Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох уулзалтад оролцлоо

Administrator 2017-03-08 12:49:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм.

Энэ удаагийн санал солилцох уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид, “Глоб интернейшнл”  ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, ЛЭОС-г төлөөлж Ц.Бүжидмаа, МОНФЕМНЕТ  үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн дарга Дондов, Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал, Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Чулуундолгор нарын зэрэг олон зочид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр дэлгэрэнгүй үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дэвшлийн талаар бид ярьж байгаа нь их сайхан байна. Энд гурав, дөрвөн чиглэлээр санаа бодлоо солилцъё гэж бодлоо. Жишээлбэл, иргэний улс төрийн эрхийн асуудал яагаад үүссэн бэ гэхээр манай нийгэм, улс төрийн системд хоёр гажуудал үүсээд байгаа юм. Нэг дэх нь, улс төртэй холбоотой асуудал улс төрийн намаар явна. Иргэн хамаагүй гэсэн нэг ийм болчихлоо. Улс төрийн нам нь тасарчихсан. Улс төрийн нам руу нь яваад орохоор тодорхой эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн хүмүүсийн сонирхлын бөөгнөрөл болоод хувирчихсан. Эрх баригч юм уу, хоёр гол намаа тойруулаад харахаар ямар ч хариуцлага хүлээдэггүй. Эргээд нийгэмд маш их асуудал болдог. Иргэдийн эрхийн тухай ярихаар энэ бол ТББ-ын хэдэн идэвхтэй хүмүүсийн л асуудал. Та нар л тэндээ юмаа ярьж бай гэдэг. Ийм гажуудал бий болчихож. Энд нэг холбоос дутаад байна. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль бол тэр холбоосыг нөхөхөд хамгийн чухал хууль. Үүнийг эрх баригчид, УИХ-ын гишүүд ойлгомоор байгаа юм.

Хэрэв энэ холбоос нөхөгдөхгүй бол хүчирхийллийн замаар ч юм уу, УИХ-ыг огцруулъя, үүнийг  алга болгоё гэсэн зам руу нийгэм халтирч орох магадлал байгаа юм. Ийм асуудал нээлттэй нийгэмд байдаг юм байна. Үүнийг шийдэх арга нь Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль гаргаад, оролцоог нэмээд явбал зөвөөр, аажимдаа, дэвшилттэйгээр явдаг юм байна гэсэн нэг ийм зүйл харагдаж байна.

Хоёр дахь гажуудал бол иргэд, ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой. Ялангуяа байгаль орчны чиглэлээр явж байгаа хүмүүсийг та нар мэднэ дээ. Дэндүү гажуудсан, дэндүү экстрим шинжтэйгээр асуудлаа тавьдаг. Тэр нь төрийг, төрийн байгууллагыг, асуудал шийдэх хүмүүсийг  холдуулдаг. Огцор гэдэг. Цонх руу нь сум харваж байдаг. Тэр нь эргээд хуулийн асуудал болдог. Тавьж байгаа асуудал нь зөв байж магадгүй. Хэрэглэж байгаа арга нь иргэнлэг биш.

Иргэний нийгэм гэдэг бол иргэд асуудлаа тавихдаа маш иргэнлэг байдлаар бид явах ёстой. Иргэний нийгмийн зүгээс хүчирхийллийн шинжтэй, экстрим шинжтэй үйл ажиллагаа гарах юм бол тэр нь эргээд муу төрд юм уу, түүнийг үгүйсгэх албан тушаалтнуудад олз болж хувирна. Хүмүүс дургүй болж попууд гэж  нэрлэж байна. Тодорхой сэдвээр асуудал аваад гүйж байгаа. Түүгээр улс төрийн явцуу эрх ашгаа хангадаг ч юм уу, аль эсвэл хамгийн буруу юм бол тодорхой уул уурхайн компани дээр асуудал тавиад, тэндээс мөнгө, санхүүгийн ашиг олоод, дуу хоолой нь алга болдог. Энэ нь Иргэний нийгмийн нэр хүндийг унагаад байгаа. Тавьж байгаа асуудал нь шийдэгдэхгүй байх нөхцөл рүү явж байна.

Сая энэ чиглэлээр МОНФЕМНЕТ-ийн Номингэрэлийн ярьж байгаа зүйл, гарч байгаа асуудал их зөв харагдаж байна. Илүү мэргэших хэрэгтэй. Энэ хоёр гажуудлыг засахад Иргэний улс төрийн эрхийн хууль их чухал юм.

ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой нэг зүйл бол монгол хүнд байдаг нэг дутагдал байгаа юм. Байнгын биш, дагаж хийдэг ажил байдаггүй. Нэг өдөр хуралдахаараа нэг их ажил төлөвлөөд юм хийнэ гэдэг. Тэгсэн мөртлөө нэг е-мэйл явуулчихдаггүй гэж гаднынхан хэлдэг. Харилцаа байхгүй, тасалчихдаг. Мартдаг. Сарын дараа гэнэт санадаг.

Бид үйл ажиллагаандаа байнгын байх нэг зарчим бий болгомоор байгаа юм. Асуудал тодорхой бол байнга түүнийгээ дагаж явдаг. Хүчирхийллийн эсрэг хуультай болох гэж 22 жил болсон гэж сая ярилаа.

Хоёр дахь зарчим бол олсон ололтоо бататгаад цаашаа алхаад байх хэрэгтэй. Манайх өмнө нь юу ч байгаагүй юм шиг, дахиад тэгээс эхэлж байгаа юм шиг явдаг.

Гурав дахь миний харж байгаа зүйл бол тодорхой асуудал үүслээ. Сая Дүнжингарав гээд асуудал үүслээ. Энэ чухал. Нийгмийн асуудалд хандаж байна. Иргэний нийгмийн тавьсан асуудал 100 хувь зөв, 100 хувь шударга асуудал биш байж магадгүй. Зохион байгуулж байгаа хүмүүст ч тодорхой тайлбар байж магадгүй. Ийм зөрчил үүсч байж, тодорхой асуудал үүсч байж юм урагшаа явдаг. Шүүхийн шийдвэрийг сонирхоод үзэхэд л тодорхой байгууллага асуудал тавьсан. Шүүгч авч үзээд захирамж гаргасан. Энэ бол тэр асуудлыг шийднэ. Үүнийг шүүх авч үзэх гэж байна. Асуудлыг шийдтэл тэр уралдааныг явуулах хэрэггүй гэсэн захирамж л байгаа шүү дээ. Гэтэл үүнийг бид мэдээгүй байсан гэж нөгөө улсууд бухаж байж мэднэ. Ийм зүйл жил бүр гардаг. Үүнийг 2-3 сарын өмнө юм уу, мэргэжлийн хувьд асар үндэслэлтэйгээр, асуудлаа өмнөөс тавиад явж болж байгаа юм. Үүнд хариуцлага тооцох боломж бий.

