МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Түвшинбаяр 2011-11-18 13:06:58

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойд

Эрхэм хүндэт номын санчид аа,

Хатагтай ноёд оо,

Монголчуудын оюуны соёлд үнэтэй хувь нэмэр оруулж үндэсний соёлын алтан жолооноос атгалцаж  яваа  эрхэм номын санч Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан эрдэм оюуны гэрэл гийж, амжилт бүтээл үргэлжид дэвжихийн өлзийтэй сайхан ерөөлөөр  мэндчилж байна.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад угсаатан үндэстний соёл л тухайн цаг үеийн хүмүүний оршихуйн  ёс заншил, үнэт зүйлс, уламжлал, итгэл бишрэлийн тогтолцоог өөртөө агуулан хөгждөг байна. Хүн чулуун хөшөө, гар бичмэл, түүхэн эх сурвалжууд болон алт мөнгө,  есөн эрдэнийг шигтгэж урласан ном судар зэрэг нь өөрийн үеийн соёлын хосгүй нандин дурсгал болон үлддэг билээ. Энэ л их соёлын өвийг цуглуулан бүрдүүлж, хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлж, үлдээх  хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Үндэсний номын сангийн хамт олон хөгжлийнхөө бүх цаг үед нэр төртэй биелүүлж ирснийг Монгол Улсын Төрийн тэргүүн би бахархан тэмдэглэж байна.

Шинэ Монгол Улсын анхны номын сан болох Үндэсний номын сан нь 1921 онд байгуулагдаж эдүгээг хүртэл 1500 –аад номын санг өврөөсөө төрүүлж, орчин үеийн номын сангийн өргөн сүлжээг бий болгоход арга зүй, боловсон хүчин, эрдэм мэдлэг, дадлага туршлагын томоохон түшиц газар болж ард түмнээ соён гэгээрүүлэх, эрдэм мэдлэг түгээх яндашгүй их үйлсэд хичээн зүтгэсэн байна.  

Монгол Улсад орчин цагийн номын санг үүсгэж хөгжүүлэхэд сэтгэл зүрх, аж амьдрал, авъяас чадвараа зориулсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж байна.

Мэдээлэл технологийн эрин болох 21-р зуунд монголын номын сангууд , түүний дотор Үндэсний номын сан нь улсынхаа хөгжлийн түүчээ болж, уншигч түмнээ орчин үеийн техник технологид суурилсан үйлчилгээгээр хангаж, хэн бүхний очих дуртай мэдлэг мэдээллийн төв болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрдмийн ариун өргөөний үнэт сан хөмрөгөө нандигнан хамгаалах, дэлхийн болон өөрийн орны оюуны шилдэг бүтээлүүдээр баяжуулах, сурталчлах, солилцох, түгээх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлж дэлхийн түвшинд хүрч ажиллахын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг нийт номын санчид Та бүхнээсээ хүсье.

Монголын номын сан үүрд мөнх цэцэглэн хөгжих болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

 

Улаанбаатар хот

2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр