нэг юм нааштай хариу сонсож зарлигаа гаргалаа. Та мэдэх байх, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг Засгийн газартай зөвшилцөж гаргадаг хуультай.
 
-       Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв байгуулах асуудал чухам юунаас үүдэж, хэдийнээс эхэлж яригдсан бэ?
 
Одоогоос яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хархорин хотын орчимд малтлага хийж буй Германы археологич, эрдэмтнийг  хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын дараа  ШУА – ийн тэргүүн, академич Б. Энхтүвшин, археологич эрдэмтэн Д. Цэвээндорж нартай тусгайлан уулзаж эртний түүхийн дурсгал, археологийн үнэт олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаар ярилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Монголын түүхийн бахархал болсон үнэт үзмэрүүдийг дэлгэн тавьсан томоохон музей, цогцолбор байгуулах санал гаргаж, энэ талаар зураг төсөл боловсруулах үүрэг өгсөн юм. Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу миний бие ахалж, архитекторын томоохон мэргэжилтэн, академич Д. Хайсамбуу, барилгын туршлагатай инженер О. Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр гурван сарын хугацаанд ажиллан цогцолборын төслийг бэлэн болгосон. Цогцолбор нь Палеонтологийн музей, Археологийн музей, Соёлын музей, Фото галерей, “Тэмүүжин” цэнгэлдэх хүрээлэн зэрэг 10 гаруй барилга байгууламжаас бүрдэнэ.
           Энэхүү төслийг боловсруулахдаа тухайн салбарын эрдэмтэн мэргэдээсээ санал авсан л даа. Монгол орон маань Евразийн төдийгүй дэлхийн нүүдэлчдийн төв болсон орон юм байна. Нөгөө талаар бидний адил нүүдэлчдийн үр удам энэ дэлхий дээр одоо ч оршин тогтносоор байгаа ажээ. Тэгэхээр Ази тивийн голт зүрхнээ орших эх оронд маань морилсон хэн боловч дэлхийн нүүдэлчдийн түүх соёлтой танилцах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхийг хүмүүст цогц байдлаар үзүүлж харуулна гэсэн үг.
 
-       Энэхүү цогцолборыг барьж байгуулсны ач холбогдол нь юу байх вэ?
 
Мэдээж маш олон ач холбогдлыг араасаа дагуулах болно. Юуны өмнө дэлхий нийтээр биднийг Евразийн нүүдэлчдийн гал голомтыг сахин бадрааж, өвөг дээдсийнхээ түүх соёлыг хадгалан хамгаалж яваа эртний түүхт Монгол Улс гэдгийг гүн бат ойлгож мэдэхэд тустай.
Мөн Төв Азийн нүүдэлчдийн түүх, иргэншлийг хамтдаан бүтээсэн улс орнууд өвөг дээдсийнхээ өв, уламжлал, хөшөө дурсгалыг хадгалах хамгаалах үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэнэ. Ингэснээрээ бид зөвхөн өөрийн орны  бус хүн төрөлхтөний өв соёлыг хамгаалагч орон гэдгээ харуулна. Энэ бүхний эцсийн дүнд ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагууд Монголчуудын  түүх, соёл урлагийг цогц байдлаар нь үнэлж цэгнэх боломж бүрдэх бөгөөд аливаа бусад үндэстэн бидний өвөг дээдсийн бүтээсэн өв соёл руу өнгөлзөх боломжгүй болно.
Ер нь бидэнд өсвөр хойч үеийнхэндээ эх оронч үзэл, үндэсний бахархалыг бий болгох, улс орныхоо өнгөрсөн түүхийг баталгаажуулан баримтжуулж өнөө үед дэлхий дахинаа сурталчилж таниулах цогц бодлого их чухал юм.
Түүх соёлын өв дурсгал сүйдэж устахын хэрээр үндэсний түүхийн ул мөр бүдгэрч балартах хөнөөл уршигтай. Үүнийг далимдуулан Монголын түүхийг мушгин гуйвуулах, мартагнуулах, төр ёсны түүхэн уламжлалыг үгүйсгэх, өөриймчлөн өмчирхөх сонирхол ч өндийхөөс бид сэрэмжлэх учиртай.
Монголчууд МЭӨ болоод нийтийн тооллын дундад зууны үед дэлхийн дэг журмыг тогтоогч их гүрнүүдийгбайгуулснаараахүн төрөлхтний төр ёс, улс төр, эдийн засаг, соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бахархан дурсах бичгийн болон эд өлгийн соёлыг бий болгосон.
Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын цогцолборыг байгуулж чадсанаараа монголчууд дэлхийд дахин үнэлэгдэх болно. Үүний төлөө Монгол хүн бүхэн зүрх сэтгэл, зүтгэл итгэлээ зориулах нь дамжиггүй. Ийм боломжийг  шинэ түүх минь бидэнд олгож байна.Энэ бол томоохон бүтээн байгуулалт.Миний ойлгож байгаагаар цаг алдахгүй эхлэх нь зөв.
-       Бүтээн байгуулалт гэдэг утгаараа юуны өмнө Засгийн газраасаа дэмжлэг авах ёстой байх. Хөрөнгө мөнгөн дээрээ очихоор яадаг бол?
Засгийн газрын хуралдаанаас “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв” цогцолборыг үе шаттайгаар барьж байгуулахад улсын төсвөөс нэмэгдэл хөрөнгө шаардахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгын үндсэн дээр зохион байгуулах боломжийг судлан үзэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан.
-       Уг цогцолборыг хэзээ, хаана барьж байгуулах вэ?
Цогцолборыг 2011 – 2016 онуудад барьж байгуулна. Ирэх хавар хүртэл цогцолборт багтах барилга байгууламж тус бүрийн ажлын нарийвчилсан зургийг гаргах, эхний ээлжийн санхүүжилтыг босгох, газрын асуудлыг шийдвэрлэх, уг ажлыг эрхлэн хариуцах нэгжийг байгуулах гээд олон ажлыг амжуулах учиртай.
Цогцолборыг Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлаас 30 км, Улаанбаатар хотын төвөөс 40 км зайтай үзэсгэлэнт байгальтай газар байгуулахаар төлөвлөж байна.Дэд бүтцийн хувьд боломжийн,олон улсын онгоцны буудлаас нийслэл рүү тавигдах хурдны замаас холгүй байх юм.
-       Тулгар төрийн ойг чухам хэдийд тэмдэглэн өнгөрүүлж байвал зохилтой вэ?
Монголын тулгар төрийн ойг 7 дугаар сарын 11-ний өдөр буюу үндэсний их баяр наадмаар Их Монгол Улс байгуулагдсанойтой хамтад нь тэмдэглэж заншвал зохилтой.