Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөв

Administrator 2016-10-07 08:20:00

УИХ-аар 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж эдгээр багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулах ёслол өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон тус яамны үе үеийн сайд нар, ЗХЖШ, ХЦЕГ, ОБЕГ-ын удирдлага оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтлаа. Үүний дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн их хар сүлдийн өргөөнд зочилж хар сүлдэнд хүндэтгэл үзүүлээд Офицеруудын ордонд болсон Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөх ёслолд оролцож үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ "Энд хүрэлцэн ирсэн Батлан хамгаалахын сайд, эрхэм генерал, офицерууд, ахлагч, нийт хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Өнөөдөр Батлан хамгаалах салбарын хүрээнд үнэхээрийн баяртай, сайхан үйл явдал боллоо. Олон жил бид ийм багц хуультай болох тухай, энэ шинэчлэлийг хуулийн хүрээнд хийх тухай ярьсан.

Аливаа шинэчлэл хуульд тулгуурласан байх ёстой. Шинэчлэл гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Ерөөсөө хууль дүрмийн өөрчлөлтийг л хэлж байгаа шүү дээ. Түүний дагуу, тухайн байгууллага, салбар өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулахыг л шинэчлэл гэдэг. Дүрмээ шинэчилнэ, хуулиа шинэчилнэ гэдэг бол Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хувьд асар том шинэчлэл болж гарч ирж байгаа.

Энэ шинэчлэлийн цаана юуг яриад байна гэдэг дээр бас товчхон гурван зүйл хэлье. Гурван гол асуудал энд байгаа.

Нэгд, Монгол Улсын батлан хамгаалах бодлого бол Монгол Улсын бүх салбарт хамаатай. Үүнийг зааж өгсөн. Өмнө нь батлан хамгаалах бодлого гэхээр зөвхөн улс орныг батлан хамгаалах салбарын асуудал, улс орны аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал гэсэн ойлголттой байсан. Гэтэл энэ бол боловсролын салбарт ч хамаатай, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтэц, хууль зүй, аюулгүй байдал, төрийн бүх байгуулллагад хамаатай бодлого юм байна. Батлан хамгаалах бодлого бол ийм өргөн хүрээтэй зүйл юм гэдгийг шинэчлэлийн баримт бичигт тусгаж өгсөн. Энэ салбарыг удирдаж байгаа хүмүүс ийм өргөн бодлогоор харах хэрэгтэй болж байгаа юм.

Хоёрт, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үйл ажиллагааны хамгийн чухал зүйл нь хүний хөгжил юм. Монгол цэргийн хөгжил бол монгол хүний хөгжил юм. Мэргэшсэн цэрэгт суурилсан тогтолцоотой болъё гэдэг нь мэргэшсэн өндөр чадвартай хүнийг хөгжүүлэхтэй холбогдсон хүний тал бүрийн хөгжлийг хэлж байгаа юм.

Гуравт, бидэнд эхлэлийн төдий явж байгаа. Батлан хамгаалах салбарт байгаа явагдаж байгаа бүх зүйл, ер нь улс оронд гарч байгаа техник, технологийн дэвшил, үйлдвэрлэлийн дэвшил бол батлан хамгаалах салбарт мөн адил явагдаж байх ёстой. Зарим оронд техник, технологийн дэвшил цэргийн салбарт эхэлж туршигдаад, дараа нь иргэний салбарт шилжиж байдаг. Монгол Улс цаашдаа энэ зам руу тууштай алхах хэрэгтэй байгаа юм. Өөрсдийнхөө хэрэглэдэг зэвсэг, техник, хийж болох, засч болох зүйл, үйлдвэрлэж болох зүйл, хамгийн энгийн зүйлээс бид нар эхлэх хэрэгтэй болж байгаа юм.

Манай зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагын удирдлагууд, хилийн цэргийнхэн, онцгой байдлын  анги, байгууллагын удирдлагууд энд хүрэлцэн ирсэн байна.

Цэргийн анги, байгууллага гэж гаднаа харуул зогсоосон, дотор нь зөвхөн цэргийн албан хаагчид явдаг газар биш. Нийгэмд үйлчилдэг, тухайн байгаа газрынхаа ард иргэдэд хүрдэг сургалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв юм байна. Ингэж харах хэрэгтэй болж байгаа юм. Ийм нээлттэй нүдээр харах хэрэгтэй.

Энэ 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр бид Их тэнгэрт Монгол Улсын зэвсэгт хүчний удирдах байгууллагуудын уулзалт хийсэн.

Тэнд миний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа бол үеийн үед, олон хүний ярьж, дэвшүүлж байсан тэр зүйлүүдийг оруулсан. Орчин үед зэвсэгт хүчин ямар шаардлагатай болж байгаа юм бэ. Юу хийх хэрэгтэй юм бэ гэсэн маш тодорхой чиглэлүүд байгаа.

Цэргийн мөрдэс зүүсэн, тангараг өргөсөн хүн бүхэн үүнийг судалж, энд дэвшигдэж тавигдсан асуудал, ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо энэ нь эргээд хуулийн шаардлага, хуулийн бүтэц болж эхэллээ.  

Монголчууд ер нь аюулгүй байдлаа яаж хамгаалах юм бэ?

Бид иргэнээ бэлтгэх хэрэгтэй. Шинэ томъёолол энэ дээр орж байгаа. Орон нутгийнхаа түвшинд иргэнээ бэлтгээд авч байгаа бол, иргэдийн амьдарч байгаа орон нутгийнхаа түвшинд аюулгүй байдлаа хангах бүтцүүд байх ёстой.

Байгууллага, аж ахуйн нэгжүүд, цэрэгжсэн бүх байгууллагууд энэ дээр давхардаж, нэмэгдэж орж байгаа.

Тагнуул, цагдаа, бусад цэрэгжсэн, тангараг өргөсөн бүх байгууллагын албан хаагчид энэ дээр хамтарч ажиллах шаардлага гарч байгаа юм.

Цэргийн анги, байгууллага нээлттэй болох хэрэгтэй гэж би хэлж байсан. Фитнесийн төвүүд гэж энгийн байгууллагууд дээр байгуулагдаж байгаа. Энэ бүхэн цэргийн анги, байгууллагад байх ёстой. Тэнд энгийн иргэд очоод биеэ чийрэгжүүлэх зэрэг ажлаа хийдэг. Тэр хүмүүсээс тодорхой хэмжээний төлбөр, тооцоо авдаг, тэр хүмүүс орж ирээд хоолоо иддэг, мөнгөө төлдөг байя.

Цэргийн анги, байгууллага гэдэг чинь ард иргэдийг эрүүл байлгах, хүмүүст ямар асуудал тулгамдаж байна, түүнийг шийдэх, биеийн хөгжлийг дэмждэг газар байя. Айл бүхэнд буу байгаа. Иргэд очоод буудлага хийдэг. Цэргийн анги, байгууллага бүхэн дээр тир байх ёстой. Өөрийнхөө буу, сумыг авч ирээд л тэнд буудлагаа хийж, хараагаа тохируулаад, тэмцээнээ зохмион байгуулаад гардаг. Түүн дээр нь тодорхой үйлчилгээ болгоод үйл ажиллагаагаа цааш явуулах хэрэгтэй гэж бид ярьж байсан.

Эрүүл мэнд, эрүүл хооллолт гээд ажлууд байгаа. Тэнд ажиллаж байгаа гэр бүлийн хүмүүс, энгийн ажилчин, албан хаагчид энэ бүх үйл ажиллагаанд тусалж байх ёстой. Ингэвэл Монголын батлан хамгаалах салбар маш өөр боллоо. Хаалттай, гадуураа хашаатай зүйл биш юм байна. Монгол Улсын ард иргэдийн бүрэлдэхүүн хэсэг юм байна. Зөвхөн цэргийнхэн байдаг зүйл биш юм байна. Тэд бидэнд ийм үйлчилгээ үзүүлдэг юм байна. Бидний үр хүүхэд, биднийг эрүүл зөв, эх орноо хамгаалах сэтгэлтэй болгоход тусалдаг юм байна гэж олйгоно.

Тэнд 7,14 хоногоор хичээл, сургалт явдаг, хүмүүс хамрагддаг байя. Хүн 14 хоног, 2 сар гэр бүлээсээ хол байж гэр бүлийнхээ үнэ цэнийг мэдэрдэг гэж ярьдаг. Хол байхад эх орныхоо сайн сайхан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, тэндээс эх орноо хайрлах хайр эхэлдэг.

Үүнийг суулгахад цэргийн анги, байгууллагууд үйлчилгээ үзүүлдэг, хамтарч ажилладаг газар байх ёстой. Ийм маягаар та бүхэн анги, байгууллагаа хараач ээ. Энэ жилдээ багтаагаад энэ бааз сууриа бэлдээрэй гэсэн үүргийг би 6 дугаар сард өгч байсан. 12 сар гэхэд цэргийн бүх анги, байгууллагууд дээр энэ үзлэгийг хийе. Нэмж дэмжих зүйл юу байна вэ?

Улс орны эдийн засаг, төсөв цашдаа гайгүй болохоор дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улс хүн ам цөөн, газар нутаг уудам. Газар зүйн маш өвөрмөц байршилтай орон. Тиймээс бид батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэхээр иргэн дээрээ тулгуурлаж л шийдвэрлэнэ.

Эрэгтэй хүүхэд бүхэн цэрэгт явдаг, эрэгтэй хүүхэд бүхэн цэрэг болно, цэргийн алба хаана гэсэн ойлголтыг амьдралд хэрэгжүүлье. Эндээс үүдээд “Оюутан-цэрэг” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлж байгаа.

Их дээд сургуульд сурч байгаа эрэгтэй оюутан, МСҮТ-д сурч байгаа эрэгтэй оюутан, түүнээс гадан үлдсэн хүмүүс дүйцүүлэх алба гээд ямар ч байсан цэргийн мэргэжлээр дамжиж гардаг. Монгол Улсад төрсөн эрэгтэй хүүхэд бүхэн насанд хүрээд үүгээр дамжиж гардаг ийм л бодлого барья.

Энэ бүхнийг цаашаа хэрэгжүүлж авч яьах суурь нь манай цэргийн анги, байгууллагууд, та бүхэн юм. Энэ чиглэлд ингэж ажиллах хэрэгтэй байгаа юм. Эрэгтэй хүн бүхэн цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болъё. Ингэж бид улс орноо хамгаална. Ингэж улс орныхоо аюулгүй байдлыг цаашаа авч явна.

Энэ нь зөвхөн бид улс орноо хамгаалах гэж болзошгүй зүйлд бэлдээд байгаа юм биш. Үүгээрээ дамжуулж иргэдээ эх оронч хүмүүжилтэй болгож байгаа юм. Жинхэнэ эх орны иргэн болгож байгаа юм. Эх орноо хайрладаг, түүнийхээ төлөө явдаг. Цэргийн алба хаагаад ирэхээр төрийн байгууллага ч бай, хувийн байгууллага ч бай, цэргийн байгууллага ч бай, хаана ч очсон тэргүүний л хүн байх ёстой. Зөв хүмүүжилтэй хүн байх ёстой. Хүний үг даадаг хүн байх ёстой. Олны дунд өөрийгөө аваад явдаг хүн байх ёстой. Аюулгүй байдлаа хангаад, гэр бүл, олон нийт, хүмүүст тус нэмэр үзүүлдэг байх ёстой.

Ингэж бид үзэж, энэ өргөн утга дээр Батлан хамгаалахын багц хууль хууль болж гарсан юм.

Батлан хамгаалах, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг энд оруулж ирсэн нь их чухал. Манайд Онцгой байдал, иргэний хамгаалалт энд орж, нэгдсэн батлан хамгаалах тогтолцоо болж ирсэн улс л даа. Онцгой байдал гэхэд байнга л асуудал тулгамдаж байдаг. Зуд боллоо, түймэр гарлаа, асуудал үүслээ. Бүр хэцүүдэхэд зэвсэгт хүчнийхэн нэмэгдэж ордог. Өргөн уудам хил хязгаартай цчраас хилийн бүс нутагт асуудал гарахад хилийн цэргийнхэн орж ирдэг. Ингэж хамтарч ажилладаг. Үүнийг ийм цогц үйл ажиллагаа гэж харж байгаа. Ингэж  цогц үйл ажиллагаа болгож батлан хамгаалахын бодлогод оруулж өгсөн.

Батлан хамгаалахын багц хууль гэж ямар хуулиудыг хэлээд байгаа юм бэ?

Бүгдээрээ мэдэж байгаа. Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Төрийн мэдээлэл сэтгүүл дээр дөрвүүлээ хэвлэгдэж гарсан.

Батлан хамгаалах салбарын бүх хүн хуулиудаа үзэж судлах хэрэгтэй. Хууль, дүрмээ өөрсдөө мэдэх хэрэгтэй. Үүний цаана юу байгааг ойлгох  хэрэгтэй.

Өмнө нь “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” гэж энэ бүхний суурь болсон баримт бичиг гарсан. Бүр өргөнөөр авч үзвэл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж 2010 онд батлагдаж гарсан. Эндээс шаталж яваа үйл ажиллагаа юм.

Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал боловсрогдоод явж байна. Засгийн газар батлах ёстой. Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргавал яасан юм бэ гэж байгаа. Үүнд хавар бидний ярьсан зүйлүүд үндэс суурь болж орж байгаа.

Цаашаа энэ 4 хуулийг хэрэгжүүлэхийн тулд 30 орчим дүрэм заавар баталж гаргах хэрэгтэй байгаа юм. Хуулиас давсан дүрэм заавар хийж болохгүй. Хуулийг дагаад дүрэм гарч байх ёстой. Хууль бол 20 хувь. Дагаад дүрэм гарвал тэр 40 хувь нь, дахиад түүнийг дагаад 40 хувь нь хуулийг хэрэгжүүлэх заавар гарах ёстой. Ингэж байж хуулийн орчин бүтэн болдог учиртай.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хариуцах эзэнтэйгээ, хугацаатайгаа гарч ирэх байх аа. Үүнийг боловсруулахад ҮАБЗ-ийн ажлын алба, Тамгын газар, БХЯ, ЗХЖШ, Хилийн цэрэг, Онцгой байдал, ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид, маш олон хүмүүс оролцсон. Тэдэнд илэрхийлсэн талархал, сайн зүйл бүхэнд би нэгдэж орж байна.

Батлан хамгаалахын тогтолцоог би дээр хэллээ. Эхлээд нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт байна. Ямар нэг болзошгүй байдал гарч ирэхэд орон нутгаа хамгаалаад гардаг. Дараа нь мэргэшсэн цэрэгт тулгуурласан зэвсэгт хүчин, тэгээд нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаа гэсэн 3 түвшинд аваад үзэх юм бол Монгол Улсын бүх салбарыг хамарсан, бүх нутаг дэвсгэрийг хамарсан зүйл гарч ирж байгаа юм.

Би хувьдаа цэргийн алба хааснаараа маш их бахархдаг. Миний амьдралд хамгийн их тус болсон 3 зүйлийн нэг бол цэргийн алба, цэргийн хүмүүжил маш их зүйл өгсөн. Цэргийн алба хаагаад дахиад 5 жил цэргийн сургуульд суралцсан. ЗХУ-д 5 жил цэргийн сургуульд суралцана гэдэг тухайн үед сахилга, журам, зохион байгуулалтыг хүнд суулгаж өгдөг гайхамшигтай сургалт байсан. Тэр бүхний дундуур гарсан. Офицерийн мөрдэс зүүгээд, шинель, китель өмсөөд та бүхэнтэй явж байсан.

Монгол Улс 21-р зуунд зэвсэгт хүчнээ яаж авч явах вэ гэсэн багц хууль батлах санаачлагад та нөөхөдтэйгээ хамтарч оролцсонд туйлын баяртай байна. Социализмын үед, 1990 он хүртэл явсан батлан хамгаалах тогтолцоо нэг өөр. 1980-аад оын сүүлч, 1990-ээд оны эхээр батлан хамгаалах тогтолцооны шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн. Тэр үеийн Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа гуай, Гаваа генерал зэрэг хүмүүстэй бид хамтарч ажилладаг байсан. Сая Ж.Энхбаяр дарга хэлж байна. УБХ-аар тэдгээрийг батлуулахад цэргийн сургууль төгссөн офицер гэж ажлын хэсэгт нь орж, батлуулахад нь анхны үндэс суурийг гаргахад оролцож байсан. Энэ бол үе үеийн батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, хилийн цэргийн удирдлага, өнөөгийн Онцгой байдлын байгууллагын удирдлага, хамт олон, энд ажилласан бүх хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн болж гарч ирж байгад туйлын их баяртай байгаа юм.

Армийн алдартай удирдлага Ш.Жадамбаа гуай байсан. Өнөөдөр би хүү Ж.Энхбаяртай нь энэ хуулийг батлалцаад явж байна гэдэг бол хувь заяаны их сайхан тохиол юм. 10-р анги төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхад манай Батлан хамгаалахын одоогийн сайд Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн харуулын цэрэг байсан. Нэг нь Эрдэнэт үйлдвэрийн тостой ажилчин, нөгөө нь харуулын цэрэг гээд явж байсан. Өнөөдөр Батлан хамгаалахын багц хуулийг хүлээж авахад Б.Бат-Эрдэнэ маань Батлан хамгаалахын сайд болж, чухал салбарыг Монгол Улсын өмнө, ард түмний өмнө удирдаж авч явах сайхан үүрэг хүлээж байгаад туйлын баяртай  байна.  

Энэ бол олон жилийн, хувь хүн бүрт өөрийн дурсамжтай үйл ажиллагаа, том зүйл юм.  Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, энд үе үедээ амьдралаа зориулсан, ажиллаж байсан тэр хүмүүсийн баяр талархалтай өдөр юм.

Цаашдаа Монгол Улс мөнх оршиж Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин улс орны авч явах хүмүүс нь байх болно. Монголын ард түмэн улам олон болж, Монгол Улс маань хөгжин дэвжиж цааш өргөжин тэлж явна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энэ бүхний суурийг ХХ зуунаар өртөөлж ХХI зууны эхэнд хамтарч тавьж байгаа, энэ танхимд энэ бүхнийг яриад, уулзаад байж байгаа нь үнэхээр өндөр хувь заяа юм гэж бодож байна.

Батлан хамгаалах салбар зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш, Энхийг сахиулагчид олон оронд байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд дэлхийн хамгийн идэвхтэй оролцогч 20 орны нэг болтлоо Монгол Улс хөгжлөө. Энэ бол бахархахгүй байхын аргагүй, тухайн үед сонсоход гайхшрал төрүүлэх тийм гайхамшигтай амжилтад бид хүрсэн шүү.

Олон улсад явуулж байгаа бодлого, НҮБ-ын хүрээнд ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа, энэ бүх зүйлээ цаашаа өргөтгөн явах болно. Монголчуудаар, монголчуудын хийж чаддаг зүйл, эр зоригоор, мэргэжил чадвараар, хамтарч ажиллаж чаддаг монгол цэргийн гайхамшигтай түүхээр дэлхий бахархдаг. Хүн төрөлхтөн бахархдаг. Түүн дотроо манай ард түмэн энэ бүхнээ үнэлж, дэмжиж явдаг сайхан уламжлал үеийн үед үргэлжилнэ гэдэгт би ерөөсөө эргэлзэхгүй байна.

Та бүхэнд хамгийн их амжилт хүсье. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү