БНСУ Тавантолгой дээр сонирхлоо илэрхийлсэн

Administrator 2011-08-22 12:08:06

Монгол Улсад ойрын өдрүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран үргэлжлэх гэж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч нар ямар асуудлаар санал солилцож, гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна вэ?

-Монгол Улс энэ жилийн наадмаар тулгар төрөө байгуулсны 2220 жилийн ой, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой зэрэг олон тэгш ойг тэмдэглэн өнгөрүүллээ.  Монгол төрийн энэхүү их ойд гадаадын улс орнууд тодорхой хэмжээгээр хүндэтгэл үзүүлье гэсэн бодол санаа байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ч нэлээд ажиллалаа. Энэ агуулгаар өнгөрсөн долдугаар сард Энэтхэгийн ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн бол одоо БНСУ-ын ерөнхийлөгч төрийн айлчлалаа эхлүүлж байна. Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын ерөнхийлөгчийн хэмжээнд гурав дахь айлчлал болно. Монгол Улсын зүгээс тус улсад мөн гурван удаа айлчлал хийсэн байдаг.

БНСУ нь Монгол Улсын хувьд гуравдагч түнш. Хэдийгээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 21 жил болсон ч энэ хугацаанд худалдааны эргэлтийн хувьд дөрөв дэх том портнер болж чадсан. Тухайлбал, худалдааны эргэлт 2010 онд 212.3 сая ам.долларт хүрсэн байгаа. Энэ агуулгаар авч үзэхэд БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлал маш чухалд тооцогдож байгаа юм.  Төрийн айлчлалын хүрээнд аль болох хоёр талын харилцааг бүхий л асуудлын хүрээнд ярилцаж, урагшлуулахыг хичээдэг, бас шийдэхийг хичээдэг. Айлчлал гэдэг нэг, хоёр өдөр бужигнаад өнгөрдөг үйл явдал биш бэлтгэл хангах хугацаанд олон талын урьдчилсан төлөөлөгч солилцдог, яриа хэлэлцээрүүд хийдэг. Энүүгээрэ хоёр талын хэлэлцээрийг урагшлуулдаг, байгаа асуудлаа шийдвэрлэдэг ач холбогдолтой. Айлчлалын дараа ч ажлууд үргэлжлэн хийгдэнэ. Энэ удаагийн айлчлал Монгол Улс, БНСУ-ын харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал болно гэж үзэж байна. Өнөөг хүртэлх хугацаанд хоёр орны харилцаа харилцан ашигтай сайн найрамдалт харилцаа явж ирсэн бол өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрчээ гэдгийг зарлана. Дээрээс нь харилцааг шинэ утга агуулгаар баяжуулах зорилт тавигдаж байна. Нэн тэргүүнд эдийн засгийн асуудал хөндөгдөнө. Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд шаардлагатай байгаа дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдэхэд БНСУ-ын туршлага оролцоог нэмэгдүүлэх асуудал чухал байгаа л даа.

Монгол Улс байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлоод байх бус аль болох дотооддоо боловсруулъя. Төмөрлөгийн аж үйлдвэрийг хөгжүүлье гэдэг зорилт тавьж байна. Энэ зорилгод хүрэхэд хамгийн тэргүүнд мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх шаардлага тавигдаж байгаа. Солонгос улсын хувьд аж үйлдвэр өндөр хөгжсөний зэрэгцээ боловсон хүчнүүдээ бэлтгэж чадсан орон. Тиймээс тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн хувьд зөвхөн өнөө, маргаашаа хараад тэнд амьдрах бус ирээдүйг харсан, улс орондоо хэрэгтэй мэргэжил эзэмших зорилт тавих хэрэгтэй байна. Төр засгийн зүгээс Солонгосын төртэй энэ чиглэлээр ярилцаж, тус улс дахь иргэдээ нарийн мэргэжил эзэмшүүлэхэд нь холбогдох дадлага хийлгэж, бичиг баримт олгож,  албан ёсны болгох чиглэлээр яриа хэлэлцээр болно гэж ойлгож болно.

-Визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ахиц гарах болов уу гэсэн мэдэгдлийг Гадаад харилцааны сайд хийсэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүчин чармайлт чухал байх шиг?

-Мэдээж хоёр орны харилцааг хөгжүүлнэ гэдэг хүн хоорондын харилцаа шүү дээ. Энэ утгаараа иргэд хоорондын зорчих асуудлыг хөнгөвчлөх, визийг хөнгөвчлөх асуудлыг  хамгийн тэргүүнд ярьдаг.  Олон жил ярьж байгаа асуудал. Гэхдээ нэг удаагийн айлчлалаар нэг өдрийн яриа хэлэлцээрээр шийдчихгүй. Мэдээж  зорьсноо ажил хэрэг болгох чиглэл рүү алсыг харсан хамтарч шийдэх арга барилыг ярилцсан байгаа. Түүний нэг нь иргэдэд олгох визийг урт хугацаагаар олгодог болъё, аль болох хялбаршуулж олгодог болгоё. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн амьдарч сурах нөхцлийг хялбаршуулъя гэдэг чиглэлээр ярих юм бий.

-“Хараар” амьдарч байгаа иргэдийн асуудал яригдах уу?

-Нийт иргэдийн асуудал дотор яригдана гэсэн үг л дээ. Хууль ёсны, хууль бусаар амьдарч байгаа гэж ялгалгүйгээр нийтээр нь мэргэжил эзэмшүүлэхэд анхаарах, даатгалд хамруулах, эх орондоо ирээд буцах нөхцлийг нь олгоё гэдэг зорилт тавьж ажиллаж байгаа.

-Гэхдээ БНСУ-ын ерөнхийлөгчийн хувьд сөргүүлээд Тавантолгойн ордод хамтран ажиллах консерциумыг өөрийн орны талаас тодруулах зорилготойгоор Монгол Улсад төрийн айлчлал хийж байна гэсэн дүгнэлтүүдийг хэвлэлүүд хийчихсэн. Үнэхээр ийм сонирхол байгаа юу. Энэ талаар хоёр талаас хэр санал солилцсон байдаг юм бол?

-БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийг дагалдан тус улсын томоохон корпорациудын удирдлагууд,  төлөөлөгчид ирж байгаа.  Айлчлалын хөтөлбөрт хоёр орны бизнесийн төлөөлөл оролцсон бизнес уулзалт зохион байгуулагдана. Хоёр орны Ерөнхийлөгч нар оролцоно. Энэ үеэр ярилцах сэдвүүдийн нэг нь Тавантолгойн асуудал. Сонирхлоо ч Солонгосын тал ил тод мэдэгдсэн. БНСУ нь өөрөө гангийн том үйлдвэрлэгч. Усан онгоц, авто машины үйлдвэрлэлийн гол түүхий эд нь гангийн үйлдвэрлэл. Коксжих нүүрс асар их хэрэгтэй тус улсад. Харин түүнийг нь нийлүүлж болох хамгийн ойр орон нь Монгол Улс гэж үздэг. Тийм ч учраас БНСУ-ын  нэлээд олон компани нийлээд консерциум байгуулаад Тавантолгойн тендерт оролцсон. Одоогийн байдлаар Засгийн газрын урьдчилан шийдвэрлэснээр сонгон шалгаруулалтад БНСУ-ын консерциум шигшигдэж үлдсэн ч юм шиг, үлдээгүй ч шиг юм үл ойлгогдох байдалтай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Тавантолгойн нүүрсний орд дээр Засгийн газар ойлгомжтой, олон нийтэд ил тод мэдээлэл өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Монгол Улсын хувьд ч гуравдагч хөршийн бодлого гэж бий. Олон зах зээлтэй болох нь бидний тавьж байгаа зорилго. Хөрш орнуудын зах зээлийг давж гурав дахь зээлд оръё гэсэн бодлого ч бас БНСУ-ын талд нийцнэ. Тэгэхээр Тавантолгойн нүүрсний ордод БНСУ-ын консерциумыг оруулах асуудал яригдах байх аа.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Тавантолгойн гэрээг ярилцах үед Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын байр суурь зөрсөн гэх мэдээлэл бий. Тэгэхээр Ерөнхийлөгч Тавантолгойд БНСУ-ын консерциумыг оролцуулах сонирхолтой байна уу даа?

