Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлэв

Administrator 2017-04-06 06:17:00

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул  хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Тэрээр энэ үеэр УИХ-ын эрхэм гишүүдэд хандан дэлгэрэнгүй үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Эрхэм гишүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Хүндэт зочид оо,

Монгол Улс хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ. Шийдвэр гаргагчид чухал шийдвэр гаргах хэрэгтэй боллоо гэсэн үг. Улсын Их Хурлын энэ удаагийн бүрэлдэхүүнд би их итгэл тавьж байгаагаа өмнө нь хэлж байсан. Та бүхэн бол Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш миний хамтарч ажиллаж байгаа Улсын Их Хурлын гурав дахь бүрэлдэхүүн. Аливаа парламентын зорилго нь тулгамдаж байгаа асуудалд хамгийн үр дүнтэй шийдэл олоход л оршдог.  

Ямар асуудлыг яаралтай, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна вэ?

Нэг: Хариуцлагын асуудал. Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.

Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.

Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага байгаа юм. Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй.

УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хууль бий болж байж, тэр нь тэгш хэрэгжиж байж төрдөө итгэх ард түмний итгэл бага ч болов эргэж сэргэнэ.

“Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.

Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Эрх баригч хүчний сонгуулийн амлалт, хөтөлбөр бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Монголын ард түмний өмнө дээд хариуцлагыг энэ УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээж байгаа.

Хариуцлага бол мэдрэгдэж байж хэрэгждэг зүйл. Хариуцлагыг мэдрүүлэхийн тулд хариуцлагын хуулиа баталж мөрдөхөөс өөр гарц байхгүй. Өнөөгийн эрх баригчид энэ ажлыг хийж чадахгүй бол дараагийн эрх баригчид энэ ажлыг амлаж авч хийх нь ойлгомжтой.

Эрхэм гишүүд ээ!

Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна. Үүнийг би хоёрт нь онцолж хэлье гэж бодсон юм. Манай төр эдийн засгаасаа томорсон. Том төрийнхөө ачааг эдийн засаг нь даахгүй байна. Төсвийн алдагдал, төрийн өрийн хэмжээ, бизнесийн салбарын уналт, ард олны бухимдал, амьжиргааны доройтол бүхэн дээдхийн илрэл юм. Төр бизнес хоёрыг салгахгүйгээр энэ байдлыг засах аргагүй.

Засахын тулд: (үсгээр дугаарлаад хэлчихье)

А; Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон. Албан тушаалтны шийдвэр, тамганы дардас, гарын үсэг бүхэн бизнес болсон. Манай төрийн байгууллагууд жинхэнэ утгаараа төрийн байгууллага байхаа больсон. Бүгдээрээ шахам төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болж хувирсан. Иймээс хямралыг давах гэвэл төр бизнес хоёрыг салгах хэрэгтэй.

Б; Дээрхи байдлыг өөрчлөхийн тулд өмнө явж ирсэн буруу бодлого, үйл ажиллагааг давтаж болохгүй. Урьдах бурууг нь давтуулах гэж эрх баригчдыг ард түмэн шинээр сонгодоггүй. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой. Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.  

В; Сайд гэж манайд сүрхий гажуудсан албан тушаал байна. Ер нь сайдын албан тушаал бол эрхэлсэн сайдын хэмжээнд л байх хэрэгтэй. “Яамны” гэдэг үгийг сайд гэсэн гуншингийн өмнөөс авч хаясан нь тийм л учиртай. Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг ч болиулах хэрэгтэй. Бие биедээ тамгаа хадган дээр ээлжилж бариад зогсож байдаг. Сайд тушаал захирамж гаргах эрхгүй. Тэр бүхэн төрийн захиргааны мэргэжилтэн – Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хадгалагдах учиртай. Сайд бол ирдэг, буцдаг. Төрийн мэргэшсэн алба үлддэг байх ёстой.

Г; Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг дахин давтаж хэлье. Аж ахуйтай орооцолдсон төр, сайд, дарга нар хагарал зөрчил, хэрүүл тэмцэл, авлига албан тушаалын гэмт үйлдлээс ангид байж чаддаггүй юм. “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй.

Д; Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Бүгдийг олон нийтийн хяналтад оруулж, шилэн болгох хэрэгтэй. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.

Е; Төрийн бүх шатны албан хаагч, албан тушаалтны ажиллах орон зай, өрөөний хэмжээ, унах дуудах унаа машин, оролцох эс оролцох, төрөөс зардал гаргах эс гаргах бүх зүйл, үйл ажиллагааны стандарт, журам, хязгаарлалт хоригийг тогтоож хатуу мөрдөх хэрэгтэй. Өрөөгөө тансаглаж томруулж зассан бол, албаны унааг хэрэглэх ёсгүй зүйлд унасан бол, компьютерээ буруу зүйлд ашигласан бол ажлаасаа халагдах л ёстой. Хариуцлагатай төрийн ажил ингэж л явдаг, ийм зүйлээс л эхэлдэг.

Ё; Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “үр ашиг” гэдэг нэг л хэмжүүрээр хэмжие. Хэрэв энэ хэмжүүрт хүрэхгүй бол өмчлөл, удирдлагыг нь өөрчил. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь улс төрийн албан тушаалтнууд, тэдний тойрон хүрээлэгч, даган баясагчдыг хөрөнгөжүүлдэг үүр уурхай болсон. Төрийн өмчийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлдэг олон улсын сайн жишгийг нутагшуулахаас өөр гарц энд байхгүй.

Бид энэ тухай олон ярьсан. Олон жишиг судалсан. Бүрэн боломж байгаа шүү дээ.