Нэг юм ойлгох хэрэгтэй. Засгийн газар юм уу, албан тушаалтантай холбож, тэднээс хамааруулж асуудал шийдэх гэдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хууль маш том дэвшил болсон. Шүүгчийн захирамжийг тухайн байгууллага хэрэгжүүлсэнгүй гээд иргэн хариуцлага тооцуулахаар шүүхдээ эргээд хандахад шүүх авч хэлэлцэх боломжтой болсон. Шүүх авч хэлэлцээд тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах боломжтой байгаа. Тэр рүү бид, Иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагууд явмаар байгаа юм. Шүүх дээр очоод асуудлаа хуулийн үүднээс хамгаалдаг, үндэслэлээ гаргаж чаддаг, тийм мэргэшсэн хуульчид, мэргэшсэн хүмүүс болж хувирах нь чухал.

 

Зүгээр нэг асуудал хөндөж тавиад орхих биш, олон улсын нэгдсэн конвенц нь юу байна. Монголын хуулиуд нь юу байна. Захиргааны ерөнхий хуулиар ямар боломж гарсан байна. Эдгээрийг тавихад асуудал шийдэгдэх боломжтой. Эндээс харахад цаашаа давж заалдах шат, бүр дээд талдаа Дээд шүүхийн Иргэний танхим хүрээд, энэ шийдвэр зөвөөр явах юм бол Захиргааны шүүхээс эцсийн шийдвэр гараад өвлийн морин уралдаан хүүхдийн эрүүл мэндэд хохиролтой маягаар явдаг байдлыг шүүхийн шийдвэрээр бүрэн таслан зогсоох боломжтой байгаа.

Манай хууль тогтоомжид бүх зүйл бүрэн тусаагүй байж болно. Тэндээс хуулиа, асуудлаа санаачлаад явдаг, нэмж дутуу зүйлүүдийг оруулдаг хэлбэр рүү явах юм бол энэ дутагдлаас гарна. Асуудал үүсэхэд түүнд соргог ханддаг, шийдэгдэх хүртэл нь, шийдэгдсэн ч эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хүртэл нь яваад байх хэрэгтэй.

Иргэний нийгэм байнгын оршин байх ёстой. Бид иргэний эрхийг хэрэгжүүлдэг чөлөөт нийгэм байгуулж байгаа. Уг нийгэмд амьдарч байгаа хүмүүс өөрсдийнхөө харилцааг хамгийн сайнаар яаж зохион байгуулах вэ гэсэн нийгэм л сонгож авсан шүү дээ.

Түүнээс биш хүссэн бүрийг өгье гээгүй. Бидний сонгосон төр, засаг төгс төгөлдөр байна гэж ерөөсөө бид итгээгүй. Сонгогдсон, ажиллаж байгаа улсуудад асуудал дандаа байх болно. Түүнээс өөрөөр бид нар яваад асуудлаа шийдүүлэх боломжгүй. Энэ зарчмаа бүгдээрээ харъя.

МОНФЕМНЕТ гэж үүссэн энэ санаачилга бол манай иргэний нийгмийн хорин хэдэн жилийн үйл явцад гарч ирж байгаа том ололт гэж бид хармаар байгаа юм. Зөвхөн нэг хэсэг эмэгтэйчүүд, нэг хэсэг явдаг улсуудын асуудал гэхээсээ илүүтэй мэргэжлийн, зөв байгууллагын чиглэл рүү орж байна гэж би харж байна.

Бидний цаашдаа хиймээр нэг асуудал бол УИХ-ын эмэгтэй гишүүд энд ирээд суучихсан, бидний яриаг сонсоод, оролцоод, ойлголттой болоод  байж баймаар байгаа юм. Тэр асуудал өөрт нь ойлгогдож, итгэл үнэмшил болохгүй бол тэр гишүүн асуудлыг авч явж чадахгүй.

Бидний бас нэг зарчим бол ололтоосоо ухармааргүй байгаа юм. Ололт гэдэг бол хэдэн хууль батлагдсан, тэнд маш олон боломж туссан. Энэ бол зөв санаа. Үүнийг бид ололт гэж үзнэ. Үүнээс бид ухрахгүй. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсан. Хүчирхийллийн эсрэг хууль гарсан. Нээлттэй сонсголын тухай хууль гарсан. Шилэн дансны тухай хууль гарсан. Энэ бол ололт байгаа юм.

Одоо үүн дээр нэмж хийх зүйл юу байна. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газраас гаргах хэдэн журам байгаа. Үүнийг гаргахгүй байна. Хууль зүйн яам нэмж хийх зүйлүүд бий. Үүнийг гаргахгүй байгаа юм. Харин ч үүнийг боогдуулах шахуу Хуулийн тухай хууль гэж сая гарлаа шүү дээ. Хууль санаачлахтай холбоотой хууль. Тэр маш хүнд сурталтай болгож хувиргалаа шүү дээ.

Хууль санаачлаад явуулдаг, оруулдаг, нөхцөл байдлыг нь судалдаг л юм байгаа биз. Одоо хууль санаачлагч хууль санаачилж оруулахад хүртэл хүндрэлтэй. Зөвхөн Засгийн газар, бараг Хууль зүйн яам л асуудал мэддэг, шийддэг шахуу болгож хувиргаж байна. Ололт байгаа байх. Гэхдээ тэнд ухралт байна л гэж харж байна. Тэгэхээр бид ололтоо хамгаалаад, ололтоосоо ухармааргүй л байгаа юм.

Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэгт мэдээлэл олж авах эрхтэй холбоотой, улстөрчдийн тайлбарыг сонсохоор үндэслэлтэй ч юм шиг сонсогдох хоёр, гурван болохгүй заалт явж байгаа. Торгодог, хорьдог зүйл тэнд явж л байгаа. Тэгэхээр тэдгээр дээр МОНФЕМНЕТ сүлжээ нэгдээд, дуу хоолойгоо хүргээд, асуудлаа тавиад л явмаар байгаа юм.

Өөр нэг санаа хэлэхэд олон нийтийн, иргэдийн санаачилгад ээлтэй гишүүн, ээлтэй төлөөлөгчидтэй болъё. Асуудлаа дэвшүүлээд, түүнд нь нааштай ханддаг, “Наадах чинь зөв юм байна. Би үүн дээр байр сууриа илэрхийлнэ гээд явдаг улсуудын жагсаалтыг гаргадаг байя. Бусад оронд тэгдэг шүү дээ. Тэдэнтэй харилцдаг. Тэд нар нь цаашаа аваад явдаг. Бид бүгдээрээ УИХ-ын танхим руу орж, байнгын хорооны танхимд асуудлаа танилцуулж чадахгүй шүү дээ. Тэнд сонгогдсон гишүүдээрээ дамжуулж асуудлаа явуулдаг, түүнийгээ зарладаг, ийм зүйлд заримдаа манай гишүүд дуртай шүү дээ. Бүр энэ санаачилгыг эсэргүүцдэг нөхдийг бас зарладаг байж болно.

Гэтэл манайхан экстрим зүйл рүү явчих юм. Түүнээс нь хүн ухрах байдалтай болчих юм. Үүнийг зөв хийгээд яваад байвал зөв юм уу даа. Цаашдаа ийм ажлуудыг бодож хийвэл яасан юм бэ гэж санаж байна.

Хууль дээр тодорхой хэдэн зүйлийг ярилцъя. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль буцсан нь муу үр дүн. Гэхдээ үүнийг боломж гэж харах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн хэлж байгаа саналууд бас байгаа. Одоо энэ хуулиа улам сайжруулж чамбайруулъя. Би УИХ-д, асуудал шийддэг нөхдөд нэг зүйл хэлээд байгаа. Та нар жишээ нь, Хариуцлагын хуулийг баталж гаргахгүй бол магадгүй,  дараагийн эрх баригчдын л ажил болно шүү. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг тогтолцоо бий болгоё гэсэн асуудал бид тавьж байгаа. Та нар үүнийг тавихгүй бол дараагийн хүмүүсийн хөтөлбөрт энэ асуудал орох болно шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас гараад ирсэн төслийг улам чамбайруулаад хуулийг батлах нь зөв гэж би хэлээд байгаа.

Хүн бүхний амнаас л хариуцлагатай болъё, шударга ёс тогтооё гэсэн үг гардаг. Хариуцлагатай болъё гэж байгаа бол тэр Хариуцлагын хуулийг батлаач дээ. Түүнийг заавал төгс төгөлдөр хууль гэж бид харахгүй байгаа. Монголын хувьд тэр бүрийг томъёолоод, хууль болгоод оруулна гэдэг хэцүү. Өмнө нь тийм хууль байгаагүй. Манай нийгэмд тийм систем байгаагүй. Эхлээд тийм хууль бий болгоё. Дараа нь сайжруулъя. Хууль буцсан нь боломж гэж харъя.

Яриад эхлэхээр манайхан зарим нэг хуулийн заалт, санаачлагаасаа буцаж эхэлдэг. УИХ руу орохдоо нэлээд чамбай, тайлбартай, буцахааргүй явах хэрэгтэй байгаа юм.

Бусад улс оронд асуудал шийддэг арга бий болсон байна. Энэ хуульд үүнийг заавал оруулмаар байгаа юм. Жишээ нь, УИХ-ын 5 гишүүн энэ хуулийг, иргэний энэ санаачлагыг дэмжиж гарын үсэг зурвал, ИТХ-д байгаа төлөөлөгчдийн тодорхой хувь нь гарын үсэг зурах юм бол асуудлыг хэлэлцэх боломжтой болдог. Энэ их чухал юм билээ. Энэ нь нэгдүгээрт, УИХ-ын гишүүний, ИТХ-ын төлөөлөгчийн эрхэд халдаж байна гэдгээс хөндийрч байгаа юм. Хоёрт, энэ хуулийг итгэл үнэмшлийн үндсэн дээр цаашаа авч яваад хэлэлцүүлэх субъекттай болж байгаа юм. Тэгэхээр үүнийг заавал оруулах хэрэгтэй юм билээ. Зарим газар улс төрийн намууд үүнийг их өргөн хэрэглэдэг шүү дээ. Тэгж байж нам нээлттэй болдог. Манайд энэ бол маш зөв зарчим.

Нам гэдэг нийгмээс тусгаарлагдсан тусдаа хүмүүс биш. Бидний шаардлага ч харь гаригийн шаардлага биш. Бид нэг л нийгэмд амьдарч, нэг л зовлонтой байгаа хүмүүс. Үүнийг иргэнлэг аргаар, зөв замаар шийдвэрлэх хэлбэр зөв. Үүнийгээ бид хуульд механизм болгож орулмаар байгаа юм.

Өөр нэг зүйл бол бусад хуультайгаа холбомоор байгаа юм. Хууль дотор заавал нэг санаачилга, нэг өгүүлбэр баймаар байна. Энэ явсаар байгаад шийдэгдэхгүй боллоо гэхэд орон нутагт Нийтийн сонсголын хуультайгаа холбож өгмөөр байгаа юм. Хүлээж авахгүй байгаа асуудлаар нийтийн сонсгол явуулна. Суман дээр үйл ажиллагаа боллоо. Нийгэмд баахан асуудал өрнөлөө. Хүмүүс гарын үсэг цуглууллаа. Үүнийг Нийтийн сонсголын хуулийн дагуу нийтийн сонсголоор хэлэлцэнэ. Ярилцана. Тэндээс гарч байгаа үр дүнгийн дагуу бас зөвшилцөнө. Нийтийн сонсголыг би бас албан тушаалтнууд, асуудал тавьж байгаа хүмүүсийн зөвшилцөл гэж ойлгоод байна. Энэ хуульд нэг өгүүлбэр оруулаасай гэж би бодож байсан. Иргэний танхим гэдэг бол манай ололт. Гэтэл үүнийг одоо юу гэж үгүйсгэдэг вэ гэхээр энэ бол Элбэгдоржийн санаачлагаар явж байсан зүйл гэдэг. Та нар хараарай. Энэ ололтоос маш хурдан ухарч байгаа.

Шилэн дансны хууль гэхэд өнөөгийн эрх баригчид үүнийг ер нь “харь хууль” гэж үзээд хуулийг сонголттой хэрэгжүүлдэг болоод байгаа шүү дээ. Энэ бол маш том ухралт. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа хувь асар өндөр болсон. Энэ хэрэгтэй гээд орон нутагт иргэд шаардаад явж байгаа газар байгаа.

Өмнө нь бүх төрийн байгууллага, албан тушаалтнууд, бараг 70 хувь нь ямар нэгэн байдлаар санхүүгийн талаар гарч байгаа шийдвэр, мөнгөнийхөө асуудлыг оруулдаг байсан бол энэ хувь энэ УИХ, Засгийн газар, орон нутгийн шинээр гарч ирсэн эрх баригчдын хувьд маш их багассан байгаа шүү. Бараг 30 хувь руу ч орсон байж магадгүй. Тиймээс үүн дээр хэдүүлээ мониторинг хийе. Шилэн дансан дээр хамтарч ажиллахыг маш чухал гэж би бодож байгаа.

Бид нэг юмыг маш их ашигламаар байна. Нийгмийн амьдрал, дэлхий ертөнцийн амьдрал мэдээллийн технологиор дамжаад, нийгмийн сүлжээгээр дамжаад, утсаар дамжаад өөр болчихлоо шүү дээ. Үүн рүү бид өөрсдөө ормоор байгаа юм. Шилэн дансны хуулийг дэмжигчид, Шилэн дансны хууль дээр мониторинг хийдэг хүмүүс аймаг, сум бүрт фейсбүүк группууд бий болгох ёстой. Түүгээр дамжаад тэнд ямар ололт байна. Тэр хуулийг сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, албан тушаалтнаас хэн нь зөрчиж байна. Тэр фейсбүүк групп дээр нээлттэй байдаг. Тэнд гарч баймаар байна. Твиттерээр асуудал тавьдаг. Асуудал тавиад албан тушаалд хүрэхээрээ зарим нөхөд амаа хамхичихаж байгаа шүү дээ. Ийм баймааргүй байгаа юм. Иргэн бүхэн оролцож байж явмаар байна.

Үүнийг Ерөнхийлөгч сануулах шаардлагатай. Би аль болохоор сануулахыг оролдоод байгаа. Яг энэ иргэдийн оролцоо, шилэн дансны асуудлаар Тамгын газраас төлөвлөж байгаа зүйл бий. Богино хугацаа үлдлээ л дээ. Нийгмийн анхаарал хандуулах ганц нэг асуудал бий. Төлөвлөгөөндөө оруулаад байгаа.

МОНФЕМНЕТ сүлжээ нэг зүйл хиймээр байгаа юм. Та бүхэн боломжоороо Шилэн дансны хуулийн хэрэгжилт ямар байна гэдэг дээр мониторинг хиймээр байна. Үүн дээр төрийн зүгээс мониторинг хийх Аудитын газар бий. Аудитын газрын шинэ дарга томилогдсон. Аудитын газрын удирдлагатай та бүхэн санаачлаад уулзмаар байгаа юм. Ямар зөрчил байгаа юм. Энэ хүмүүс төрийн хүчээр, төрийн байгууллагын чиглэлээр бас тодорхой дүгнэлт гаргаж танилцуулах үүрэгтэй. Аудитын газар энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа. Бид, Тамгын газраас нөгөө талаас нь шаардъя. Б.Нэргүй дарга бичиж аваад шаардах байх.

Бид үр дүнгээ ярьчихаад Шилэн дансны хуулийг цаашид боловсронгуй болгох санаачилгууд гаргаад, болж өгвөл энэ бүрэн эрхийн хугацаанд тэр хуулийн төслийг уг нь өргөн барьчихмаар байгаа юм.

Өмнө нь Шилэн дансны хууль дээр их чухал заалт байсан. Өмнөх УИХ батлахдаа хариуцлагын заалтыг нь аваад хаячихсан. Шилэн дансны хуулийг албан тушаалтан хөтлөхгүй, мэдээллээ тавихгүй бол иргэд шаардаад, дээд шатны албан тушаалтан шаардаад, данс хөтлөхгүй байгаа албан тушаалтантай хариуцлага тооцдог, ажлаас нь халах хүртэл шийдвэр гаргах тухай заалт байсан. Гэтэл түүнийг аваад хаячихсан. Түүнийг бид оруулмаар байна. Түүнийг барьж гүйдэг нь олон нийтийн байгууллага, иргэдийн байгууллага баймаар байна.

Хууль батлахад бас зальтай болжээ. Амин сүнсийг нь аваад хаячихдаг. Мундаг хууль батлах гэж байна, тэгье, тэгье гээд нийгмийн дэмжлэг ороод ирдэг. Тэгэхээр хууль баталдаг газар нь амин сүнсийг нь аваад хаячихдаг. Амин сүнс нь явж явж нөгөө хариуцлагатай холбоотой, албан тушаалтантай холбоотой л асуудал байдаг. Үүгээр энэ богино хугацаанд нэг хэлэлцүүлэг хийх гэж оролдъё. Дээр нь Иргэний танхимтай холбож өгөөч. Иргэдийн нийтийн Хурал гэж байгаа. Тэрэнтэй холбож оруулмаар байгаа юм.

ИТХ-ын дарга юм уу, төлөөлөгч гэж байгаа. Тэр хүний нэрийг бичээд, албан тушаалыг нь бичээд энэ асуудлаар ийм санаачилга үүсээд эхлэх юм бол ИТХ-ын дарга нь хүлээж авч уулзаж байдаг.  Санаачилга,  тайлбарыг сонсож байдаг болгомоор байна. Тэгэхгүй бол хэсэг хүн яваад байдаг. Бороо, цасанд явсаар байгаад иргэдийн санаачилга замдаа унтардаг.

Түүнийг үүрэгжүүлсэн болгоё. Сая процесс гээд хэлээд байна. Бид ч хуулийг тунхгаараа л хийгээд байгаа юм. Нэг санаачилга явлаа. Хаана хүрээд тэр зогсч болох вэ, ямар үр дагаварт хүрч болох вэ гэдгийг бид харж, хийж өгье. Иргэдийн нийтийн Хуралтай газар хэлэлцүүлж ч болно шүү дээ. Ялангуяа орон нутгийн түвшинд энэ их чухал хууль. Ийм болговол иргэдийн улс төрийн эрх болох төрийн үйл хэрэгт иргэд оролцох тухай Үндсэн хуулийн хоёр заалт хэрэгжинэ. Үндсэн хуулийг баталсан, томоор яривал Үндсэн хуулийн эцэг гэж хэлэхээр тэр депутатууд тэр хоёр заалтыг оруулж өгсөн нь маш чухал ололт. Гэтэл энэ хоёр заалт маань явахгүй байгаа. Дээр нь хууль, тогтоомжийн төслийг уламжлах гээд үндсэн хоёр суурь заалт нь орчихсон. Үүнтэй холбоотой хууль гараагүй байна л гэж бид асуудал тавьж байгаа биз дээ.

Гарын үсэг гэдгийг бид их зөв тайлбарламаар байгаа юм. Иргэн тодорхой асуудал дээр гарын үсэг зурж байна гэдэг иргэний оролцооны асар тодорхой хэлбэр. Түүнээс биш гарын үсэг гэдэг мода юм уу, тийм зүйл биш. Иргэн гарын үсэг зураад, тодорхой асуудлыг ойлгоод, дэмжиж байна гэдэг бол иргэний оролцоо. Хуульд нэг оруулмаар юм бол цахим санал, хэлэлцүүлгүүдийг фейсбүүк, нийгмийн сүлжээ, нийгмийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэрэгжүүлдэг, хариугаа үүгээр дамжуулж авдаг байдлыг хуульд заавал оруулж өгмөөр байгаа юм.

Тэгэхгүй заавал суман дээр очиж хурал хийдэг, тэгээд хариугаа авахад тооцох арга нь л чухал шүү дээ. Цахим шуудангийн хаяг нь байх ёстой, утас нь байх ёстой, тэр иргэнтэй холбогдох ёстой, түүний цаана сууж байгаа хүн бодитой иргэн л байх ёстой. Ингээд л боллоо. Би танай энэ санаачилгыг уншсан, дэмжиж байна гэж бичээд холболт үүсэх юм бол гарын үсэг зурснаар тооцдог байж болно. Энэ нэг юмыг бүгдээрээ ашиглая. Улс төрийн амьдралыг иргэний нийгмийн амьдрал руу заавал оруулж ирье. Санаачилж байгаа хуулиндаа заавал оруулъя гээд байгаа юм.

Би бодохдоо Улс төрийн намын тухай хуульд энэ орох ёстой гэж бодож байна. Их хурал  хийж байна гээд 3000 юм уу, эсвэл сонгогдсон мундаг тусдаа эрхтэй хүмүүс асуудлыг шийддэг биш. Харин 30000 гишүүн, тэр намын нийт бүртгэгдсэн, яг байгаа гишүүдийн 15 хувь нь оролцоод, тэр хэлэлцүүлэгт би оролцлоо гээд эргээд цахим байдлаар холболт үүсгэвэл одоо үүнийг хүрлээ гэж үздэг ийм боломж байна. Энэ нь нийгмийн оролцоог улам нэмэх боломж юм.

Хүн төрөлхтөнд технологийн дэвшил гарч бидний амьдралд ороод ирлээ. Өнөөдөр утасгүй хүн гэж бараг байхгүй. Гар утасны ямар нэгэн хэлбэр байгаа. Мессэж бичдэггүй хүн гэж байхаа больсон. Үүнийг ингэж оруулж өгвөл их зүгээр байгаа юм.

Орон нутгийн чиглэлийн эрх дээр жаахан нэмж нээж өгмөөр байгаа шүү. Бид дээрээ, УИХ дээр асуудлууд дээр хязгаарлалт хийж өгсөн. Орон нутаг дээр нээж өгье. Дээр нь тэр хариуцлагын заалтыг оруулж өгье. Тэр Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, тэр төлөөлөгч, Их Хурал, УИХ-ын дарга гээд биччих юм бол энэ хуулин дээр холбоос нь үүсчихэж байгаа. УИХ-ын дарга төлөөлж гэдэг юм уу, УИХ-аар хэлэлцүүлээд гараагүй бол оруулсан иргэдийн төлөөлөлд биечлэн хариу өгнө. Уулзаж , эсвэл бичгээр хариу өгнө. Бид бүхэн энэ асуудлыг оруулаад заавал дэмж гэхгүй.

Миний бодлоор бол энэ асуудалд 5000 гарын үсэг зуруулна гэдэг чинь маш хүнд суртал маш хэцүү ажил. Түүгээр дамжаад хүлээж авагдсан байвал энэ асуудлыг заавал хэлэлцдэг л баймаар байна. Түүнээс дэмжигдээд хууль болгочих гэж хэлээгүй. Хэлэлцэхдээ л УИХ нь үзээд, олон талаас нь шүүмжилж байгаад ямар утга агуулгаар юм, тэр хууль буцаж болно. Түрүүний улс төрийн эрхийн тухай хууль гэдэг шиг. Иргэдийн Хурал дээр буцаж болно. Заавал хэлэлц, хэлэлцээд болохгүй гэж байгаа бол гарсан шийдвэрээ үндэслэлтэйгээр тодорхой албан тушаалтан нь тэр иргэдийн санаачлагчдын төлөөлөлд, Засаг захиргааны нэгжид биечлэн бичгээр  мэдээлдэг байя. Мэдээлэхгүй бол ийм хариуцлага байна гэдэг иймэрхүү байдлаар хариуцлагын заалтаа ингэж холбож өг. Тэгэхгүй л бол нэр усгүй яваад байхаар юм явдаггүй юм шүү гэдгийг хэлье.

Зовлон үзсэн чавганц гэдэг шиг л би хэлээд байна. Өөр бас нэг зүйлийг энэ хууль дээр оруулмаар байна. Иргэдийн оролцоо санаачилга гаргаж байгаа зүйлүүд дээр хаалт хийхийг улс төрийн нам санаачилмааргүй байгаа юм. Тийм биз дээ. Улс төрийн нам оролцоод ирвэл утгагүй болоод байдаг. Улс төрийн нам бол өөрийнхөөрөө явдаг хуультай. Нам оролцмооргүй байна. Намын шийдвэртэй аж ахуйн нэгж байгууллага байгаа байх. Шашны байгууллага санаачлахгүй гэх жишээний энэ асуудлаа тодорхой тавиад өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол явна гэж бодоод байна.

Нөгөө талаар бас нэг чухал үг гарсан. Хэлэлцүүлгийн санаачилгын асуулгын хараат бус байдал чухал. Нэг улс төрийн нам, улс төрийн албан тушаалтны захиалгаар хийгдэж байгаа юм шиг хийгдэж байгаа нөхцөл байх юм бол хөндлөнгийн оролцоо орж байна гэж үзээд тэр асуудал зогсож болно. Тэгэхээр үнэхээр иргэдийн өөрсдийнх нь гаргаж тавих санал санаачилгын хараат бус байдал их чухал.

Энэ уулзалт уламжлал болоод тогтлоо. Дараагийн Ерөнхийлөгч мөн аваад явах байх гэж бодож байгаа. Гэхдээ Элбэгдорж гэдэг хүн алга болчихгүй байх. Тиймээс өөрийн явсан найман жил, мөн 27 жил явсан үйл ажиллагаандаа цаашдаа оролцоод явах үйл ажиллагааны жагсаалт гаргаж байгаа. Монголын болон бүс нутгийн хэмжээнд, мөн Олон улсын хэмжээнд бидний олон санаачилга байгаа. Иргэний оролцоо, иргэний эрх, олон нийтийн байгууллага гэдэг зүйлийг нэг асуудал болгож оруулж байгаа юм. Тэгэхээр эргээд бид тодорхой хэмжээнд уулзах боломжууд байх болно гэж харж байна.

Чуулганаа бол бүгдээрээ хийе. Чуулгантай холбоотой зүйл дээр тунхаглал гэх мэт дахиад л шүүмжилдэг юмаа яримааргүй байна. Ололтуудаа маш тодорхой бий болгоод, түүн дотор дутагдалтай байгаа, хийгээгүй байгаа нөгөө л Захиргааны ерөнхий хуультай холбоотой журам гараагүй, нээлттэй сонсголтой холбогдсон журам гараагүй гэх мэт энэ бүхнээ тодорхойлоод шаардлагатай бол энэ чиглэлийн хүмүүстэй уулзмаар байгаа юм.

Засаг дээр гараагүй бол Хэрэг эрхлэх газрын дарга, сайдтай уулзаж тайлбар авдаг. Яг хэзээ гарах гэж байгаа тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай уулзаж тайлбар авах хэрэгтэй. Манай гажуудлыг харахаар нээлттэй сонсгол хэрэгжихгүй байгаа болохоор эргээд УИХ-аас гарч байгаа шийдвэр, тэр бүхэн улс төрийн өнцгөөс гараад байдаг. Аль Бага Хурлын үед бид буруу гэж үзээд зогсооё гэж ярьсан. УИХ-ын гишүүн санаачлаад ажлын хэсэг гэж байгуулдаг. Шалгана гэдэг. Энэ бол дандаа улс төрийн зорилготой. Тэгээд тэр үр дагавар нь их муу. Хүрсэн ололт байхгүй, урьдахаа үгүйсгэсэн их арчаагүй юм болдог.

УИХ-ын ажлын хэсгээс хийж байгаа хяналт шалгалттай холбоотой асуудлууд байгаа бол зөвхөн тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг оруулах ёстой. УИХ-ын гишүүд нь тэр дүгнэлтийг сонсдог байх хэрэгтэй. Үүн дээр яг мэргэшсэн хуульчид, мэргэшсэн олон нийтийн байгууллага, хүмүүсийг оролцуулаад, түүн дээр үнэхээр хууль зүйн юм уу, янз бүрийн ашиг сонирхлын дутагдал гарч уу, үгүй юү гэдгийг дүгнээд, тэр дүгнэлтийг магадгүй Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцэж байгаа бол нэлээд үр дүнтэй уулзалт болж магадгүй. Түүнээс биш тэнд улс төрийн зорилго тавьсан, улс төрийн нүдээр асуудалд хандаж байгаа хүн авч яваад ямар ч өөдтэй үр дүн гарахгүй. Ер нь цаашаагаа энэ чиглэлийн үйл явдалд мэргэжилтнүүд нь оролцдог байх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс нь оролцож, мэргэжлийн гэдэг дээр тодорхой шалгууртай байх нь их зүйтэй.

За, иймэрхүү маягаар бүгдээрээ хамтраад ажиллая. Амжилтад хүрэх байх гэж бодож байна. Чуулганд оролцоход бид өөрсдийнхөө төлөөлөл болсон хүмүүсийг заавал уримаар байгаа юм. Нөгөө  эмэгтэй гишүүд, асуудал тавих гэж байгаа байнгын хороодын бүрэлдэхүүн, бидэнтэй хамтарч ажилладаг байнгын хорооны дарга зэрэг. УИХ дээр хоёр бүлэг байна шүү дээ. Тэр бүлгийг төлөөлсөн төлөөлөл энэ хуралд оролцоод, санал бодлоо хэлээд явах хэрэгтэй.

Бид хэлээд байгаа. Нэг нь энэ улсаа нураах гээд байгаа, нэг нь юм бүтээх гээд байгаа юм шиг. Аль эсвэл эрх барьж байгаа олонхи болсон нөхдүүдийн төлөвлөгөөг зогсоох гээд, хийх гэж байгаа сайн санаачилгыг нь унагах гээд байгаа зүйл биш. Бид асуудлыг магадгүй, хоёр гурван талаас, арай өөр өнцгөөс харж байж магадгүй. Харин тэр өөр өнцгөөс харж байгааг эргээд харах боломж гэж үздэг, манай эрх баригчид оролцдог, байр сууриа хэлдэг, ажилдаа ашигладаг л болмоор байгаа юм. Тэр хүмүүст заавал урилга өгөх хэрэгтэй. Оролцож байж л тэр хүмүүс өөрсдийнхөө оролцоо чухлыг ойлгоно. Түүнээс биш Элбэгдорж очоод, бид тойрч суугаад, ингээд байх юм бол дахиад л вакумдсан орчин үүсчих вий гэж бодоод байна. Бид ч гэсэн энэ үйл ажиллагаан дээр ямар дутагдал байгааг харж авмаар байна. Эмэгтэй гишүүд, оролцох ёстой хүмүүсийг их өргөн оролцуулаарай. Нээлтийн үеэр байх уу, хаалтан дээр дүгнэж юмаа ярилцах уу гээд иймэрхүү маягаар ярилцъя. Чуулганаа хийсэн нь зөв байх гэж бодож байна. Дахин амжилт хүсье, их баярлалаа” гэлээ.

Үүний дараа уулзалтад оролцогсод байр сууриа илэрхийлж, асуулт хариулт өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Нэргүй: -Нэг зүйл тодруулаад хэлэхэд Нийтийн сонсголын тухай хуулийн дагаж мөрдөх журам УИХ-ын чуулган завсарлахаас өмнө батлагдсан.  Үүн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар харьцуулсан судалгаа хийлгэх гэж байна. Бусад улс орнуудад нийтийн сонсголын тухай ижил төстэй хуулийн хэрэгжилтийн асуудал юу байна, эерэг талууд юу байгаа вэ гэдэг  дээр судалгаа хийхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн ахлах референт Мөнхцэлмэгээр ахлуулсан  ажил хийгдэх гэж байгаа талаар та бүхэнд энэ дашрамд хэлье.

Оролцогч Тунгалаг: -Би нийт 23 гишүүн байгууллага нэгдсэн “Боловсрол эвсэл” байгууллагыг төлөөлж энэ арга хэмжээнд оролцож байна. Ерөнхийлөгч түрүүнд дурдлаа Дүнжингаравын талаарх асуудлыг манай байгууллага авч явж байгаа.  Манай гишүүн Хүүхэд хамгааллын сүлжээ, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн сүлжээ гээд хоёр байгууллага авч явж байгаа.   Маш хэцүү зүйлүүдтэй тулж байгаа. Бидний ажил амар биш, мөнгө, эрх мэдлийн том сүлжээ, төрийн эрх мэдлийн том сүлжээтэй тулж байна. Сүрдүүлэг, дарамт, янз бүрийн зүйлтэй тулдаг, амар биш.  Гэхдээ бид эрх зүйт ёс гэж Монголд байна уу, шүүхийн тогтолцоо хүчтэй юү. Улс төр, мөнгө ялчихсан юм уу гэдгийг  эцсийг нь хүртэл харах байх. Бид академичид, хуульчид, сэтгүүлчид олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа. Миний тавих гол санал бол манай байгууллага “Глоб интернэйшнл” байгууллагатай хамтран 8 аймгийн 28 сумын сургууль дээр “Багш, эцэг эхийн холбоо” гэсэн байгууллага байгуулахаар  оролдлого хийж ажиллаж байна.

Хуульч эмэгтэйчүүдийн холбоо байгууллагаас боловсролын салбарт хийсэн судалгаан дээр боловсролын салбарт оролцоо гэдэг зүйл зөвхөн сургууль дээр байгаа. Яамны түвшинд, аймаг, сумын түвшинд байхгүй. Зөвхөн сургуулийн түвшинд байна. Тэгвэл тэр эрх зүйн боломжийг ашиглаад оролцоог хангах бодитой механизм байгуулах гэж холбоо байгуулсан.

Үүний цаад ач холбогдол бол Монгол Улсын иргэд хүүхэд ахуй цагаасаа оролцоо гэдэг зүйлд, ур чадвар гэдэг зүйлд, ардчилалд суралцаасай, сургууль нь ардчилсан байгууллага байгаасай гэж бодож энэ санаачилгыг эхлүүлсэн. Маш хүнд байна. Оролцоо, иргэдийг сонсох соёл сургууль дээр ч алга, сум, орон нутагт дээр ч алга. Ерөнхийлөгчид тавьж байгаа тодорхой санал бол та үргэлжлүүлээд хийх ажил дотроо Ардчиллын боловсрол гэдэг асуудлыг авч яваач ээ, бид тэр чиглэд хамтран ажилламаар байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: За ойлголоо. Ардчилал гэхээр тодорхой хүмүүстэй, бидэнтэй холбодог. Бидэнд нэг ололт бий. Иргэний боловсрол гэж зүйл байгаа. Иргэний боловсролын хичээл гэж бий болсон. Одоо үүнийгээ бид сайжруулъя. Тэр дотроо иргэд оролцох гэх зэргээр хамтран ажиллах ажил байгаа. Маш зөв санаачилга. Иргэний боловсрол гэдгээ баталгаажуулаад аваад явчих хэрэгтэй юм. Дээрээс нь сая гарсан тэр асуудал дээр МОНФЕМНЕТ санаачилга, үндэсний сүлжээ энэ асуудлыг дэмжээд, та нар оролцоод, та нар өөрсдийнхөө мэргэжил, арга зүйн туслалцаа, өөрсдийнхөө нөлөөллийг нэмэгдүүлэх юм бол энэ ажил чинь сайн болно л доо. Ингээд явах байх гэж бодож байна.

Би хэлсэн, нэг тал нь зуун хувь төгс төгөлдөр зөв биш байж магадгүй. Гэхдээ үүнээс үнэн олдоод, энэ нь цаашид сайжраад, зөв явчихвал хэрэгтэй гэж бодож байна.

Оролцогч В.Удвал: -Баярлалаа. Миний хэлэх гэсэн нэг зүйл бол таныг Ерөнхий сайд байх үеэс бид хамтарч Төрийн үйлчилгээний асуудлаар нэлээд олон ажлууд хийж, тэр нь үр дүн дагуулсан. Д.Сүнжид бид хоёр 2005 онд хэрэгжүүлж байсан ажил маань ажил хэрэг болоод явж байгаад баяртай байдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Иргэдийн оролцоо төслийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар хүртээмжээр сургалт хийсэн. Түүнийхээ тайланг бичсэн. Түүнийгээ Б.Нэргүй даргад гардуулж өгье.

Хан-Уул дүүргийг төлөөлөн оролцогч: -Энд намайг оролцуулах боломж өгсөн та бүхэнд баярлалаа. Ерөнхийлөгч тантай уулзах боломж гарсан дээрээ хэлэхгүй байж чадсангүй, буруу, зөвийг нь тунгаагаарай.

Би газар шороо, гол усаа хамгаалж тэмцэж явдаг эмэгтэй. Туул гол ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Бөхөг түргэний голыг мэдэх үү? Тэр голыг ухаад голдиролгүй болгосон. “Хоово” машины л дайсан болоод байна даа, би. Дугуйг нь ч буудаж явлаа. Шилийг нь хагалж явлаа. Замыг нь хааж байлаа. Энэ бүхнийг ард түмэнтэйгээ туулсан юм. Бид нэг нааштай зүйл сонссон. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд бид 1000, 5000, 8000-аар нь нь өргөдлөө бичээд, гарын үсгээ зураад явуулж байсан. Үүнийг хэзээ ч, хэн ч авч хэлэлцээгүй. О.Баасанхүү ч, Ж.Батзандан ч авч хэлэлцээгүй. Ж.Батзандан  бүр манай тэнд 120 га газартай.  Түүнийгээ Хятадын 7 иргэнд түрээсэлсэн. Монголчууд бид тэднээс мөнгөөр хайрга авч байна гээд бод доо. Ийм хүнд нөхцөлд бид нар амьдарч байна.

Саяхан биднийг хүлээн авсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд баярлалаа. Бидний дуу хоолойг сонсож байгаа. Д.Сарангэрэл гишүүнээс энэ асуудал шийдэгдэхгүй байгаа, үүн дээр анхаараарай гэж гуйж байгаа юм. Яагаад гэвэл аймаг эрх мэдлийг нь өгдөг, түүнийгээ аймаг нь хааж чаддаггүй, УИХ ч, Засгийн газар ч хааж чаддаггүй, ийм 30-40 карьер байна. Үүнд анхаарал тавиасай гэж хүсэх гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь цаашаа энэ асуудлыг явуулсаар байгаад нийслэл дээр нээлттэй сонсгол хиймээр байгаа юм. Үнэхээр үндэсний хэмжээний асуудал байгаа бол УИХ дээр нийтийн сонсгол хиймээр байгаа юм. Манайхан нийтийн сонсгол гэдэг зүйлээс зугтаад байгаа. Гэтэл энэ маш чухал. Өргөдлийн байнгын хороог өргөтгөөд Өргөдөл, нийтийн сонсголын байнгын хороо ч гэдэг юм уу, нэр усыг нь бараг тэгж холбож өгмөөр байгаа юм.

Нэг зүйлийг бид бас бодмоор юм байна лээ. Туршлага гэж хараад, яг асуудал дэвшүүлээд шийдэх гэхээр манай асуудал шийддэг улсууд их өөр болжээ. Мэдлэгтэй болж. Тэр оронд ингэж шийддэг, тэдэн орон тийм байна гэх жишээтэй. Тэгээд би хэлээд байгаа. Бид нар бусдыг харалгүй яах вэ. Бусдыг харахад буруудаж байгаа янз бүрийн зүйлүүд байдаг л байх. Гэхдээ Монголын нөхцөл чинь өөр байна шүү дээ Монголын нөхцөлд нээлттэй сонсгол, түүгээр дамжуулаад шийддэг, энэ хэлбэр рүү оръё. Монголын нөхцөлийг харж, Монголдоо асуудал шийдэх гэж байгаа гэдэг зүйлийг бас харах хэрэгтэй байгаа юм. Биднийг буруутгадаг нэг зүйл бол “Энэ гаднын ойлголтоор явж байна. Монголын хөрс биш байна” гэдэг. Манай асуудал шийддэг улсууд тэгж зарим зүйлийг орхих гээд байна лээ.

За их сайн байна. Аливаа хүндрэлтэй явж байгаа зүйлийг ойлгоод дэмжиж байгаа улсууд байгаа. Явуулдаггүй асуудлууд байгаа. Юм тодорхой гэдэг шиг нэр устайгаа гараад, энэ хүмүүстэйгээ хамтраад ажиллах юм бол урагш явна. Нэг үеэ бодох юм бол Монголын төр засаг, энд сонгогдсон улсууд хүмүүсээ сонсох чиглэл рүү явж байгаа нь зөв гэж бодож байгаа.

Би энэ УИХ-д жаахан найдаад байгаа юм. 41 гишүүн шинээр сонгогдсон. Хуучин гишүүд ч байна. Хуучин  нь дандаа муу биш байх, гэхдээ шинээр сонгогдсон 41 гишүүний насыг аваад үзсэн ч гэсэн бага наснаасаа л энэ нээлтэй нийгэмд төрөөд, амьдраад, 27 жилийн бүтээгдэхүүн болоод гараад ирсэн гишүүд байгаа юм.

Тэгэхээр бид тэднийг зөвөөр урамшуулж, хийж байгаа зөв алхмыг нь дэмжиж, эрхэм гишүүний энэ ажил зөв байна. Харин энэ дээрээ нэг бодмоор юм байна гээд аль болох хамтарсан ажиллагаа руу л явъя. Бид салаад баймааргүй байна. Монголчууд салаад, бие биеэ муулаад, бүх газраа тарамдсан маягтай, талцсан маягтай явах бол биш.  Бид асуудлыг шийдүүлэх л гэж явж байгаа.

Миний хэлдэг иргэний, иргэний байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, хэрэв бид асуудал тавьж байгаа бол иргэнлэг л байх хэрэгтэй. Иргэнлэг гэдэг бол хүчирхийллийн биш, гэхдээ юмаа  ойлгуулах гэсэн үг. Ойлгуулах зам гэдэг хүнд юм байна. Гэхдээ үүнээс няцаж болохгүй. Сая үгээ хэлсэн хүмүүст баярлалаа.

Та бүхэнд амжилт хүсье. Дахин дахин уулзах ерөөл дэвшүүлье” гэв.

Үүгээр санал солилцох уулзалт өндөрлөлөө.