МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛООРОО БАХАРХАХ НЬ АРИУНБААТАРЫН ДЭЭД БАХАРХАЛ ЮМ

Administrator 2016-10-31 13:43:00

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРӨӨР ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

Улаанбаатар хот                                                           Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөө

Чингис хааны одонт эрхмүүд ээ,

Хүндэт нөхөд өө,

Ард иргэд ээ,

            Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэхүү бахархалт өдрийн халуун мэндийг Та бүхэнд хүргэе. Монгол хүн бүрт, Монголын төлөө сэтгэл, зүрх бүрт энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэе.

            Монголчууд бол бахархлыг бүтээж, бас түгээн, түүнийг эзэмдэж ирсэн хүмүүс. Бидний хаан бахархал бол Монголын сайхан эх орон, Монголын ард түмэн, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө юм. Мөн Та бидний их түүх, их өв соёл, их өвөг дээдэс маань билээ.

            Бахархлыг хүн бүтээдэг. Монголын бахархлыг Монгол хүн бүтээдэг. Монголчуудын бахархалт хүмүүсийн оройн дээд нь Эзэн Чингис хаан юм. Иймээс бид их хааныхаа мэлмий гийсэн учир билэгдэлт энэ өдрийг Монгол түмний бахархлын өдөр гэж тогтсон юм.

            Бахархалтай үндэстэн оршиж бас урагшилдаг. Үндэстнийхээ бахархлыг бүтээж яваа олон Монгол хүн бидний дунд бий. Хүнийг хөдөлмөр бүтээсэн тухай өмнө нь сургадаг байсан. Зорилготой, тууштай, хөдөлмөрч хүн л бахархлыг бүтээдэг. Харин энэ үнэнтэй бол маргах аргагүй юм. Монголын төрийн дээд хүндэтгэл-“Чингис хаан” одонг ийм хүнд жилдээ 1 удаа гардуулж байхыг Монгол Улс хуульчлан тогтоосон юм.

            Чингис хаан одонгоор манай улсын бахархал болсон нэр хүндтэй эрхмүүд шагнагдаж ирсэн. Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл, Думаагийн Содном, Хавтгайн Намсрай, Гомбожавын Мэнд-Ооёо. Өнөөдөр Монгол төр энэхүү эрхэм хүндэтгэлээ нэгэн хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчдээ хүртээхээр шийдвэрлэсэн.

            Хүн төрөлхтний соёлын үнэт өв-сонгодог урлагт амжилт гаргах нь амаргүй даваа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэр тусмаа олон зуун, олон үе дамжиж түүний оргил өөд мацсан мэргэжлийн домогт олон уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд нь зогсоно гэдэг бол хосгүй. Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн Монгол хүү ийм амжилтад хүрсэн нь яах аргагүй манай үндэсний бахархал. Энэ бахархлын эзэн бол Ганбаатарын Ариунбаатар юм.

            Г.Ариунбаатар бол жирийн Монгол залуу. Гэхдээ энэ залуу бол дэлхийн сонгодог урлагийн хүсэмжит өргөө – Мариинский театрын гоцлол дуучин. Глинкийн олон улсын дуурийн дуу дуулаачдын түрүү. Чайковскийн хөгжмийн наадмын дуулаачийн тэргүүн байр. Уг наадмын бүх төрлөөс сонгож ганцхан хүнд олгодог Гран при шагналыг эзэмшигч юм. Би Ариунбаатарын оролцсон өөр олон уралдаан, амжилтын тухай энд дурьдахаас азнахаар шийдлээ.

            Харин бөмбөрцгийн сонгодогуудын их олимп болох Чайковскийн наадмаас онцолж энд нэг зүйлийг хэлье. Уг наадмыг дэлхий шүүж суудгыг, дэлхийн сонгодог урлагийн тэргүүн шүүгчид бөмбөрцгийн өнцөг булан бүрээс шүүж үнэлгээ өгдөгийг л энд оцлох гэсэн юм. Сонгодог урлагийн их замд өөрийн мөртэй, нэртэй 30 орчим орны итгэмжилсэн мэргэжилтнүүд, шүүгчид уг наадамд оролцогчдын үзүүлбэрийг нутаг нутагтаа тольдож, хянаж, үнэлгээ өгдөг. Тэдгээр бүх үнэлгээнээс тэргүүн байрын эзэн, гран при шагналтан тодордог. Энэ бол Чайковскийн хөгжмийн их наадмын онцлог. Ийм шүүлтүүр дундаас Монгол малчны хүү тэргүүн шагналыг нь өргөсөөр гарч ирэх нь өөрөө гайхамшиг юм.

            Монголын Ариунбаатарын онцгой амжилтын нууцыг тайлах гэсэн олон орны мэргэжилтнүүдийн гайхшрал өдгөө ч намжаагүй байна. Харин Ариунбаатар өөрийнхөө амжилтыг эх оронтойгоо, ээж аавтайгаа, Монгол ахуйтай, Монголынхоо гайхамшигт байгалтай холбож даруухнаар ярьсан байдаг. Тэрээр “Би дуулах бүрийдээ ээж, аав, эх орон гурваа л юун түрүүнд боддог. Тэд надад хамгийн хүчирхэг хоолойг бэлэглэсэн” гэж сурвалжлагчид өгүүлсэн нь бий.

            Дуурийн дуу дуулаачдын тэргүүн шагналуудыг ээлж дараалан эзэмдэж яваа  Ганбаатарын Ариунбаатарт Монгол хүнд л заяах сайхан чанар бий. Ариунбаатар бол Монголдоо үнэхээр хайртай залуу. Тэр бол Монгол амьтай, хөдөө амьтай хүн. Тэр багадаа голын урсгал харж дуулах дуртай байжээ. Монголоороо бахархах нь Ариунбаатарын дээд бахархал юм. Тэр Монголынхоо байгалийг шүтдэг. Тэр Монголынхоо сонгодогуудыг шүтдэг. Монголынхоо сонгодог урлагийн ахмад үеийг, өнөөгийн уран бүтээлчдийг, хамтран бүтээж, бие биенээ ирлэдэг найз нөхдөө шүтдэг.

            Амжилттай яваа олон Монгол залуугийн адилаар би Ганбаатарын Ариунбаатарын тухай мэдээг сонордон хардаг бас сонирхдог. Ариунбаатарын тайз бол Мариинскийгээс гадна Бакингэмийн ордон, Нью Йоркийн Метрополитан театр, алдарт Карнеги,  Москвагийн их театр гээд сар өдрөөр нэмэгдсээр байгаа. Гэвч энэ бүхнээс тэр ЦЕГ-ын “Сүлд” чуулгаа, Монголын филормоны болон Дуурийн театрын тайзаа, сургуулийнхаа танхимаа олонтоо дурсан ярих нь бий.

            Сонгодог урлагийн оройд хэмжээ үгүй гэж ярилцдаг. Оргилд нь ойртох тусам орой нь, тэргүүн нь цаашлаад байдаг юм гэсэн. Тэр олон театрын тайз, уралдаан бол Ариунбаатарын хувьд ойртох тусам өндөрсөөд байдаг оргилтой адил мэт. Би энэ бүхнийг энд хэлээд байгаа нь учиртай. Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Дэлхийд чимэг болсон хүн явъя гэвэл Монголдоо, гэртээ, хамт олондоо чимэг болж яв. Их хөдөлмөрлө. Зорилготой бай, тууштай бай, бусдыг хүндэтгэ. Энэ жирийн үнэнийг л Ариунбаатар дагажээ.

            Би Чингис хааныг газрын зовлонг даван туулж тэнгэрт тэтгэгдсэн хүн юм гэж боддог. Тэмүүжин ядуу буурай, амь наана там цаана амьдрал дундаас босож ирсэн. Тэр хэцүү хатуутай тэмцэн тулалдаж, сайн нөхөр, сайн хүний ачийг үргэлж санаж явсан. Тэр үнэхээр сайн хүний үр, журамт хүмүүн байсан. Бидний их хаан, өвөг дээдэс бол сурах бодох, санаж сэрэхийн ширгэшгүй их ундаргыг бидэнд үлдээсэн. Иймээс энэ өдөр Монголчууд бид бахархлаа ч дурсдаг, хэцүү хүнд үеэ ч дурсдаг.

            Би Ариунбаатарыг хэн нэгэнтэй зүйрлэх гэсэнгүй. Зүйрлэх ч аргагүй. Бид өөрийн цаг үе, амьдрал, ажилдаа эзэн болж явах ёстой. Ариунбаатарын амжилтыг ярьвал урт түүх болно. Гэтэл Ариунбаатар одоогоос 11 жилийн өмнө л дунд сургуулиа төгсөж байсан. СУИС-д дуулаачийн ангид шалгуулж явсан. Энэ бүхнийг цаг хугацааны эргүүлэгт оруулж ярих нэг талаар хэцүү, нөгөө талаар бахархам.

            Ганбаатарын Ариунбаатарын ажил амьдралын өнгөрсөн 10 гаруй жилийн зам дандаа алдрын туузаар бүрээстэй байгаагүй. Малчин айлын хүү. Цас зудтай өвөл, шуургатай хавсаргатай хавар. Малчин айлын хүрч ядсан амьдрал. Олон хөлийн газар сургууль соёл бараадах. Энэ бүхэн тийм амар биш. Ариунбаатарын хувьд хотод байх зардал, сургуулийн төлбөрөө гүйцээж олох гэдэг хялбар зүйл байгаагүй. Харин тэр хэзээ ч гараа хумхиж суугаагүй. Бууж өгөөгүй. Боломж бүхнийг ашиглахыг хичээсэн. Гэвч хувь заяа түүнрүү байнга инээмсэглээгүй. Хайртай багш нь өөд болсон. Сургуулийн төлбөрөө төлж дийлэхээ байсан.

            Түүнд зуны дэлгэр цагаар гэртээ харих чөлөө ч олддоггүй үе байсан. Тэр шавар зуурч, тоосго зөөж барилгад ажилласан. Жолооч болох гэж оролдсон,  болсон. Хажуугаар нь моторын тос зарсан. Таксинд явсан. Тэр ажилласаар л байсан. Гэвч сургуулиасаа завсардахаас аргагүйд хүрсэн. Тэр их хотын түм түжигнэж бум бужигнасан амьдрал дунд зорилгодоо хүрэх гэж тэмцсэн бас зүтгэсэн.

            Ариунбаатар үнэн амьдралын дунд үнэнээр л явсан. Түүнд унаган хүмүүжил нь тусалсан. Хөдөө нутагт, малын захад төрж өссөн хүүхэд хөдөлмөрөөр л хүмүүждэг. Малчин хүний амьдрал бол ажилчин хүний л амьдрал. Ажил хийхийг амьдрал нь шаарддаг. Үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл хүүхэд томгүй борви бохис хийдэггүй амьдрал. Ариунбаатарын амжилтын үндсийг би түүний унаган хүмүүжилээс, малчин ахуйгаас үүдэлтэй гэж хардаг. Хөдөлмөрч, санаа зөвтэй, зорилготой бол хэн ч байсан, ямар ч амжилтад хүрч болно.

            Манай Ариунбаатарын амжилт бол ганц хүний амжилт биш юм. Олон хүний амжилт. Үнэнээр нь хэлбэл Монголын амжилт. Хэцүү ч хүнд ч үнэн замаар яваа Монголчуудын амжилт. Олон сайхан хүн Ариунбаатарт тусалсан. Түүний гайхалтай хоёр багшийг энд онцлон дурьдвал зохино. Доржийн Банди, Очирбатын Ичинхорлоо. Би энд цагдаагийн байгууллагын нэгэн бэлтгэл хурандаагийн нэрийг бас хэлье. Бэлтгэл хурандаа Лигдэнсүрэнгийн Гаваасүрэн. Энэ хүн Ариунбаатарт сэтгэл гаргаж тусалсан. Гаваасүрэн хурандаагийн гэргий Монгол Улсын урлагийн гавьяат зүтэлтэн Цэцэрлэг багш байна. Аргагүй тэр авьяасыг нээж “Сүлд” чуулгад хөтөлж оруулсан хүн.

            Энэ бүхэн саяхан болсон. 2008 оны 12 дугаар сард. Тэр өдрүүдэд Гаваасүрэн хурандаа Ариунбаатарт Нарантуулаас хувцас авч өгч Цэцэрлэг багш гэртээ цайг нь бэлдэж суусан гэдэг. Энэ хоёр ачтан Ариунбаатарыг гэртээ байлгаж аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болцгоосон. Ариунбаатар маань дахин дуулж эхэлсэн. Ажилтай, албатай болсон. Сургуульдаа ч эргэж суралцсан. Сургуулиа ч амжилттай төгссөн. Хүний тус, сайн сэтгэлийн үзүүрт тос гэж бид ярьдаг. Манай эх орон ийм сайхан иргэдтэй учраас би Монголын ирээдүйд, Монголын сайн сайханд, амжилт ололтод эргэлздэггүй юм.

            Дуучин Ариунбаатар нэгэнтээ хэлсэн байдаг. “Надад дутуу юм байхгүй” гэж. Би үнэн гэж боддог. Байгаль хүн бүрт тэгш заяадаг. Эсвэл байгалаас хүн бүр тэгш заяатай төрдөг. Харин зарим нь тэр бэлгийг дутуу тэтгэдэг байх. Ариунбаатарын амжилтын иж бүрдлийг “Авьяас, мэдрэмж, гүйцэтгэл” гэж тодорхойлсоныг би уншсан. Харин тэр бүхний холбоос нь, хөдөлгөгч хүч нь Ариунбаатарын өөрийнх нь хөдөлмөр, хүмүүжил, зорилго юм.

            Пүрэвжавын Ганбат шиг дэлхийн сонгодог урлагт цахиур хагалсан дуучин болохсон гэж Ариунбаатар мөрөөдөж явсан. Хүнээс компьютер хөлсөлж, интернет ашиглан дэлхийн алдартнуудыг даган дуулж, өдөр шөнөгүй дасгал хийж явсанаа тэр дурсдаг. Багшдаа юу дуулж байгаагаа үзүүлж, зөвлөгөө авч, дахин сайжруулж зүтгэсээр явсан нь ердөө саяхан. Олон улсын дуурийн дуу дуулаачдын мэргэжлийн уралдаанд дуугаа илгээж тоосоо өргөсөн нь бүр саяхан. Би итгэлтэй байна. Ариунбаатарын гаргасан амжилт, гаргах амжилт өнө удаан жил Монголын бахархал байсаар байна.

Энэ дашрамд, манай алдарт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Италийн дуурийн дуу, Монголын уртын дуу хоёр бол хүн төрөлхтөний дууны урлагийн оргил нь юм” гэсэн утгатай зүйл өгүүлж суусныг би саналаа. Монголын уртын дууны уужуу тайвуу амьсгал, уртаар татах ая эгшгийн нугалаа, ухаарлын гүн гүнзгий сэтгэмжийг Ариунбаатар биширч, түүнээс суралцаж яваа уран бүтээлч юм. Хоолойныхоо царааг, онцлогийг тэр тайлбарлахдаа дөрвөн улиралтай эх оронтойгоо холбосон байдаг. Ариунбаатар бол Монголын сонгодгуудыг дуулах дуртай. “Монголын дуучин Ариунбаатар” гэж дуудуулах дуртай. Дэлхийн оргил дуучидтай өрсөлдөж “Монгол браво” гэж шуугиулах дуртай. Ариунбаатар бол ийм л дуучин, ийм л залуу.

            Би төрийн тэргүүний хувьд Ганбаатарын Ариунбаатарыг Монгол Улсын Тэргүүн шагнал – Чингис хааны одонгоор шагнаж байгаадаа баяртай байна. Шагнал эзнээ олох урамтай байдаг. Шагнуулсан хүн шагналынхаа энд хүрч, төр түмнийхээ итгэлийг дааж явах нь их сайхан. Монгол бахархлын өдрөөр Их хаан маань Ариунбаатарын энгэрт, бахархалт хүүгийнхээ энгэрт одон болж бууж ирлээ гэж би харж байна.

            Энэ өндөр дээд шагнал бол ганцхан Ганбаатарын Ариунбаатарын шагнал биш. Монголын түүхт их төр Монгол эх орондоо сонгодог урлагийн төлөө зүтгэсэн, зүтгэж байгаа бүх хүнийг шагнаж байгаа юм. Тэр бүх хүмүүс, хамт олонд хүндэтгэл үзүүлж үнсэж байгаа юм. Монголын сонгодог урлагийг, түүний хөгжил дэвшил, хүнд хүчрийг өртөөлөн үүрч ирсэн, үүрч яваа ахмадуудаа, дунд үеийг, залуу үеийг шагнаж байгаа юм.

            Чингис хааны одон бол жилд ганцхан удаа, Монголын ард түмэн, төр тусгайлан тэмдэглэж олгодог онцгой шагнал. Энэ удаагийн шагнал бол манай дуурийн дуу дуулаачдын шагнал, манай сонгодог их найрал хөгжмийнхний шагнал, манай балетийнхны шагнал. Тэр бүхэнтэй хамт байдаг хүн бүрийн шагнал юм. Хамгийн гол нь Монголын сонгодог урлагийн хөгжил дэвшлийг ертөнцийн сонор мэлмийд хүртэл мандуулж гайхшруулж яваа манай бахархалт залуу үеийнхний шагнал юм.

            Нэг сайн хүний үлгэр дууриал сая сая хүнийг зоригжуулдаг. Би энэ шагналаар сая сая монголчууд сонгодог урлагийг дэмжихийг уриалж байгаа юм. Монголын төр үеийн үедээ сонгодог урлагийг дэмжиж, түшиж тулж явахыг сануулж байгаа юм. Сонгодог урлаг бол хүнийг ч, үндэстнийг ч алдаршуулдаг, бас өөд нь татдаг урлаг гэдэгт би итгэдэг. Сонгодог урлаг, түүний одууд энгийнээс төрдөг гэдэгт би итгэдэг. Тэд урлагийнхаа төлөө бүхнээ зориулж амьдардаг хүмүүс. Тэднийг хайрлаж бас дэмжиж байх учиртай.

            Ариунбаатарын хэлсэн нэг үг миний санаанд хамгийн тод үлдсэн.  Тэр нь “Чайковскийн хөгжмийн их наадмын шүүгчид уг наадамд оролцох оролцогчдоо онгоцны буудалд буух цаг мөчөөс нь эхлэн шүүж, харж, дүгнэж байдаг юм билээ” гэж. Ийм учраас сонгодог урлагийн уралдааны шагнал гэдэг бол бүх шалгуураараа сонгодог бас энэ утгаараа их нэр хүндтэй болох нь батлагдаж байгаа юм. Зөвхөн тухайн уран бүтээлчийн тухайн төрөлд оролцох оролцоог харахаас гадна хүнийг нь хардаг, тэр хүнийг төгс, бараг төгс байхыг шаарддаг, тийм сэтгэл, зүтгэлтэй, хүмүүжилтэй байхыг хардаг гэсэн үг.

Сонгодог урлагийн ийм нарийн шалгуурт Монгол хүн тэнцэнэ, тэнд оройлно гэдэг бол Монголын ахуй соёл ямар өндөр түвшинтэй, ямар сонгодог болохыг харуулж байгаа юм. Иймээс Монголын уламжлалт соёл, ёс заншил бол жинхэнэ сонгодог гэсэн гаргалгааг эндээс хийж болно. Өнөөдрийн шагналын утга нь ч ийм юм.

            Монголын уламжлалт өв соёл өнөд мөнх оршиг ээ.

            Монгол минь мөнх хөх тэнгэр шигээ өнөд оршиг ээ.

            2016 оны 10 дугаар сарын 31