Дэлхийд зартай хөлбөмбөгчин Унгарын Ференц Пушкашийн хөлбөмбөгийн академид Монгол хүүхдүүд суралцах боломжтой боллоо

Administrator 2016-09-09 18:09:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10-р сард Унгар Улсад хийсэн айлчилалын үеэр хоёр орны хөлбөмбөгийн харилцааны талаар ярилцсан. Төрийн том ажлуудын хажуугаар Монголын хөлбөмбөгийг хөгжилд санаа тавьж 1954 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Унгар Улстай энэ салбарт харилцаа холбоо тогтоох саналыг Унгарын тал таатай хүлээж авсан байдаг. Манай талаас “Пушкашийн академи”-д Монгол хүүхдүүдийг суралцуулах санааг дэвшүүлж улмаар энэ ажил ажил хэрэг болох эх үүсвэр нь тавигджээ. Унгарын талаас хариу айлчлал 2016 оны эхээр болсон бөгөөд Ерөнхий Сайд М.Орбантай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Пушкашийн академид 4 хүүхэд суралцуулах ажлыг дараачийн шатанд оруулсан байна.

Улмаар “Пушкашийн академи”-ийн урилгаар МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Унгарт зочилж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Тийнхүү жилийн 15.000 ам.долларын төлбөртэй энэхүү тэтгэлэгийг МХБХ, Монгол Улсад суугаа Унгарын Элчин Сайдтай хамтран Монголын өсвөр үеийн дөрвөн хүүхдэд энэ эрхийг олгож байна. Өнгөрсөн сараас тэдгээр хүүхдүүдийг сонгон шалгаруулалт явагдахад Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарын 15-19 насны шилдэг хөвдүүд тодорсон юм. Урьд өмнө нь Монголоос урт хугацаатайгаар хилийн чандад хөлбөмбөгийн чиглэлээр суралцсан тохиолдол байхгүй билээ.

Гадаадад анх удаа урт хугацаагаар суралцаж буй тэднийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин Сайд З.Батбаяр анхаарч ажиллахаар болсоноор тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, сурч боловсроход санаа зоволтгүй болж байна. Дэлхийн алдарт Реал Мадрид багтай харилцаатай байдаг “Пушкашийн академи”-ийг зорих хүүхдүүд маань хөлбөмбөгийн бэлтгэл сургуулилалтаас гадна Ерөнхий боловсролын хичээлдээ давхар суралцана. Тэдний хэрхэн суралцаж ямар амжилт үзүүлэхээс шалтгаалан дараа дараагийн “Пушкашийн академи”-ийг зорих хүүхдүүдийн хувь заяа шалтгаалах учраас “Анхны 4”-т чухал хариуцлага ноогдоод байна. Амжилт хүсье!