Л.Дашдорж: Орлогыг хэрхэн хөгжил дэвшилд хандуулах вэ гэдэгт Ерөнхийлөгч санал оруулж байгаа

Administrator 2011-12-02 20:29:53

Ерөнхийлөгчийн эдийн засгийн бод­ло­гын зөвлөх Л.Даш­дорж­той ярилцлаа. 

-2012 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж бай­на. Үүнд Ерөн­хий­лөг­чийн зүгээс хэрхэн хан­даж байгаа вэ?

-УИХ-аар ирэх оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж бай­на. Энэ долоо хоногийн Төсвийн байнгын хо­роо­ны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байх. Үүнтэй холбог­дуу­лан Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж өөрийн хуулиар олгогдсон эрхийн дагуу хоёрдугаар хэлэлцүүлэгт санал оруулж байгаа.

Ирэх оны төсвийн ор­лого нь гэхэд өнгөрсөн оныхоос хоёр дахин нэ­мэгдсэн. Энэ нь эдийн засгийн өсөлт, түүн дотор уул уурхайн салбарын өсөлттэй холбогдож бай­на. Төсвийн цар хүрээ ийн нэмэгдэхийн хэрээр татвар төлөгчдийн мөн­гийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ, үр өгөөж нь хэрхэн хурдан ирэх төсөл хөтөлбөрт зарцуулах вэ гэдэгт томоохон бодлого хэрэгтэй байгаа юм.

ДНБ гэхэд өмнө нь таван жилд хийгээгүй байсан өсөлтийг 2011 онд хийсэн байна. Сүүлийн гурван жилийн тоог харах юм бол авто тээврийн байгууллагын орлого гэхэд л 40 дахин, харилцаа холбоо­ны байгууллагуудын орлого 35 дахин өссөн байна. Нийслэлийн нийтийн хоолны газруудын орлого гэхэд л 40 дахин өссөн. Ерөөс дахин өсөлтийн цаг үе ирж байна. Тэгэхээр ийм өсөлт, тэлэл­тийг яаж хөгжил дэвшил болгох вэ гэдэгт тодорхой бодлого үгүйлэг­дэж байгаа учраас Ерөн­хий­лөг­чийн зүгээс ийн санал оруулж байгаа юм.

-Яг ямар санал юм бэ?

-Ерөнхийлөгч 2012 оноос эхлэн хүүхдийн ясли, цэцэрлэгийн асууд­лыг шийдэх үндэсний хэмжээний цогц бодлого явуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Манай нийслэлийн цэцэр­лэг, яслийн багтаамж гэхэд л 150 мянган хүүхдэд зориулагдсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 200 мянга хол давчихаж. Ингэж ачаалал нэ­мэгдэхэд амьсгалын замын өвчин гэх мэт сөрөг үр да­гавар бий бол­дог. Түүнчлэн залуу эцэг эхчүүд хүүхдээ сургуулийн өмнөх боловс­ролд хамруулж ча­дахгүйд хүрдэг. Энэ нь цаанаа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхад нөлөөлөх гэх мэт олон асуудлыг дагуулж байгаа юм. Тиймээс тө­рийн тэргүүн ирэх оны төсөв дээр цэцэрлэг, яслийн хан­гамжийг ший­дэхийн тулд ирэх оны төсөвт то­дорхой хэмжээний хө­рөнгө суулгаж өгөх шаардлагатай байна гэж үзэж саналаа өгч байгаа юм.

Өөр нэг асуудал нь нийслэлийн дүүрэг, хөдөө орон нутагт биеийн тамир спортын нэгдсэн цогцолбор, номын сан, уран зургийн галерей гэх мэт нийтийг хамарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Монгол Улс боловс­рол, эрүүл мэндийн салбарт жил­дээ ядаж нэг томоохон төсөл хө­төлбөр хэрэгжүүлж байх нь зүйтэй байна гэж үзсэн. Тиймээс цэцэрлэг ясли бусад барилга бай­гуу­ламж, арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтарч байгуулах хэрэгтэй. Ингэх­дээ аль болох хувийн хэвш­лийнх­нийг түлхүү оруулах, тэдний хө­рөнгө мөнгийг нийтийн үйлсэд оруулах, түүнд нь төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс мон­гол судлалын асуудалд ан­хаар­лаа хандуулах тухай хэлж бай­сан. Энэ талаар төсөвт оруулах санал бий юу?