-Тавантолгойн асуудлыг Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлөөр олон удаа яриагүй л дээ. Засгийн газар урьдчилсан шийдвэр гаргаад Тавантолгойн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын алба одоогийн байдлаар нягтлаад, дутууг нь тодруулаад байж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Солонгосын компаниудыг Тавантолгойд заавал оруулах ёстой гэж зүтгээд Ерөнхий сайдтай байр суурь зөрөлдсөн юм байхгүй.  Ерөнхийд нь тавьж байгаа зарчим бий. Тавантолгойн гэрээ ил тод байх ёстой, Монгол Улсын үндэсний эрх ашиг тэргүүн зэрэгт тавигдах ёстой. Үндэсний эрх ашиг дотор эдийн засгийн өсөлтийг хангах. Түүн дотор үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх, түүхийгээр нь нүүрсээ гаргаад байх бус боловсруулах үйлдвэр байгуулж,  ажлын байр бий болгох. Эдийн засгийн аюулгүй байдал гэж байдаг. Аль болох олон түнштэй болох ёстой. Хамгийн тэргүүнд Монголын үндэсний эрх ашиг шингэсэн байх ёстой гэж үзэж байгаа. Тодруулж хэлбэл, хөрш орнуудаас гадна аль болох олон түнш орныг оролцуулах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа юм. Түүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд БНСУ-ын ерөнхийлөгч төрийн айлчлал хийх учраас Тавантолгойд заавал Солонгос улсын консерциум оролцох ёстой гэж зүтгээд байгаа юм биш. Монгол Улсын үндэсний өөрийн эрх ашиг Тавантолгойд маш ухаалаг шийдвэр гаргаж, хоёр хөршөөс гадна бусад түншүүдийг оролцуулж ирээдүйг харсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Ирэх мягмар гаригт/маргааш/ АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна. Айлчлалын зорилго нь Монгол Улсад цөмийн хаягдлыг булшлах асуудлаар яриа хэлэлцээрээ баталгаажуулах нь гэж олон нийт үзэж, зарим хэсэг нь жагсаал зохион байгууллаа. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ. Анхаарал тавьж, албаныхаа журмаар судлуулж буй зүйл бий юу?

-АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозэф Байдэн Монгол Улсад айлчилна гэдэг хоёр орны харилцаанд асар том ач холбогдолтой. Одоогоос 67 жилийн өмнө буюу 1944 онд  АНУ-ын дэд ерөнхийлөгч Х.Воллес Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. Эл айлчлал түүхэнд тэмдэглэгдэхүйц айлчлал болсон. Учир нь уг айлчлал болсноос хойш жилийн дараа 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Монгол Улсыг бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолыг баталгаажуулахад их чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнээс хойш 67 жилийн дараа хийж байгаа энэ удаагийн айлчлалыг АНУ-ын зүгээс мөн тодотгосон байгаа. Түүхт ойнууд тохиож, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэнд АНУ-ын зүгээс анхаарал тавьж, хоёр орны харилцаанд дэд ерөнхийлөгчийн хэмжээнд айлчилна шүү гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлах үеэр зургадугаар сард ярьсан. Тиймээс энэ айлчлал яах аргагүй чухал айлчлал. Ерөнхий сайдын зочны хувьд, хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчид дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн бараалхаж яриа хэлэлцээр хийнэ. Ерөнхийлөгчтэй хийх хэлэлцээрийн гол агуулга нь Монгол Улс ардчилсан 20 жилээр замнахдаа алдсан нь юу байв,  оносон нь юу байв. Туршлага юу байв. Ардчиллыг хөгжүүлэхэд цаашид хамтарч юу хийх боломжтой,  ардчилсан хөгжлийг хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг ярина.

-Цөмийн хаягдлын талаар хөндөгдөх үү?

-Уулзалтаар цөмийн хог хаягдлын асуудал яригдахгүй гэдгийг баттай хэлж чадна.

-Баттай гэдгийг яаж баталгаажуулах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд тууштай байр суурь барьж байгаа. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч байгаль орчны асуудал дээр тодорхой хөтөлбөр барьж ажилладаг. Энэ ч үүднээс “Мод тарих” үндэсний хөтөлбөрийг зарласан. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээр дэлхий нийтийн  тэмцлийг тэргүүлж байгаа. Усны асуудал дээр Даосын эдийн засгийн форумтай хамтраад өнгөрсөн зургадугаар сарын эхээр том хурал зохион байгуулсан. Ирэх аравдугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалтыг Байгаль орчин,  ойн сайд нарыг оролцуулсан хурлыг Улаанбаатарт хийхээр Ерөнхийлөгч өөрөө өнгөрсөн оны арван сард Брюссельд хуралд оролцохдоо санаачлага гаргаж, урилга илгээсэн. Энэнд одоо бэлтгэж байна. Монголын онгон байгалийг авч үлдэх тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас эх нутагтаа цөмийн хаягдал авчраад булахыг тэвчихгүй. Ийм асуудал байх ёсгүй гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлах үеэр цөмийн хаягдлыг булшлах асуудал хөндөгдсөн гэх албан бус яриа байдаг?

-АНУ-д айлчлах үеэр зарим байгууллагаас уулзаж, ярилцъя гэдэг хүсэлт тавьж байсан. Тэгэхэд Ерөнхийлөгч байр сууриа маш тодорхой хэлж байсан. “Энэ талаар ямар нэг юм сонсохыг хүсэхгүй байна” гэж... Тиймээс  АНУ-ын талтай энэ тухай яриа хэлэлцээр хийгдэхгүй гэдгийг онцлоё. Харин энэ асуудалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд тодорхой үүрэг өгсөн. Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах талаар Япон, АНУ-ын хооронд яригдаж байна гэсэн барим тавин мэдээ Японы хэвлэлд гарч байна. Энэ мэдээллийг нягтал, үнэхээр ийм яриа хэлэлцээр болсон, болж  байгаа бол зогсоо. Хэрвээ ийм яриа хэлэлцээрийг Монголын талаас хэн нэг албан тушаалтан,  байгууллага хийсэн байдаг юм бол таслан зогсоож, холбогдох хариуцлагыг нь хүлээлгэ, арга хэмжээ ав гэсэн  чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд өгсөн.

-Ийм  хэлэлцээр хийх  нөхцөлд нэн тэргүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч УИХ гээд шат шатанд асуудал хэлэлцэгдэх ёстой юу. Хуулиараа яг яах ёстой байдаг юм бэ?

-Хуулийн зохицуулалтууд бий л дээ. Яриа, хэлэлцээр эхэлсэн тохиолдолд төрийн тэргүүнд мэдэгдэж байх үүрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд уламжилж зөвшөөрөл авч байж юм уу, эсвэл УИХ-ын холбогдох байнгын хорооноос  чиглэл авч,  яриа хэлэлцээр хийх ёстой. Түүнээс хувь хүн, нэг төрийн ажилтан очоод ярьдаг яриа биш. Улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, олон улсын анхаарлын төвд байдаг асуудал шүү дээ. Өнөөдөр цөмийн асуудлаас болж Хойд Солонгос,  Иран улсын цөмийн хөтөлбөр ямархүү хэмжээнд очиж байгаа билээ. Фүкюүшимагийн атомын цахилгаан станц, Чернобилийн осол гээд одоо ч хор уршиг нь арилахгүй анхаарлын төвд байгаа асуудлууд байна. Тийм учраас энэ асуудал төрийн тодорхой бодлого шийдвэрээр зохицуулагдах ёстой.

-Ярианы төгсгөлд айлчлалтай холбоотой асуудлыг тодруулъя. Ойрын үед Монгол Улсын Ерөнхийлөгч бусад оронд айлчлах юм уу. Эсвэл бусад орноос манай оронд хийгдэх айлчлал хэр олон байгаа вэ?

-Наймдугаар сарын сүүлчийн арав хоног ажил ихтэй байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роке айлчилна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарьт айлчлахдаа Олон улсын олимпийн хороонд зочилж, Монгол Улс 2040 онд олимпийн тоглолтыг авна гэсэн итгэл найдвар өвөрлөсөн уриа гаргасан. Энэ дагуу Жак Рокетэй уулзаж ярилцана. Үе үеийн олимпийн медальтнуудаа,  аваргууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ төлөвлөгдөж байна. Үүний дараа Монгол туургатны их хуралдай болно. Өнгөрсөн жил Буриад улсад болсон хуралдаанд Ерөнхийлөгч оролцсон. Дэлхийн монгол туургатны холбооны хүндэт ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч байдаг. Энэ утгаараа 24-ны хуралдааныг нээж үг хэлнэ. Монгол туургатан гэж өөрсдийгөө тооцдог олон орноос ирэх эрдэмтэн мэргэд, залуучууд,  улстөрчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцах болно. Наймдугаар сарын сүүлээр Финлянд улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Финлянд улсыг Хүннү гаралтай гэж түүх судлаачид үздэг. 1990 оны дунд хүртэл тус улс нь Монгол Улстай маш өргөн харилцаатай явж ирсэн. Технологи өндөр хөгжсөн, нээлттэй эдийн засагтай, нээлттэй нийгэмтэй. Хүйтэн уур амьсгалд байдаг маш сонирхолтой чухал орон.  Тус улстай эдийн засгаа хөгжүүлэх асуудлыг ярина.

Есдүгээр сарын дундуур Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын ээлжит чуулганд оролцоно. Монгол Улс энэ оны долдугаар сараас 1-нээс эхэлж Дэлхийн ардчиллын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Анхных нь хурлыг Ерөнхийлөгч өөрөө даргалж өндөр төвшинд Нью-Иорк хотноо хийх гэж байгаа юм. Олон санаачлагуудыг гаргана. Ардчилсан Монгол Улс, дэлхийн ардчиллын нийгэмлэгийг удирдах хугацаандаа дэлхийд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ, ардчиллын гол үзэл санаа бол тогтвортой тайван байдал. Аливаа дектатур амжилттай богино хугацаанд хөгжиж болдог жишээ захаас аван байгаа ч нуран унаж буй.  Ливи, Сирид болж байгаа мөргөлдөөнүүд үүнийг нотолно.  Үр дагавар нь үндэстнээ сүйрэлд хүргэх аюултай байгаа. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, дэлхий дахинд энх тайван тогтоох, тогтвортой байдал бий болгох шалгарсан засаглалын хэлбэр бол ардчилсан засаглал юм. Энэнийг олон нийтэд сурталчилж бэхжүүлэх шаардлагатай.  Ардчилал гэдэг төгс боловсорсон зүйл биш,  өдөр тутамд арчилгаа шаардлагатай, өдөр тутам бэрхшээл тулгарч байдаг. Тиймээс  Монгол Улс дэлхийн ардчиллын нийгэмлэгийг тэргүүлж байх хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг нь идэвхитэй авч явах ёстой учраас энэ асуудал дээр онцгой анхаарч байна.  Одоогоос 21 жилийн өмнө Монгол Улс ардчилсан тогтолцоонд хөл тавьж байсан бол одоо дэлхийн ардчиллыг манлайлаад явах хүндтэй үүргийг хүлээгээд байна. Энэ нь Монголын ард түмний 20 жилийн хугацаанд олсон ололтыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсний билиг тэмдэг гэж үзэж болох юм.

Г.Дарь