Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн, амгалан энх байдал, хөгжил дэвшил, ард түмний эрх, эрх чөлөөнөөс Үндэсний эрх ашиг ургаж гардаг

Administrator 2017-03-18 10:55:00

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр 3 дугаар сарын 17-ны өдөр  Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт тус тус ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэ үеэр ҮБХИС, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны удирдлага, ҮБХИС-ийн удирдлага болон сургуулийн хамт олон, багш, сонсогчид та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, цэргийн баярын яруу алдарт ойн мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

БХИС саяхан Үндэсний батлан хамгаалахын их сургууль гэдэг өндөр алдар цол хүртсэн. Үндэсний гэдгийн цаана юу орж байна вэ гэвэл өмнө нь батлан хамгаалах гэдэг салбарын сургууль байсан бол одоо улс орны хэмжээнд, Монгол үндэсний хэмжээнд шаардлагатай байгаа батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр боловсрол олгодог ийм сургууль болжээ. Дотроо ч, гаднаа ч хүн энэ нэрийг сонсоод тэгж ойлгох хэмжээнд хүрсэн.

ҮБХИС-ийн яруу алдарт олон жилийн үйл ажиллагааг үнэлж Сүхбаатарын одонгоор шагнасан. Энэ бол Монголын ард түмэн, төрийн зүгээс үзүүлж байгаа их том хүндэтгэл юм. Энд аюулгүй байдлын чиглэлээр, батлан хамгаалахын чиглэлээр сургалтууд явж байгаа.

Аюулгүй байдал гэдэг хоёр үгийн утгыг манайхан бүгдээрээ түгдрэлгүй хэлдэг, ойлгодог байх хэрэгтэй. Зарим хүнээс асуухад аюулгүй байдал гэдэг тодорхой томьёолол байдаггүй. Аливаа орны аюулгүй байдал юунаас ургадаг юм бэ, энэ утга юунаас гардаг вэ гэхээр үндэсний эрх ашиг гэдэг ойлголтоос гардаг.  Үндэсний эрх ашиг юунаас ургаж гардаг вэ гэхээр улс орны тусгаар тогтнол, улс орны бүрэн бүтэн байдал, улс орны хөгжил дэвшил, улс орны амгалан энх байдал, ард түмний эрх, эрх чөлөө гэдэг зүйлээс ургаж гардаг.  Энэ бүхнийг нэгтгэж байгаа ойлголтыг үндэсний эрх ашиг гэж байгаа юм. Үндэсний эрх ашиг нь амгалан энх байхыг аюулгүй байдал гэж нэрлэж байгаа юм. Үүнд аюул учирвал  аюулгүй байдалд аюул учирлаа гэж байгаа юм. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой бичсэн байдаг.

Хүн үг хэлнэ, ярина гэдэг бол ярьж, хэлж байгаа үгийнхээ утгыг цаашаа гүнзгийрүүлж, шаталж ойлгох нь их чухал. Энэ зүйлийг эхэнд нь хэлье гэж бас бодлоо.

Саяхан Батлан хамгаалах бодлогын үндэс гэж УИХ-аас батлагдлаа. Тэнд нэг чухал заалт сууж өгсөн. Батлан хамгаалах асуудалд хамаардаггүй салбар гэж байхгүй гэдгийг тэнд заасан. Дэд бүтэц, эдийн засаг, удирдлага, хувийн хэвшил, төрийн байгууллага бүгд энэ ойлголтод хамаарна. Учир нь батлан хамгаалах гэдгийн цаана суурь ойлголт нь аюулгүй байдлын ойлголт байгаа юм.

Аюулгүй байдлын ойлголт бол хувь иргэн, нэг хүнд ч хамаарна. Гэр бүлд ч хамаарна. Цаашаа өргөжөөд явахаар хамт олонд ч хамаарна. Бүх газар хамаарна гэж ойлгуулж, ийм өргөн хүрээтэй болгосон.

Үндэсний гэдэг нэрийг зөвхөн хүсэлт тавиад авч байгаа хэрэг биш. Энэ байгаа байдал, энэ явж байгаа зам, энэ бүх зүйлээ Монгол Улсын Засгийн газар, төрийн удирдлагын түвшинд ойлгосон учраас ийм статус энэ сургууль дээр ирсэн юм гэж ойлгох хэрэгтэй. Нэр нь агуулгаа тодорхойлдог, агуулга нь нэрээ тодорхойлдог.

Өнөөдөр би энэ сургуулийн хамт олонтой уулзахдаа ярих гэсэн гол зүйл бол ямар учраас бид ийм сургуультай байгаа юм. Цаашдаа манай арми хаашаа явах ёстой юм бэ гэдэг дээр бүгд нэгдмэл ойлголттой болох ёстой. Хамгийн гол тэр ойлголтыг өгдөг уурхай нь, голомт нь ҮБХИС байгаа юм.

Би 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Их тэнгэрт манай батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллага, тусгай байгууллагуудын удирдлагыг цуглуулж уулзалт хийсэн. Тэр уулзалт дээр миний хэлсэн үг товхимолоор та бүхэнд хүрсэн. Шаардлагатай бол нэмж хэвлүүлж өгнө. Өмнөх социализмын үе, сүүлийн хорин хэдэн жилийн ухагдахуунаас өөрөөр улс орны батлан хамгаалах гэдэг ойлголт ямар байх ёстой юм бэ гэдгийг багтааж энэ ойлголтыг гаргаж өгсөн. Энд өөрчлөлт, шинэчлэлт явбал ийм хүрээнд явах юм байна гэдгийг гаргаж өгсөн санаа байгаа юм. Энэ дээр их анхаарч ажиллаарай.

Ер нь цэргийн алба гэж ямар алба юм бэ? Цэргийн алба бол Монгол Улсын хуулиар төрийн онцгой албаны төрөлд ордог. Төрийн онцгой алба гэдгийн цаана юу ойлгох вэ гэхээр бусад албанаас нэг ялгаатай зүйл нь тусгай бэлтгэл шаарддаг алба. Тусгай мэргэжил шаарддаг алба. Тусгай мэдлэг, тусгай мэргэжлийг олгодог суурь сургууль нь ҮБХИС юм гэж ойлгох хэрэгтэй.

Цэргийн алба гэдэг бол хугацаагаа хүлээгээд, тусгай тэтгэврээ хүлээгээд сууж байгаа хэдэн хүний алба биш. Дэлхий нийтээрээ энэ байдал өөрчлөгдсөн шүү. Хандлага өөрчлөгдсөн гэдгийг та бүхэн л үзүүлэх ёстой. Тэгэхгүй бол манай нийгмийн ихэнхийн сэтгэл зүйд байдаг хуучин хандлага өөрчлөгдөхгүй л байгаа.

Цэргийн алба ийм болжээ. Цэргийн албан хаагч гэдэг ямар хүнийг хэлэх вэ? Тусгай бэлтгэлтэй, эх орноо хамгаалагч хүнийг л хэлж байгаа шүү дээ. Эх орноо хамгаалахад байнгын бэлтгэлтэй байдаг хүнийг л цэргийн албан хаагч гэж нэрлэж байгаа юм. Энгийн ч хүн байж болно. Заавал цэргийн цолгүй байж болно.

Цэргийн албаны өөр нэг чухал үүрэг бол хоёр дахь үндсэн үүргээ мартаад байгаа юм. Хамгийн гол ажил бол эх орноо хамгаалагчдыг бэлтгэх ёстой. Эх орноо хамгаалагчдыг бэлддэг байгууллага, энэ системийг зэвсэгт хүчин гэж нэрлэж байгаа. Батлан хамгаалахын салбар бүтэц гэж нэрлэж байгаа. БХЯ гэж нэрлэж байгаа. Тэгэхээр эх орноо хамгаалагч иргэдийг бэлтгэх юм байна.

Ийм хоёр гол санаа цэргийн албаны цаана байгаа гэдгийг бид бодох хэрэгтэй. Тэгэхээр цэргийн албан хаагч хаана байдаг юм. Цэргийн анги, байгууллага дээрээ л байдаг. Цэргийн анги, байгууллагын онцлог юу юм. Хамгийн гол онцлог бол тусгай дүрэм журмаар, тусгай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан байдаг. Хашаагаар нь яваад л ороход харуул хамгаалалттай, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амьдрал тусгай зохион байгуулалтаар зохицуулагдсан байдаг. Байнгын үйл ажиллагаа явуулдаг ийм алба байгаа юм. Үүнийгээ бид ерөнхийд нь ойлгоод авлаа.

Миний гол санаа бол цэргийн албаны чиглэлд, Батлан хамгаалах бодлогын чиглэлд, Зэвсэгт хүчний бодлогын чиглэлд цаашдаа чанарын шинжтэй өөрчлөлт хийхийн тулд яах ёстой вэ гэвэл бид нар өмнө нь явж ирсэн тэр байдлаасаа өөрчлөгдөх хэрэгтэй байгаа юм.

Зөвхөн цэргийн албан хаагчдад зориулагдсан, тэнд байгаа удирдлага, албан хаагчдын байгууллага биш, одоо бол Монгол Улсын байгууллага. Иргэдэд үйлчилдэг байгууллага. Хамгийн гол санаа бол иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, сургалт явуулдаг, цэргийн чиглэлийн үйлдвэрлэл явж байдаг. Цэргийн анги, байгууллага гэдэг бол ийм байгууллага болж хувирах ёстой гэсэн санаа л миний хэлэх гэсэн санааны хамгийн гол нь байгаа юм. 

Цэргийн анги, байгууллага гэдэг бол үүдэндээ харуултай, гаднаас хүн оруулдаггүй хаалттай орчин байх ёсгүй. Нээлттэй орчин байх ёстой. Эндээс л эхлэх ёстой. Цэргийн анги, байгууллагад ажилладаг хүмүүст тавигдах шаардлага нь тусдаа.

Одоо нээлттэй орчин болох ёстой. Өнөөдөр газар сайгүй фитнесс, биеийн тамирын төвүүд байгуулагдаж, хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байна. Цэргийн анги, байгууллагууд зөвхөн хаалттай байдаг бус, цэргийн анги, байгууллагууд аймгийн төв дээр байгаа бол аймгийн төвийн иргэдэд, тэр хүмүүст тэр чиглэлийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг байя. Маш их хэрэгцээ байна шүү дээ. Цэргийн ангийн фитнесс танхимд залуучууд орж ирээд гүйж байдаг, биеийн тамирын танхимд нь тоглож байдаг, дасгал сургуулилт хийж, бэлтгэлээ хийж байдаг болох хэрэгтэй. Үүнд шаардагдах техник хэрэгсэл байхгүй гэж манайхан зарим нь гомдол тавьдаг. Тэгж ерөөсөө болохгүй, үүнийг та бүхэн бий болгох л хэрэгтэй. Бий болгоод явж байгаа олон газар байна. Маш их хэрэгцээ байна гэдэг нь харагдаж байгаа.

Гэртээ буугүй айл Монголд байхгүй. Энэ бол бидний уламжлал гэж би боддог. Наад зах нь нэг калибр буугүй айл байхгүй л дээ. Түүнийгээ тусгалд оруулах гэхэд л хаана очихоо мэддэггүй. Тэгэхээр манай цэргийн анги, байгууллагууд нэг талаасаа  фитнессийн төв, нөгөө талаас буудлагын төвийг ажиллуулах боломжтой. Тэгээд иргэд маань тэнд орж ирээд, буугаа тусгалд оруулаад, гарахдаа ангийн гуанзанд орж хоол идээд төлбөрөө төлөөд, гардаг болъё. Иргэдээс орж ирж байгаа мөнгө хөрөнгө нь тухайн цэргийн анги, байгууллагыг өөд татаж  сайжруулахад тусладаг байх хэрэгтэй. Ийм урамшууллын тогтолцоог цаашид явуулах хэрэгтэй. Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд бид тухай заалтуудыг оруулж өгсөн байгаа.

Бид одоо нийгэмд хэрэгтэй байж л улсад хэрэгтэй болно шүү дээ. Энд нэг ойлголтыг өөрчилмөөр байгаа юм. Мянган өдөр тэжээнэ, нэг өдөр хэрэглэнэ гэдэг. Мянган өдөр тэжээгдсэн байж нэг ч өдөр хэрэглэгдээгүй хүн дүүрэн сууж байгаа. Тийм биз дээ. Дайн болохыг, нэг л газраас халдлага орж ирэхийг хүлээгээд суугаад байдаг. Гэтэл тийм зүйл хэзээ ч болдоггүй. Бид энхтайванч гадаад бодлоготой, хөрш орнуудтай найрсаг сайхан харилцаатай. Одоо үндсэн үүрэг бол өөр.

Би хувьдаа цэргийн сургууль төгссөн. Тэр үй олноор хөнөөх зэвсэг нь хэзээ хэрэглэгдэх юм, НАТО-гоос хэзээ давшилт орж ирэх юм бол, хэзээ миний хэрэг гарах юм бол гэж бодох үе байдаг юм. Тэгэхээр энэ ойлголтыг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Би энэ цэргийн сургуульд сурч байна, би ийм чиглэлд бэлтгэгдэж байгаа юм байна гэж бод. Офицер бол фитнессийн чиглэлийн хичээл заачихдаг. Өнөөдөр эрүүл хооллолт гэж их ярьдаг боллоо. Та бүхний зарим нь, гэр бүл, ах дүү нараас  эрүүл хооллолтын сургалтад мөнгө төлөөд  явдаг байх. Тэр цэргийн анги, байгууллагад ороод ирэхэд наад зах нь офицер, ахлагч нарын гэр бүлээс эхлээд эрүүл хооллолтын хичээл заадаг байж болно шүү дээ. Тэр дотроос тийм хүн гараад ирнэ шүү дээ. Түүнийг заахад тийм хэцүү биш. Жаахан цаг заваа гаргаж ажиллах хэрэгтэй.

Тэгэхээр цэргийн анги, байгууллагууд нийгэмд ямар их хэрэгтэй байгууллага, салбар болж хувирах нь вэ? Хүмүүс орж ирдэг. Манай цэргийн анги, байгууллага чинь ийм болчихсон юм байна шүү дээ. Ингээд өөрчлөгдчихсөн юм байна. Та бүхэн ийм ойлголтыг энд сурч байгаа сонсогчдынхоо толгойд хийж өгөхгүй бол тэд нөгөө л хуучин социализмын үеийн ном, 1990 оноос хойш гарсан онолоо хийж өгөөд гаргах юм бол цэргийн анги, байгууллагууд өөрчлөгдөхгүй ээ. Энэ ойлголтыг өгдөг уул уурхай, гал голомт нь энэ байгаа юм аа.

Тийм учраас би бүр цаг гаргаж, энд ирж энэ ойлголтыг та бүхэнд өгөх гэсэн юм. Хэрэв оршин тогтнох гэж байгаа бол цаашаа ингэж өөрчлөгдөнө. Одоо энэ үндэс суурийг өнөөдрөөс тавьж өгөх хэрэгтэй. Би 2016 онд хэлээд, 2017 оны арванхоёрдугаар сар гэхэд цэргийн анги, байгууллагуудыг энэ чиглэлд бэлтгэ. Үүнийг оруул гэж тэр үеийн Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нарт үүрэг өгч байсан. Энэ ажлуудыг хийж байгаа гэж бодож байгаа. Энэ ажлыг хилийн цэргийн болон онцгой байдлын анги, байгуулага дээр адилхан хийж байх ёстой юм.

Өөр нэг зүйл бол манай цэргийн чиглэлээр сурсан хүмүүст хандаж хэлэхэд хуучин Иргэний хамгаалалтын хичээл гэж долоо хоногт нэг хичээл ордог байсан. Цэрэгжлийн хичээл гэж ордог байсан. Энэ бүх хичээлүүдийг дахиад бий болгоё гэж байгаа. Тэнд офицер, цэргийн мэргэжилтэй хүн байвал сайн. Тэднийг долоо хоног, сарын хугацаагаар энд авч ирээд, түргэвчилсэн курсээр төгсгөдөг байх хэрэгтэй. Ихэнх гадаад, дотоодын сайн сургуулиудыг харж байхад түргэвчилсэн курс сургалтууд цаг үеийн шаардлагад маш сайн нийцсэн байдаг. Байхгүй байсан хичээл ороод л ирдэг.

Нью-Йоркод байгаа хоёр өндөр байшинг мөргөөд унагалаа гэхэд маргааш нь яг түүнтэй холбоотой хичээл ороод ирдэг. Багш нар аа, эрдэмтэд ээ, тийм байж байж өөрийн чинь үүрэг хангагдаж байна гэж бод. Тэгэхээр энэ чиглэлээр та бүхэн байнгын шинэчлэгдсэн, байнгын энэ чиглэлд явж байх ёстой.

Бид цаашаа МСҮТ-үүдийг ийм хоёрдмол зэрэглэлтэй болгомоор байгаа юм. Манай Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүхэн цэргийн алба хаах тухай мундаг заалт байдаг юм шүү дээ. Тийм заалт байгаа. Энэ Үндсэн хуулийн үндсэн заалт иргэн бүр дээр хэрэгжихгүй л байгаа. Үүнийг бид цаашдаа хэрэгжүүлэх ёстой.

Миний хэлж, тавьж байгаа зорилго бол эрэгтэй хүүхэдтэй айл бүхэн, эрэгтэй хүн бүхэн цэргийн ямар нэгэн сургалтаар ямар нэгэн цугларалтад амьдралдаа заавал нэг удаа ч гэсэн хамрагдсан байх ёстой. Өвчтэй зовлонтой, янз бүрийн байх хамаагүй. Зүгээр л аюул тохиолдсон үед гэр бүлээ, өөрийгөө аваад гарах наад захын мэдлэгтэй болсон байх ёстой гэж би хэлэх гээд байна л даа.

Би судалгаа гаргуулсан. Манайд 50 гаруй МСҮТ байдаг. Бүгдийг тийм болгож болох юм байна лээ. Захирлуудыг нь авч ирээд түргэвчилсэн курсээр цэргийн сургалт, бэлтгэл хийлгээд, бэлтгэл ахмад, бэлтгэл хошууч цол өгөөд явуулахад тэр хүмүүстээ ч хэрэгтэй.  МСҮТ дотуур байртай, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Эхнээс нь тодрхой сургуулиуд дээр эхлүүлэхээр бид нар ярилцаж байгаа. Би хуучин Хөдөлмөрийн сайдтай тэгж яриад эхлүүлж байсан. Манайхны нэг юм бол тэрний, энэний санаачилсан ажил гэдэг. Сайн санаачилгыг уламжлал болгож авч явах ёстой юм.

Яаж бид эрэгтэй хүн бүрээ, иргэн бүрээ цэргийн албаар дамжуулах юм бэ гэж хүн асуугаад байдаг юм. Ингэж байж бид дамжуулна. МСҮТ-ийн бүх оюутан тодорхой хэмжээнд цэргийн сургалтаар дамжаад гарчихсан. Болж өгвөл “Оюутан-цэрэг” гэдэг шиг МСҮТ төгсөхдөө л цэргийн албаа хаасан байдалтайгаар цэргийн бэлтгэлд хамрагдсан, 2 сар карантинд, 2 сар тусгай бэлтгэлд, 2 сар сургалтын бэлтгэлээр ороод гарсан байх ёстой. Ингэх юм бол та бүхний хүрэх үйл ажиллагаа, танай сургуулийн үйл ажиллагаа хэрэгжинэ. Танай сургууль толгой нь, танай сургууль жанжин нь юм. Тэргүүлэгч нь байх ёстой. Ямар их хэрэгцээ байна гэж бодож байна, та бүхэн.

Миний хэлэх өөр нэг санаа бол цэргийн анги, байгууллагууд үйлчилгээ, үйлдвэрлэл, сургалтын төв болох хэрэгтэй юм. Зөвхөн өөрийнхөө чиглэлээр суугаад байдаг биш. Үүнийг та бүхэн л толгойд нь хийж өгөөрэй. Тэгэхгүй бол цаашаа явахгүй шүү.

Иргэдээ цэргийн мэргэжилтэй, эх оронч хүмүүжилтэй болгох өөр нэг үйл ажиллагаа бол цэргийн алба юм. Цэргийн албанд татдаг. Дүйцүүлэх алба гэж байна. Хажуугаар нь энгийн иргэдийг тодорхой сургалт, цугларалтад хамруулаад, тодорхой тусгай үйл ажиллагаанд хамруулаад, зуд зурханы үед ч юм уу, хоёр сарын дайчилгаанд хамруулаад, түүнийгээ бүртгүүлээд яваад байж болно. Цэргийн алба хаасан гэсэн үнэмлэх авахын тулд надад нэг сар үлдлээ. Тусгай дайчилгаанаас 7 хоног үлдлээ гээд иргэн бүхэн мэдэж байх ёстой юм. Энэ үндэс суурийг эрх зүйн талаас нь, эрх зүйн бодлогынх нь үндсийг тавьсан нарийвчилсан зүйл дээр Батлан хамгаалахын сайд, УИХ, Засгийн газар анхаарах байх гэж би бодож байна. 45 нас хүрсэн хүн хэн ч байсан наад зах нь заавал нэг удаа цэргийн бэлтгэл, сургалтаар дамжсан байх хэрэгтэй.

Цаашаа цэргийн анги, байгууллага, жанжин штаб, бусад газрын шалгуурыг үүгээр тавимаар байгаа юм. Цэргийн нийтэд нээлттэй байх, иргэдэд эх оронч хүмүүжил олгох, цэргийн албан хаагчдыг бэлтгэх, цэргийн мэргэжлийн тухай ойлголтыг иргэдэд өгөхөд танай  анги, байгууллага, танай сургууль юу хийсэн юм бэ, түүгээр ажлыг нь дүгнэдэг байя.

Түүнээс биш нэг орой давхиж очиж түргэн авахуулж жагсаагаад л ажил дүгнэдэг биш. Нэг өдөр сургуулиа цэвэрлээд, цонх шилээ цэвэрлээд ажлаа дүгнүүлдэг биш. Энэ бол байнгын байх хэрэгтэй. Ийм агуулгатай байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж л ажлын шалгуур болгомоор байгаа юм.

Дээрээс нь би Жанжин штабт хэлээд байгаа юм. Тэр цэргийн хэлтэс офицерүүдэд хэлээд байгаа. Тэнд байгаа  нөхдүүд байнгын нэг засаг захиргааны нэгж дээр бүртгэл хийчихсэн. Тэдээс тэдэн насны эрэгтэйчүүд хэд байна, айл бүрт цэргийн насны хэн байна гэдгийг бүртгэчихсэн байх ёстой. Гадагшаа явсан, ирсэн гээд бүгдийг нь бүртгэчихсэн байх хэрэгтэй. Нэг удаа хүрээд ирэхэд нь цэргийн тусгай бэлтгэлд тодорхой  хугацаанд хамрагдах чиглэлтэй байх хэрэгтэй. Ер нь цаашаа тэтгэвэрт гарахад хүртэл энгийн иргэд, ялангуяа эрэгтэйчүүд цэргийн тусгай бэлтгэлд хэрхэн хамрагдсаныг нэг шалгуур болгох хэрэгтэй. Тэнд хамрагдсан бол тэтгэвэр дээр нь 1000 төгрөг, 10000 төгрөг нэмэгдэж байдаг.

Төрийн албанд ороход цэргийн алба хаасан байх шалгуур хийж өгсөн шүү дээ. Тунхгийн шинжтэй байгаад байгаа юм. Заримдаа хэрэгжих гээд байгаа, гэхдээ л төрийн албанд ороход цэргийн алба хаасан  байна гээд тунхгийн шинжтэй, бас л шахааны, арын хаалганы, улс төрийн зохисгүй юм орж ирээд үүнийг эвдээд байна л даа. Одоо бид жаахан зохистой, дүрэмтэй, журамтай, дэгтэй, хуультай нийгэм болох хэрэгтэй. Бүх юм задгай байж болохгүй. Нэг талаасаа хүний эрх нь задгай байж болно. Задгай гэдэг нь хүний эрхийн нийтлэг зүйлийг эдэлдэг байж болно.  

Нөгөө талдаа хумьдаг, барьдаг зүйл нь заавал ажиллах ёстой. Манайд сахилга, хариуцлага, зохион байгуулалт гэх мэт зүйл нь алга болчихоод байна. Үүнийг дээрээс нь хэлж бий болгох хэрэгтэй гэж хууль санаачлаад  ажиллаж байна. Монгол Улс хэзээ нэгэн цагт энэ зам руу орно. Энэ ажлыг бид хийж байх хэрэгтэй.

Тэгэхээр цэргийн талын ажлыг та бүхэн хийж байх хэрэгтэй. Ийм бэлтгэл ямар учраас хэрэгтэй юм бэ? Энгийн хүмүүст, ардуудад бид ойлгуулах ёстой. Эх оронч хүмүүжил гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгуулах ёстой. Ер нь гэр бүлээсээ холдож байж, эхнэрээсээ холдож хоёр сар явж байж, эрчүүдийн дунд орж байж нь, яваад ирсэн хүнээс асуухад наад зах нь эхнэр, үр хүүхдээ санадаг. Тэгэхэд тэр хүнийхээ үнэ цэнийг мэдэрдэг. Тэгээд яваад ирэхэд эх орныхоо үнэ цэнийг мэдэрдэг.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс ямар учраас ингэж тууштай яваад байна. Бид тэндээс хэдэн төгрөгийн орлого олохдоо биш, энэ үнэ цэнийг л мэдрүүлэх гээд байгаа юм. Эх орон, Монгол Улс гэдэг үнэ цэнийг мэдрүүлэх гээд байгаа юм. Өнөөдрийн энэ нийгэм муу мэдээ, мухай мэдээ, бие биеэ доош нь хийх гэсэн арчаагүй сэтгэлгээний хоцрогдолд орчихоод байна. Хүнийг буугаар алдаг бол ийм муу мэдээллээр алах гэж оролддог, тэгэхээр тэр улс яаж явах юм бэ?

Чи дотроо өөрийгөө их сайхан амьтан гэж бодож байгаа. Гэхдээ компьютерийн ард гараад тийм муухай сэтгэгдэл бичээд сууж байгаа бол чи дахиад нэг хүн алж байгаа байна шүү дээ. Чи эх орноо хамгаалж байгаа биш, иргэнээ устгаж байна. Тэгэхээр ийм жижиг ойлголтоос дээшээ явах хэрэгтэй. Энэ чинь эргээд ийм ойлголттой холбогдож байгаа юм байна шүү дээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрээсээ хол явж байж, тодорхой хугацаанд хол байж, үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдэрдэг.

Та бүхэн энхийг сахиулагчдын ярилцлагыг уншаарай. Миний эх орон бол диваажин юм байна шүү дээ. Монгол Улс чинь ямар гайхамшигтай улс юм бэ?  Бид чинь ямар жаргалтай амьдардаг юм бэ гэж шагширч яриад ирж байгаа. Би хүртэл тэр Өмнөд Суданд очоод хоёр гурав хоноход мэдэрсэн.

Зөвхөн тэр улс руу явахад л наад зах нь өмнө нь явна гээд бэлтгэлээ хангахын тулд гурван долоо хоног гурав, дөрвөн эм ууж байгаа шүү дээ. Тэр улсын шумуул нь хүртэл аюултай байна шүү дээ. Тэр шумуул Монголд байхгүй, тэр өвчин тараадаг. Монголд өвөл болдог учраас тэр шумуул байхгүй. Монголд  бол бүх юм нь үнэхээр гайхамшигтай орон. Газар нутаг нь хүртэл бүх улс орны бүх тивээс хамгийн сайных нь  дээжийг нь цуглуулчихсан юм шиг, улирал нь хүртэл дөрвөн улирал зэрэгцээд байж байдаг. Хүмүүс нь хүртэл цөөхөн мөртлөө авьяастай чадвартай, ийм орон хаана байгаа юм бэ? Энэ ойлголтыг та бүхэн өгөх ёстой юм. ҮБХИС дээр өгөх ёстой. Ингэж харж байж, тэгж хүний сэтгэлийг хөдөлгөж байж очих ёстой л гэж бодож байна.

Би гайхаж байсан. Бид хүүхдүүдтэйгээ ярьдаггүй юм байна. Миний хүү Өмнөд Суданд 9 сар энхийг сахиулагчаар ажиллаад ирсэн. Хүний үр хүүхдийг, офицерийг тэр хэцүү газар илгээж байгаа бол өөрийнхөө хүүхдийг явуул гэдэг шаардлага байдаг. Зүгээр өөрөөрөө үлгэрлэ. Би ингэх гэж ч биш, зүгээр л сайн аав, чи юм үз, яв гэж л явуулсан. Над руу нэг зураг илгээсэн байсан. Би тэр зургийг дараа нь санаандгүй асуусан чинь би өөрөө гайхсан. Тийм аюултай юм руу очсон юм уу гэж. Тэр зурган дээрээ тас хар шил зүүсэн, дүүрэн сумаар бүс хийгээд бүсэлчихсэн, аймшигтай том автомат буу барьчихсан хар хүмүүстэй зургаа авахуулчихсан байсан. “Энэ чинь одоо юу вэ” гэж зүгээр л тэр зургийг асуусан чинь тэр зурагнаас намайг сэртхийлгэсэн түүх ярьсан.

Тэнд хоёр Судан байгаа. Өмнөд Суданы хилийг даваад хойд Суданаас 3000 гаруй зэвсэгт этгээдүүд ороод ирдэг. Өмнөд Суданыхан тэр мэдээллийг аваад өөдөөс нь  цэргээ хөдөлгөх гээд, яг байлдаан болох гэдэг. Тэнд энхийг сахиулж байгаа хүмүүс оролцох шаардлагатай болдог. Манай батальоныг дууддаг. Хэл устай болохоор тэнд тагнуулын чиглэлээр тусад нь бэлтгэж явуулсан юм л даа.

Ааваараа овоглох эрхгүй явсан шүү дээ. Өөр хүнээр овоглож явуулсан. Элбэгдоржийн гэх юм бол, Ерөнхийлөгчийн хүүхэд гэх юм бол хамгийн түрүүнд, аягүй бол хажууд нь байгаа хүмүүст хүртэл аюултай байдал үүснэ гэж үзсэн. Бусад улс орон ч гэсэн тийм л байдаг. Тэр үед тэд ямар шаардлага тавьж байсан гэхээр та нар буугүй ирнэ шүү. Хэрвээ уулзах гэж байгаа бол ямар ч зэвсэггүй ирнэ. Дээр нь араа шүдээ хүртэл зэвсэглэсэн хэдэн мянган хүн хоёр талаасаа тулаад, бие биеэ харж байгаад бууны гох дарах гэж байгаа бол амь хамгаалах хантаазгүй ирнэ шүү гэсэн. Тэгээд гурван хоног хэлэлцээр хийгээд, хоёр тийш нь болгоод тийм энхийг сахиулах даалгавар биелүүлж ажилласан. Тийм зүйлд л бид иргэнээ бэлдсэн байх ёстой.

Ийм юм олон болдог уу? Дандаа л болж байдаг. Афганистанд байгаа манай энхийг сахиулагчдад сард долоо найман удаа зэвсэгт халдлага гарч байдаг. Жинхэнэ дайны утаа үнэрлэж байгаа шүү дээ, манай энхийг сахиулагчид. Бид бол цэргийн сургууль төгссөн. Дайны утаа биш дарийн утаа үнэрлэсэн. Наад зах нь хээрийн сургуульд сар явж үзсэн юм байгаа биз дээ.  Зөвлөлтөд цэргийн дээд сургууль төгсөнө гэдэг амаргүй шалгуураар төгсөж байсан шүү, бид нар. Таван жил хатуу шалгууртай, Зөвлөлтийн систем гэдэг бол социалист системийг төлөөлсөн цэргийн блокийн дээд тал нь байлаа.

Түүний нөгөө талд хэн зогсож байсныг мэднэ. Тэр түвшинд бид бэлтгэгдэх ёстой л байсан. Бүх буу зэвсэг, тэрэг техник, бүх машин механизмыг хөдөлгөдөг, ажиллуулдаг. Шаардлага гарсан үед түүнийг ажиллуулж чаддаг, тийм л болж төгсөж байсан. Тэр бэлтгэлжилт өнөөдөр манай цэргийн сургууль төгсөж байгаа хүмүүс дээр байна уу, үгүй юу?

Юмыг ингэж л харах хэрэгтэй. Тэгэхээр аливаа сургуулийн чансааг шалгадаг нэг юм байдаг. Манай тамирчдыг аваад үзээрэй. Олон улсын тэмцээн, Азийн тэмцээнд явж байж, тэнд очиж барилдаж байж, тэнд хүч үзэж байж чансаагаа шалгаж байна. Аливаа сургуулийн чансааг юугаар шалгах вэ? Гадаадын оюутан танай сургуульд байна уу? Хоёр оюутан байгаа, долоон офицер богино хугацаагаар ирээд явсан гэдэг бол биш.

Миний үед Зөвлөлтийн сургуульд сурч байхад 30 гаруй орны сонсогчид тэр сургуульд сурдаг. Тусгай факультет гээд тусдаа жагсдаг байсан. Үүний суурийг энд тавьж байх хэрэгтэй. Монголын Үндэсний Батлах хамгаалахын Их сургуульд хүн гаднаас суръя гэж байгаа бол танай сургуулийг үнэлж байна гэсэн үг.

Тэр орны төр нь, тэр орны татвар төлөгч нь танай сургуульд сурах гэж байгаа хүний мөнгийг төлж байгаа бол одоо л танай сургууль үнэлэгдэж байна. Хамгийн гол шалгуур энэ байдаг юм. Энд гадаадын ижил тэнцүү, өөрөөс нь илүү сургуулиудын профессорууд ирж багшилж байх ёстой. Тэр сургуулиудын сурах бичгүүдийг та бүхэн ашигладаг байх ёстой. Зөвхөн та бүгдийн бичсэнийг биш. Ингэж үнэлэгддэг.

Намайг энд хүрээд ирэхэд л манайд 15 орны 203 сонсогч сурч байна. Энэ манай тусгай факультет гээд арван жилийн дараа жагсаачихсан байх юм бол тэр үеийн төрийн удирлдагуудад үнэхээр баярлана даа. Энэ ажлыг өнөөдрөөс хийх хэрэгтэй. Ингэж байж үнэлэгддэг.

Өөр гайхамшигтай онцлог Монголд байна. Монголын түүх байна. Гаднаас өөр орны цэргийнхэн ирээд Афганистан, Иракт  үүрэг гүйцэтгэж байгаа манай улсуудыг Монгол цэргийг үзье гэж ирж байсан гэсэн. Энэ онигоо биш шүү, энэ болсон явдал. Ганц нэг болсон байж магадгүй. Монгол цэрэг гэж юу байдаг юм бэ, нэг харъя гэж. Түүхээс сураад, Чингис хааны түүх, бусад манайхны агуу явсан, Дэлхийн талыг эзэлж явсан түүхийг сонсоод Монгол цэрэг, Монгол хүн гэж юу байдаг юм, харъя гэж ирсэн. Тэгээд харуулахад чи ямар янзтай зогсож байх ёстой вэ. Чи ямар бэлтгэлтэй байх ёстой вэ гэдгээ л бодох, харуулах хэрэгтэй.Манай цэрэг ямар бэлтгэлтэй байх ёстой вэ гэдгээ л бодох ёстой юм.

Тэгэхээр энэ юманд суръя. Харъя гээд ирж байхад суръя гээд  ирэх хүн байна гэж би хэлэх гээд байгаа юм. Нөгөө түүхээ, агуу тулалдаануудыхаа аргуудыг заадаг байя.  Хэрэглэж байсан хэрэгсэл, зэвсэг хэрэгсэл, нум сум  нь хоцрогдсон байж магадгүй л дээ. Арга тактик, оюун ухаан нь хоцрогдохгүй шүү дээ. Хоёр жил чөлөөлөөд, тэнд цэргээ байршуулах гээд, тэнд 1  жил, 20 жил байх гээд дэлхийн том гүрнүүд үйлээ үзэж байна. Тэгэхэд Монголчууд 200 жил, үе үеэрээ хаан суугаад, тухайн бүс нутгийг захираад байж байсан. Зэрлэгүүд байгаагүй шүү. Хууль дүрмийг аваачиж, боловсролыг аваачиж, оюун санааг аваачиж, тэр хүмүүсийг татах ямар нэгэн зүйлийг аваачиж сэтгэлийг нь эзэмдэж захирч явсан улс, бид.

Тэр нь ямар арга байсан юм бэ. Түүнийг та нар зааж өгөөч. Бид үүнийг зааж өгнө өө. Манай цэргийн сургуульд сонсогчоо явуул, солилцоо хийе гэхэд дуртайяа хүрч ирнэ шүү дээ. Энд сууж байгаа хүмүүсийн 30 хувь нь тийм хүмүүс сууж байсан бол шал өөр. Тэгэхэд энд сууж байгаа 30 хувийн нөгөө 30 хувь нь гаднын өөр цэргийн сургуульд очоод сурч байх ёстой. Тэгэхээр хүрсэн түвшиндээ хэзээ ч битгий тайвшир. Ийм гайхамшигтай боломж ганцхан танай сургууль, танай хамт олонд байна.

Ингэж энэ бүхнийг харах хэрэгтэй. Би яагаад цэргийн албыг чухалчлаад байна вэ гэхээр үнэхээр цэргээр явсан хүн өөр болдог. Энхийг сахиулах ажиллагаанд нэг яваад ирсэн манай залуус өөрчлөгддөг, өөр болдог гэж ярьдгийг та нар бүгдээрээ сонссон.

Юугаараа өөр болдог юм гэхээр хамгийн гол нь эх орноо хайрлах, эх орон, улс үндэснийхээ давуу талыг мэдрэх мэдрэмжээрээ л өөр болоод ирдэг юм. Мах цусанд нь шингээд хүрээд ирж байгаа юм. Ийм гайхамшигтай. Жинхэнэ эх оронч хүн гэдэг бол зүгээр цээжээ дэлддэг, бие биеэ доош нь хийдэг, Монголын хөгжлийг хойш нь чангаадаг  этгээд биш. Эх орныхоо төлөө юм боддог хүнийг хэлнэ.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ажил бол юм боддог хүнд бол бодуулдаг ажил. Би өнөөдөр бодсон зүйлийнхээ заримаас та бүхэнтэй хуваалцаж байна. Найман жил энэ үүргийг Үндсэн хуулийн дагуу гүйцэтгэж явж байна. Хуваалцах ёстой, хэлэх ёстой хүмүүс бол та бүхэн гэж бодож байна.

Манай цэргийн албан хаагчид, иргэд миний хувьд нэгдүгээрт шаардлагатай үед эх орноо хамгаалахад бэлэн байх ёстой. Хоёрдугаарт, сахилга бат, зохион байгуулалтыг өөрөө үлгэрлэдэг байх ёстой.

Бид, манай сургуулийнхан бусдаас юугаараа ялгаатай байх  вэ? Дэлхий нийтийн бусад бүх сургуулиуд хатуу өрсөлдөөн дунд явж байна. Би дэлхийн 7 тэрбум хүнээс юугаараа ялгарах юм бэ? Хамгийн наад зах нь хүмүүжил, сахилга, зохион байгуулалтаараа ялгардаг. Гэрээсээ гараад ангидаа ирэхэд чи ямар харагдах вэ, гэртээ ирээд эхнэр хүүхэдтэйгээ харилцахдаа хүртэл ямар харагдах вэ гэдэг талаараа чи ялгарч л байх хэрэгтэй. Бүх газар чи үлгэрлэж чаддаг л байх хэрэгтэй. Сайхан хүн шүү, өөрийн зохион байгуулалттай, хараад баймаар хүн шүү. Миний ээж, миний аав тийм байсан гэдгийг та бүхэн эндээс л олж авна шүү дээ. Үүгээрээ бусад сургуулиас, бусад орны цэргийн албан хаагчид, сонсогчдоос та бүхэн ялгарах хэрэгтэй.

Гурав дахь нэг ялгарах юм бол багаар ажиллах чадвар. Цэргийн сургуульд сураад төгсч байгаа хүмүүст ийм чадварыг бүр суулгаж өгсөн байх ёстой. Бие биеэ доош нь хийж Монгол Улс хөгждөггүй юм. Бие биеэ татаж хөгждөг юм.

Залуу Тэмүүжин хүртэл түүнийг ойлгосон. Монгол Улс тарлаа, бутарлаа, задарлаа. Овог аймгаараа байлдаж болохгүй юм байна. Ерөөсөө нэгтгэе. Ингээд тодорхой хугацаанд цаашаа явах юм бол сүйрэх нь байна шүү гэдгийг ойлгосон. Гол амжилтын үндэс нь тэр гэж би боддог шүү.

Манай нийгэмд ийм зүйл болохгүй байна, буруу байна гэж бодож байгаа бол нөгөө талаас нь хамдаг, цуглуулдаг хүмүүс нь та бид нар. Өөр хэн байх юм бэ?  Надаас, таниас эхэлнэ. Асуудал байгаа бол би яах вэ л гэж л бодох хэрэгтэй. Түүнээс биш бусад хүмүүс рүү, бусад руу хараад, дарга руугаа хараад энэ болохгүй байна гэж боддог, энэ сэтгэхүй бол хамгийн буруу, хамгийн муу сэтгэлгээ юм.

Дөрөв дэх нэг сайн чанар бол амь, амьдралаа өөрөө авч явах, хариуцах чадвар. Энэ бол гайхамшигтай. Цэргээс тэтгэвэрт гарсан хүн Цагаандаваанд хог түүгээд явж байна гэж бараг сонсоогүй. Бараг л үгүй байх аа. Дээр үеийн өвгөнтөд архи уугаад явж байсан хүн байсан болов уу? Цөөхөн л, ганц нэг байсан байх.

Наад зах нь гэр бүлийнхээ амьдралыг аваад явах чадвар суучихсан, наад зах нь нэг албан байгууллага дээр очоод харуул хийхэд л цэргийн сургуулиар, цэргийн амьдралаар 25 жил явчихсан хүн найдвартай л байдаг. Наад зах нь хулгай хийдэггүй, хариуцуулсан итгэлийг эвддэггүй, бид чинь тийм хүмүүжилтэй хүмүүс байдаг. Чи юугаараа ялгарах юм. Үүнийгээ л хэлж яв.

Энэ бол гайхамшигтай хүмүүжил. Миний гэр бүлийн амьдрал муу байгаа бол би хэзээ ч төр, засгийг хараахгүй. Цалин муу байгаа бол би хараахгүй, үүнийгээ нэмэгдүүлэхийн төлөө л явна. Би хэнээс ч хамаарахгүй, нүүр бардам аваад явахын төлөө л явна. Ийм л ойлголтыг бага наснаас нь хүүхдэдээ та нар суулгасан байх хэрэгтэй.

Манайхны нэг буруу ойлголт байдаг. Төр буруу ажиллаад байна, улс төр  тийм байна. Тийм учраас миний амьдрал ийм байна гэдэг. Ямар ядуу сэтгэж байна аа. Тэрнээс чинь гаргахын тулд л бид хүний эрх гэж ярьсан шүү дээ. Өөрийн чинь эрх гэж. Чи эхлээд амьдралаа аваад яв. Ах дүүгээ дэмждэг бол. Чаддаг юм бол нийгэм, хамт олноо манлайл гэж оруулсан.

Амьдралдаа манлайлж чадахгүй, гэртээ сайн аав байж чадахгүй, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй, нэг бол нөхөр, хүүхдээ аваад явж чадахгүй байгаа бол ямар юмных нь цаашаа алхах тухай вэ? Энэ боломжийг л бид иргэддээ олгох гэж энэ нийгэм рүү орсон. 1970-80 аад оны ойлголт суучихсан, огт өөр юмаар ухуулга хийгээд явдаг улсууд байж магадгүй л дээ. Тэгэхээр үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Нийгмийнхээ мөн чанарыг бид ойлгомоор байна.

Тавдугаарт, бие бялдар сэтгэл зүйн хаттай болдог. Гурав хоног хүйтэн цасан шуурганд төөрөхөд л хөлдөж үхэхгүй чадвартай л байх ёстой. Гучин километр усгүй алхахад очих чадвартай л байх хэрэгтэй. Хамгийн гол нь хэдэн литр ус авч явж байгаагаараа биш, сэтгэлийн хатаар түүнийг давдаг. Давсан байдаг юм. Энэ чадвар, сэтгэлийн хатыг л бид энд л суулгаж өгсөн байх ёстой. Бусад их дээд сургуультай өрсөлдөх юм бол ерөөсөө энэ.

Саяын хэлсэн таван зүйлийг бичиж аваад манай багш нар “Яах вэ, энэ хүн өөр юм яриад байна. Энэ хүн бидэнд заалаа” гэж бодож магадгүй. Би хэлэх эрхтэй гэж бодож байна. Ард түмнээ төлөөлж та бүхэнд хэлэх эрхтэй. Би энэ эрхийг хэрэгжүүлж байгаа, үүргийг гүйцэтгэж байгаа хүн. Тийм учраас олон жил бодож байгаад, би олон жил төр, засгийн янз бүрийн ажил хийж байхдаа дандаа ирж та бүхний ажлын цагаас чинь авч байгаагүй. Гэхдээ энэ бүхнийг би бодож ирсэн. Нэлээд олон бодсон шүү. Ийм зүйл байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлд та бүхэн яваарай гэх хэлэх гэсэн юм.

Би Москвагийн Улаан талбайд ялалтын парад хараад сууж байхад Монголын соёмбот далбаа намираад, тэндээс парад алхах гэж байгаа манай цэргийн албан хаагчид, тэр анги, рот, салаа гараад ирэхэд надад ямар гайхамшигтай харагдаж байсан бэ. Самсаа шархирна гэдэг тэгэхэд болж байгаа шүү дээ. В.Путин Ерөнхийлөгчийг Монголд ирэхэд л би тэр санааг В.Путин Ерөнхийлөгчид Жуковын музей дотор сууж байхдаа л шууд хэлсэн.  

За, ялалтын 70 жилээ тэмдэглэх юм байна. Үнэхээр Монголын ард түмэн ЗХУ-д тэр хүнд бэрх цаг үед тусадсан. Манай улс оронд ч хүнд бэрх байсан, манай ард түмэн ч хүнд бэрх үед амьдарч байсан. Яаж тусалсан бэ, та сая сонслоо. 500 мянган агт гэдэг бол асар их том тусламж. Москвагийн дор, тэр сөрөг дайралт давшилтад орж байгаа анги байгууллагуудыг дулаан нэхий дээл, нэхий хувцас, эсгий гутлаар хувцаслаад гаргана гэдэг бол маш том тусламж байсан шүү. Тэр морь гэдэг зөвхөн морин цэрэгт хэрэглээгүй. Их буу чирдэг. Тэд бүр хэлдэг юм. Бусад машин механизм бензин ашигладаг. Тэгэхэд морь бензин шаарддаггүй. Наад зах нь тэр морь эцээд үхэхэд цэргийн хоол болдог байсан юм гэж хэлдэг. Морь нь хүртэл тийм тэсвэртэй улс шүү дээ, Монгол бол. Бууны сумнаас халирдаггүй үргэдэггүй, тэгэхээр хүн нь ямар байх ёстой юм. Ийм аугаа хувь нэмрийг бид оруулсан юм.

Тийм учраас Монголын цэрэг, манай зэвсэгт хүчний төлөөлөл ялалтын 70 жилийн парадад оролцмоор байна гээд зүгээр л хувийн харилцаанаас хэлсэн. Бусад зарим орнууд орсон, тэндээс санаа авсан уу,  өөр бусад бэлтгэлтэй байсан уу, бүү мэд. Манай их буу чирээд явж байгаа хоёр морины хөшөөг тэд хамгийн их шүтэж хүндэлдэг уулан дээрээ, “Поклонная гора” гэдэг ууландаа байршуулах гэж байна. Оросын удирдлага, ард түмэн бидэнд сайхан хандсаар ирсэн. Сайхан ханддаг шүү дээ. Ингээд бид нар тэнд зөвхөн цэрэг алхсан биш, тэр дурсгалыг  бид нар тэр хүмүүст мөнхийн сануулах, мөнхийн найрамдлаа сануулахын төлөө явж байгаа.  

Монголчууд ч гэсэн хойд хөршдөө гайхамшигтай ханддаг шүү дээ. Монголын ард түмнээс ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гээд асуухад 60 хувь нь, 10 хүний 6 нь, хойд хөрштэйгээ, ОХУ-тай ойрхон ажиллах хэрэгтэй, ОХУ-тай ойрхон байх ёстой, сайн харилцах ёстой гэж хариулдаг юм даа.  

Тянь Ань Мэний талбай дээр Чөлөөлөх дайны 70 жилийн ой болж байхад, өмнө нь удирдлага нь ирэхэд би бас тийм санааг хэлж байсан. Өмнө нь манай гадаад бодлогод энэ тухай ярих гэхэд бараг хориотой юм шиг байдаг байсан. Би үүнийг ярина гэхэд энэ таны ярих үгний санаанд орохгүй, энэ болох уу, үгүй юү гэж эргэлзэж байсан.  

Би тэгэхэд нь манай цэрэг армийн байлдагчид, дайчид өмнөд хөршийг гаднын түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд 1945 оны 8-9 сард оролцсон юм. Бид энэ түүхээ ярих хэрэгтэй гэсэн.

Тэр үед цагаан хэрэм хүртэл явсан байдаг шүү дээ. Цагаан хэрмийн наад талд маршал чөлөөлөх дайнд оролцсон цэргийн ангийнхаа парадыг хүлээж аваад зогсож байгаа зураг байдаг. Түүнийг үзүүлэхэд л нээрээ тийм байна шүү гэдэг.

Тэнд орхигдож байсан музей, бусад зүйлүүд одоо бүгд сэргэсэн. Манай урд хөршийн дээд удирдлагын нь зүгээс анхаарал тавьж, хөрөнгө оруулж бүгдийг нь  сэргээсэн. Энэ гайхамшигтай биш гэж үү? Тэгээд  Тянь Ань Мэний талбайд манай цэрэг, зэвсэгт хүчний төлөөлөл очиж тэр үйл ажиллагаанд оролцсон. Ямар өргөн парад болсныг та бүхэн мэднэ. Ийм улс, ийм улсын цэргийн албан хаагчдыг бэлтгэх гал голомт нь болсон сургууль гэдэг ямар байх ёстой вэ? Үүнийг та бүхэн бодож явах хэрэгтэй.

Манай Батлан хамгаалахын сайдтай Германы Батлан хамгаалахын сайд уулзаад хэлсэн үг байдаг. Афганистанд манай энхийг сахиулагчид ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа зардал манай төсвөөс гардаг. Тэгэхээр нь бид та нар энэ  төсвийнх нь асуудлыг хариуцаач гэдэг. Тэгээд янз бүрийн гэрээ хэлэлцээр хийгээд байдаг, болдоггүй юм л даа. Гэхдээ тэр нь энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж байгаа асар том хувь нэмэр гэж үнэлэгддэг. Германы Батлан хамгаалахын сайд, Германы  генерал хэлж байна гэж байгаа шүү дээ. Танай Монгол цэргүүд хамгаалалтад гарсан байхад манай цэргүүд тайван унтдаг юм байна лээ гэж, шалтгаанаа тэгж хэлж байгаа юм. Монгол цэргүүд ийм итгэлтэй, ийм итгэлтэй хүмүүсээр Монгол Улс улам олон болоосой.

Бүх эрчүүд нь, бүх эмэгтэйчүүд нь, бүх иргэд нь тийм болоосой гэж би хүсээд байгаа юм. Тэр хүмүүсийг бэлддэг, тийм үнэлэмжид хүртэл нь бэлддэг гол төв нь энэ байгаа юм. Тэгэхээр үүн рүү бид нар явах хэрэгтэй. Энэ бол их чухал юм шүү гэдгийг бас энд хэлье.

Дээрээс нь, сүүлийн найман жилийн хугацаанд миний хийсэн ажлуудаас үзэхэд Б.Бат-Эрдэнэ сайд, УИХ-ын  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, энэ сургуулийг төгссөн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гээд зүгээр уулзаад ярьдаг зүйл маань энэ 8 жилд манай цэрэгжсэн байгууллагууд, тусгай байгууллагуудын үйл ажиллагаа, энд хийгдсэн шинэчлэл бол үнэхээр чанарын өөрчлөлт гарсан юм шүү.

Би хоёр өдрийн өмнө Онцгой байдлын байгууллага дээр очлоо. Дөнгөж 13 жилийн өмнө байгуулагдсан байгууллага ямар түвшинд хүрсэн гэж бодож байна, та бүхэн. Манай хилийнхэн ямар түвшинд хүрсэн гэж бодож байна. 10, 20 жилийн өмнө танай энэ анги , байгууллага, казарм ямар өнгөтэй байсны та бүхэн мэднэ. Одоо ямар өнгөтэй болж байгааг мэднэ. Их өөр болж байгаа.

Энд шаардлагатай байсан, бараг бүх гэж хэлж болно, хуулиуд гарсан. 2012 онд бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталснаас хойш Батлан хамгаалахын бодлого, Зэвсэгт хүчний тухай хууль, Батлан хамгаалахын тухай хууль, Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Онцгой байдлын тухай хууль, Хилийн тухай хуулийг иж бүрнээр нь бид сүүлийн хоёроос гуравхан жилийн дотор хамтарч бүгд сууж байгаад боловсруулаад, байх ёстой түвшинд нь батлуулсан. Энд та бүхний оролцоо байсан. Цаашдаа энэ хууль, эрх зүйн үндэс суурь нь болоод явна.

Бид аливаа шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэдэг. Аливаа нийгэмд, зөв нийгэмд шинэчлэлт өөрчлөлт юугаар явдаг вэ? Хуулийн өөрчлөлтөөр явдаг юм. Агуулга нь тэгж илэрдэг. Манай хуульд өөрчлөлт орсон, тэр нь дэвшилт өөрчлөлт болсон бол тэр нь шинэчлэлт, өөрчлөлт зөв чигтээ явж байна гэсэн үг.

Тэгэхээр чимээгүй мөртлөө хамгийн их ажил хийгдсэн, хамгийн их дэвшил гарсан, хамгийн чанарын өөрчлөлтийг авчирсан салбар бол манай зэвсэгт хүчний салбар шүү. Манай батлан хамгаалах салбар, манай тусгай байгууллагууд, тагнуулын байгууллга, бүр цаашлах юм бол цагдаагийн байгууллагад дэвшил гарсан.  

АСЕМ-ийн уулзалтын үер тэдэн  тэрбум төгрөг зарцуулсан гээд хүмүүс баахан хашгирдаг юм. Бид 50 нар тэрбум төгрөг төсөвлүүлээд  АСЕМ-д төсвөөс 21 тэрбум төгрөг л зарсан байдаг. Танай сургуулийн жилийн бүх нийт зардлаас ч бага байж магадгүй. Гэтэл түүгээр орж ирсэн нэр хүнд, түүгээр орж ирсэн хөрөнгө оруулалт гэж байна.

Бид нар цагдаа, тусгай байгууллагуудаа тэр өндөр түвшний багаж хэрэгсэл, шаардлагатай бүх юмаар нь нар хангаж чадсан шүү дээ. Ганцхан үйл явдлын цаана, танай сургуулийнхан, манай албан хаагчид хүртэл энд оролцсон. Наад зах нь хамгаалалтад нь оролцсон. Ингэж явсан. Тэгэхээр энэ бол чимээгүй мөртлөө үнэхээр чанарын шинжтэй ийм сайхан өөрчлөлт гарсан.

Би эндээс гараад цэргийн эмнэлгээр, хуучин госпиталиар орно. Өмнө нь госпиталиар ороогүй юм байна. Ер нь госпиталиар орохгүй байх хэмжээнд, эмнэлэгээр орохгүй байх хэмжээнд бие бялдраа авч явах хэрэгтэй. Тэнд бас өөрчлөлт гарсан.

Манай цэргийн эмнэлэг бол үнэхээр орчин үеийн, энэ бүс нутагтаа хамгийн шаардлага хангасан, маш хурдан тусламж үзүүлэхэд л 10 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх чадвартай, шууд дэлгэгддэг байх ёстой л гэж би бодоод байдаг юм. Ерөөсөө миний боддог юм тэр.

Суурин газар аюул тохиолдлоо гэхэд л цэргийн эмнэлэг нь тийм хэмжээнд хүрсэн, цэргийн албан хаагчид нь тийм хэмжээнд хүрсэн л байх ёстой. Та нар тайван суугаад байж магадгүй. Би тангараг өргөсөн гэдгийн цаана ийм юм гарсангүй л дээ. Гарахгүй л цаашдаа Монгол ийм тайвнаараа, сайхнаараа, аюулгүй байдал нь та бүхний, Монголын ард иргэдийн, төрийн оролцоотойгоор үргэлж хангагдаад явж байх ёстой.

Эх орныхоо төлөө үхнэ гэж өргөсөн тангаргаа биелүүл гээд нэг өдөр тушаал буух цаг, ийм юм ирнэ шүү гэж үргэлж бодож байх хэрэгтэй. Ирж магадгүй гэж, би үүнд л бэлэн байх ёстой. Би тангараг гэдгийг бол насан туршийн зүйл гэж ойлгодог. Цэргийн тангараг гэдэг бол тийм.  Цэргийн тангараг өргөхөд сэтгэл дотор, элэг зүрхэн дотор эх орон бүтнээрээ ороод ирэх шиг болдог гэж зарим хүн ярьдаг. Би бол тэрийг мэдэрсэн. Өргөөгүй хүн бол мэдрэхгүй. Яг тэр үүргийн өмнө очоогүй хүн бол мэдрэхгүй. Түүнийг бид нар иргэн бүхэндээ мэдрүүлж ойлгуулах ёстой юм аа гэдгийг би энд хэлье гэж бодсон.

Тэгээд өнөөдөр ҮБХИС дээр ирлээ, та бүхэнтэй уулзлаа. Энэ ярьж хэлсэн зүйлүүд, энэ бодлого, энэ асуудлыг их сайн ойлгож, үүнийг цаашдаа ажил амьдралдаа, албандаа хэрэгжүүлж явах хэрэгтэй.

Яруу алдарт гэж бид цэргийн анг байгууллагаа нэрлэдэг. Яруу алдрын цаана сая миний хэлснийг л ойлгож байгаа юм. Үргэлж сайн сайхан, үргэлж манлайлагч, үргэлж өмнө нь хэрэгцээ гарсан үед аврах гар нь байсан, хэрэгцээ гарсан үед хаагаад зогсох цээж нь байсан, хэрэгцээ гарсан үед дагуулаад явах манлайлал, уураг тархи нь бид нар байсан юм аа. Байхын төлөө бид нар өөрсдийгөө бэлтгэдэг юм аа гэж ойлгох хэрэгтэй.

Дахин та бүхэнд цэргийн баярын мэнд хүргэе.

Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Баярлалаа” гэлээ.