НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Administrator 2016-09-21 10:37:00

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД:

МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” 

 

Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэмсэг  ноёд оо,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

 

Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг  бүрэн дэмжиж ажиллах болно.

Ноён Дарга аа,

Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа энэ хүндэт индрээс үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг мөн. Би найман хүүтэй айлын отгон хүү.  Миний гэр бүл манай улсын баруун хязгаарын уулархаг нутагт үе дамнан мал маллан аж төрж ирсэн. Дэлхийн их чуулганы хүндэт индрээс нэгэн өдөр отгон хүү нь үг хэлнэ хэмээн ээж аав минь төсөөлж яваагүй биз ээ. 

Ард иргэдийнхээ чөлөөт хүсэл зоригоор сонгогдон эх орныхоо төлөө зүтгэх болсондоо би бахархаж явдаг. Монгол Улс бол ардчилсан засаглалтай орон. Ерөнхийлөгчийн алба ээлжтэй. Миний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд сүүлийн удаа үг хэлж байна.

Гэхдээ Монгол Улс бүх улс үндэстний хамт дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн  байсаар байх болно. Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай сайн анд, түнш байж ирсэнд би бахархаж байна. Манай улсын дараагийн Ерөнхийлөгчийг та бүхэн мөн халуун дотноор хүлээн авч, хамтран ажиллана гэдэгт би итгэлтэй байна.


 

Тогтвортой хөгжлийн зорилтууд

Хүндэт төлөөлөгчид өө,

Тогтвортой хөгжилд хүрэх нь нэн чухал. Яагаад гэвэл, нэг ч хүн энэ хөгжлийн гадна үлдэх учиргүй, хөгжих эрхээ эдлэхгүй байх учиргүй.  Хүн бүр ядуурал, хүчирхийлэл, хямралаас ангид, нэр төртэй сайхан амьдрах хөгжлийн төлөө бид хамтран ажиллах ёстой. Хуульт ёс, бүх нийтийн үндсэн эрх, эрх чөлөөг үл хүндэтгэх аваас шударга ёс, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж би үздэг. Тэдгээр суурь зарчмуудыг улс орон бүр сахин хамгаалах учиртай.

Хямрал дэгдсэн энэ цаг үед НҮБ 70 жилтэйгээ золгосон. Зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлагууд бараг өдөр тутмын хэвлэлийн мэдээ болох болсныг бид харж байна. Хэдэн сая хүн орон гэрээсээ дайжиж, дэлхий дахинаа хүмүүнлэгийн гүн хямрал нүүрлэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, олон газар хямрал нэмэгдэж буй нь ирээдүйн хөгжил дэвшилд заналхийлж байна.

Гэвч өнгөрсөн хугацаа урам зориг хайрласан хамтын ажиллагааны үе байлаа.  Он удаан жил сунжирсан дайн зарим газарт дууслаа. Энхийн гэрээг байгууллаа. Аюултай зэвсгээр хөөцөлдөхөө хязгаарлалаа. Дипломат яриа хэлэлцээ үр дүнтэй байлаа. Ард иргэд, энх тайван, хөгжил цэцэглэлт, түншлэлийн төлөө, манай гаригийн төлөөх “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийг бид өнгөрсөн жил хамтдаа баталсан.

Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгэн шинэ хуудсыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Парис хотноо нээсэн.

Даян дэлхийн хамтын нийгэмлэг ирэх 15 жилд хамтдаа зүтгэх замын зургаа гаргалаа. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөр, Парисын хэлэлцээр нь амласнаа биелүүлэх бидний хөтөч байх болно.  

Бид одоо ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах ёстой.

Бид одоо эх дэлхийгээ аврахын төлөө эрчимтэй түншлэх ёстой.

Бид одоо зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нөөц хүчээ дайчлах ёстой.                         

Монгол Улс хамгийн эмзэг хүмүүстээ нэн түрүүнд хүрч, хэнийг ч үлдээлгүй хөгжихийг зорино. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийн тэр зарчим, бодлогыг бид үндэсний стратегитаа суулгасан. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” хэрэгжиж байна.

Эдийн засгаа төрөлжүүлж, олонд хүртээмжтэй болгохыг бид зорьж байна.

Энэ нь зохистой  ажлын байр, боломж, орлого нэмэгдүүлэхийн төлөө юм.

Амьдралаа дээшлүүлж, хүрээлэн буй орчноо тогтвортой  байлгахыг зорьж байна.

Засгийн газар, олон улсын хөгжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагаа мөн чухал.

Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ирсэн өмнөх туршлагаас харахад тогтвортой хөгжлийн зорилтоо хангахын тулд ажлын үр дүнгээ байнга эргэн хянаж байх тогтолцоо чухал байна.

Тиймээс хариуцлага, сайн засаглалын үр өгөөж тогтвортой хөгжилд хүргэнэ.

 

Уур амьсгалын өөрчлөлт

Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөөх хамтын хүч чармайлт-түүхэн амжилтаа бид маргааш тэмдэглэх гэж байна. Энэхүү завшааныг ашиглан Парисын хэлэлцээрт албан ёсоор нэгдэн орсон улс орнуудад баяр хүргэе. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монголын ард түмэн нэгдсэн. Манай улс үндэсний хууль гаргаж, Парисын хэлэлцээрийг соёрхон батлаад байна. 

Парисын хэлэлцээр бол та бидний хамтын  амжилт, асар их ажлын үр дүн мөн. Парисын хэлэлцээр бид бүхэнд урам хайрлаж байна. Энэ бол үр хүүхдүүдийнхээ төлөө эх дэлхийгээ аврах бидний амлалт, эрхэм зорилго мөн. Бид энэ амлалтаа биелүүлэх ёстой.

Монгол Улс нүүрсхүчлийн хий хамгийн бага ялгаруулагч улсуудын нэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй хүчтэй өртөж байна. Цөлжилт, ойгүйжилт, биологийн төрөл зүйлийн тэнцвэргүй байдал нь нүүдэлчдийн соёлын хэв маягт сөргөөр нөлөөлж, байгаль орчинг улам бүр доройтуулж байна.

Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн тохиролцооныхоо дагуу өөрийн амлалтаа хэрэгжүүлж байна. Харамсалтай нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлэх бодит дэмжлэг, туслалцаа дутагдаж байна. Уур амьсгалын ногоон сангаас болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулсан үр шимээс Монгол Улс болон манайх шиг хөгжиж буй олон улс хүртэж чадаагүй байна. Энэ чухал хүчин чармайлтад тэргүүлэн ажиллахыг олон талт холбогдох байгууллагад уриалж байна.

Бидэнд нэг гэр, нэг эх дэлхий, түүнийг аврах нэгдсэн нэг л зорилго бий. Өнөөдөр бид шийдвэртэй алхам хийх ёстой. Бид ирээдүйгээ тойрон өнгөрөхгүйн адил энэ цаг мөчийг алдах учиргүй.

 

Хариуцлага

Эрхэм анд нар аа,

Зорилтдоо хүрэхийн тулд бид засгийн газартаа, нийгэмдээ эрх тэгш байдал, нээлттэй байдал, хариуцлагыг бий болгохын төлөө ажиллах ёстой.

Бид бүхний баталсан зорилтууд нээлттэй нийгэм, хариуцлагатай тогтолцоог шаардаж  байна.

“Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрөөр дамжуулан сайн засаглал, хуульт ёсыг ард иргэд шаардаж байна.

Хөгжлөө төлөвлөн хэрэгжүүлэхдээ ил тод байдал, хариуцлагатай байхыг тэд мөн хүсч байна.

Бид хүлээсэн үүрэг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байх ёстой.

Хариуцлагатай байх нь сайн засаглалын хэмжүүр мөн.

Сайн засаглал нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн түлхүүр мөн.

Тиймээс бид хариуцлага, сайн засаглалыг улс орондоо бэхжүүлэхийг зорьж байна.

Монгол Улсад Нийтийн сонсголын тухай хууль, Иргэдийн оролцоог дэмжих бодлого хэрэгжиж байна.

Хөгжлийн зорилтууд авлигатай тэмцэхийг шаардаж байна. Энэ нь хуульт ёсонд суурилж ил тод, үр дүнтэй ажиллахыг мөн шаардаж байна.

Энэ нь суурь үйлчилгээг үл ялгаварлах эсвэл авлигагүйгээр үзүүлнэ гэсэн үг юм.

Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой, бизнесийн хувьд ойлгомжтой, зохистой хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчин тодорхой байхыг хэлж буй хэрэг юм.

Энэ нь байгалийн баялгийн үр өгөөжийг хэдхэн хүн биш дийлэнх олонх хүртэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө хэмжүүртэй, хяналттай байна гэсэн үг юм.

 

Ардчилал

Эрхэм хүндэт анд нөхөд өө,

Хөгжил, хариуцлага гэдэг ардчилал юм.

Ардчиллыг бид бэлэг мэт зүгээр авч болохгүй. Түүнийг сүсэглэн шүтэх учиргүй. Бид түүнийг өдөр бүр асарч, бэхжүүлэх ёстой. Энэ бол бидний амьдрах арга зам, оюун бодолд байх учиртай.

Хүн бүрийн сайн сайхан хөгжлийн төлөө зорьдог учраас ардчилсан нийгэм тогтвортой байдаг.

Тиймээс хуульт ёс, хүний эрх, ардчилсан засаглал, чөлөөт, шударга сонгуулийн төлөөх ардчилсан тогтолцоо бүрдүүлэх нь  лидерүүд бидний нэгдсэн зорилт юм.

Хариуцлага, хариуцлага, бас дахин хариуцлагыг чанд мөрдөх ёстой.

Ардчилсан нийгэмд бусад зүйлийг ард иргэд өөрдсөө хийчихнэ.

Зөвхөн ардчилсан нийгэмд өөрийгөө хөгжүүлэх, зорьсондоо хүрэх боломж хүн бүрт олгогдсон байдаг.

Сүүлийн 26 жилийн хугацаанд Монгол Улс тогтвортой, тайван замаар ардчиллыг хөгжүүлэх өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан. Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 29-нд болсон парламентын сонгуулиар дахин нотлогдлоо.

УИХ-ын сонгууль нээлттэй, ил тод болсон. Монголын ард иргэд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хариуцлага оноосон. Ард иргэдийнхээ төлөө шаргуу ажиллах бүрэн эрхийг тэдэнд олгосон.

Сүүлийн хорин жилийн хугацаанд Монгол Улс илүү бат бэх ардчилсан тогтолцоо, тогтвортой, үр дүнтэй, хууль ёсны ардчиллыг дэмжиж ирсэн. Бид өөрсдийн туршлага, сургамжаа бусад улс оронтой хуваалцаж ирлээ. Бидний сургамж эдгээр улс орнуудад тус дэм болж байгаад баяртай байна.

Өнгөрсөн жилийн сүүлчээр ардчилсан сонгуулиа амжилттай явуулсан Киргиз, Мьянмарын ард түмэнд энэ индэрээс чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалж байгаагийн хувьд Монгол Улс Ардчиллын форумыг энэ 8 дугаар сард зохион байгууллаа. "Ардчилсан шилжилтээс суралцах нь" сэдвээр голлож ярилцсан.  Ардчиллын өөр өөр загвартай улс орны төлөөлөгч, мэргэжилтнүүд сонгууль явуулах аргачлал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах талаар өөрсдийн туршлагаа солилцсон.

Монгол Улс санаачлан хэрэгжүүлж буй Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлж, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудтай хамтран ажиллах болно.


 

Хүний эрх

Ноён Дарга аа,

Монгол Улс хүний ​​эрх, эрх чөлөөг гэр хэмээн дээдэлдэг улс юм. Хүний эрх, хууль дээдлэх ёсны талаар бид сүүлийн үед их ярьж байна.

Эдгээр үнэт зүйлсээ хамгаалж чадаж байгаа эсэх нь бодит үйл хэрэг, үр дүнгээс л харагдана.

Тогтвортой хөгжил- 2030 хөтөлбөрийн гол цөм нь хүний ​​эрх, хүний ​​нэр төрийг хүндэтгэх явдал юм.

Хүний эрхийг дээдлэн хамгаалах нь гишүүн улс бүрийн нэн тэргүүний үүрэг хариуцлага мөн.

Энэ хариуцлагаа хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хүний ​​эрх, шударга ёсны эрхээ хамгаалах, хангах эрх зүйн шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлээд байна.

Монгол Улс цаазаар авах ялыг халсан.

Цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж би үздэг.

Хүн төрөлхтний гэр бүл нэгэн өдөр цаазаар авах ялгүй болно гэдэгт би итгэдэг.

Энэ хүнд асуудлыг манлайлан шийдвэрлэх амаргүй гэдгийг би ойлгож байна.

Гэсэн хэдий ч, Ази дахь ардчилсан орны хувьд Монгол Улс хүний ​​эрх, хүний ​​нэр төрийг хамгаалахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орны хувьд Монгол Улс ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийн эсрэг тэмцэж, ажиллах болно.

Хүний ​​эрхийн тулгуур зарчмуудыг НҮБ-ын системийн төвд тавих зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг бид 10 жилийн өмнө байгуулсан.

Хүний ​​эрхийн тулгамдсан асуудлаар нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлэх орон зайг бий болгосон юм.

Дэлхий дахинаа хүний эрхэд заналхийлж байгааг бид бүгд сайн мэдэж байгаа.

Терроризмтой тэмцэхдээ хүний эрхийг хамгаалж чадахгүй байна.

Хүний ​​эрх, нэр төрийг хүндэтгэх зарчим дээр суурилсан дэлхийн соёлыг бий болгохын төлөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл идэвхтэй ажиллах ёстой.

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Дэлхий дахинаа терроризмын аюул тэлэн нэмэгдэж байгаа нь бидний санааг ихэд зовниулж байна.

Терроризм нийт хүн төрөлхтний нийтлэг сорилт болоод байна.

Энэ нь үндэсний аюулгүй байдал, дэлхий нийтийн дэгт заналхийлж байна.

Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж, хүний эрх үй олноор зөрчигдөж байгааг бид бараг өдөр бүр харсаар байна. Терроризм, хүчирхийллийн бүх хэлбэрийг Монгол Улс эсэргүүцдэг.

Терроризмыг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

Терроризмтой тэмцэж, түүнийг зогсоохын төлөө олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэх ёстой. Хэрцгий экстремизмээс урьдчилан сэргийлэхийн төлөө бид бүх чадлаараа зүтгэх ёстой.

 

Ази, Европын Дээд хэмжээний уулзалт

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс өнгөрсөн долдугаар сард эх орондоо зохион байгуулж, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.

Манай сайхан эх оронд хүрэлцэн ирж, дээд түвшний уулзалт амжилттай болоход биечлэн хувь нэмрээ оруулсан АСЕМ-ын орнуудын төр, засгийн тэргүүн, лидерүүдэд энэ завшааныг ашиглан чин сэлтгэлийн талархал илэрхийлье.

Ази, Европ хоёр тивийн лидерүүд хуран чуулж, ирэх арван жилийн хамтын ажиллагааныхаа чиг баримжаагаа тодорхойлсныг Ерөнхий Ассамблейд илтгэж байгаадаа бахархалтай байна.

Энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө хүчээ нэгтгэн тууштай ажиллахаа бид нотолсон.

Терроризм, авлига, ядууралтай тэмцэхийн төлөө Ази, Европ санаа нэгдсэн. 

АСЕМ-ын олон талт үйл ажиллагаа дэлхий нийтийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг урагшлуулна гэдэгт би итгэл төгс байна.

Зуун жилд нэг тохиох олон улсын чухал арга хэмжээнд оролцохоор манай улсад морилон саатсан эрхэм анд нөхөд Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Ази, Европын удирдагчид ирэх 10 жилд хамтдаа хэрхэн ажиллах талаар хүчтэй дуу хоолойг хүн төрөлхтөнд илгээсэн билээ. Энх тайван, аюулгүй байдлыг тогтвортойгоор сахиж, эдийн засгийн өсөлтийг тууштай хангаж, энэ 21 дүгээр зууны өнгийг тодорхойлж буй олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулахаа бид нотолсон.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад Нэгдсэн Үндэстний Байгууллага гол үүрэгтэй болохыг бид онцлон тэмдэглэсэн.

 

Аюулгүй байдал,энхтайван, бүс нутгийн хамтын ажиллагаа

Эрхэм анд нөхөд өө,

Даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын манаанд зогсож буй цэнхэр дуулгатай монгол охид, залуучууд үүргээ амжилттай биелүүлж байгааг Төрийн тэргүүний хувьд Ерөнхий Ассамблейд илтгэх нэн таатай байна.

Энгийн иргэдийг хамгаалах, мөргөлдөөнийг таслан зогсоох, энхтайвныг тууштай цогцлоохын төлөө НҮБ бүх хүчээ дайчилж байна.

Аюулгүй байдлын асуудал хэзээ хэзээнээс илүү нарийн төвөгтэй, аюултай болсон бөгөөд ийм нөхцөлд НҮБ-ын энхийг сахиулагчдын хэрэгцээ, шаардлага төдий хэрээр нэмэгдэж байна.

Даян дэлхий дайн дажин, сүйрэл, үгүйрэл хоосролоос хараахан ангижирч чадаагүй л байна. Гэсэн хэдий ч үүнд төгсгөл ирж,

- Дүрвэгч хүүхэд багачууд далайн хүйтэн түрлэгээр эрэг рүү шидэгдэхгүй,

- Утга учиргүй дайн дажин, хүчирхийллээс болж хүүхэд өнчрөхгүй,

- Ницце, Истанбул, Дака зэрэг үзэсгэлэнт хотуудаар айж, түгших зүйлгүй амар тайван алхах өдөр ирнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Хүндэт нөхөд өө,

Өмнөд Судан олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн отгон гишүүн улс. Өмнөд Суданы ард иргэдэд бидний туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байна. Цэнхэр дуулгат бусад нөхдийн хамт Өмнөд Суданы ард иргэдэд гараа сунган тусалж байгаа монголын энхийг сахиулагчдаараа би бахархаж байна. Тэдний эр зориг, хичээл зүтгэлийг хүндэтгэж байна.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мянга мянган дайчин ажилтнуудад энэ завшааныг ашиглан чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна. Тэд өөрсдийн амь биеэ золиосолж сая сая хүнийг үхлийн аюул, өлсгөлөнгөөс аварч байна.

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн зохицуулалт, зуучлал, дэмжлэг урьд өмнөхөөс илүү шаардагдаж байна. Энэ байдлыг бид шийдвэрлэх ёстой.

Манай улс хамрагдах Зүүн хойд Азид шийдвэрлэгдээгүй олон асуудал байна. Хүйтэн дайны сүүлчийн цайз, хуваагдал өнөө хир нь Солонгосын хойгт байна.

Бүс нутагт өрнөх аливаа өрнөл бүс нутгийн төдийгүй манай улсын аюулгүй байдалд шууд нөлөөтэй. Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой хэмээх Монгол Улсын байр суурийг дахин нотолж байна.

Хурцадмал байдал, мөргөлдөөнийг шийдэхийн тулд холбогдох улс хооронд үл итгэлцлийг арилгаж, яриа хэлэлцээг тогмолжуулах нь чухал.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь чухамдаа бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, нэгдсэн шийдэлийн төлөө санаа бодлоо солилцоход нь дэм болох зорилготой.

Энэ зорилт ээдрээтэй, хялбар ажил биш. Гэсэн хэдий ч НҮБ-ын гишүүн улс орон бүр зөв шийдлийн төлөө хичээх учиртай.

Эрхэм Дарга аа,

Тогтвортой Хөгжил- 2030 зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн Хэлэлцээрийг Монгол Улс бүрэн төгс хэрэгжүүлэх үүрэг амлалтаа нотолж байгаагаа үгийнхээ төгсгөлд илэрхийлэхийг хүсч байна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлж, бодит ахиц гарахаа дэлхийн улс түмэнд төдийгүй ард иргэддээ харуулах учиртай.

НҮБ-ыг төв цөмөө болгосон олон талт тогтолцооны төлөөх үүрэг амлалтаа бид дахин нотолж байна.

Даян дэлхийн хөгжилд ахиц дэвшил гаргахын төлөө, ирээдүйн хойч үеийнхээ төлөө хамтдаа ажиллацгаая.

Энхтайван, эрх чөлөө, шударга ёсны төлөө Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа. 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү