МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Түвшинбаяр 2011-11-18 15:26:24

Монгол Улсын Худалдааны салбарын 90 жилийн ойн баярт оролцогчдод

Монголын Улсын хөгжил дэвшлийн гол зангилаа болсон худалдааны салбарын хөгжилд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа нийт ажиллагсад болон хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид Та бүхэндээ худалдааны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

         Анх 1921 онд “Харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр үүсэн байгуулагдсан монголын худалдааны салбар гадаад, дотоод худалдаа, түүхий эдийн бэлтгэл, бөөний худалдаа буюу хангамж, эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт худалдаа зэрэг улс орны хөгжлийн гол гол чиглэлүүдийг багтааж, мэргэшсэн байгууллага, хамт олноор эгнээгээ тэлж өөрчлөлт, шинэчлэлтийн замаар жилээс жилд хөгжин дэвшиж ирснийг түүх бэлээхэн харуулж байна.

            Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд ард иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хамгийн түрүүнд соргогоор мэдэрсэн нь худалдааны салбар юм. Энэхүү нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үед олон улсын худалдаа эрхлэх анхны гараагаа Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орсноор эхэлж, өнөөдөр манай оронд үйлдвэрлэгдэж байгаа олон зуун бараа, бүтээгдэхүүнүүд дэлхий нийтэд хэдийнээ танил болоод байгаа нь худалдааны салбарынхны нэгэн амжилт билээ.

            Манай олон мянган жижиг худалдаачид шилжилтийн үеийн ачааны хүндийг үүрч, ард иргэдийг нэн тэргүүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсныг энд онцолж байна. Тэрхүү цаг үеийн худалдаачид одоогийн томоохон худалдааны байгууллагууд, компаниуд болон өргөжин тэлж, гадаад, дотоод худалдаа эрхлэн, ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дотоодынхоо зах зээлийг чанартай бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангах, олон улсын хэмжээнд тавигдаж байгаа шаардлагын түвшинд хүрэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

            Олон улсын худалдааны цар хүрээ, үр ашгийг дээшлүүлэх хоёр талын болоод олон талт худалдааны үйл ажиллагаанд Монгол Улс идэвхитэй оролцож, худалдааны аливаа саад тотгорыг арилгах, хөнгөвчлөх чиглэлд хийгдэж буй гэрээ, хэлэлцээрүүдийг үр дүнтэй болгох бодит зорилт Та бидний өмнө тавигдаж байна.

            Мөн хөдөөгийн алслагдсан бүсүүдэд соёлтой, түргэн шуурхай үйлчилгээгээр хангагдсан, баталгаатай бараа бүтээгдэхүүн бүхий худалдааны сүлжээг орчин үеийн зах зээлийн зарчимд нийцүүлэн зохион байгуулах, хил боомтуудын ойролцоо чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, худалдааны салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг тулгамдсан зорилтууд нь худалдааны салбарынхны нэн даруй шийдвэрлэх асуудал гэж Төрийн тэргүүний хувьд үзэж байна.

            Худалдааны салбарын 90 жилийн түүхийг нэр төртэй бичилцэн, ард иргэдээ хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах хүндтэй бөгөөд нэр төртэй үйлсэд хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн худалдааны ажилтнууд Та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

            Монгол орон хөгжин мандах болтугай.

 

          МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

 

Улаанбаатар хот

2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр