Л.ПҮРЭВСҮРЭН: Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдгээрээ манай улс дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг

Administrator 2011-04-20 15:14:50

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 -Манай улсын дэлхийн ор­нуудтай харилцаж байгаа га­даад бодлогын зорилт юу байна вэ?

-Гадаад бодлого гэдэг Монголын тусгаар тогтнолд, эдийн засагт болон  ард түмэнд  юу хэрэгтэй байна түүнийг бий болгох, нөхцлийг нь бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, ма­най үндэсний  язгуур эрх аш­гаар л гадаад бодлогын зорилт   тодорхойлогдоно. Иймээс до­тоод болон гадаад бодлого гэ­дэг нэгдмэл ойлголт юм. Мөн тухайн орон дэлхий тавцанд өөрийн гэсэн нэр, нөлөөтэй байхыг эрмэлздэг. Ялангуяа даяар­шлын эрэн зуунд улс орон бүр л өөр өөрийн гэсэн өнгө аястай байхыг хичээж байна. Манай улсын хувьд дипломат бодлого, харилцааны хувьд эрт­ний уламжлалтай. Чингис хааны үе, түүнээс өмнөх үеэс аваад өдгөө хүртэл  өвлөгдөөд ир­сэн дипломат нарийн арга ухаан, бодлого бий.

-Тэгвэл дэлхийд улсаа  илт­гэх өнгө аяс маань юу байгаа вэ. Энэ тал дээр Ерөнхийлөгч ямар үзэл баримтлалаар хандаж байна вэ?

-Аливаа улсын төрийн тэр­гүүн тухайн улсын гадаад дахь  нүүр царай нь болж бай­даг. Тэргүүн дипломат нь л гэ­сэн гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үйл ажил­лагаанд нь шууд оролцдог  сал­барын нэг нь гадаад бод­лого. Тухайлбал, Монгол Ул­­сыг төлөөлж, хэлэлцээ явуул­­на, айлчлал хийнэ, Мон­го­­лыг төлөөлөх элчин сайдуу­дыг томилж, гаднын эл­чин сай­дуу­дыг хүлээн авна. Ерөн­хий­­лөгч Ц.Элбэгдоржийн га­­­даад бодлогодоо анхаарч бай­­гаа өнгө аяс гэвэл ардчил­сан Монгол Улс гэсэн нэрийг олон улсын тавцанд

баталгаа­жуу­лах нэн тэргүүний зорилт бай­гаа. Тиймээс ч олон улсын тав­цанд ардчилал, хүний эрх,  ил тод байдал, авлигагүй нийгмийг бүтээхийн тулд дуу хоолойгоо тууштай хүр­гэж байгаа. Мөн байгаль ор­чинд тулгамдаад байгаа асууд­лууд байна. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, сүү­лийн үед идэвхтэй явагдаж буй цөлжилт гэх мэт. Энэ бүгд дээр дуу хоолойгоо гар­гаж, тэр­гүүлэх үүрэгтэй орол­цъё гэдэг зарчмаар үйл ажиллагаа­гаа чиглүүлж байна. Эдгээр асуудлаар Ерөнхийлөгч  зөвхөн дотооддоо яриад байх бус олон улсын хэмжээнд гаргаж тавьж байж, хамтарч шийдэх арга замыг судлах ёстой хэмээн үздэг. Эдгээр чиг­­лэ­лүүд Монгол Улсын га­даад бодлогын тэргүүлэх чиг­лэ­лүүдтэй нийцэж буй юм.

-Ерөнхийлөгч тулгамдаад байгаа асуудлаа дотооддоо бус дэлхийн хэмжээнд тавь­сан. Ерөнхийлөгчийн  санал санаачилгууд  хүмүүст хүр­тээмж­тэй, эрх ашигт нийц­сэн, ил тод байдаг. Энэ нь  манай улсын төдийгүй Ерөн­хий­лөг­чийн нэр хүндийг дэл­хийд өргөж байна шүү дээ?

-Тийм ээ.  Ер нь хувь хүний чадвараас хамааралтай. Ерөн­хий­лөгчийн олон улсын томоохон хуралд оролцохдоо хэл­сэн үг, баримталж буй байр суурь гэх мэт олон үзүүлэлт нө­лөөлж байгаа юм. “Newsweek” сэтгүүлээс дэлхийн шинээр гарч буй  лидерүүдийг тодруулсан. Нийт  20 хүн нэрлэснээс Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг 11-т нь шалгарсан. Үүнд Копенгагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар  хуралд хэлсэн үг, Оюутолгойн гэрээг батлах үеэр хэлсэн үг зэргээс иш татаж оруулсан байна лээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд анхны ардчилсан ерөнхийлөгч гэж хүндлэгддэг.

-Манай орны  хувьд гадны олон улстай дипломат хар­ил­­цаатай байдаг. Энэ нь зөвхөн тоон үзүүлэлт төдий.Чанарын хувьд хан­галт­гүй гэсэн үнэлгээтэй гэж дуулсан?

-Манай улс хүн ам цөөнтэй, хоёр том хөршийн дунд оршдог, хязгаарлагдмал орчинтой тул идэвхтэй гадаад бодлого явуулах шаардлагатай байдаг. Социализмын үед гадаад бод­логын хувьд өрөөсгөл бай­далтай явж ирсэн. Бүр үндэсний язгуур эрх ашгаа мартсан гадаад бодлогыг баримталж байсан. Харин 1990 оноос нээлттэй, бие даасан гадаад бодлого баримталж, идэвхитэй болсон гэж хэлмээр байна. Гол нь үндэсний язгуур эрх ашгаа тэргүүн  зэрэгт тавьж,  бодитой зүйлд илүүтэй анхаарч ажиллаж байгаа.

-Уул уурхайн баялагаараа манай улс дэлхийн анхаар­лын төвд байна. Энэ ч утгаараа манайхыг чиглэн ирэх асар их мөнгөний урсгал бий болж байгаа. Гэвч энэ салбарт Хятадын хөрөнгө оруулалттай компани олон байна. Тэгэхээр манай улс урд хөрштэйгөө харилцах асуудлыг улс төр болон эдийн засгийн ямар зохицуулалтаар шийдвэрлэж байна вэ?

-Монгол Улс хурдацтай хөгжиж буй болон уул уурхайн бүтээгдэхүүн хамгийн их хэрэгцээтэй байгаа Хятадын томоохон зах зээлийн хаяанд байна. Тиймээс бид энэхүү боломжийг ашиглаж хөгжих ёстой. Зөвхөн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлоод байх бус боловсруулж, дотооддоо баялаг бүтээдэг болох хэрэгтэй. Гэхдээ голланд өвчин гэдэг буюу ганцхан салбарт тулгуурласан эдийн засаг эмзэг байдаг. Тэгэхээр уул уурхайгаас орж ирж буй мөнгийг хүмүүстээ шингээж, хөгжүүлэх, эдийн засгийн бусад олон салбарыг хөгжүүлэхэд зарцуулах нь чухал. Аль болох олон салбарт хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн салбаруудаа жигд хөгжүүлснээр  өрсөлдөх чадамж, чадвар нь дээшлэх юм. Мэдээж ганц зах зээл болон аливаа нэг улсын засгаас  хараат байдалд орохгүй байх ёстой.  Үүнийг зохицуулахад төрийн бодлогын зорилт оршдог. 

-Сүүлийн үед манай улсын хойд хөрштэйгөө харилцах харилцаа арай хөндийрсөн юм шиг ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь харилцаж байсан шигээ байхгүй байгаа юм болов уу?

-Манай улсын гадаад бодлогын зорилт нь хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харил­цаж, мөн гуравдагч ор­нууд­­тай харилцаагаа идэвхи­тэй хөгжүүлэх явдал байдаг. Өмнө нь манай орон  нэг улсаас хэтэрхий хамааралтай байсан алдаагаа давтахгүй байх ёстой. Оросын Холбооны Улстай тогтоосон харилцаанд сүүлийн жилүүдэд эрчимтэй ахиц гарч байна. Харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам идэвхжиж, урьдын төвшинд хүрнэ гэдэгт итгэж байна. 

-Цэнхэр дуулгатнуудаа манай улс гаднын нэг орны нэрийн өмнөөс энхийг сахиу­лах үйл ажиллагаанд илгээхээр болсон гэсэн мэдээлэл сонссон юм бай­на?

-Энхийг сахиулах үйл ажил­лагаанд НҮБ-ын нэрийн өмнөөс оролцдог. НҮБ гэдэг маань дэлхийн Засгийн газар гэсэн үг. Түүнээс Герман юм уу, АНУ-ын нэрийн өмнөөс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах боломжгүй. Саяхан НҮБ-аас тогтоол гаргаж, энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс үлгэр жишээчээр оролцож байгааг нэр заан сайшаасан байсан.

-Сүүлийн үед  хүний эрх, эрх чөлөөний тухай идэвхтэй яригдаж байна. Төрийн тэргүүн маань үүнд анхаарлаа хандуулж байгаа. Ер нь манай улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдгээрээ дэлхийд аль хавьд нь явж байна вэ?

--Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдгээрээ манай улс дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг. Дэлхийн төвшинг газ­рын зураг дээр гаргаж харуулсан байдаг. Хүний эрх, хэвлэл болон эдийн засгийн эрх чөлөө зэргээр олон улсын байгууллагаас гаргасан судалгаанд Монгол Улс хамгийн эрх чөлөөтэй, ардчилсан улсуудын бүлэгт багтсан байгаа. Нөгөөтэйгүүр энэ олон эрх чөлөөний  цаана хариуцлага байгаа гэдгийг анхаарч, хүн бүр дор бүрдээ хариуцлагаа ухамсарлах ёстой л доо.

 Б.ПҮРЭВЖАВ

Монголын мэдээ сонины 2011.03.23-ны өдрийн Лхагва гаригийн дугаарт нийтлэгдсэн.