Монголын төр эдийн засгаасаа томорсоны үндсэн шалтгаан бол төр эдийн засгийн харилцаанд гоцлон тоглогч болж хувирсанд байгаа юм. Төр уг нь эдийн засгийн талбайн гадна зохицуулагч  байх замыг бид сонгосон. Төр тоглогч болохоор л, ашиг орлого хөөцөлдөгч болж хувирхаар л эдийн засгийн харилцаа “найр” болж, хулгай болж дампуураад байгаа юм. Төрөөр хөлжиж мэргэшсэн улстөрчид хувалз адил төрөөс салахгүй, түүнийг харж шунасан хэсэг нь салхинд туугдсан хачиг адил төр рүү зүтгэсээр байгаа юм. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр бол хүнээс бүхнийг булааж дуусдаг.

Хүнээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Төр хянадаг, хариуцлагаа тооцдог, стандарт, үүргээ мөрдүүлдэг ажлаа хийх ёстой.

Аль ч оронд эрх баригчид нь хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн анархистууд байж болохгүй. Улсаа сүйрүүлэгч төр, ард түмнээсээ дэмжлэг авах тухай ойлголтод багтахгүй. Мөнгөнд шуналтсан дарга нар Монголыг өөд татаж чадахгүй. Энэ байдлыг ойлгохгүйгээр, засахгүйгээр манай эдийн засаг хямралт байдлаасаа ангижрахгүй. Өнөөдрийн авч байгаа “аргагүй” зээл маргааш үед өр ачаа болж хуримтлагдсаар л байх болно.

Эрхэм нөхөд өө!

Гурав дахь онцлох гэсэн санаагаа хэлье. Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо бол төсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу чанд мөрдөх ёстой.

Мөн төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй. 2006 оноос хойш 10 жилийн дотор манай төрийн албан хаагчдын тоо гуравны нэгээс дээш буюу 60 мянган хүнээр нэмэгджээ. Энэ хэрээр төрийн бүтэц, орон тоо, ачаалал тэлэн данхайжээ. Монгол Улс энэ байдалд анхаарал хандуулахгүй бол “Заан биетэй, хулгана хөлтэй” төрийн албатай болох нь.

Энд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зарим асуудал байна. Үүнд:

  1. Төсвийг хасах. Төрийн албыг томруулахгүй байх сонгодог арга бол төсвийг хасах. Тал хувиар нь хасаад өгөх хэрэгтэй. Батлагдсан төсвөөрөө өгөгдсөн үүргийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлдэг зуршилд суралцъя. Би өөрөөрөө жишээ авахад жил бүр 60 хувиар хассан төсөвтэй сүүлийн 4 жил ажиллаад болж л байна. Ерөнхийлөгчийн төсөвт зардал 11 тэрбумаас 4 тэрбум болтлоо буурсан. Энэ үнэн шүү, та бүхэн үзээрэй. Энд муудсан юм алга. Ажиллаад болж л байна.

Ийм байдлыг төрийн бүх албан тушаалтан дээр, төринй бүх байгууллага дээр хэрэгжүүлж болно.

2.  Төрийн бүх шатанд төрийн албан тушаалтан ганцаарчилж тушаал, захирамж, шийдвэр гаргадгийг хуулиар хязгаарлая. Тэр тусмаа хэм хэмжээ тогтоосон, төсөв орон тоо нэмсэн шийдвэр шинээр гаргахыг хориглоё. Энэ угаасаа хуулиараа хориотой байх ёстой шүү дээ. Сайд, дарга нар, тамга барьсан этгээдүүд тушаал гаргаж байна гээд байгууллага дээрээ хэм хэмжээ тогтоодог. Тэгээд төсөв, орон тоогоо нэмдэг. Түүнийгээ нуудаг. Энэ нь эргээд завхралын үүр, уурхай болж хувирдаг. Энэ чиглэлд Захиргааны ерөнхий болон Шилэн дансны хуулиуд байгаа. Энэ хуулиудынхаа хүчийг ашиглах ёстой. Иргэдийнхээ хяналтыг энэ чиглэлд ашиглах ёстой.

3. Төрийн албаны хуулийг шинэчлэн баталж  мөрдүүлэх. Төрийн албанд байж болох муу жишиг, муу бүхнийг манай улс төрчид хийж дууссан. Одоо Монгол төр төрийн алба шиг албатай болох цаг болсон. Төрийн албаны хуулийн шинэ төсөлд өнгөрсөн хугацааны алдаа сургамж, авч мөрдөхөд нийцэлтэй зарчим, шаардлагууд тусгалаа олсныг энэ дашрамд хэлье.

УИХ-ын хэлэлцэх асуудлын хамгийн төгсгөлд Төрийн албаны хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хуулийн төслийг тавьсан байна лээ. Уг нь хамгийн эхэнд хэлэлцэх ёстой байсан. Гэхдээ тавиад, оруулаад хэлэлцэнэ гэж байгаа нь дэвшил гэж бодож байгаа. Хэлэлцэж үүнийг шийдвэрлэх л хэрэгтэй.

4.  Төрийн албан хаагчдыг ёс зүйн дүрэмтэй болгох ажлыг хойшлууламгүй байна. Төрийн албыг сайжруулах талаар парламентын намын амлалт үүнд л чиглэдэг. Ерөнхий сайд нь томилогдсон даруйдаа төрийн албанд мөрдөх ёс зүйн дүрмийг гарын үсэг зурж баталгаажуулдаг. Төрийн албан хаагчдын ёс зүй чангарах тусам төрийн алба чамбайрдаг, нэр хүнд, хариуцлага нь дээшилдэг. Эрхээр засаглах, хуулиар засаглах, ёс суртахуунаар засаглах гэсэн засаглалын 3 хэлбэр бий л дээ. Өнөөдөр бид зөвхөн эрхээр л засаглаж байна. Хуулийн засаглал руу орох гэж оролдож байгаа юм. Ёс суртахууны засаглал хол байна. Гэхдээ энэ ёс зүйн дүрмийг Монгол төр төрийн албан хаагчдаасаа эхэлж мөрдүүлэх хэрэгтэй. Үүнийг Монголын онцлогт тохируулаад, Монголын алдаа, сургамжид тааруулаад, маш сайн ёс зүйн дүрэм Ерөнхий сайд батлаад төрийн бүх албан хаагч мөрддөг болох юм бол манай төрийн алба өөр болно. Тэгээд ёс зүй алдсантай нь цаг даруйд нь хариуцлага тооцож байх ёстой. Заавал УИХ-аар, заавал энд шийдвэр гаргах шаардлага байхгүй.

5.  Төрийн зардал эрс нэмэгдсэний нэг суурь шалтгаан бол манай төр бүхэнд өөрөө оролцдог, оролцож хийх гэж зүтгэдэгт байгаа юм. Ухаалаг төр бол бусдаар ажил хийлгэдэг. Төрийн ихэнх ажил үйлчилгээг түрээсийн горимд шилжүүлэх боломжтой тухай бид өмнө нь ярьсан. Энэ талаар гаргасан энэ эмхэтгэлийг УИХ-ын зарим гишүүн надаас асууж байсан.  Үүнийг та бүхэнд хүргүүлнэ. Энэ эмхэтгэлийг манай ард иргэд, бусад хүмүүс сонирхож байгаа бол president.mn хуудас дээр цахим хэлбэрээр бий. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж бид бүгдээрэ яриад, энэ санаачилгыг тэр үед намын бүх бүлэг дэмжсэн. УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг зураад, хэвлэлийн бага хурал хийж байсныг санаж байгаа байх. УИХ-д байсан намууд шийдвэр гаргаж дэмжинэ. Энэ бол бидний хамтын хийх ёстой ажил.  Тэгээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоол гаргасан. Үүнийг төрийн бүх байгууллагад хийж хэрэгжүүлнэ гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төрийн бүх албан тушаалтанд үүнийг хийж хэрэгжүүл гэж  чиглэл өгсөн. Тийм учраас энэ хамтын бүтээл, нэгдсэн зорилгоо бид үргэлжлүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжилтийг нь түргэтгэх хэрэгтэй байна.

Хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай, мэргэжлийн төрийн албагүйгээр Монгол Улсын урагшлах хөгжлийг төсөөлөх аргагүй юм. Сонгуулийн мөчлөг бүртэй давхцаж ирдэг дайрлага энд эцэс болох ёстой. Улс төрийн хүрээний завхрал, ялзрал нь төрийн албаа сүйтгэдэг, энэ байдал нь эргээд улс үндэсний аюулгүй байдлыг сулруулдаг гажуудлыг засах ёстой. Өнөөгийн эрх баригчдын ул суурьтай шийдвэрлэвэл зохих асуудлын нэг бол энэ мөнөөсөө мөн.

Эрхэм гишүүд ээ!

Өнөөдөр миний хэлэх гэсэн дөрөв дэх санаа бол намтай холбоотой юм. Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Манай намууд иргэний улс төрийн эрхийг төлөөлөхөө болиод удаж байна. Явцуу сонирхол, хариуцлагагүй байдлыг өөгшүүлэгч тусгай давхарга болж хувирсан. Иргэдийн уур бухимдлын бай бол чухамдаа улс төрийн нам, тэнд тогтсон буруу хандлага болоод байна.

Та бүхэн бүгдээрээ үүнийг сонссон байх.

2016 оны УИХ-ын сонгуулиар нийгэмд болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл зорилготой сонгогдсон олон эрхэм гишүүн энд сууж байгаа. Энэ нийгэмд байгаа олон болохгүй байгаа зүйлийн  ихэнхийнх нь шалтгаан нь  улс төрийн намтай холбоотой. Тийм учраас үнэхээр би та бүхний оронд байсан бол  Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хамгийн түрүүн барьж авах байсан. Монголд байгаа завхралыг засах гэвэл тэр хуулийн төслийг барьж авахаас өөр арга байхгүй. УИХ дээр яриад, олонхи нь дэмжихгүй буцсан. Дахиад сайжруулсан. Одоо ЗГХЭГ дээр байна. Үүнийг хэн нэг нь баталж, улс төрийн намын асуудлыг хариуцлагатай, ард түмнийхээ төлөө үйлчилдэг, үйл ажиллагаа нь нээлттэй, шилэн байдаг, үнэхээр улс төрийн нам Монголын нэр төр, сайн сайхныг чирч явдаг, ийм л хүчин болох ёстой. Үүнийг та бүхэн бүгдээрээ дотроо ярьж байгаа. Үүнийг хийе гэвэл бид хуулиар л хийнэ. Хууль нь өөрчлөгдөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Юмыг өөрчилье гэвэл дүрмийг нь өөрчил гэдэг шүү дээ. Бид тэгэхээр дүрмээ, улс төрийн намынхаа хуулийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.

Энэ хуулийн төсөлтэй Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай танилцаад нэг үг надад хэлж байсан. “Энэ хуулиар ирэх өөрчлөлт бол 1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдолоос дутахгүй шүү. Энэ хуулийг батлах ёстой шүү” гэж. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуучирсан хууль энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

Аливаа манлайлагчийн түүхэн үүрэг бол болохгүй байгаа мууг мэдсэн даруйдаа өөрчлөхөд, сайжруулахад оршдог. Муу эрх баригч бол урьдахынхаа алдааг өөрийнхөөрөө давтдаг. Сайн зүтгэлтэн бол хэцүү ч, бусдын зүрхшээдэг асуудлыг барьж авч шийдэлд хөтөлдөг.

Мөнгийг ямар ч дарга хувааж чадна. Ямар ч эрх баригч улсын татвараар бүрдсэн мөнгийг хувааж чадна. Албан тушаалыг улс төрийн өнгөөр хэн ч сольж чадна. Албан тушаалтныг энэ болохгүй, тэр болохгүй, энэ манай намынх биш гэж  хэн ч сольж чадна. Сольсоор ч ирсэн. Нугалаа шахааг хийнэ. Энэ бол эрх баригчдын дуртай, хийж чаддаг ажил. Харин өөрийнхөө бойжсон орчныг, тэр тусмаа улс төрийн орчныг өөрчлөх, шинэчлэх бол амаргүй. Дасал болсон мууг өөрчлөх бол хэцүү. Амаргүй шийдвэр гаргах гэж та бүхэн энд цугласан. Та бүхэн энд  сонгогдсон. Энэ бол та бүхний түүхэн үүрэг. Үүнийг би  дахин сануулъя гэж бодсон юм.

Иргэдийн улс төрийн эрхийн хэрэгжилт манай улсад бодит байдлаар байхгүй болж байна. Та бүхэнд Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлсэн. Бас дэмжлэг аваагүй. Би энэ хуулийг энэ УИХ батлах байх гэж бодож байгаа. Энэ талаарх эмхэтгэл, иргэдийн санал бодол та бүхний гарт очино. Ер нь иргэдийн улс төрийн эрхийн хэрэгжүүлэх ажлыг намаар дамжуулж хийх оролдлого хаа сайгүй бүтэлгүйтсээр байна. Харин иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг байж болох бүх сувгаар нээх нь тухайн улс нийгмийн хөгжлийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болж хувирч байна. Энэ бол бөмбөрцгийн улс төрийн хандлага. Энэ хандлагаас Монгол Улс зугтааж чадахгүй. Имй учраас иргэдийнхээ улс төрийн эрхийг хэрэгжүүлэх суваг, боломж, бусад хуулийг баталж өгөх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн хямралт байдлаас Монгол Улс зөөлөн газардана. Ингэхгүй бол өмнө нь бий болгосон, өнөөдрийн байгаа тогтвортой байдал, энэ бүхнээ сүйтгэж дуусна. Ийм учраас иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийг бид нар хэлэлцэж батлах шаардлагатай.

“Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож . . . эрхээ эдэлнэ” гэсэн үг Үндсэн хуулийн эхэнд байгаа. Энэ эрхээ хэрэгжүүлнэ гэж байгаа. Төлөөллөөрөө дамжуулж гэж бас үг бий. Гэхдээ иргэдийн шууд оролцох эрхийг нь хэрэгжүүлэхгүйгээр, Үндсэн хуулийн энэ суурь зарчим хэрэгжихгүйгээр 27 жил явж ирсэн. Иргэдийнхээ эрхийг зөвхөн төлөөллөөр хэрэгжүүлэх боломж байхгүй. Иргэд оролцох зүйлээ мэддэг, оролцож байж эрх ашиг нь тусдаг, биелдэг бодит хандлагаас аль ч орны бодлого тодорхойлогчид зайлж чадахгүй. Энэ зайлшгүйг мэдрэх, түүнийг хийх манлайлал, үлгэрлэл ирэх цагийн улс төрийн өнгийг тодорхойлно. Энд байгаа улстөрчид ирэх цагийн улс төрийн өнгийг тодорхойлъё гэвэл иргэддээ боломж олгодог, иргэдийнхээ улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байж байж л та бүхэн ирэх цагийн улс төрийн өнгийг тодорхойлно. Түүнээс биш сонгогдсон суудал, сандалдаа шигдэж, түүнийхээ эрх ашигт үйлчлэх юм бол та бүхэн түүхээс арчигдана. Энэ үнэн шүү.

Эрхэм нөхөд өө!

Тавд нь хэлэх гэсэн санаа бол Засгийн газартай холбоотой юм. Бид бүгд л байдал ямар байгааг амьдралаараа туулж яваа. Гүйцэтгэх засаглалаа чадавхитай болгохгүйгээр манай улс тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Энэ дүгнэлт бол нийтлэг боллоо. Монгол Улс боломжгүй орон биш. Харин тэр боломжийг ашиглах чадвар гүйцэтгэх эрх мэдэлд дутагдаж байна.

Бидний байгуулах гэж оролдож буй нийгэмд давуу тал бий. Тэр бол нээлттэй байдал. Монголын хөгжил дэвшилд  хэрэгтэй далай шиг олон санаа, сайхан эхлэлүүд манай нийгэмд байна. Харин түүнийг ажил хэрэг болгоод, манлайлаад аваад явах учиртай манай гүйцэтгэх засаглал бяд муутай байна. Бяд муутай гүйцэтгэх засаглалтай, бяд муутай Засгийн газартай бид хол явахгүй. Хол явах биш, одоо бүр урагшлахаа ч болилоо.

Чадвартай Засгийн газар л улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чадвартай Засгийн газраас ажлын үр дүнг шаардаж болдог. Үр дүнг нэхэж болдог. Хариуцлага нэхэж болдог. Чадвартай засаг л явж явж хариуцлагатай засаг байдаг. Хариуцлагатай засагт түншүүд нь итгэдэг.

Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Аль ч засгийн хувьд. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга. Хэн нэг хүнээс биш, тогтолцооноос хамаарсан энэ гажгийг манай шийдвэр гаргагчид засаж л таараа. Харин хэзээ вэ! Үүнийг засах нөхцөл цаг хугацааны хувьд ч, ойлголтын хувьд ч, улс төрийн хувьд ч бүрэн бүрэлдсэн гэж би харж байгаа.

Цаг алдвал бүхнээ алддаг амаргүй үнэнтэй бид нүүр тулж байна. Цаг их алдана гэдэг бол их боломж алдаж байна гэсэн үг. Нэг ажлыг хоёр ба түүнээс дээш хийнэ гэсэн үг. Бэлээхэн олон жишээ байгаа шүү дээ. Нэг ажлыг хоёр ба түүнээс дээш хийгээд, дороо хий эргэлдээд эхлэхээр үргүй зардалдаа шатдаг. Улсаараа шаварт суучихсан байсан ч гүйцэтгэх засаг нь гүйж л байх ёстой. Айл гэр ч, улс орон ч ажлаа ингэж зохион байгуулдаг эринд бид амьдарч байна. Хөл дээрээ босож ядаж байгаа орны хувьд чадамж муутай засагтай бидний байдал улс оронд маань бүр ч хорлонтой туссаар байна.

Засгийн газар бол эрсдэлтэй ажил хийдэг бүтэц, бүрэлдэхүүн юм. Харин Монголд байдал өөрөөр явж ирсэн шүү. Манай гүйцэтгэх засаглал, Засгийн газар ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг ийм л онцлогтой болсон. Ажилладаг гар нь саажилттай байх юм бол айлыг чирч явдаг ганц нь байгаад ч нэмэргүй. Улсын хувьд бүр хэцүү. Ийм байдлаасаа Монгол Улс ангижрах ёстой.

Монгол Улсаас тууштай, эргэж буцдаггүй, хэлсэн ярьсандаа байдаг чанарыг манай түншүүд нэхэж байна. Эрх баригчдаас ажилдаа хариуцлагатай, хурдтай, бүтээлч байхыг манай иргэд шаардаж байгаа. Монгол бол хангалттай ардчилсан улс. Монгол бол хангалттай ардчилалтай улс. Одоо бид хариуцлагатай, чадамжтай улс болох ёстой. Энэ хоёр зэрэг явж байх ёстой байсан. Гэтэл хариуцлагаа хаясан шүү дээ. Сахилга батыг, зохион байгуулалтыг хаясан. Гүйцэтгэлийг хаясан.Үүнийг хийдэг хамгийн гол гар нь саажилттай. Тогтолцооны хувьд ажиллах чадваргүй болсон.  Энэ байдлыг хэлэлцэж цаг алдах хэрэггүй, шууд шийдвэрлэх хэрэгтэй.  Ингэж улс орон минь урагшлах ёстой. Энэ бол олон Монголчуудын хүсэл шүү. Энэ хүсэл биелэх боломжтой гэж бодож байгаа. Биелүүлэх хүмүүс нь та бүхэн. Ийм учраас би энд анхаарал хандуулж ярьж байна.

Монгол бол ард түмэн нь эрх баригчдадаа дүн тавьдаг тогтолцоотой улс. Тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй бол итгэлийг нь алдсан эрх баригчдаа сольж чаддаг улс. Эрх баригч гэж аль ч улсад Засгийн газрыг л хэлдэг. Засгаа бид олон сольж үзсэн. Солих бүр дээрдэж байсангүй. Энэ бол хүндээ биш, засгаа бүрдүүлдэг, ажиллуулдаг, сольдог тогтолцоондоо байгааг л харуулж байгаа юм. Ер нь эрх баригч байх, ажил хийж байхад нэг юм байдаг.

Чадах бүхнээ тултал нь хийгээд үр дүнгээ ард түмнээрээ тавиулах бол сайхан  шүү дээ. Тэр бол урамтай, тэр бол шударга. Харин тогтолцооноосоо болж юу ч хийж чадахгүй цаг алдах бол дэндүү хайран. Гүйцэтгэх эрх мэдлээ эрхэм гишүүн бүрийн тоогоор 76 хувааж талын нэг тараачихаад улс орон урагшлах, хөгжих гэдэг худлаа болохыг Та бид үзэхээрээ нэг боллоо, мэдэхээрээ нэг болж байна. Харахаараа нэг харж байна. Иймээс энэ асуудлыг Монголын онцлогт тохирсон, олны сайн жишигт нийцсэн байдлаар шийдвэрлэх ёстой. Энэ талын туршлага сургамж, ойлголт мэдлэгээр бид баян. Харин хэзээ, хэн хийх вэ? Түрүүн би энэ асуултыг асуусан. Та нар энэ асуудлыг зөв шийдэхгүй бол, түрүүн би хэлсэн шүү,  дараачийнх нь шийдэж л таараа. 

Эрхэм гишүүд ээ!

Би Монголын улс төрд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа таван асуудалд Та бүхний анхаарлыг хандуулах гэж түрүүчийнхийг хэллээ. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэсэн байдлаар биш, харин миний хэлснийг анхааран сонссон Та бүхэнд би баярлалаа. Монголын төрийн хар хайрцагны бодлого хүнтэйгээ яваад өгдгийг би буруу гэж боддог. “Хүн хэлэхээс наашгүй” гэж үг байдаг. Хойч үедээ хэлж сануулж, хийж бүтээх үйлсэд нь дэмжлэг үзүүлж, дэм дэмэндээ эвлэж урагшилдаг нь хүний нийгмийн ёс.

Нэг хийгээд бүтэх ажил гэж бий. Хийсэн, шийдсэн л бол эргэж харах шаардлагагүй ажил байдаг. Харин хүний амьдрал, нийгмийн амьдралтай холбоотой асуудлууд хүний бүх үед байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Улс орныхоо хувь заяаг шийдэлцэхэд оролцох замыг сонгосон хүн бүр, үе бүрийн өмнө заавал шийдвэрлэх ёстой, хариу шийдэл шаардсан хүндрэл гарч ирдэг. Түүнд өгөх хамгийн сайн хариу бол тэдгээрийг шийдэж гарахаас биш, тойрч бултахгүй байхад л оршдог. Эргэж буцах бол, өөрөөсөө асуудлын шийдлийг түлхэх бол өөрийгөө хуурсантай л ижил.

Төр нийгмийн харилцаа бол мөнхийн сэдэв юм. Тэр дундаа түмний итгэлийг даах, ёс зүйтэй байх, шударга байх гээд ярих юм. Би хувьдаа өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш, давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаа сэлгээ, албан тушаалын хуваарилалт, өнгө мөнгөний хорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандах хандлагад агуулгын өөрчлөлт, хамгийн гол нь  агуулгын өөрчлөлт харагдахгүй байна. Иргэдийн шүүмжилдэг “аль ч нам байсан ялгаагүй, аль нь ч ялгаагүй” гэдэг үг улам л үнэн болоод байна.

Манайд тогтсон сонгуулийн утга бол нэг даргыг нөгөөгөөр солихдоо биш. Харин асуудалд өөр хандлагатай бодлого тодорхойлогчидтой болоход л оршиж байгаа юм. Намуудын нэг нь “ардчилсан”, нөгөө нь “ардын” гэсэн өөр өөр нэртэй учраас иргэд ээлжилж сонгоод байгаа юм биш. Тулгамдаж буй асуудал бүрт агуулгын өөрчлөлт гарах байх гэж хүлээснийх. Сүүлийн жилүүдэд иргэд энэ асуудлаар цөхрөнгөө барж байна. “Бүгд ижилхэн” гэсэн яриа хаа сайгүй сонсогдсоор удлаа. Энэ байдалд “би өөр”, “бид өөр”, “манай нам өөр”, “энэ УИХ-ын бүрэлдэхүүн өөр”, “энэ Засгийн газар өөр”, “бид өөр хариулт өгч чадна”, “бид агуулгаар нь өөрчилж чадна” гэж хэлж чадах тийм  хамт олныг, тийм улс төрийн хүчнийг, тийм  хүнийг Монгол Улс хайсаар байна.  Монголын ард түмэн хэрэгтэй хайсаар байна.  Тэр хүмүүс нь та нар байх ёстой.

Өнгөрсөн УИХ-ыг сонгох сонгуулийн жилийн эцэс буюу 2016 оны дүнгээр манай улсын авлигын байдалд өгөх олон улсын үнэлгээ муудаж гарлаа. 2016 оны эцэст манай улс дахь авлигын хэмжээ өсөөгүй байж болно л доо. Гэхдээ Монгол Улсын авлигын байдал дордож болзошгүй болчихлоо гэсэн дохио сануулга гэж Transparency International-ын үнэлгээг үзэж байна. Тэгж харж болно. Харин 2017 оны үнэлгээ сайжрахгүй бол, бүр дордвол олон улсын нийгэмлэгээс Монгол Улсад өгч байгаа  дээрх үнэлгээ зөв болж эхэлнэ.

2017 оны дүнгээр Монгол Улсын авлигын индекс сайжирч гарах ёстой. Дордож гарах ёсгүй. Авлига гэдэг зөвхөн мөнгө төгрөг авч байгааг хэлдэг юм биш. Улс төрийн орчин нь яаж эрүүлжиж байна. Төр нь яаж эрүүлжиж байна. Төр, бизнес хоёр нь яаж салж байна. Шийдвэр гаргаж байгаа улстөрчид нь, шийдвэр гаргагчид нь ямар хандлагатай байна гэдгийг хардаг.  Тэгэхээр та бүхэн энэ хандлагаа энэ богинохон хугацаанд өөрчилж харуулах хэрэгтэй.

Үүний нэгэн адил манай улсын зээлжих зэрэглэлийн асуудал байна. Ойрын сар, жилүүдэд Монгол улсын чансаа энэ салбарт дээшлэх ёстой гэж би харж байгаа. Бүр өмнө нь хамгийн сайн байсан В+, ВВ, эсвэл В1  үнэлгээн дээрээ эргэж очих боломж бидэнд байгаа. Энэ үнэлгээг гаргадаг 3 гол байгууллага бий. Өөр өөр аргачлалаар гаргадаг. Гэхдээ өөр өөр аргачлал нь сая миний хэлсэн гурав л даа. Монгол Улс тийм хэмжээнд хүрч байсан. Түүнээсээ цааш өсөх боломжтой байсан. Дээрхи жишээгээр энд би хүний өөрчлөлтөөр биш, бодлогын агуулгаар, өөрчлөлтийн орцоор Монгол Улсыг дотроос нь ч, гаднаас нь ч дүгнэдэг болсон шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Сүүлийн үед “offshore”-ын асуудалд иргэдийн анхаарал нилээд төвлөрч байна. Дээрхи үгийг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би “овт шаар” гэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэх үед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хууль журмаа ч өөрчилье. Хууль хяналтын байгууллагууд шалгая. Шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч ажиллая. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд “эргийн гадна” данстай байхыг хориглоё гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь хэвээр байгаа. Энэ асуудал манай улсын эрх баригчдын анхааралд, тэр тусмаа энэ УИХ-ын анхааралд орсон гэж харж байна. Энд асуудал дээр ахиц дэвшил гарах ёстой гэж үзэж байгаа.

Эрхэм гишүүд ээ!

Өнөөдөр би энэ хүндэт индрээс Та бүхнийг манай улсад аюулын харанга дэлдээд удаж байгаа хоёр асуудалд анхаарлаа мөн онцгой хандуулахыг хүсэх гэсэн юм.

Нэг нь: хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ; Нөгөө нь: үр хөндөлтийн асуудалд. Энэ хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсч төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.

Манай улсад, ялангуяа манай залуу үеийнхний дотор хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улс үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрлээ гэж ярьж бичээд удлаа. Үнэхээр ч хүрсэн байгаа.

Энэ чиглэлд Монгол Улсын бодлого, үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт гарахгүй бол байдал цаашаа даамжирсаар байна. Төв суурин газар дахь дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн, эсвэл өртөж байна гэсэн судалгаа үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа Та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрхи асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг.

Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. “Монгол Улс энэ асуудлаар хатуу бодлого барих ёстой, барина” гэж хэлж байсан. Тодорхой ажлууд энэ чиглэлд хийгдсэн боловч байдал хүнд хэвээрээ байна.

Монголчууд цөөхүүлээ, эмзэг өвөрмөц байршилтай гэж бид ярилцдаг. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар анхааруулах, сануулах байдлаар, эсвэл өнөөгийн байгаа хүчээр төр ажиллаад амжилт олохгүй нь илт боллоо. Үүнд эргэлт гаргахгүй бол, тийм хэмжээнд анхаарч, бодлого үйл ажиллагаагаа өргөтгөхгүй бол улс орны маань ирээдүйн хувь заяа хутганы ирэн дээр ирж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн сайд Сандагийн Бямбацогт толгойгоороо хариуцах ёстой. Тийм үүрэгтэй. Энэ чиглэлд гаргах, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, хууль журам, бүтэц, төсөв, зардлын асуудлыг Засгийн газар, УИХ аль аль нь анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулъя. Энэ чиглэлд хуулийн төсөл нь ч байгаа. Ямар бүтэцтэй, яаж ажиллах вэ, ямар төсөв хэрэгтэй байна. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гээд байж байгаа. Засгийн газар дээр хөтөлбөр батлагдсан. Засгийн газар дээр батлагдсан хөтөлбөрийн хүрээнд ажиллаад амжилт олох боломжгүй байгаа шүү. Үүнийг УИХ-ын гишүүд анхаарч, хууль тогтоомжийн түвшинд, төсвийнх нь түвшинд, бүтэц, бүрэлдэхүүнийх нь түвшинд олон улсын жишигт нийцүүлж шийдэхгүй бол болохгүй.

Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Жилдээ хорин хэдэн мянга гэсэн албан бус тооцоо гардаг. Яг үнэн тоо нь 30 мянгаас дээш гардаг. 30 жилээр тооцох юм бол Монгол Улс сүүлийн 30 жилд 1 сая хүнээ эхийнх нь хэвлийд алсан гэсэн үг. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын 7 нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа мэдээлэл тасрахаа байлаа.

Үүнээс гадна энэ чиглэлийн элдэв эм, бодисын хэрэглээ, тэр тусмаа хүмүүсийн эрүүл мэндэд маш ноцтой  аюултай эм, бодисын хэрэглээ, эргэлт замбараагаа алдсан. Үүнээс болж олон охид, залуу эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ ноцтой хохирч байна. Төрөх насны олон Монгол эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх, “ээж” гэж дуудуулах боломжгүй болж амьдралаараа хохирох нь улам бүр нэмэгдэж байна. Ахиад жирэмслэх боломжгүй, хүүхэд гаргах боложмгүй болж байна. Мөн энэ шалтгаанаар амь насаа эмгэнэлтэйгээр алдаж байгаа охид, бүсгүйчүүдийн тоо өдөр, сараар өсч байна. Ээж болох хосгүй хувь заяа, эрх нь эмэгтэй хүний аминд хүрдэг энэ аюулыг бид зогсоох ёстой. Энэ юутай эмгэнэл, юутай харуусал вэ? Энэ тухай мэдээллийг өмнө нь ҮАБЗөвлөлийн түвшинд сонсож, зөвлөмж чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна.

Үр хөндөлт хэмээх чимээгүй энэ аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Энэ асуудлаар охинтой айл бүр санаа зовох, үртэй бүхэн үржихийн билэгдэлтэй үндэстний хувьд Монгол Улс тодорхой бодлого гаргах цаг болжээ. Бүрэлдэж байгаа монгол хүний амийг тасдах эрхийг Монгол Улсад хэн ч эдлэх ёсгүй. Эмэгтэй хүнд ээж болох хувь заяаг нь хаах, зогсоох эрх хэнд ч ноогдох учиргүй.

Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэрэг, энэ аюултай байдлыг бид хазаарлах, улмаар зогсоох учиртай. Монгол Улсад монгол хүн илүүдэхгүй. Монгол хүн монгол газар шороон дээр нэг ч байсан, мянга ч байсан, сая ч байсан илүүдэхгүй. Эх үрийн амь нас гарцаагүй эндэхээс хамгаалах гэсэн ганцхан зөвтгөл энд байж болно. Үнэхээр ээж нь нас барах, хэвлийд байгаа үр нь нас барах, амьгүй болсон ч гэдэг юм уу, ганцхан ийм зөвтгөл энд байж болно. Гэхдээ энэ нь мэргэжлийн байх хэрэгтэй. Үүнийг хуульчилж, хатуу чанд мөрдүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Аль 1989 онд гарсан нэг ийм чиглэл, Засгийн газар, аль эсвэл Ардын Их Хурлын гаргасан чиглэл, хуулийн ганц хоёр заалтаар энэ асуудал өнөөдөр зохицуулагдсаар л явна. Зохицуулалт ч байхгүй болсон. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй улс болох ёстой.

Монголын хувь заяанд дайнаас илүү нөлөөлж байгаа дээрхи аюулд манай УИХ-ын гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүн бүр онцгой анхаарна, ахиц дэвшил, өөрчлөлт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэгээс гойд манлайлал гарна байх гэдэгт итгэж байна.

Монголын төр үеийн үедээ анхаарч тодорхой шийдвэр, бодит алхамаар хор хөнөөлийг нь багасгаж байх учиртай хоёр аюул бол хар тамхи, үр хөндөлт тойрсон өнөөгийн нөхцөл байдал юм. Учир нь энэ хоёр аюул Монголын ирээдүйг, Монгол удмын санг, залуу үеийг онцгойлон онилж байгаа  юм. Тэднийг онцгойлон хохироож байгаа. Ирээдүй үеийг, залуу үеийг маань зовоож байгаа энэ аюулыг мэдсэн үедээ, одоо УИХ-ын энэ хүндтэй танхимд ярьсан үедээ, энэ цаг мөчөөсөө  бид таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Урд яваа нь ард яваагийнхаа замыг засдаг сайхан уламжлал монголчуудад байдаг. Үүнийг өнөөдрийн эрх баригчид, энд байгаа хүмүүс анхаарч хэрэгжүүлэх ёстой.

Эрхэм нөхөд өө,

Нийгэмд тулгамдаж байгаа асуудал бүрийг энд хамж шимж ярих зорилго өнөөдөр би тавиагүй. Тийм боломж ч байхгүй. Эдийн засгийн, санхүүгийн асуудалд энэ Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энд би зарим нааштай ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин төрийн зардал, улс төр, нийгмийн хүрээнд тулгамдаж байгаа миний дурьдаж ярьсан зүйлүүдэд анхаарч ажиллахыг хүсье. Монголын улс төр зөв дэг жаягтай, улс орныхоо сайн сайхан бүхэнд дэмжлэг үзүүлдэг болбол Монгол Улс л хожино.

Мөн Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх, дотоод нөөцдөө тулгуурлан шатахуунаа үйлдвэрлэх, төмөр зам, дэд бүтцээ өргөтгөх, шинэчлэхэд үргэлж анхаарах ёстой. Хөрш орнуудтайгаа дамжин өнгөрөх тээврийн болон татвар тарифын ачаалал, хүндрэлийг хөнгөвчлөх чиглэлд яриа хэлэлцээгээ бодит үр дүнд хүргэх нь чухал. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн коридорыг амилуулах олон төсөл, хөтөлбөр ажил хэрэг болох учиртай. Монгол Улсын жин нөлөө, оролцоог нэмэх бүс нутгийн болон олон улс, олон талт хамтын ажиллагаагаа бид улам өргөжүүлэх хэрэгтэй.

Монголчууд бид ямар ч байдалд орсон, хэчнээн толхилцож түлхэлцсэн ч нэг эх оронтой, нэг хувь заяатайгаа мартаж болохгүй. Бидний дээр Монголын алаг туг, алтан соёмбо нэг л янзаар манддаг. Бидэнд эрх баригчдын, эсвэл сөрөг хүчний гэсэн хоёр Монгол байхгүй. Бид өвөг дээдсийн маань ариун шарил, сүнс оршсон нэг л газар нутагтай. Монгол хүн бүр задралыг бус, нэгдлийг эрхэмлэж урагшлах учиртай. “Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг” гэх ардынхаа үгийг бүгдээрээ санаж явцгаая.

Монгол Улс хүн амьдрахад урамтай, хүн ажиллахад урамтай орон болох ёстой. “Миний эх орон чинь ажиллаж, амьдрахад урамтай шүү” гэж бүгд чин сэтгэлээсээ хэлж чаддаг болох ёстой. Алдаж болохгүй боломж гэж байдаг. Адлаж доош нь хийхийн аргагүй амжилт ололт ч бидэнд бий. Монгол бол ирсэн хүн урам авдаг, явсан хүн эргэж хоргоддог, татагддаг орон.

Эх орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, түүнд оролцох, хувь нэмрээ оруулах эрхтэй байна гэдэг бол их хувь заяа. Олон хүнд хүсээд олддоггүй ховор хувь заяа. Эрхэм гишүүд минь, та нарын гарт ийм хувь тавиланг, ийм эрх үүргийг Монголын ард түмэн атгуулсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ дахин дахин амжилт хүсье.

Анхааран сонссонд баярлалаа” гэлээ.