Үндсэн хуулийн уг эхийг төрийн түүхийн музейд заллаа

Administrator 2017-01-09 16:03:00

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон   нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчирч заллаа.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурж, батламжилсан эхийг, түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар ийнхүү Төрийн түүхийн музейд залав. Үндсэн хуулийн уг эхийг 2017 оны нэгдүгээр сарын 13-20-ны хүртэлх хугацаанд 10.00-17.00 цагийн хооронд иргэд, олон нийт үзэх боломжтой юм.