Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж: Онцгой байдлын алба бол төр, ард түмний зүгээс хайрлаж, дэмжиж явах ёстой алба юм. Та бүхэн ард түмэн, төрийнхөө итгэл, хүндэтгэлийг дааж яваарай

Administrator 2017-03-15 19:02:00

Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр “Корпорейт Конвеншн Центр”-ийн Хурлын танхимд боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч хатагтай Беате Транкман, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын бусад удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.  

Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд ОБЕГ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгч,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нийт бүрэлдэхүүнтэй мэндчилж Төрийн дуулал эгшиглэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр үг хэлж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд Гамшгаас хамгаалах тухай хуулийг гардуулан өгөв.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ Гамшгаас хамгаалах тухай хууль болон үүнтэй зэрэг шахам Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын эрх зүйн шинэчлэл үндсэндээ дуусч байгааг тэмдэглэлээ. Эдгээр хуулийг амжилттай баталж чадсан нь өнгөрсөн онд батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулиудын нэгэн адилаар улстөрчид, мэргэжлийн хүмүүс улс орныхоо язгуур эрх ашгийн үүднээс санаа бодлоо нэгтгэж чаддагийг нотлон харуулсан, Монголын төрт ёсны уламжлал үргэлжилсээр байгааг илэрхийлсэн чухал түүхэн үйл явдал боллоо хэмээн тэрээр мөн дүгнэж хэлэв. Мөн эдгээр хуулийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн, батлуулахын төлөө чин зүтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэн, Монгол Улсын Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг иж бүрэн шинэчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид гүн талархал илэрхийллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч хатагтай Беате Транкман нар үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн УИХ-ын эрхэм гишүүд, сайд, удирдлага, олон улсын байгууллагын удирдлага, генерал, офицер, албан хаагчид та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Өнөөдөр манай Онцгой байдлын байгууллагын хувьд түүхэн онцлог сайхан өдөр тохиож байна. Цаашдын үйл ажиллагааных нь эрх зүйн шинэчлэлийг тусгасан энэ хуулийг хүлээн авлаа.

Энэ бол зөвхөн нэг хууль хүлээн авч байгаа хэрэг биш, аливаа шинэчлэл, аливаа үйл ажиллагаа эрх зүйт нийгэмд хуулиар дамжиж л хийгддэг. Хууль нь шинэчлэгдсэн бол шинэчлэл явж байна гэж үзэх хэрэгтэй. Онцгой байдлын байгууллагын хүрээнд үүссэн цагаас нь хойш тулгамдаж ирсэн асуудлууд, энд хийх шаардлагатай байсан шинэчлэлийг энэ хуулиар дамжуулж хийж байгаа юм. Энэ нь Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хувьд цаашдаа олон жилийн турш эрх зүйн үндсээ барьж үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаагаараа их онцлог гэдгийг хэлье. Мөн хувь хүний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа би туйлын их баяртай байгаа. 

Би Монголын ард түмнээс, Монголын төрөөс итгэл хүлээж хоёр зуунд, хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллах итгэл хүлээсэн. XXI зууны эхэнд, 2004 онд дахин Ерөнхий сайдаар томилогдож ажиллаж байхад Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар өнөөдрийн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх манай танхимд ажиллаж байсан. У.Хүрэлсүх сайдын санаачлагаар, манай танхимын санаачлагаар бид нар хамтарч Онцгой байдлын байгууллагын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, энэ байгууллагын бүтцийг бий болгох  үйл ажиллагааг тэр үед хийж байсан.

Орчин үеийн Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны ойг 2004 оноос тэмдэглэдэг болсон. Энэ жил 13 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Тэр эхлэлээс хамт байж, явж ирсэн ажил маань өнөөдөр эрх зүйн шинэчлэл, энэ том үйл ажиллагаагаар, өнөөдрийн УИХ, Засгийн газартайгаа хамтарч хийсэн энэ ажлаар дүгнэгдэж гарч ирж байгаа нь их чухал юм.

Тэр үед бид Улсын Онцгой байдлын байгууллага гэж байх ёстой. Онцгой байдлын байгууллагын гол анхаарах үйл ажиллагаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон нөхцөлд үр дагаварыг арилгах, ард иргэдээ авран хамгаалах үйл ажиллагаанд чиглэх ёстой гэж үйл ажиллагааных нь чиглэл, статусыг нэртэй нь, бүх зүйлтэй нь өөрчилж, жинхэнэ утгаар нь эхлүүлж байсан юм.

Онцгой байдлын байгууллагын албан хаагчид, энэ байгууллага маш их онцлогтой. Олон улсын хэмжээнд ч ийм байдаг. Өнөөдөр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага олон улсын хэм хэмжээ, стандартад нийцсэн түвшинд хүрч, хөгжиж, бэхжиж байгаа нь Монгол Улсын төр, ард түмний зүгээс та бүхэнд үзүүлж байгаа их хүндэтгэл, их боломж, бас их тус дэмжлэг гэж бид харж үзэх ёстой. Ингэхээс ч өөр аргагүй.

Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын нэг онцлог үйл ажиллагаа нь амь өрссөн нөхцөлд, хүний амины үнэтэй авран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Бид бүгдээрээ цэргийн хүмүүс, сайн мэднэ. Цэргийг 1000 өдөр тэжээж, асуудал гарвал нэг өдөр эх орныхоо өмнөөс босгоно гэж үзэж бэлдэг. Гэтэл Онцгой байдлын байгууллага бол байнгын бэлэн байдалд, байнга хүндрэл, асуудал тохиолдсон газарт очиж авран хамгаалах үйл ажиллагаа хийж байдаг хүмүүс юм. Үйл ажиллагаа нь байнгын юм.

Нэг үгээр хэлбэл, энх цагт байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдаг. Асуудал гарахад биелүүлдэг онцлогтой алба. Өөр нэг онцлог бол ажиллагаанаас ажиллагаанд чангарч, мэргэшиж байдаг. Онцгой байдлын албан хаагч анх орж ирээд, тангараг өргөөд л ажиллагаанаас ажиллагаанд, авран хамгаалах үйл ажиллагаанаас дараагийн үйл ажиллагаанд та бүхний мэргэшил, та бүхний ур чадвар дээшилдэг гэж би хардаг. Бүр цаашаа яваад мэргэжил болдог.

Саяхан би ХСИС дээр очиж уулзалт хийсэн. ХСИС-ийн хөрөнгө оруулалт, бий болсон бааз бол үнэхээр Монголын сүүлийн 20 гаруй жил хийсэн их том хөрөнгө оруулалт болсон. Тэнд та бүхнийг сургадаг, бэлтгэдэг мэргэжлийн үйл ажиллагаа ямар сайн түвшинд явж байгааг би харсан. Онцгой байдлын үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол мэргэжлийн түвшинд, ийм хэмжээнд мэргэшинэ гэдэг бол их чухал юм гэдгийг хэлье.

Өөр нэг онцлог бол та бүхний ажил байнга шалгагдаж байдаг. Өдөр тутам шалгагдаж байдаг ийм онцлогтой үйл ажиллагаа. Та бүхэн очоод л үйл ажиллагаа явуулахад хүний нүдэн дээр ил байдаг.

Нийгмийн онцлогоосоо болоод  Монголын нийгэм бүр их онцлогтой болсон. Бараг бүх иргэд нь сэтгүүлч болсон. Бүх иргэд нь сурвалжлагч болсон. Бүх иргэд нь зургийн аппараттай, видеотой. Гар утсаараа видео авч байгаа. Та бүхэн үүргээ муу биелүүлбэл үүргээ муу биелүүлж байна гэж харагдана. Та бүхэн үүргээ сайн биелүүлбэл сайн  биелүүлж байна гэж харагдана. Имй нөхцөлд та бүхэн ажиллаж байгаа. Та бүхэн бол алдах эрхгүй улсууд. Энэ үүргээ ингэж онцгой анхаардаг байх гэж бодож байна.

Дээрээс нь төрийн форм өмсөөд очиж байгаа. Нэг үгээр хэлбэл тэр гамшигтай, хүндрэлтэй орчинд Монголын төрийг төлөөлж та бүхэн очиж байгаа. Та бүхэн очиход аврагчид ирлээ гэдэг. Аврагчид гэдэг бол гайхалтай алба, гайхалтай нэр томьёо юм. Аврагчид ирлээ, Монголын төр ирлээ, Монгол Улс тэнд явж байна гэж хардаг. Хүндрэлтэй байдалд орсон хүмүүс тайвширч, Монголын төр, Монгол Улсын авралын гар орж ирлээ гэж хардаг. Ийм учраас та бүхэн цэргийн дүрэмт хувцас өмсдөг, зэрэг дэв хэрэглэдэг, онцгой үйл ажиллагаанд явдаг хүмүүс юм.

Сая Шадар сайд ярьсан, бусад дарга нар, олон улсын байгуулллагын төлөөлөгч хэллээ. Иргэдтэйгээ хамтарч ажилладаг, иргэдээ гамшиг, хүндрэлтэй нөхцөлд бэлэн байлгадаг асуудал хамгийн чухал ажил шүү.

Онцгой байдлын байгууллагад их ойрхон байдаг учир шалтгаан надад бий. Цэргийн сургууль төгсч ирээд, цэргийн төв байгууллагын сонины сурвалжлагч хийж байхдаа хамгийн анхны томоохон хөдөөний томилолтоор би иргэний хамгаалалтын сургалтыг сурвалжлахаар явж байсан. Тэр үеийн Иргэний хамгаалалтын газрын дарга Махбариад генералтай хамт очиж сурвалжилж, хамт тэр үйл ажиллагаанд оролцдог байсан. Тэр үед, социализмын сүүлийн жилүүдэд Иргэний хамгаалалтын байгуулллагын систем ямар байсан, яаж ажиллаж байсан гэдгийг би бүрэн харсан. Манай хоёр байгууллагын байшин их ойрхон байлаа шүү дээ. Ингэж эхнээс нь энэ байгууллагын үйл ажиллагааг харж, мэдэрч явсан.

Тэр үед тавигдаж байсан шаардлага өнөөдөр шинэ орчинд шинэ шаардлагаар л тавигдаж байгаа. Гамшгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Дэлхий орчлон өөрчлөгдөж байна. Дэг журам өөрчлөгдөж байна. Гамшиг болдог давтамж их ойр ойрхон болж эхэлж байна. Дэлхий ертөнцөд хүн амьдрах орчин нөхцөл нь улам эмзэг, улам аюултай байдал руу явж байна.

Бид, хүн төрөлхтөн энд хэдэн мянган жил амьдрахдаа дэлхийгээ нэлээд аюултай орчин болгож хувиргасан. Үүнийгээ дэлхийн хамтын нийгэмлэгийн түвшинд ч ярьдаг, Монголын түвшинд ч ярьдаг шүү дээ.

Энэ бүх хэцүү байдалтай яг улаан гараараа уулздаг хүмүүс бол та бүхэн. Тэгэхээр та бүхэн дангаараа биш, ерөөсөө энэ үйл ажиллагаанд Монголын ард түмэн, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллага бүгдээрээ бэлэн байдаг чиглэл рүү бид явах шаардлагатай болж байна.

Саяхан би нэг мэдээ уншсан. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд дунд сургуулийн хүүхэд найзтайгаа хонь хариулж яваад цасан шуурганд төөрсөн. Хоёулаа хөлдөж осгох байдалд хүрсэн. Нэг нь осголтын байдалд ороод “Би цаашаа явж чадахгүй боллоо. Би жаахан унтаж байгаад араас чинь явъя” гээд хэвтээд өгсөн. “Манай ангид тийм хичээл заасан. Хөлдөж байгаа хүний нойр хүрээд эхэлдэг. Орхиод явбал шууд хөлдөж үхдэг.Тийм учраас би найзыгаа орхиж явна гэж бодоогүй. Тэгээд чирээд зүтгэсэн” гэж Алтаншагай хэлж байгаа юм. Алтаншагай гэдэг дунд сургуулийн хүүхэд олон км газар найзыгаа чирч зүтгэсээр байгаад айлын гадаа авч ирсэн.

Тэгэхээр ямар жижигхэн үг, ямар жижигхэн сургалт, ямар жижигхэн сургамж хүний амийг аврах боломжтой байна. Онцгой байдлын сургалт, та бүхний оролцож байгаа авран хамгаалах үйл ажиллагаа бүхэн эргээд тэр орчиндоо сургамж, сургалт болж байх ёстой. Тийм учраас хувийн байгууллага ч адилхан, хувьсгалын байгууллага ч адилхан, төрийн байгууллага ч адилхан, дунд сургуульд ч адилхан, энэ чиглэлээр хичээл ордог байх хэрэгтэй.

Дээр үед Иргэний хамгаалалтын хичээл гэж дунд сургуулиудад ордог, цэрэгжлийн багш гэж байсан. Одоо Онцгой байдлын байгууллага БСШУСЯ-тай ярьж байгаад энэ чиглэлийн хичээл, энэ чиглэлийн зүйлүүдийг цаашдаа оруулах хэрэгтэй.  Энэ хуульд бас үндэс нь сууж өгсөн байх гэж бодож байна. Ийм ажлуудыг та бүхэн хамтарч хийх хэрэгтэй. Хийж байгаа сайн эхлэлүүд байгаа гэдгийг хэлэх нь зөв байх аа.

Хэцүү асуудал болоход л Онцгой байдлын дарга руугаа л утасддаг шүү дээ. Би өмнөх дарга руу ч ярьж байсан, одоогийн Т.Бадрал генералтай ч ярьдаг. Шөнө унтаж байхад л тэнгэр дуугараад, айхтар аадар орох гэхэд л би босоод л “За ийм юм болох гэж байна шүү. Үер, уснаас хамгаална. Та нарын бэлэн байдал ямар байгаа вэ. Үүнийг мэдэж байгаа биз” гэж утасддаг. Энд тэнд хүн төөрсөн, будилсан, янз бүрийн юм болсон байхад хамгийн түрүүнд ярьдаг.

“Ерөнхий сайд алга болчихлоо. Олон цаг олдохгүй байна, холбоо барихгүй байна” гэж нэг шөнө над руу ярьж байсан. Дахиад л  Т.Бадрал генерал руу “Юу болов оо” гээд бид бүтэн шөнөжин нойргүй ажиллаж л байсан. Маргааш өглөө нь очоод, тэнд явж байсан олон хүний амь насыг аварч байсан. Ийм тохиодол болдог. Бид төрийн ажил хийж байгаа нөхцөлд өдөр ч, шөнө ч ийм хүндрэлтэй, хэцүү асуудлууд орж ирдэг. Тэнд олон хүнтэй машин цасанд боогдсон байна.  Тэнд зуд зурхан болж байна. Тэнд ийм гал гарч байна. Бүр наад зах нь аминаасаа уйдсан, гомдсон хүн цонхоор үсрэх гэж байна гээд мэдээ авахад “Юу болж байна” гэдэг. Энэ ажил бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд бас хамгийн ойрхон ажил. Бүх аймгийн Засаг дарга, нийслэлийн удирдлага ч ингэж ажилладаг байх гэж бодож байна.

Манай иргэдийн хайнга байдлыг арилгахын тулд хэлж ярьдаг, сургалтууд байнга явж байх ёстой. Т.Бадрал генерал нэг ярьж байсан. Увс аймагт хэдэн жилийн өмнө болсон үйл ажиллагаа шүү дээ. Нэг Фургон бензингүй болоод хасах дөчин хэмийн хүйтэнд зогсчихсон. Дотор нь яваад ороход арван хэдэн хүүхэд чичрээд, яг хөлдөж үхэхийн даваан дээр байсан. Манайхан тийм улсууд шүү дээ. Хүүхдүүдээс нь сумаас аймаг орох замын зардлын мөнгийг нь авсан мөртлөө бензинээ дүүрэн хийгээгүй л явсан. Энэ үгийг анхааруулдаг. “Та нар явахдаа бүрэн бүтэн машинтай гараарай. Бензинээ дүүрэн хийгээрэй. Энэ үйлчилгээг үзүүлэхдээ аюулгүй байдлаа хангаж яваарай” гэж хэлдэг, сургадаг, сануулдаг, аавын оронд аав болдог, ээжийн оронд ээж болдог ачтай хүмүүс бол та нар юм. Зүгээр нэг усанд живж байгаа хүнийг хамгаална. Дуудлага ирвэл явна. Гал гарвал очино гээд сууж байж болохгүй. Ерөөсөө дэлхий орчлон даяар Онцгой байдлын байгууллагууд ийм чиглэл рүү өөрчлөгдөж байгаа. Тийм учраас та бүхэн энэ үйл ажиллагааг харж явах хэрэгтэй.

Сая Ж.Энхбаяр хэллээ. Батлан хамгаалахын чиглэлийн хуульд, ерөөсөө Төрийн цэргийн бодлогыг тодорхойлохдоо Онцгой байдлын байгууллагын статусыг бүр өндөр хэмжээнд аваачлаа шүү дээ.

Зэвсэгт хүчин, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын албан хаагчдыг Төрийн цэргийн үндсэн бүтэц болгож хувиргасан. Өмнө нь байсан  Иргэний хамгаалалтын байгууллага юм уу, гал унтраах байгууллага, эсвэл Улсын нөөцийн газар гэж явж байсан биш, одоо та бүхэн бол Монгол Улсыг батлан хамгаалах үндсэн бүрэлдэхүүнд орж байгаа гурван том бие бүрэлдэхүүний нэг болсон. Ийм том хэмжээнд очсон. Ийм хэмжээнд төр, ард түмний зүгээс та бүхэнд итгэл хүлээлгэж байгаа, ийм хэмжээнд ажиллах шаардлага байгаа юм. Энэ хуульд энэ үндсүүд тусч өгсөн. Цаашдаа гарах дүрэм, журам, олон зүйл бий. Энэ чиглэл рүү явах байх гэж би бодож байна.  

Аль 1960-аад онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн манай Иргэний хамгаалалтын байгууллага байна. Гал түймэртэй тэмцэх байгууллага 1920-иод оны үеэс түүхээ бичдэг. Улсын нөөцийн газар бас л 1960-аад оны үед байгуулагдсан. Энэ гурван газар, гурван том үйл ажиллагаа нийлж Онцгой байдлын байгууллагыг явуулдаг. Энэ үйл ажиллагааг, энэ үүргийг хэрэгжүүлдэг. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа бол дайны үүрэг биелүүлж байгаагаас авахуулаад хүмүүнлэгийн тусламж хүртэл өргөн болсон.

Сая МУЗН-ийн дарга, Олон улсын байгууллагын хүмүүсийн хэлснийг сонссон байх. Ийм өргөн хэмжээнд, ийм өргөн харж үйл ажиллагаа явуулдаг байгууллага болж хувирсан. Энэ чиглэлд та бүхний ажил үүрэг их чухал болж гарч ирж байна гэдгийг хэлье.

Энэ дотор Онцгой байдлын байгууллагын шинэчлэл, энэ чиглэлийн анхаарал халамж явж байгаа юм. Онцгой байдлын байгууллага гээд аваад үзэхээр боловсон хүчин, бие бүрэлдэхүүний сургалт, дадлага, бие бүрэлдэхүүний чанар, түвшингээр дүгнэдэг. Техник, багаж хэрэгслийн хангамжаар нь дүгнэдэг. Үүрэг гүйцэтгэж байгаа байдлаар нь дүгнэж үздэг. Энэ бүхэн улс орны төсөв хүнд байсан ч гэсэн хэрэгжүүлээд явж байгаа. Олон улсын хамтын ажиллагаа, манай хамтарч ажилладаг улс орнуудын дэмжлэг үүнд их чухал хувь нэмэр оруулж байгаа.

Үнэхээр эргээд харахад 13 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллага өмнөх уламжлал, бусад зүйл дээрээ түшиглээд, шинээр тавигдаж байгаа шаардлагатайгаа нийцээд үнэхээр нүүр бардам, “Бид ийм албатай улс. Бид найдах хүмүүстэй улс” гэж хэлэх хэмжээнд та бүхэн хүрсэн байна. Баяр хүргэе. /Алга ташив/

Хууль дээр бид харж байгаад ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээ төр, Монголын ард түмэн бас аль болох боломжоороо харж үзэх ёстой гэж оруулсан. Бусад цэрэгжсэн байгууллагын хэмжээнээс ч илүү нийгмийн хамгааллын чиглэлийн заалтууд орсон байгаа шүү. Онцгой байдлын орчинд, энэ үйл ажиллагаанд оролцоод, томилолт аваад явж байгаа бол төрийн бусад байгууллагаас томилолтын зардал, бүх юм нь өндөр, гурав дахин өндөр болсон байгаа. Энэ бол өндөр хэмжээнд авч ирж байгаа юм. Бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр урамшуулна. Эдийн засаг, санхүүгийн урамшууллыг бий болгож өгсөн. Алба хаах хугацааг яаж тооцох вэ, онцгой нөхцөл байдалд ажилласан хугацааг яаж тооцох вэ, тэтгэмжийг хугацааг яаж тооцох вэ гээд маш тодохой заалтууд орсон байгаа.

Энэ бол үнэхээр Монголын ард түмэн өнөөдөр хүрч ядаж байгаа ч гэсэн онцгой байдлын албан хаагчдадаа төсөв мөнгөө боломжийн хэрээр олгохын төлөө явж байгаа. Энэ бүхнийг бий болгодог татвар төлөгчид, ард иргэд байгаа. Энэ бүхний цаана 70 хувийг төлж байгаа хувийн хэвшлийнхэн байгаа. Та бүхэн мэдээж ялгадаггүй. Хувийн хэвшлээс ирсэн дуудлага, төрийн байгууллагаас ирсэн дуудлага гэж ялгадаггүй. Хүн л бол хүн гэж очдог. Ард түмэн бол өнөөдөр өгөх ёстой, хүргэх ёстой, төрийн хуулиараа дамжуулж гаргах ёстой бодлогоо өнөөдөр Монголын төр гаргалаа. Энэ бол олон улсын түвшинд хүрсэн хэмжээнд шийдсэн гэдгийг гадна, дотнын байгууллагууд ч үнэлж байгаа. Гадна, дотнын байгууллагууд ч энэ үйл ажиллагааг анхаарсан.

2018 онд Азийн Онцгой байдлын байгууллага, гамшгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын Сайд нарын хурал Монголд болно. Их том хурал болно. Жараад орны 3000 орчим хүн ирнэ. Бараг л АСЕМ гэсэн үг. Онцгой байдлын сайд нарын хувьд, Азийн түвшинд дахиад нэг АСЕМ-ийг 2018 онд зохион байгуулах үүрэг ачаалал ирж байна. Монголын Онцгой байдлын байгууллага ямар түвшинд явж байгаагаа харуулах нэг сайхан боломж гарч ирж байна. Энэ ажил, энэ итгэлийг та бүхэн их сайн хэрэгжүүлж чадна гэдэгт би та бүхэнд эргэлзэхгүй байгаа юм.

Хоёр хөрштэй хамтарч ажилладаг үйл ажиллагаа их сайн явж байна. Манай хоёр хөрш газар нутгийн хэмжээний хувьд ч, хүн амын хэмжээгээрээ ч дэлхийд тэргүүлдэг, ийм хоёр аугаа хөрштэй улс шүү дээ. Энэ хоёр хөршийн Онцгой байдлын байгууллага яаж ажилладаг билээ. Ямар түвшинд ажилладаг билээ. Хөршүүд маань ингэж ажиллаж байхад бид тэдэндээ татагдаад түүнтэй ойртох ийм үйл ажиллагаа, эрмэлзлэлийг бий болгож өгч байдаг. Бидний үйл ажиллагаанд байнга тусалж байдаг хоёр хөршийн удирдлага, онцгой байдлын асуудал хариуцсан албан тушаалтнуудад байнга баярлалаа гэж хэлж байх ёстой. Мөн хамтарч ажилладаг НҮБ байна. Газар хөдлөлтийн асуудал гэхэд Япон Улс байна. Маш ойрхон ажилладаг. Энэ хамтын гадаад үйл ажиллагаа өндөр сайхан явж байгаад би хувьдаа туйлын баяртай байдаг. Онцгой байдлын байгууллагынхаа алба, үйл ажиллагаагаар үргэлж бахархаж явдаг гэдгээ энд хэлэх нь зөв байх аа.

Одоогоос 29 жилийн өмнө анхны томилолтоо аваад би Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурвалжлахаар явж байсан. 13 жилийн өмнө Засгийн газар дээр бид нар анхныхаа тогтоолыг гаргаад, Онцгой байдлын байгууллага гэж нэрлээд, бүтэц, зохион байгуулалтыг нь шийдээд, Гамшигтай тэмцэх хуулиа УИХ-д оруулж батлуулж байсан. Энэ цаг мөчтэй харьцуулаад үзэхэд богино хугацаанд манай байгууллага, манай албаны түвшин, үүрэг гүйцэтгэх чадвар үнэхэр өндөр хэмжээнд хүрчээ гэж хэлэхээр байгаа.

Өнөөдөр зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс энд байна. Бүх аймгуудад Онцгой байдлын байгууллагын салбарууд байгаа. Хүн олонтой, аймгийн төвөөсөө хол газруудад Онцгой байдлын байгууллагын салбар, хэлтэс, бусад газрыг бид байршуулж байна.Онцгой байдал гэдэг бол Монгол Улсын газрын зургийн хэмжээнд, монгол хүн амьдарч байгаа газар бүхэнд хүрч ажиллах байгууллага болж хүрээ нь өргөжиж байгаад их баяртай байна.

Онцгой байдлын алба бол төр, ард түмний зүгээс хайрлаж, дэмжиж явах ёстой алба юм. Та бүхэн ард түмэн, төрийнхөө итгэл, хүндэтгэлийг дааж яваарай. Дахин баяр хүргэе. Баярлалаа” гэлээ.








 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү