Р.Болд: Тусгаар тогтнолыг 90 биш 2220 жилийн өмнө тунхагласан

Administrator 2011-02-08 16:55:05

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасныг үндэслэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тусгаар тогтнол – 90” медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Тусгаар тогтнол – 90” медалийн нэрийг өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р. БОЛД – оос асууж тодруулав.

 

-       Ерөнхийлөгч чухам ямар учраас “Тусгаар тогтнол – 90” медалийн нэрийг өөрчлөх саналтай байна вэ.

 

Монгол Улсын тусгаар тогтнол бол монголын нийт ард түмний үнэт зүйлс мөн. Түүнчлэн монголчууд бид туурга тусгаар төр улсаа хэдийд байгуулсан билээ гэдэг нь бас их чухал. Эзэн богд Чингэс хааны хэлсэн “Монголчуудын өвөг дээдэс бол Хүннү нар болой, бид их Модун хааны түүх, уламжлалыг авч яваа” хэмээх захиас үгийг хүндэтгэн үзвэл монгол угсаатан төр улс, тусгаар тогтнолоо одоогоос 2220 жилийн өмнө тунхагласан болно. Харин 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсаар тооцвол монголчууд туурга тусгаар болоод даруй 805 жил болж байна. Монгол Улс тусгаар тогтнолоо түүхийн тодорхой үед алдаад сэргээн тогтоосны 100 жилийн ой гэж бас байна. Ийм тодорхой учир шалтгааны үүднээс “Тусгаар тогтнол – 90” медалийн нэрийг өөрчлөх саналыг хүргүүллээ.

 

-       Монголын тулгар төрийн 2220 жил, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Зарлиг өнгөрсөн онд гарсан биз дээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх, монгол төрийн үндсийг улам бэхжүүлэх, буурал түүхийг батжуулах зорилгоор Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх зарлиг гаргасан байгаа. Зарлигт Монгол Улсын Ерөнхий сайд мөн гарын үсэг зурсан.

Уржигдар энэ их ойн нээлтийн ёслол болсон. Бид Монголын анхны төр улс байгуулагдсаны их ойг тэмдэглэж Хүннүчүүдийн голомтыг сахиж суугаа удам хойчис нь мөн гэдгээ дэлхий дахины сонорт тунхаглан зарлаж байна.

Бидэнд улс орныхоо өнгөрсөн түүхийг баталгаажуулан баримтжуулж өнөө үед дэлхий дахинаа сурталчилж таниулах цогц бодлого их чухал байна.