ИРГЭНИЙ УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Administrator 2017-01-24 12:35:00

Төсөл

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016 оны ... дугаар сарын ...-ны өдөр                                  Улаанбаатар хот

                                                                                        

ИРГЭНИЙ УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

 

1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний улс төрийн эрх, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг иргэдийн санаачлагад үндэслэн хэрэгжүүлэх баталгааг хангах ардчилсан ёсыг бэхжүүлэхэд оршино. 

 

2 дугаар зүйл.Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль тогтоомж

 

2.1.Иргэний улс төрийн эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Ард нийтийн санал асуулгын тухай хууль[2], Сонгуулийн тухай хууль[3], Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль[4], Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль[5], Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль[6], Сонгуулийн төв байгууллагын тухай хууль[7], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Энэ хуулийн 1.1-д зааснаас бусад  иргэний улс төрийн  эрхтэй холбогдох харилцааг энэ хууль, бусад хуульд заасны дагуу зохицуулна.

 

3.2.Захиргааны байгууллагаас гаргахаар төлөвлөсөн, эсхүл гаргасан шийдвэрийн үр нөлөөг судлах, түүний хэрэгжилтийг хангахын тулд иргэн, хуулийн этгээдийн санал бодлыг сонин хэвлэл, цахим хуудас, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан тандан судлах ажиллагаанд энэ хууль хамаарахгүй.

 

3.3.Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол дангаар, эсхүл хамтарч гаргаж шийдвэрлүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль[8], Захиргааны ерөнхий хууль[9]-аар зохицуулна.   

 

3.4.Төсвийн тухай[10], Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай[11] зэрэг хуульд заасны дагуу иргэдийн оролцоог хангах зорилгоор олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“санал асуулга” гэж ард нийтийн болон орон нутгийн санал асуулгыг;

 

4.1.2.“ард нийтийн санал асуулга явуулах” гэж Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр хууль тогтоомж батлах болон улс орон, ард нийтийн эрх ашгийг хөндсөн нэн чухал асуудлыг ард нийтийн санал асуулгад оролцох эрхтэй иргэд нийтээрээ оролцож шийдвэрлэх ажиллагааг;

 

4.1.3.“орон нутгийн санал асуулга явуулах” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр шийдвэр гаргах, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нэн чухал асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүүлийн таваас доошгүй жил байнга оршин суугаа орон нутгийн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ оролцож шийдвэрлэх ажиллагааг;

 

4.1.4.“Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилга” гэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг;

 

4.1.5.“иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилга” гэж хууль тогтоомжид заасан бүрэн эрхэд нь хамаарах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг;

 

4.1.6.“cонгуулийн байгууллага” гэж Сонгуулийн тухай хуулийн 24.2-т заасан байгууллагыг;

 

4.1.7.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

 

4.1.8.“хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлах” гэж хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид энэ хуульд заасан журмын дагуу хүргүүлж, хууль санаачлагчаар дамжуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг.

 

5 дугаар зүйл.Санал, санаачилга гаргах, санал асуулга явуулах зарчим

 

5.1.Иргэн санал, санаачилга гаргах, түүнийг дэмжих эсэхээ чөлөөтэй, бие даан шийдвэрлэх бөгөөд хэн боловч хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

 

5.2.Иргэн санал, санаачилга гаргахад болон санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, эрхээ хэрэгжүүлнэ.

 

5.3.Сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар өгөх хэлбэрээр санал асуулгад оролцоно.

 

5.4.Иргэн санал асуулгад биечлэн, эсхүл цахимаар, шуудангаар оролцох боломжоор хангагдсан байна.

 

5.5.Санал асуулгад сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролын байдлаар аливаа ялгаварлалгүйгээр оролцоно.

 

5.6.Сонгуулийн эрх бүхий иргэний санал асуулгад санал өгөх эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

 

5.7.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн санал асуулгад оролцох эрх эдлэхгүй.

 

5.8.Төрийн эрх бүхий байгууллага иргэний санаачлагаар санал асуулга явуулах асуудлаар иж бүрэн, хараат бус, ил тод, тэнцвэртэй мэдээллээр иргэдийг хангана.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын чуулганААР хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулж хэлэлцүүлэх

 

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулж хэлэлцүүлэх иргэдийн эрх

 

6.1.Сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хамтран  энэ хуулийн 4.1.4-т заасан асуудлаар Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилга гаргах эрхтэй.

 

7 дугаар зүйл.Санаачлагчдын бүлэг

 

7.1.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулж хэлэлцүүлэхээр сонгуулийн эрх бүхий таваас  арав хүртэл иргэн хамтран санаачлагчдын бүлэг байгуулан, энэ хуулийн 6.1-д заасан тооны сонгуулийн эрх бүхий иргэдийн дэмжсэн гарын үсгийг энэ хуульд заасан журмын дагуу цуглуулна.

 

7.2.Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилгыг санаачлагчдын бүлгийн бүх гишүүдийн хуралдаанаар санал нэгтэйгээр шийдвэрлэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилно.

 

7.3.Нэг санаачилгад өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудлыг тусгахыг хориглоно.

 

7.4.Санаачлагчдын бүлгийн эрх зүйн байдал, хөрөнгө, хариуцлагыг Иргэний хуулийн 481, 482 дугаар зүйлд  зааснаар зохицуулна.

 

8 дугаар зүйл.Санаачилгын баримт бичиг

 

  8.1.Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилгын баримт бичиг нь санаачилга, түүний танилцуулга, гарын үсэг цуглуулах хуудас (цаашид “гарын үсгийн хуудас” гэх)-наас бүрдэх ба санаачлагчдын бүлэг энэ хуульд заасан журмын дагуу бүрдүүлнэ.

 

  8.2.Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилгын танилцуулга дараахь шаардлагыг хангасан байна:

 

8.2.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж хэлэлцүүлэх, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.9-д заасан шаардлагыг хангаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн нэр;

 

8.2.2.Санаачилгын үндэслэл, тайлбар.

 

9 дүгээр зүйл.Санаачилгыг бүртгэх

 

9.1.Санаачлагчдын бүлэг иргэдийн гарын үсгийг цуглуулж эхлэхээс өмнө санаачилга гаргах хүсэлтийг санаачилгын танилцуулга, гарын үсгийн хуудасны загварын хамт Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

 

9.2.Улсын Их Хурлын Тамгын газар санаачлагчдын бүлгийн    хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж энэ хуулийн 9.3-т заасан хариуг хүргүүлнэ.

 

9.3.Санаачлагчдын бүлгийн хүсэлт нь энэ хуулийн 4.1.4, 8.2-д  заасан шаардлага хангасан бол Улсын Их Хурлын Тамгын газар бүртгэж, санаачлагчдын бүлэгт хүргүүлэх ба шаардлага хангаагүй бол хүсэлтийг бүртгэхээс татгалзаж, үндэслэл бүхий тайлбарыг санаачлагчдын бүлэгт бичгээр хүргүүлнэ.

 

10дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарлах

 

10.1.Улсын Их Хурлын Тамгын газар санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэснээс хойш 15 хоногийн дотор санаачилгын товч танилцуулга, гарын үсэг цуглуулж эхлэх өдөр, санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр, хаяг бүхий мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

10.2.Санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэсэн бол энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд  Улсын Их Хурлын даргад энэ тухай мэдэгдэнэ.

 

10.3.Улсын Их Хурлын Тамгын газар санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэсэн талаар сонгуулийн төв байгууллагад энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд мэдэгдэнэ.

 

11 дүгээр зүйл.Гарын үсэг цуглуулах хуудас

 

11.1.Гарын үсэг цуглуулах хуудасны загварыг энэ хуулиар тогтоосон журмын дагуу сонгуулийн төв байгууллагаас батална.

 

11.2.Гарын үсгийн хуудас дараах мэдээллийг агуулсан байна:

 

11.2.1.санаачилгын нэр;

11.2.2.санаачилгын товч агуулга;

11.2.3.гарын үсэг цуглуулж эхлэх өдөр;

11.2.4.санаачлагчдын бүлгийн төлөөлөгчтэй холбогдох утас, хаяг;

11.2.5.хууль тогтоомж зөрчиж гарын үсэг зурсан бол холбогдох хариуцлага хүлээх тухай санамж.

 

11.3.Гарын үсгийн хуудасны хүснэгт нь сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, гарын үсэг зурах хэсгээс бүрдсэн байна.

 

12 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулахад тавигдах шаардлага

 

12.1.Санаачлагчдын бүлэг гарын үсэг цуглуулах ажиллагааг энэ хуулийн 13.1-д заасан  гарын үсэг цуглуулж эхлэх өдрөөс хойш зохион байгуулна.

 

12.2.Хэд хэдэн санаачилгад холбогдуулан нэг гарын үсгийн хуудсаар гарын үсэг цуглуулахыг хориглоно.

 

12.3.Санаачилгыг дэмжиж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн гарын үсгийн хуудсанд энэ хуулийн 11.2-т заасан мэдээллийг биечлэн гаргацтай бичиж, гарын үсгээ зурна.

 

12.4.Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эрүүл мэндийн болон боловсролын байдлаас шалтгаалан гарын үсгийн хуудасны мэдээллийг биечлэн бичих чадваргүй иргэн өөрийгөө төлөөлөн гарын үсэг зурах эрхийг бусад этгээдэд итгэмжлэлээр олгож болно. Итгэмжлэгч иргэний нэрийн ард итгэмжлэгдэгч иргэн өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулна.

 

12.5.Гарын үсгийн хуудсыг тухайн санаачлагад холбогдох зорилгоос өөр бусад зориулалт, зорилгоор ашиглахыг хориглоно.

 

12.6.Гарын үсгийн хуудсанд дэмжиж гарын үсэг зурсан бол тухайн иргэн дэмжсэн саналаа буцаан татах эрхгүй.

 

13 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах хугацаа

 

13.1.Санаачлагыг дэмжих иргэдийн гарын үсгийг энэ хуулийн 10.1-д заасан гарын үсэг цуглуулж эхлэх өдрөөс хойш 90 хоногийн дотор цуглуулна.

 

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хугацааг тоолохдоо Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмыг баримтална.

 

14 дүгээр зүйл.Гарын үсгийг хүчингүйд тооцох

 

14.1.Дараах тохиолдолд гарын үсгийн хуудсанд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцно:

 

14.1.1.бүртгүүлснээс өөр загварын гарын үсгийн хуудсаар цуглуулсан;

14.1.2.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

14.1.3.сонгуулийн эрхгүй иргэн гарын үсэг зурсан;

14.1.4.бусдын өмнөөс гарын үсэг зурсан, сонгуулийн эрх бүхий иргэнийг хууран мэхэлж, эсхүл эд хөрөнгө, мөнгө амлаж гарын үсэг зуруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон.

 

14.2.Сонгуулийн эрх бүхий иргэн хэд хэдэн удаа гарын үсэг зурсан бол зөвхөн нэг гарын үсгийг хүчинтэйд тооцно.

 

14.3. Хүчингүй болсон гарын үсэг тус бүрд тусгай тэмдэглэгээ хийнэ.

 

15 дугаар зүйл.Санаачилгын талаар сурталчилгаа хийх

 

15.1.Санаачлагчдын бүлэг дэмжигчдийн гарын үсэг цуглуулах зорилгоор санаачилгаа иргэдэд тайлбарлан таниулах, сурталчлах эрхтэй.

 

15.2.Сурталчилгааг уулзалт, цуглаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, санаачилгын дэлгэрэнгүй танилцуулга, эх бичвэрийг хэвлэх, тараах зэрэг хуульд хориглоогүй аливаа хэлбэрээр явуулж болно.

 

15.3.Санаачлагчдын бүлэг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэний танхимд төлбөргүйгээр, гурван удаа санаачилгын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах эрхтэй.

 

16 дугаар зүйл.Санаачилгатай холбоотой зардал

 

16.1.Санаачлагчдын бүлэг санаачилгыг бүртгүүлэх, гарын үсэг цуглуулах, таниулж сурталчлахтай холбоотой зардлыг хариуцна.

 

16.2.Энэхуулийн 16.1-д заасан зардлыг санаачлагчдын бүлэг өөрийн хөрөнгө болон иргэн, хуулийн этгээдийн мөнгөн ба мөнгөн бус хандиваар санхүүжүүлж болно.

 

16.3.Санаачлагчдын бүлэг дараахь этгээдээс бүх төрлийн хандив авахыг хориглоно:

             

16.3.1.улс төрийн нам;

16.3.2.шашны байгууллага;

16.3.3.төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж;

16.3.4.гадаад улс, гадаад улсын иргэн, хуулийн этгээд;

16.3.5.олон улсын байгууллага.

 

16.4.Арилжааны банкинд энэ зориулалтаар нээсэн хандивын дансанд хуульд заасны дагуу мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна.

 

17 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг шалгах, тоолох, шийдвэр гаргах

 

17.1.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацааны сүүлчийн өдрийн 17.00 цагаас өмнө санаачлагчдын бүлэг гарын үсгийн жагсаалтыг Сонгуулийн төв байгууллагад хүлээлгэн өгнө.          

 

17.2.Гарын үсгийн жагсаалтыг баталгаат шуудангаар явуулсан тохиолдолд илгээсэн өдрийн огноог баримтална.

 

17.3.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гарын үсгийн жагсаалтыг хүлээж авахгүй.

 

17.4.Энэ хуулийн 17.1-д заасны дагуу хүлээлгэн өгсөн гарын үсгийн жагсаалтыг санаачлагчдын бүлэгт буцаан олгохгүй.

 

17.5.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан гарын үсгийг хүчингүйд тооцох нөхцөл байдал байгаа эсэхийг сонгуулийн төв байгууллагаас 20 хоногийн дотор нэг бүрчлэн  шалгана.

 

17.6.Гарын үсгийн жагсаалт энэ хуульд заасан шаардагдах тоонд хүрээгүй, эсхүл энэ хуулийн 13.1-д заасан хугацаанд ирүүлээгүй бол Сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гарган санаачлагчдын бүлэгт мэдэгдэж, олон нийтийн радио, телевиз, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

17.7.Гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуулийн 6.1-д заасан тоонд хүрсэн бол Сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гаргаж, энэ хуулийн 13.1-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш долоо хоногийн дотор санаачлагчдын бүлэгт болон Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.

 

17.8.Энэ хуулийн 17.7-д заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана:

 

17.8.1.санаачилгын нэр, товч агуулга;

17.8.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

17.8.3.хүчинтэй болон хүчингүйд тооцсон гарын үсгийн тоо.

 

18 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг устгах

 

18.1.Гарын үсгийн хуудсыг санаачилгын үр дүнгээс үл хамааран Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 17.7-д заасан хугацаанаас хойш нэг жилийн дараа, гомдол гарсан бол эцэслэн хянан шийдвэрлэснээс хойш зургаан сарын дараа санаачлагчдын бүлгийн гишүүдийн төлөөллийг байлцуулан устгах бөгөөд энэ тухай акт үйлдэнэ.

 

19 дүгээр зүйл.Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилгыг өргөн мэдүүлэх

 

19.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан шалгалтын дүнд дэмжсэн гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуульд заасан шаардагдах тоонд хүрсэн тохиолдолд иргэдийн санаачилгыг хүлээн авсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 17.7-д заасанаар Сонгуулийн төв байгууллагаас хүргүүлсэнээс хойш  14 хоногийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

 

19.2.1.Санаачилгад заасан хууль тогтоомжийн төслийн нэр;

19.2.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

19.2.3.хүчинтэй болон хүчингүйд тооцсон гарын үсгийн тоо.

 

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан шийдвэрт санаачилгын танилцуулгыг хавсаргана.

 

19.4.Энэ хуулийн 19.1-д заасан шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

20 дугаар зүйл.Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилгыг шийдвэрлэх

 

20.1.Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилгыг чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ийнхүү өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлсэнээс хойш 10 хоногийн дотор холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ. 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ САНАЛАА УЛАМЖЛАХ

 

21 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлах иргэдийн эрх

 

21.1.Сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай саналаа энэ хуульд заасан журмын дагуу хууль санаачлагчид уламжлан шийдвэрлүүлэх эрхтэй.

 

21.2.Сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хамтран хууль тогтоомжийн төслийн тухай саналаа энэ хуульд заасан журмын дагуу хууль санаачлагчид уламжлан шийдвэрлүүлэх эрхтэй.

 

21.3.Иргэдээс уламжлах хууль тогтоомжийн төслийн тухай санал хууль тогтоомжийн тодорхой төсөл хэлбэрээр, эсхүл хууль тогтоомжоор зохицуулбал зохих асуудал хэлбэрээр томьёологдсон байна.

 

22 дугаар зүйл.Санаачлагчдын бүлэг

 

22.1.Хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилахаар сонгуулийн эрх бүхий таваас арав хүртэл иргэн хамтран санаачлагчдын бүлэг байгуулан энэ хуулийн 21.1, 21.2-т заасан тооны сонгуулийн эрх бүхий иргэдийн дэмжсэн гарын үсгийг энэ хуульд заасан журмын дагуу цуглуулна.

 

22.2.Санаачлагчдын бүлгийн бүх гишүүд уламжлах хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хуралдаанаараа санал нэгтэйгээр шийдвэрлэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилно.

 

22.3.Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудлыг тусгахыг хориглоно.

 

22.4.Санаачлагчдын бүлгийн эрх зүйн байдал, хөрөнгө, хариуцлагыг Иргэний хуулийн 481, 482 дугаар зүйлд  зааснаар зохицуулна.

 

23 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн тухай саналын хэлбэр

 

23.1.Санаачлагчдын бүлэг хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль тогтоомжийн тодорхой төслийн хэлбэрээр уламжлах бол төслийн эх бичвэрийг хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагад нийцүүлэн боловсруулна.

 

23.2.Санаачлагчдын бүлэг хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль тогтоомжоор зохицуулбал зохих асуудал хэлбэрээр уламжлах бол энгийн, ойлгомжтой байдлаар томьёолж бичнэ.

 

24 дүгээр зүйл.Хууль санаачлагчид уламжлах хууль тогтоомжийн төслийн тухай саналыг бүртгэх

 

24.1.Санаачлагчдын бүлэг нь хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах зорилгоор гарын үсэг цуглуулах тухай хүсэлтээ сонгуулийн  төв байгууллагад хүргүүлнэ.

 

24.2.Санаачлагчдын бүлгийн хүсэлтэд санаачлагчдын бүлгийн бүх гишүүд гарын үсэг зурсан хуралдааны тогтоол, саналаа тодорхой хууль тогтоомжийн төсөл хэлбэрээр уламжлах бол төслийн нэр, эх бичвэр, танилцуулга, хууль тогтоомжоор зохицуулбал зохих асуудлыг уламжлах бол асуудлын томьёолол, товч агуулга, танилцуулгыг хавсаргасан байна.

 

24.3.Сонгуулийн төв байгууллага нь санаачлагчдын бүлэг хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор хүсэлт нь энэ хуулийн 22, 24.2-т заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, саналыг бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана.

 

24.4.Сонгуулийн төв байгууллага нь хүсэлтийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан бол санаачлагчдын бүлэгт энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг бичгээр хүргүүлнэ.

 

25 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарлах

 

25.1.Сонгуулийн төв байгууллага санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэснээс хойш ажлын 15 хоногийн дотор хууль тогтоомжийн төслийн тухай саналын товч танилцуулга, гарын үсэг цуглуулж эхлэх өдөр, санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр, хаяг бүхий мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтийн радио, телевиз болон өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

26 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах хуудас

 

26.1.Гарын үсгийн хуудасны загварыг энэ хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллагаас батална.

 

26.2.Гарын үсгийн хуудас дараах мэдээллийг агуулсан байна:

 

26.2.1.Санал уламжлах төслийн нэр эсхүл зохицуулалт шаардлагатай асуудлын томьёолол;

26.2.2.саналынтовч агуулга;

26.2.3. гарын үсэг цуглуулж эхлэх огноо;

26.2.4.санаачлагчдын бүлгийн төлөөлөгчтэй холбогдох утас, хаяг;

26.2.5.хууль тогтоомж зөрчиж гарын үсэг зурсан бол холбогдох хариуцлага хүлээх тухай санамж.

 

26.3.Гарын үсгийн хуудасны хүснэгт нь сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, гарын үсэг зурах хэсгээс бүрдсэн байна.

 

27 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулахад тавигдах шаардлага

 

27.1.Санаачлагчдын бүлэг гарын үсэг цуглуулах ажиллагааг энэ хуулийн 25.1-д заасан гарын үсэг цуглуулж эхлэх өдрөөс хойш зохион байгуулна.

 

27.2.Хэд хэдэн хууль тогтоомжийн төслийн тухай саналд холбогдуулан нэг гарын үсгийн хуудсаар гарын үсэг цуглуулахыг хориглоно.

 

27.3.Санаачилгыг дэмжиж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн гарын үсгийн хуудсанд энэ хуулийн 11.2-т заасан мэдээллийг биечлэн гаргацтай бичиж, гарын үсгээ зурна.

 

27.4. Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эрүүл мэндийн болон боловсролын байдлаас шалтгаалан гарын үсгийн хуудасны мэдээллийг биечлэн бөглөх чадваргүй иргэн өөрийгөө төлөөлөн гарын үсэг зурах эрхийг бусад этгээдэд итгэмжлэлээр олгож болно.Итгэмжлэгч иргэний нэрийн ард итгэмжлэгдэгч иргэн өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулна.

 

27.5.Гарын үсгийн жагсаалтыг тухайн зорилгоос өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

 

27.6.Гарын үсгийн жагсаалтад дэмжиж гарын үсэг зурсан бол тухайн иргэн дэмжсэн саналаа буцаан татах эрхгүй.

 

28 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах хугацаа

 

28.1.Хууль тогтоомжийн төслийн тухай саналыг дэмжих иргэдийн гарын үсгийг энэ хуулийн 25.1-д заасан гарын үсэг цуглуулж эхлэх өдрөөс хойш 90 хоногийн дотор цуглуулна.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан хугацааг тоолохдоо Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмыг баримтална.

 

29 дүгээр зүйл.Гарын үсгийг хүчингүйд тооцох, сурталчилгаа, зардал

 

29.1.Хууль тогтоомжийн төслийн тухай саналыг дэмжих гарын үсгийн хуудсанд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцох, саналын талаарх сурталчилгаа, зардалтай холбогдсон харилцааг энэ хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

 

30 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг шалгах, тоолох, шийдвэр гаргах

 

30.1.Энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан хугацааны сүүлчийн өдрийн 17.00 цагаас өмнө санаачлагчдын бүлэг гарын үсгийн жагсаалтыг сонгуулийн төв байгууллагад хүлээлгэн өгнө.           

30.2.Гарын үсгийн жагсаалтыг баталгаат шуудангаар явуулсан тохиолдолд илгээсэн өдрийн огноог баримтална.

 

30.3.Энэ хуулийн 28.1-д заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гарын үсгийн жагсаалтыг хүлээж авахгүй.

 

30.4.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу хүлээлгэн өгсөн гарын үсгийн жагсаалтыг санаачлагчдын бүлэгт буцаан олгохгүй.

 

30.5.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан гарын үсгийг хүчингүйд тооцох нөхцөл байдал байгаа эсэхийг сонгуулийн төв байгууллагаас 20 хоногийн дотор нэг бүрчлэн  шалгана.

 

30.6.Гарын үсгийн жагсаалт энэ хуульд заасан шаардагдах тоонд хүрээгүй, эсхүл энэ хуулийн 28.1-д заасан хугацаанд ирүүлээгүй бол Сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гарган санаачлагчдын бүлэгт мэдэгдэж, олон нийтийн радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

30.7.Гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуулийн 21.1-д заасан тоонд хүрсэн бол Сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гаргаж, энэ хуулийн 28.1-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш долоо хоногийн дотор санаачлагчдын бүлэгт болон Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.

 

30.8.Энэ хуулийн 30.7-д заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана:

 

30.8.1.саналын нэр, товч агуулга;

30.8.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

30.8.3.хүчинтэй болон хүчингүйд  тооцсон гарын үсгийн тоо.

 

31 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах

 

31.1.Санаачлагчдын бүлэг хууль тогтоомжийн төслийн тухай саналаа Улсын Их Хурлын гишүүнд уламжлах бол Улсын Их Хурлын даргад, Засгийн газарт уламжлах бол Монгол Улсын Ерөнхий сайдад, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчид  хүргүүлнэ.

 

31.2.Санаачлагчдын бүлэг хууль тогтоомжийн төслийн тухай саналаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн хамт энэ хуулийн 31.1-д  заасан дарааллын дагуу хууль санаачлагчид хүргүүлнэ.

 

31.3.Хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хүлээн авсан Монгол Улсын Их Хурлын дарга нь Улсын Их Хурлын гишүүдэд иргэдээс уламжилсан хууль тогтоомжийн төслийн санал ирсэн тухай мэдээлж, ирүүлсэн саналыг аливаа өөрчлөлтгүйгээр Өргөдлийн байнгын хороонд хэлэлцүүлэхээр шилжүүлнэ.

 

31.4.Өргөдлийн байнгын хороо нь хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэж Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа олон нийтэд албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

31.5.Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авсан хууль тогтоомжийн төслийн тухай саналыг Засгийн газрын тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд шилжүүлж тухайн саналын дагуу хууль тогтоомжийн төсөл санаачлах эсэх асуудлыг судлуулах арга хэмжээ авна. 

 

31.6.Хууль тогтоомжийн төслийн тухай санал хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн саналын дагуу хууль тогтоомжийн төсөл санаачлах эсэх асуудлыг судлуулах арга хэмжээ авна.

 

31.7.Энэ хуулийн 31.5, 31.6 дах хэсэгт заасны дагуу хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хүлээн авсан хууль санаачлагч нь 30 хоногийн дотор тухайн саналын дагуу хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлэх эсэхээ санаачлагчдын бүлэгт илэрхийлнэ.

 

31.8.Энэ хуулийн 31.5, 31.6 дах хэсэгт заасны дагуу хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хүлээн авсан хууль санаачлагч нь тухайн саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхгүй гэж шийдвэрлэсэн бол энэ тухай олон нийтэд хандаж саналыг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор тайлбар бүхий мэдэгдлийг албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

31.9.Уламжилсан хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хүлээн авсан хууль санаачлагч нь төслийг өргөн мэдүүлэхгүй тухай хариу өгсөн тохиолдолд санаачлагчдын бүлэг нь өөр хууль санаачлагчид хүргүүлэх эрхтэй.

 

31.10.Уламжилсан хууль тогтоомжийн  төслийн тухай саналыг хүлээн авч Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн хууль санаачлагч иргэдээс уламжилсан төслийг өөрчлөхгүйгээр холбогдох хуульд заасан хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхэд тавигдах шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авч болно

 

32 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн тухай саналыг   хэлэлцэж, шийдвэрлэх

 

32.1.Улсын Их Хурал энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

33 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалт, хуудсыг устгах

 

33.1.Гарын үсгийн жагсаалт болон хуудсыг хууль тогтоомжийн төслийн тухай саналыг хэрхэн шийдвэрлэсэн үр дүнгээс үл хамааран сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хугацаанаас хойш нэг жилийн дараа, гомдол гарсан бол эцэслэн хянан шийдвэрлэсэнээс хойш зургаан сарын дараа санаачлагчдын бүлгийн гишүүдийн төлөөллийг байлцуулан устгах бөгөөд энэ тухай акт үйлдэнэ.

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Иргэдийн санаачлагаар ард нийтийн

санал асуулгА явуулах

 

34 дүгээр зүйл.Ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах иргэдийн эрх

 

34.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн дөрвөөс доошгүй хувь  хамтран хууль тогтоомжийг бүхэлд нь хүчингүй болгох асуудлаар тухайн хууль тогтоомжийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй.

 

35 дугаар зүйл.Иргэдээс ард нийтийн санал асуулга санаачлах эрхийн  хязгаарлалт

 

35.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төсөв ба түүний тогтвортой байдал, татварыг бууруулах, гамшигаас хамгаалах, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, эсхүл цэрэг хөдөлгөх харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн талаар 34.1-д заасан ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхийг хязгаарлана.

 

36 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгад оролцох Монгол Улсын иргэний эрх

 

36.1.Сонгуулийн эрх бүхий иргэн ард нийтийн санал асуулгад оролцох эрхтэй.

 

36.2.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн   сонгуулийн  төв  байгууллага  болон  гадаад  харилцааны   асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

 

37 дугаар зүйл.Санаачлагчдын бүлэг

 

37.1.Энэ хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулахыг санаачлахаар сонгуулийн эрх бүхий таваас арав хүртэл иргэн хамтран санаачлагчдын бүлэг байгуулан энэ хуулийн 34.1-т заасан тооны сонгуулийн эрх бүхий иргэдийн дэмжсэн гарын үсгийг энэ хуульд заасан журмын дагуу цуглуулна.

 

37.2. Санаачлагчдын бүлэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох, санаачилга гаргах асуудлын тоо, санаачлагчдын бүлгийн эрх зүйн байдлыг энэ хуулийн 7.2-7.4 дүгээр зүйлд заасантай адил зохицуулна.

 

38 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын баримт бичиг

 

38.1.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын баримт бичиг нь санаачилгын нэр, танилцуулга, санал асуулгын эх бичвэр, гарын үсгийн жагсаалтаас бүрдэх ба санаачлагчдын бүлэгт эдгээрийг энэ хуульд заасан журмын дагуу бүрдүүлнэ.

 

38.2.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын нэр, агуулга иргэдийг төөрөгдүүлэхээргүй, хоёрдмол утгагүй, бизнесийн болон хувь хүний сурталчилгаа агуулаагүй, өөр санаачилгын нэртэй давхцаагүй байна.

 

38.3.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын танилцуулга дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

 

38.3.1.хууль тогтоомжийг бүхэлд нь хүчингүй болгох асуудлаар ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн нэр, баталсан он, сар, өдөр, хүчингүй болгох үндэслэлийг тусгах;

 

38.3.2.санаачилгын бодит үндэслэл, хүрэх үр дүнг тусгах.

 

39 дүгээр зүйл.Гарын үсэг цуглуулах хуудас

 

39.1.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгыг дэмжсэн гарын үсгийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан гарын үсгийн хуудсаар цуглуулна.

 

40 дүгээр зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгыг бүртгэх

 

40.1.Санаачлагчдын бүлэг ард нийтийн санал асуулга  явуулах санаачилгыг бүртгүүлэх хүсэлтийг гарын үсэг цуглуулж эхлэхээс өмнө сонгуулийн  төв  байгууллагад санал асуулгын санаачилгын нэр, танилцуулга,  гарын үсгийн хуудасны загварын хамт хүргүүлнэ.

 

40.2.Сонгуулийн төв байгууллага санаачлагчдын бүлгийн хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, бүртгэнэ.

 

41 дүгээр зүйл.Хүсэлтийг бүртгэх талаар сонгуулийн төв байгууллагын хүлээх үүрэг

 

41.1.Ард нийтийн санал асуулга  явуулах санаачилгыг бүртгүүлэх санаачлагчдын бүлгийн хүсэлт энэ хуулийн 35.1, 38.3-д заасан шаардлага хангасан бол сонгуулийн төв байгууллага бүртгэж, санал асуулга явуулахад шаардагдах гарын үсгийн доод хэмжээг үсэг болон тоогоор илэрхийлэн санаачлагчдын бүлэгт бичгээр хүргүүлнэ.

 

41.2.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгыг бүртгүүлэх санаачлагчдын бүлгийн хүсэлт энэ хуульд заасан шаардлага хангаагүй бол хүсэлтийг бүртгэхээс татгалзаж, санаачлагчдын бүлэгт татгалзсан тухай үндэслэл бүхий тайлбарыг бичгээр хүргүүлнэ.

 

41.3.Сонгуулийн төв байгууллага санаачилгын баримт бичгийн хэлбэр, бичилтийг сайжруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд агуулгын өөрчлөлт оруулахаар шаардах, нөлөөлөхийг хориглоно .

 

42 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарлах

 

42.1.Сонгуулийн төв байгууллага санаачлагчдын бүлгийн хүсэлтийг, бүртгэснээс хойш 15 хоногийн дотор санаачилгын товч танилцуулга, гарын үсэг цуглуулж эхлэх өдөр, санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр, хаяг бүхий мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтийн радио, телевиз болон өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

43 дугаар зүйл.Сонгогчдын нэрсийн жагсаалт

 

43.1.Санаачлагчдын бүлэг сонгуулийн төв байгууллагаас сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог гаргуулан авах эрхтэй.

 

43.2.Сонгуулийн төв байгууллага жил бүр сонгогчдын нэрсийг шинэчилж, сонгуулийн эрх  бүхий иргэдийн тоог олон нийтийн радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

44 дүгээр зүйл.Гарын үсэг цуглуулахад тавигдах шаардлага

 

44.1.Санаачлагчдын бүлэг гарын үсэг цуглуулах ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарласан өдрөөс хойш зохион байгуулна.

 

44.2.Санаачлагчдын бүлэг ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулахдаа энэ хуулийн 12.2-12.6-д заасан шаардлагыг хангана.

 

45 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах хугацаа

 

45.1.Санаачлагчдын бүлэг энэ хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын гарын үсгийг энэ хуулийн 44.1-д заасан өдрөөс хойш 200 хоногийн дотор цуглуулна.

 

46 дүгээр зүйл.Гарын үсгийг хүчингүйд тооцох, санал асуулга санаачлах ажлын сурталчилгаа, зардал

 

46.1.Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотойгоор гарын үсгийг хүчингүйд тооцох, санаачилгын талаарх сурталчилгаа, зардалтай холбогдсон харилцааг энэ хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

 

47 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг шалгах, тоолох, шийдвэр гаргах

 

47.1.Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан хугацааны сүүлчийн өдрийн 17.00 цагаас өмнө санаачлагчдын бүлэг гарын үсгийн жагсаалтыг сонгуулийн төв байгууллагад хүлээлгэн өгнө.

 

47.2.Гарын үсгийн жагсаалтыг баталгаат шуудангаар явуулсан тохиолдолд илгээсэн өдрийн огноог баримтална.

 

47.3.Энэ хуулийн 45.1-д заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гарын үсгийн жагсаалтыг хүлээж авахаас татгалзана.

 

47.4.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу хүлээлгэн өгсөн гарын үсгийн жагсаалтыг санаачлагчдын бүлэгт буцаан олгохгүй.

 

47.5.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан гарын үсгийг хүчингүйд тооцох нөхцөл байдал байгаа эсэхийг  сонгуулийн төв байгууллага 45 хоногийн дотор шалгана.

 

47.6.Гарын үсгийн жагсаалт энэ хуульд заасан шаардагдах тоонд хүрээгүй, эсхүл энэ хуулийн 47.1-д заасан хугацаанд ирүүлээгүй бол сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гаргаж, санаачлагчдын бүлэгт болон Улсын Их Хурлын Тамгын газарт мэдэгдэж, олон нийтийн радио, телевиз хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

47.7.Гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуулийн 34.1 заасан тоонд хүрсэн бол Сонгуулийн төв байгууллага энэ тухай шийдвэр гаргаж, энэ хуулийн 45.1-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш долоо хоногийн дотор санаачлагчдын бүлэгт болон Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.

 

47.8.Энэ хуулийн 47.7-д заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана:

 

47.8.1.санаачилгын нэр, товч агуулга;

47.8.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

47.8.3.хүчинтэй болон хүчингүйд  тооцсон гарын үсгийн тоо.

 

48 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгыг өргөн мэдүүлэх

 

48.1.Дэмжсэн гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуульд заасан доод хэмжээнд хүрсэн тохиолдолд сонгуулийн төв байгууллага иргэдийн санаачилгыг хүлээн авсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 47.7-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш 7 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана:

 

48.2.1.санал асуулгаар шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн нэр, баталсан он, сар, өдөр, товч агуулга;

 

48.2.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

48.2.3.хүчинтэй болон хүчингүйд тооцсон гарын үсгийн тоо.

 

48.3.Сонгуулийн төв байгууллага, энэ хуулийн 48.1-дзаасан шийдвэрт санаачилгын танилцуулга, эх бичвэрийг хавсаргана.

 

48.4.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 48.1-д заасан шийдвэрийг олон нийтийн радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

49 дүгээр зүйл.Гарын үсгийн жагсаалтыг хадгалах, устгах

 

49.1.Гарын үсгийн жагсаалт, хуудсыг санаачилгын үр дүнгээс үл хамааран сонгуулийн төв байгууллага ард нийтийн санал асуулгаас хойш нэг жилийн дараа, гомдол гарсан бол эцэслэн хянан шийдвэрлэснээс хойш зургаан сарын дараа санаачлагчдын бүлгийн гишүүдийн төлөөллийг байлцуулан устгах бөгөөд энэ тухай акт үйлдэнэ.

 

50 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгыг буцаан татах

 

50.1.Санаачлагчдын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах санаачилгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хүртэлх хугацаанд багтаан буцаан татаж болно.

 

50.2.Санаачлагчдын бүлгийн гишүүд санал нэгтэйгээр баталж, ард нийтийн санал асуулга явуулах санаачилгаа буцаан татах шийдвэрт гарын үсэг зурсан байна.

 

50.3.Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгыг буцаан татах тухай хүсэлтээ санаачлагчдын бүлэг сонгуулийн төв байгууллагад гаргаж, энэ талаар олон нийтэд мэдээлнэ.

 

51 дүгээр зүйл.Санал асуулгыг хүчинтэйд тооцох

 

51.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

 

51.2.Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах тохиолдолд тухайн сонгуульд оролцогчдын ирцийн хувиар санал асуулгад оролцогчдын ирцийн хувийг хүчинтэйд тооцно.

 

51.3.Ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулна.

 

52 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах байгууллага, түүний бүрэн эрх

 

52.1.Ард нийтийн санал асуулгыг сонгуулийн төв байгууллага зохион байгуулж явуулна.

 

52.2.Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах тохиолдолд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулсан сонгуулийн байгууллага зохион байгуулж явуулна.

 

52.3.Энэ хуулийн 52.2-д заасан ээлжит сонгуульгүй жилд ард нийтийн санал асуулгын товыг жилдээ нэгээс доошгүй удаа энэ хуулийн 57.1-д заасан журмыг баримтлан Засгийн газраас тогтооно.

 

52.4.Сонгуулийн төв байгууллага ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулахдаа Сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахтай холбогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

53 дугаар зүйл.Санал асуулга явуулах санаачилгыг шийдвэрлэх

 

53.1.Улсын Их Хурал ард нийтийн санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг энэ хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

54 дүгээр зүйл.Санал асуулга явуулах шийдвэр гаргах

 

54.1.Ард нийтийн санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж, Улсын Их Хурал тогтоол батална. 

 

55 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийн агуулга

 

55.1.Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн байх бөгөөд тухайн тогтоолд санал асуулгын тов, шийдвэрлүүлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын томьёоллыг тусгана.

 

55.2.Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачилсан хууль тогтоомжийн эх бичвэрийг танилцуулгын хамт хавсаргана.

 

55.3.Хоёр буюу түүнээс дээш бие даасан асуудлаар санал асуулга явуулах тохиолдолд асуудал нэг бүрээр хэлэлцэж батална.

 

56 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах хэд хэдэн санаачилгыг нэгтгэн шийдвэрлэх

 

56.1.Нэг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах хэд хэдэн санаачилга гаргасан тохиолдолд Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу хамтатган нэгдсэн санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаж болно.

 

56.2.Санал асуулгыг нэг удаад таваас илүүгүй асуудлаар явуулах бөгөөд тухайн асуудал бүрийг өөр өнгө бүхий санал асуулгын тусдаа хуудсанд тусгана.

 

57 дугаар зүйл.Санал асуулгын тов, түүнийг зарлах

 

57.1.Ард  нийтийн  санал  асуулга явуулах  өдрийг  санал  асуулга явуулах тухай  тогтоол баталсан  өдрөөс  гурваас доошгүй  сарын  дараа, зургаан  сараас хэтрэхгүй хугацаанд товлоно.

 

57.2.Ард нийтийн санал асуулгын тов нь Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор байвал ээлжит сонгуультай хамт зохион байгуулна.

 

57.3.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж өргөн мэдүүлсэн ард нийтийн санал асуулга явуулах тухай хэд хэдэн бие даасан санаачилгын хугацаа хоорондоо хагас жилийн дотор байвал тэдгээрийн товыг нэгтгэн зарлаж болно.

 

58 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах тухай мэдээлэх

 

58.1.Сонгуулийн төв байгууллага ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурав хоногийн дотор үндэсний өдөр тутмын гурваас доошгүй сонинд уг шийдвэр, түүний танилцуулгыг байрлуулж, өөрийн   албан  ёсны  цахим  хуудас,  олон нийтийн радио, телевиз хэвлэл  мэдээллийн  бусад хэрэгслээр  олон нийтэд мэдээлнэ.

 

58.2.Улсын Их Хурал, Засгийн газар Ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэрийг олон нийтэд таниулах, мэдээлэх бөгөөд Засгийн газар тухай ард нийтийн асуулгын талаарх дэмжсэн, эсхүл дэмжихгүй байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн бодит үндэслэл бүхий тайлбар, мэдээлэл хийж болно.

 

58.3.Улсын Их хурал, Засгийн газар, эсхүл холбогдох захиргааны байгууллага санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар улс төрийн зорилгоор аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.

 

58.4.Төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан тухайн санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд олон нийтийг бодит мэдээллээр хангаж ажиллах үүрэгтэй.

 

58.5.Санаачлагчдын бүлэг болон бусад иргэнээс ард нийтийн санал асуулгатай холбоотой таниулах, сурталчлах ажлыг энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн хөрөнгө болон бусдын хандив эсхүл хөлсөөр хийж болно.

 

58.6.Энэ хуулийн 57.2-т заасны дагуу ард нийтийн cанал асуулгыг ээлжит сонгуультай хамт зохион байгуулах тохиолдолд таниулга сурталчилгаа, түүний санхүүжилтийг энэ хуульд заасны дагуу зохицуулна.

 

58.7.Сонгуулийн төв байгууллага нь ард нийтийн санал асуулга явуулах өдрийг товлосны дараа санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар санаачлагчдын бүлэг болон холбогдох төрийн байгууллагын үндэслэл, тайлбарыг нэгтгэн энэ хуулийн 38.3-т заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, олон нийтийн радио, телевиз хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

58.8.Хэвлэл мэдээллийн байгууллага санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар олон нийтэд тэнцвэртэй мэдээлэх үүрэгтэй.

 

59 дүгээр зүйл.Өргөн мэдүүлсэн ард нийтийн санал асуулга явуулах санаачилгаар шийдвэр гаргахгүй байх

 

59.1.Энэ хуулийн 59.2-т зааснаас бусад тохиолдолд ард нийтийн санал асуулгаар явуулах санаачилж улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх хүртэл Улсын Их Хурал аливаа шийдвэр гаргах замаар шууд болон шууд бус байдлаар тухайн асуудлыг шийдвэрлэхгүй.

 

59.2.Санал асуулга явуулах санаачилгыг өргөн мэдүүлснээс хойш санал асуулгаар шийдвэрлэх хүртэл хугацаанд Улсын Их Хурал санаачлагчдын бүлгээс  санал асуулга явуулахаар санаачилсан хууль тогтоомжийг хүчингүй  болгохоор хүлээн зөвшөөрч, шийдвэрлэж болно.

 

60 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгыг хойшлуулах нөхцөл байдал

 

60.1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, эсхүл зарим хэсгийг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас санал асуулга явуулах боломжгүй болсон тохиолдолд Улсын Их Хурал ард нийтийн санал асуулгыг зогсоох буюу хойшлуулах шийдвэр гаргана.

 

60.2.Ард нийтийн санал асуулгыг зогсоосон буюу хойшлуулсан нөхцөл байдал арилснаас хойш Улсын Их Хурал 7 хоногийн дотор ард нийтийн санал асуулга явуулах өдрийг дахин товлон зарлана.

 

61 дүгээр зүйл.Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдсон зардал

 

61.1.Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Улсын Их Хурал зардлын хэмжээг батална.

 

61.2.Улсын  Их   Хурал  зардлын  хэмжээг  батлахдаа  улсын  бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан нийт хүн амын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгогчдын тоог харгалзан тооцсон сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэнэ.

 

61.3.Сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

 

61.4.Санал авах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

 

61.5.Энэ хуулийн 61.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудит дүгнэлт гаргана.

 

62 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн асуудлыг хэлбэржүүлэх

 

62.1.Улсын  Их  Хурал  ард   нийтийн   санал  асуулгаар  баталсан  хууль тогтоомж болон шийдвэрлэсэн асуудлыг ёсчлох, нийтлэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.

 

63 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн асуудлаар дахин санал асуулга явуулахгүй байх хугацаа

 

63.1.Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгын үр дүнд дэмжигдээгүй асуудлаар Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд, эсхүл уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ХҮРГҮҮЛЭХ САНААЧИЛГА

 

64 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санаачилга хүргүүлэх иргэдийн эрх

 

64.1.Тухайн аймаг, нийслэл, сум дүүрэгт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн 2 хувьтай тэнцүү тооны иргэн хамтран тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудлыг санаачлан оруулж хэлэлцүүлэх эрхтэй.

 

64.2.Энэ хуулийн 64.1-д заасан сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог тодорхойлохдоо Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн сүүлд зохион байгуулагдсан сонгуулийн нэрсийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог баримтлана.

 

65 дугаар зүйл.Санаачлагчдын бүлэг

 

65.1.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий гурваас найм хүртэл иргэн хамтран санаачлагчдын бүлэг байгуулан, энэ хуулийн 65.1-д заасан тооны сонгуулийн эрх бүхий иргэдийн дэмжсэн гарын үсгийг энэ хуульд заасан журмын дагуу цуглуулна.

65.2.Санаачлагчдын бүлэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох, санаачилга гаргах асуудлын тоо, санаачлагчдын бүлгийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг энэ хуулийн 7.2-7.4 дүгээр зүйлд заасанаар зохицуулна.

 

66 дугаар зүйл.Санаачилгын баримт бичиг

 

66.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын баримт бичиг нь танилцуулга, гарын үсгийн жагсаалтаас бүрдэх ба санаачлагчдын бүлэгт эдгээрийг энэ хуульд заасан журмын дагуу бүрдүүлнэ.

 

66.2.Санаачилгын танилцуулга дараах шаардлагыг хангасан байна:

 

66.2.1.тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж хэлэлцүүлэх асуудлын нэр;

66.2.2.Санаачилгын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон товч үндэслэл, тайлбар.

 

67 дугаар зүйл.Санаачилгыг бүртгэх

 

67.1.Санаачлагчдын бүлэг нь гарын үсэг цуглуулж эхлэхээсээ өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын хүсэлтийг санаачилгын танилцуулга, гарын үсгийн хуудасны загварын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлнэ.

 

67.2.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь хүсэлт ирүүлснээс хойш 10 хоногийн дотор санаачлагчдын бүлгийн хүсэлт энэ хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, саналыг бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана.

 

67.3.Санаачлагчдын бүлгийн хүсэлт энэ хуульд заасан шаардлага хангасан бол тухайн шатны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бүртгэж, санал асуулга явуулахад шаардагдах гарын үсгийн доод хэмжээг үсэг болон тоогоор илэрхийлэн санаачлагчдын бүлэгт хүргүүлнэ.

 

67.4.Энэ хуульд заасан шаардлага хангаагүй бол хүсэлтийг  бүртгэхээс татгалзаж, татгалзсан тухай үндэслэл бүхий тайлбарыг санаачлагчдын бүлэгт бичгээр хүргүүлнэ.

 

67.5.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга санаачилгын баримт бичгийн хэлбэр, бичилтийг сайжруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд агуулгын өөрчлөлт оруулахаар шаардах, нөлөөлөхийг хориглоно.

 

68 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарлах

 

68.1.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэснээс хойш 15 хоногийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын товч танилцуулга, гарын үсэг цуглуулах хугацаа, санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр, хаяг бүхий мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж, орон нутгийн радио, телевиз болон  өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

68.2.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн талаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 хоногийн дотор мэдэгдэнэ.

 

69 дүгээр зүйл.Сонгогчдын нэрсийн жагсаалт

 

69.1.Санаачлагчдын бүлэг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр гаргуулан авах эрхтэй.

 

69.2.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид жил бүр сонгогчдын нэрсийг шинэчилж, сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог орон нутгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

70 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулахад тавигдах шаардлага

 

70.1.Гарын үсэг цуглуулах хуудасны загвар нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэртэй байна.

 

70.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгыг дэмжсэн гарын үсэг цуглуулахад энэ хуулийн 12 дугаар зүйлийг баримтална.

 

71 дүгээр зүйл.Гарын үсэг цуглуулах хугацаа

 

  1. .1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын гарын үсгийг энэ хуулийн 68.1-д заасан гарын үсэг цуглуулж эхлэх өдрөөс хойш 45 хоногийн дотор цуглуулна.

 

  1. Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тоолохдоо Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмыг баримтална.

 

72 дугаар зүйл.Гарын үсгийг хүчингүйд тооцох, сурталчилгаа, зардал

 

72.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын гарын үсгийг хүчингүйд тооцох, санаачилгын талаарх сурталчилгаа, зардалтай холбогдсон харилцааг энэ хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

 

73 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг шалгах, тоолох

 

73.1.Энэ хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацааны сүүлчийн өдрийн 17.00 цагаас өмнө санаачлагчдын бүлэг гарын үсгийн жагсаалтыг  тухайн шатны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид хүлээлгэн өгнө.

 

73.2.Гарын үсгийн жагсаалтыг баталгаат шуудангаар явуулсан тохиолдолд илгээсэн өдрийн огноог баримтална.

 

73.3.Энэ хуулийн 73.1 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гарын үсгийн жагсаалтыгхүлээж авахгүй.

 

 73.4.Энэ хуулийн 73.1-д заасны дагуу хүлээлгэн өгсөн гарын үсгийн жагсаалтыг санаачлагчдын бүлэгт буцаан олгохгүй.

 

73.5.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан гарын үсгийг хүчингүйд тооцох нөхцөл байдал байгаа эсэхийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчид 30 хоногийн дотор нэг бүрчлэн шалгана.

 

73.6.Гарын үсгийн жагсаалт энэ хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй, эсхүл энэ хуулийн 73.1-д заасан хугацаанд гарын үсгийн жагсаалтыг ирүүлээгүй бол тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ тухай шийдвэр гаргаж, санаачлагчдын бүлэгт мэдэгдэж, орон нутгийн радио, телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

74 дүгээр зүйл.Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулж хэлэлцүүлэх санаачилгыг өргөн мэдүүлэх

 

74.1.Энэ хуулийн 73 дугаар зүйлд заасан шалгалтын дүнд дэмжсэн гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуульд заасан доод хэмжээнд хүрсэн тохиолдолд иргэдийн санаачилгыг хүлээн авсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 74.5-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш 7 хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

 

74.2.Энэ хуулийн 74.1-д заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана:

 

74.2.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж хэлэлцүүлэх тодорхой асуудлын нэр;

74.2.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

74.2.3.гарын үсгийн жагсаалт дахь хүчинтэй болон хүчингүйд тооцсон гарын үсгийн тоо.

 

74.3.Энэ хуулийн 74.1-д заасан шийдвэрт санаачилгын танилцуулгыг хавсаргана.

 

74.4.Энэ хуулийн 74.1-д заасан шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр тухайн орон нутгийн иргэдэд мэдээлнэ.

 

75 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг хадгалах, устгах

 

75.1.Гарын үсгийн жагсаалт, хуудсыг санаачилгын үр дүнгээс үл хамааран иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгыг энэ хуулийн 74.1-д заасан хугацаанаас хойш  нэг жилийн дараа, гомдол гарсан бол гомдлыг эцэслэн хянан шийдвэрлэснээс хойш зургаан сарын дараа санаачлагчдын бүлгийн гишүүдийн төлөөллийг байлцуулан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба устгах бөгөөд энэ тухай акт үйлдэнэ.

 

76 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Хүргүүлэх санаачилгыг шийдвэрлэх

 

76.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр өргөн мэдүүлсэн бол ийнхүү өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор, хуралдааны чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол дараагийн ээлжит эсхүл ээлжит бус хуралдаан эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.

 

76.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн санаачилгаар өргөн мэдүүлсэн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэх үүрэгтэй.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ИРГЭДИЙН САНААЧИЛГААР ОРОН НУТГИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ

 

77 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга санаачлах иргэний эрх

 

77.1.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн хоёроос доошгүй хувь хамтран энэ хуулийн 78.1-д заасан асуудлаар орон нутгийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй.

 

77.2.Орон нутгийн санал асуулга явуулах тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрийн байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн хоёр хувиас доошгүй тооны иргэд хамтран энэ хуулийн 78.1-д заасан асуудлаар хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дундын орон нутгийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй.

 

77.3.Энэ хуулийн 77.1-д заасан иргэд нь санал асуулга явуулах тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувийн төлөөлөлтэй байна.

 

77.4.Энэ хуулийн 77.1,77.2-т заасан сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог тодорхойлохдоо тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн сүүлд явагдсан сонгуулийн нэрсийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог баримтална.

 

78 дугаар зүйл.Иргэдээс орон нутгийн санал асуулга санаачлах асуудал

 

78.1.Иргэдээс дараахь асуудлыг орон нутгийн санал асуулгаар санаачилж болно:

 

78.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас

Гаргасан шийдвэр, эсхүл түүний холбогдох заалтыг өөрчлөх;

 

78.1.2.иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлаас  гаргасан  шийдвэрийг хүчингүй болгох;

 

78.1.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шинээр шийдвэр гаргах;

 

78.1.4.тухайн аймаг, нийслэл,сум, дүүрэгт оршин суугаа иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нэн чухал асуудлыг шийдвэрлэх.

 

78.2.Орон нутгийн санал асуулгаар энэ хуулийн 35.1-т заасан болон тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлыг санаачилж, шийдвэрлэхгүй.

 

79 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулгыг хүчинтэйд тооцох

 

79.1.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн 25 хувиас доошгүй нь оролцсон орон нутгийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

 

 79.2.Хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дундын санал асуулга явуулах тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн 25 хувиас доошгүй нь оролцсон орон нутгийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

79.3.Санал асуулгыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулах тохиолдолд тухайн сонгуульд оролцогчдын ирцийн хувиар санал асуулгад оролцогчдын ирцийн хувийг хүчинтэйд тооцно.

 

80 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах нутаг дэвсгэрийн хуваарь

 

80.1.Орон нутгийн санал асуулгыг харьяалах аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт явуулна.

 

80.2.Хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дунд орон нутгийн санал асуулгыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрийн нутаг дэвсгэрт явуулна.

 

81 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулгыг зохион байгуулах байгууллага, түүний бүрэн эрх

 

81.1.Орон нутгийн санал асуулгыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар зохион байгуулж явуулна.

 

81.2.Хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дунд орон нутгийн санал асуулгыг нэгж тус бүрийн Засаг даргын тамгын газар зохион байгуулж явуулна.

 

82 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулгад оролцох Монгол Улсын иргэний эрх

 

82.1.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэн орон нутгийн санал асуулгад оролцох эрхтэй.

 

82.2.Орон нутгийн санал асуулга явуулах өдөр гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн орон нутгийн санал асуулгад оролцох эрх эдлэхгүй.

 

83 дугаар зүйл.Санаачлагчдын бүлэг

 

83.1.Орон нутгийн санал асуулга явуулахаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий гурваас найм хүртэлх тооны  иргэн хамтран санаачлагчдын бүлэг байгуулан, энэ хуулийн 77.1,77.2-т заасан тооны сонгуулийн эрх бүхий иргэдийн дэмжсэн гарын үсгийг энэ хуульд заасан журмын дагуу цуглуулна.

 

83.2.Санаачлагчдын бүлэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох, санаачилга гаргах асуудлын тоо, санаачлагчдын бүлгийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг энэ хуулийн 7.2-7.4-т заасны дагуу зохицуулна.

 

84 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгын баримт бичиг

 

84.1.Орон нутгийн санал асуулгын санаачилгын баримт бичиг нь санаачилгын нэр, танилцуулга, санал асуулгын эх бичвэр, гарын үсгийн жагсаалтаас бүрдэх ба санаачлагчдын бүлгээс энэ хуульд заасан журмын дагуу бүрдүүлнэ.

 

84.2.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгын нэр, агуулга иргэдийг төөрөгдүүлэхээргүй, хоёрдмол утгагүй, бизнесийн болон хувь хүний сурталчилгаа агуулаагүй, өөр санаачилгын нэртэй давхцаагүй байна.

 

84.3.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгын танилцуулга дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

 

84.3.1.орон нутгийн санал асуулгаар шийдвэрлүүлэх шийдвэрийн нэр, баталсан эрх бүхий байгууллагын нэр, баталсан он, сар, өдөр, товч агуулгыг заах;

 

84.3.2.санаачилгын хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт нотолгоо бүхий, бодит үндэслэл, хүрэх үр дүнг тусгах.

 

85 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах хуудас

 

85.1.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгыг дэмжсэн гарын үсгийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан гарын үсгийн хуудсаар цуглуулна.

 

86 дугаар зүйл.Санал асуулга явуулах санаачилгыг бүртгэх

 

86.1.Санаачлагчдын бүлэг  гарын үсэг цуглуулж эхлэхээс өмнө орон нутгийн санал асуулга явуулах хүсэлтийг санал асуулгын нэр, танилцуулга, эх бичвэр, гарын үсгийн хуудасны загварын хамт тухайн шатны Хурлын даргад хүргүүлнэ.

 

86.2.Тухайн шатны Хурлын тэргүүлэгчид санаачлагчдын бүлгийн холбогдох хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг 30 хоногийн дотор шалгаж бүртгэнэ.

 

87 дугаар зүйл.Хүсэлтийг бүртгэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үүрэг

 

87.1.Санаачлагчдын бүлгийн хүсэлт нь энэ хуульд заасан шаардлага хангасан бол тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүртгэж, санал асуулга явуулахад шаардагдах гарын үсгийн доод хэмжээг үсэг болон тоогоор илэрхийлэн санаачлагчдын бүлэгт хүргүүлэх бөгөөд энэ хуулийн 84.3-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг бүртгэхээс татгалзаж, татгалзсан тухай үндэслэл бүхий тайлбарыг санаачлагчдын бүлэгт бичгээр хүргүүлнэ.

 

  87.2.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санаачилгын баримт бичгийн хэлбэр, бичилтийг сайжруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд агуулгын өөрчлөлт оруулахаар шаардах, нөлөөлөхийг хориглоно..

 

  88 дугаар зүйл.Гарын үсэг цуглуулах тухай албан ёсоор зарлах

 

88.1.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санаачлагчдын бүлгийн хүсэлтийг, бүртгэснээс хойш 15 хоногийн дотор санаачилгын товч танилцуулга, гарын үсэг цуглуулж эхлэх өдөр, санаачлагчдын бүлгийн гишүүдийн, эсхүл төлөөлөгчдийн овог, нэр, хаяг бүхий мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж, орон нутгийн радио, телевиз болон өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

88.2.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн санал асуулга явуулах санаачлагчдын бүлгийн хүсэлтийг бүртгэсэн талаар холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 хоногийн дотор мэдэгдэнэ.

 

89 дүгээр зүйл.Нэрийн жагсаалт

 

89.1.Санаачлагчдын бүлэг нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тухайн нутаг дэвсгэрт бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр гаргуулан авах эрхтэй.

 

89.2.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид жил бүр сонгогчдын нэрсийг шинэчилж, сонгуулийн эрх бүхий иргэдийн тоог хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

90 дүгээр зүйл.Гарын үсэг цуглуулахад тавих шаардлага

 

90.1.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгыг дэмжсэн гарын үсэг цуглуулахад энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага тавигдана.

 

91 дүгээр зүйл.Гарын үсэг цуглуулах хугацаа

 

91.1.Орон нутгийн санал асуулгын санаачилгын гарын үсгийг энэ хуулийн 88.1-д заасан гарын үсэг цуглуулж эхлэх өдрөөс хойш 90 хоногийн дотор цуглуулна.

 

91.2.Энэ хуулийн 91.1-д заасан хугацааг тоолохдоо Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмыг баримтална.

 

92 дугаар зүйл.Гарын үсгийг хүчингүйд тооцох, сурталчилгаа, зардал

 

92.1.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгын гарын үсгийн хуудсанд зурсан гарын үсгийг хүчингүйд тооцох, санаачилгын талаарх сурталчилгаа, зардалтай холбогдсон харилцааг энэ хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

 

93 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг шалгах, тоолох

 

93.1.Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан хугацааны сүүлчийн өдрийн 17.00 цагаас өмнө санаачлагчдын бүлэг гарын үсгийн жагсаалтыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүлээлгэн өгнө.

 

93.2.Гарын үсгийн жагсаалтыг баталгаат шуудангаар явуулсан тохиолдолд илгээсэн өдрийн огноог баримтална.

 

93.3.Энэ хуулийн 91.1-д заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гарын үсгийн жагсаалтыг хүлээж авахгүй.

 

93.4.Энэ хуулийн 91.1-д заасны дагуу хүлээлгэн өгсөн гарын үсгийн жагсаалтыг санаачлагчдын бүлэгт буцаан олгохгүй.

 

93.5.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан гарын үсгийг хүчингүйд тооцох нөхцөл байдал байгаа эсэхийг тухайн шатны иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын Тэргүүлэгчид 20 хоногийн дотор нэг бүрчлэн шалгана.

 

93.6.Гарын үсгийн жагсаалт энэ хуульд заасан шаардагдах тоонд хүрээгүй, эсхүл гарын үсгийн жагсаалтыг энэ хуулийн 91.1-д заасан хугацаанд ирүүлээгүй бол тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ тухай шийдвэр гаргаж, санаачлагчдын бүлэгт шийдвэрээ мэдэгдэж, орон нутгийн радио, телевиз, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

94 дүгээр зүйл.Санал асуулга явуулах санаачилгыг өргөн мэдүүлэх

 

94.1.Дэмжсэн гарын үсэг зурсан иргэдийн тоо энэ хуульд заасан доод хэмжээнд хүрсэн тохиолдолд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид иргэдийн санаачилгыг хүлээн авсан тухай шийдвэр гаргаж, энэ хуулийн 93.5-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш 7 хоногийн дотор холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

 

94.2.Хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дунд орон нутгийн санал асуулга явуулах тухай иргэдийн санаачилгыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

 

94.3.Энэ хуулийн 94.1-д заасан шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

 

94.3.1.санал асуулгаар шийдвэрлүүлэх асуудал, холбогдох шийдвэрийн нэр, баталсан эрх бүхий байгууллагын нэр, баталсан он, сар, өдөр, товч агуулга;

94.3.2.санаачлагчдын бүлгийн гишүүдийн овог, нэр;

94.3.3.хүчинтэй болон хүчингүйд тооцсон гарын үсгийн тоо.

 

  94.4.Тухайн  шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь энэ хуулийн 94.1-д заасан шийдвэрт санаачилгын танилцуулга, эх бичвэрийг хавсаргана.

 

94.5.Энэ хуулийн 94.1-д заасан шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

95 дугаар зүйл.Гарын үсгийн жагсаалтыг хадгалах, устгах

 

  95.1.Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид санаачилгын үр дүнгээс үл хамааран гарын үсгийн жагсаалт, хуудсыг санал асуулгаас хойш нэг жилийн дараа, гомдол гарсан бол гомдлыг эцэслэн хянан шийдвэрлэснээс хойш зургаан сарын дараа санаачлагчдын бүлгийн гишүүдийн төлөөллийг байлцуулан устгах бөгөөд энэ тухай акт үйлдэнэ.

 

96 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгыг буцаан татах

 

96.1.Санаачлагчдын бүлэг орон нутгийн санал асуулга явуулах санаачилгаа тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх хүртэлх хугацаанд буцаан татаж болно.

 

96.2.Санаачлагчдын бүлгийн гишүүд санал нэгтэйгээр баталж, орон нутгийн санал асуулга явуулах санаачилгаа буцаан татах шийдвэрт гарын үсэг зурсан байна.

 

96.3.Санаачлагчдын бүлэг орон нутгийн санал асуулга явуулах санаачилгыг буцаан татах тухай хүсэлтээ тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд гаргаж, энэ талаар нийтэд мэдээлнэ.

 

  97 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгыг шийдвэрлэх

 

  97.1.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг энэ хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.4-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

  98 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах шийдвэр гаргах

 

  98.1.Орон нутгийн санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг өргөн мэдүүлснээс хойш иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 хоногийн дотор, хурлын чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид 10 хоногийн дотор хэлэлцэж тогтоол батална.

 

  98.2.Хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дунд орон нутгийн санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тусдаа хэлэлцэж тогтоол батална.

 

  98.3.Энэ хуулийн 98.2-т заасан тогтоолыг аймаг, нийслэл, сум, дүүргийн аль нэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлаагүй тохиолдолд хэд хэдэн аймаг, нийслэл, сум, дүүрэг дунд орон нутгийн санал асуулгыг явуулах санаачилга дэмжигдээгүйд тооцно.

 

  99 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах шийдвэрийн агуулга

 

  99.1.Орон нутгийн санал асуулга явуулах тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тухайн санал асуулгын тов, шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын томьёоллыг тусгана.

 

  99.2.Орон нутгийн санал асуулга явуулах тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд санал асуулгаар хэлэлцүүлэх шийдвэр,  эсхүл  түүний  холбогдох заалтыг  өөрчлөх,  хүчингүй  болгох,  шинээр  батлах  шийдвэрийн  эх  бичвэрийг хавсаргана.

 

  100 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах  хэд хэдэн санаачилгыг нэгтгэн шийдвэрлэх

 

  100.1.Нэг асуудлаар санал асуулга явуулахаар хэд хэдэн санаачилга гаргасан тохиолдолд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуульд заасан журмын дагуу хамтатган нэг санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаж болно.

 

  101 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулгын тов, түүнийг зарлах

 

  101.1.Орон нутгийн санал асуулга явуулах өдрийг санал асуулга явуулах тухай тогтоол баталсан өдрөөс нэгээс доошгүй сарын дараа гурван сараас хэтрэхгүй хугацаанд товлоно.

 

  101.2.Энэ  хуулийн 101.1-д  заасан  санал  асуулгын  тов  нь орон  нутгийн  ээлжит  сонгууль  болохоос  зургаан  сарын  дотор байвал ээлжит сонгуультай хамт зохион байгуулна.

 

  101.3.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж өргөн мэдүүлсэн санал асуулга явуулах тухай бие даасан хэд хэдэн санаачилгын хугацаа хоорондоо хагас жилийн дотор байвал тэдгээрийн товыг нэгтгэн зарлаж болно.

 

  102 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулах тухай мэдээлэх

 

  102.1.Тухайн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн санал асуулга явуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурав хоногийн дотор үндэсний болон орон нутгийн өдөр тутмын сонинд уг шийдвэр, түүний танилцуулгыг байрлуулж, өөрийн албан ёсны цахим хуудас, орон нутгийн радио, телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

  102.2.Орон нутгийн санал асуулга явуулах тухай шийдвэрийг ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хариуцан ажиллах ба  тухайн асуудлыг дэмжсэн, эсхүл дэмжихгүй байгаа байр сууриа илэрхийлсэн бодит үндэслэл бүхий тайлбар, мэдээлэл хийж болно.

 

102.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар улс төрийн зорилгоор аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.

 

102.4.Төрийн удирдлагын болон нутгийн өөрөө удирдах байгууллага санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар олон нийтийг бодит мэдээллээр хангана.

 

102.5.Санаачлагчдын бүлэг болон бусад иргэнээссанал асуулгыг таниулах, сурталчлах ажлыг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн хөрөнгө, бусдын хандиваар хийж болно.

 

  102.6.Энэ хуулийн 101.2-т заасны дагуу cанал асуулгыг бүх нийтийн сонгуультай хамт зохион байгуулах тохиолдолд танилцуулга сурталчилгаа, түүний санхүүжилтийг энэ хуульд заасны дагуу зохицуулна.

 

  102.7.Тухайн Хурлын Тэргүүлэгчид нь санал асуулга явуулах өдрийг товлосны дараа санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар санаачлагчдын бүлэг болон холбогдох төрийн байгууллагын үндэслэл, тайлбарыг нэгтгэн энэ хуулийн 87.3-т заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, орон нутгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

 

102.8.Хэвлэл мэдээллийн байгууллага санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл түгээнэ.

 

  103 дугаар зүйл.Өргөн мэдүүлсэн санаачилгаар шийдвэр гаргахгүй байх

 

  103.1.Орон нутгийн санал асуулгаар хэлэлцүүлэхээр тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн асуудлыг санал асуулгаар шийдвэрлэх хүртэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливаа шийдвэр гаргах замаар шууд болон шууд бус байдлаар шийдвэрлэхгүй байх үүрэгтэй.

 

  103.2.Орон нутгийн санал асуулга явуулах санаачилгыг өргөн мэдүүлснээс хойш санал асуулгаар шийдвэрлэх хүртэл хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь санаачлагчдын бүлэгтэй зөвшилцсөний үндсэн дээр санал асуулга явуулахаар санаачилсан саналыг өөрчлөхгүйгээр хүлээн зөвшөөрч, шийдвэрлэж болно.

 

104 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулгыг хойшлуулах нөхцөл байдал

 

104.1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, эсхүл зарим хэсгийг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас санал асуулга явуулах боломжгүй бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн санал асуулгыг зогсоох буюу хойшлуулах шийдвэр гаргана.

 

104.2.Орон нутгийн санал асуулгыг зогсоосон буюу хойшлуулсан нөхцөл байдал арилсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 5 хоногийн дотор орон нутгийн санал асуулга явуулах өдрийг шинээр товлон зарлана.

 

105 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулга явуулахтай холбогдсон зардал

 

105.1.Орон нутгийн санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлэх ба тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зардлын хэмжээг батална.

 

105.2.Сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

 

105.3.Санал авах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

 

105.4.Энэ хуулийн 105.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын дээд болон орон нутгийн аудитын байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

 

106 дугаар зүйл.Санал тоолох

 

106.1.Санал  авах   байр  тухайн  хэсгийн  санал  асуулгын  дүнг  уншиж сонсгосны дараа санал асуулгын дүнг нэгтгэсэн тэмдэглэлд ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гарын үсэг зурж, нэг хувийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдэд гурван хоногт хүргүүлнэ.

 

106.2.Санал авах байр саналын хайрцгаас гарсан саналын хуудас болон энэ хуульд заасны дагуу хураагдсан саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдэд тав хоногт хүргүүлнэ.

 

106.3.Саналын хуудасны мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор битүүмжилсэн саналын хуудасны битүүмжлэлийг задлахгүйгээр  холбогдох   журамд  заасны  дагуу   аймаг,  нийслэлийн  архивт хадгална.

 

107 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулгын нэгдсэн дүн гаргах, мэдээлэх

 

107.1.Орон нутгийн санал асуулгын дүнг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэгтгэж хоёр хоногийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

 

108 дугаар зүйл.Орон нутгийн санал асуулгаар шийдвэрлэсэн асуудлыг хэлбэржүүлэх

 

108.1.Аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн орон нутгийн санал асуулгаар баталсан асуудлаар тогтоол гаргаж албажуулна.

 

109 дүгээр зүйл.Орон нутгийн санал асуулгаар шийдвэрлэсэн асуудлаар дахин  санал асуулга явуулахгүй байх хугацаа

 

109.1.Орон нутгийн санал асуулгаар нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар хоёр жилийн дотор, санал  асуулгын үр дүнд дэмжигдээгүй  асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш нэг жилийн дотор дахин орон нутгийн санал асуулга явуулахыг хориглоно.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

110 дугаар зүйл.Иргэдийн санаачилга, санал асуулгатай холбоотой маргааныг шийдвэрлэх

 

110.1.Иргэдийн санаачилга, санал асуулга зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн дагуу шийдвэрлэнэ.

 

110.2.Санал асуулгын дүнтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ.

 

110.3.Орон нутгийн санал асуулга,иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилгын талаар тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох энэ хуулийн 110.2-т зааснаас бусад захиргааны маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ.

 

110.4.Эд хөрөнгийн эсхүл бусад иргэний харилцаатай холбоотой маргааныг харьяаллын дагуу анхан шатны иргэний шүүх шийдвэрлэнэ.

 

110.5.Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулж хэлэлцүүлэх санаачилгын талаар сонгуулийн төв байгууллагад холбогдох энэ хуулийн 98.2-т зааснаас бусад маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

 

111 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

111.1.Энэ хуулийн 5.5-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгуулийг шүүгч ногдуулна:

 

111.1.1.хувь хүнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

 

111.1.2.албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

 

111.1.3.хуулийн  этгээдэд  нэг   сарын  хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

 

111.2.Энэ хуулийн дагуу гаргасан санал, санаачилгыг бүртгэх, сонгуулийн эрх бүхий иргэний тоог гаргаж өгөх, гарын үсгийн жагсаалт шалгаж тоолох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулж хэлэлцүүлэх санаачилгыг өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийн төслийн тухай саналыг  хууль санаачлагчид уламжлах, санал асуулга явуулах санаачилгыг өргөн мэдүүлэх албан үүргээ биелүүлээгүй төрийн албан хаагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг шүүгч ногдуулна.

 

111.3.Энэ хуульд заасан хугацаанаас өмнө гарын үсэг цуглуулах ажиллагааг эхэлсэн,эсхүл энэ хуулийн 5.4-т заасныг зөрчсөн, эсхүл бусдын өмнөөс гарын үсэг зурсан иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг шүүгч ногдуулна.

 

111.4.Гарын үсгийн жагсаалт, хуудсыг тухайн санал, санаачилгаас өөр бусад зорилго, зориулалтаар ашигласан буюу ашиглахыг завдсан үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгуулийг шүүгч ногдуулна:

 

111.4.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

 

111.4.2.албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

 

111.4.3.хуулийн этгээдэд нэг  сарын хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

 

111.5.Энэ  хуульд заасан журмыг  зөрчиж,  хандив  авахыг  хориглосон этгээдээс хандив авсан бол уг хандивыг холбогдох хуультогтоомжид заасны дагуу улсын орлогод авч, төрийн санд шилжүүлнэ.

 

111.6.Cанал асуулга явуулах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, санал асуулгад оролцохоос татгалзахыг нийтэд уриалсан, бусдын нэрийн өмнөөс санал асуулгад оролцсон, санал тоолох ажлыг зориуд саатуулсан үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан торгуулийг шүүгч ногдуулна:

 

111.6.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

 

111.6.2.албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

 

111.6.3.хуулийн  этгээдэд  нэг   сарын  хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээг арван нэгээс арванзургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

 

111.7.Энэ хуулийн 5.5, 111.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

112 дүгээр зүйл.Зөрчил шийдвэрлэх

 

112.1.Энэ хуульд заасан зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах бөгөөд түүнийг Сонгуулийн тухай хуулийн 117, 118, 119 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

 

113 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

113.1.Энэ хуулийг 2017 оны...дугаар сарын...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

[1]      Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2]          Ард нийтийн санал асуулгын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2016 оны 9 дугаарт нийтлэгдсэн.

[3]     Сонгуулийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2016 оны 4 дугаарт нийтлэгдсэн.

[4]     Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 39 дугаарт нийтлэгдсэн.

[5]     Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

[6]    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

[7]     Сонгуулийн төв байгууллагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 5 дугаарт нийтлэгдсэн.

[8]          Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[9]     Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[10]        Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 3 дугаарт нийлэгдсэн.

[11]        Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.