-Өнөөдөр манай төрөөс Мон­гол судлалын арга хэмжээнд зо­риулж тодорхой хэмжээний хө­рөнгө мөнгөний туслалцаа үзүү­лэх­гүй байна. Өмнө нь олон улсад нэртэй томоохон монголч эрдэмтэд байлаа. Өнөөдөр тэдний орон зай үгүйлэгдэж байна. Ер нь Монголын төр монгол угсаатан судлалын чиглэлээр хөрөнгө мөнгө гаргаж байгаагүй. Тэгэхээр олон улсын нэртэй эрдэмтдийг татаж оруулсан төсөл хөтөлбөрийг зохион байгуу­лах, залуу эрдэмтдийг бэлтгэх, дэлхийд алдартай Орос, Английн монгол судлалын төвүүдийг сан­хүү­гийн эх үүсвэрээр дэмжих зайлш­гүй шаардлага гарч ирж байна. Шинжлэх ухаан сангийн хүрээнд монгол судлалыг хөг­жүү­лэх сан бий болгож, түүгээр дам­жуулан төсөл хөтөлбөрөө хэрэг­жүү­лэх шаардлагатай байна.

-Ирэх оны төсөв нэлээд тэ­лэл­ттэй гэгдэж байгаа. Үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ?

-2012 оны төсөв бол сонгуу­лийн жилийн төсөв. Зөвхөн үүгээ­рээ л олон хариултыг өгч байгаа шүү дээ. Ер нь төсөвт нэг анхаарал татаж байгаа зүйл нь орлого тал­даа төлөвлөгдсөн. Түүнийх нь гол зорилго, шаардлага нь ирэх оны сонгуультай холбогдон гарч ирж байгаа маш ирэх хэмжээний зард­лыг зөвтгөх хандлага л байна гэсэн үг.

-Тэгэхээр тэлэлттэй төсвийг Ерөнхийлөгч зөвтгөж байгаа гэ­сэн үг үү?

-Ирэх оны төсвийг УИХ хэлэл­цэж байна. Эцсийн шийдвэр гараа­гүй байхад ийм, тийм болчихлоо гээд урьдчилан тайлбарлаад байх нь зүйд нийцэхгүй болов уу. Ирэх сарын 1 гэхэд төсөв батлагдах учиртай. Түүнээс л харъя. Харин дараа нь тодорхой дүгнэлт гарах байх даа. Түүнээс бус хууль тог­тоогчдын өмнүүр орж ийм юм бат­лах гэж байна урьдчилан таагаад ямар нэг тайлбар хийх шаард­ла­гагүй гэж бодож байна.

-Өнгөрсөн жил гишүүдийн тойргийн мөнгийг хуваарилах асуудалд Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Ирэх оны төсөв дээр уг асуудал орчихсон байна лээ. Харин батлагдчихвал өмнөх шигээ гишүүдийн мөнгөнд хориг тавих уу?

-Бид одоогийн үйлчилж байгаа төсвийн тухай хууль эрхзүйн орч­ноо өөрчлөх шаардлагатай байгаа юм. Өнөөдөр Удирдлага санхүү­жилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль гэсэн хоёр хуулиар төсвийн харилцааг зохи­цуулж байгаа. Тэгэхээр энэхүү хууль эрхзүйн орчныг өөрчлөх, дээр хэлсэн гишүүдийн тэрбум төгрөг, бусад шаардлагатай, шаард­лагагүй арга хэмжээг төс­вөөс санхүүжүүлдэг байдлыг зог­соохын тулд өнгөрсөн оны дол­ду­гаар сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Уг хуулиар орон нутагт эрх мэдэл өгөх асуудлыг нэлээд тодорхой тусгасан. Ингэх­дээ иргэдийн оролцоог хангах чиглэлээр Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, маш олон хэрэгтэй саналууд уг хуулийн төсөлд ор­чих­сон байгаа.

Өргөн баригдсанаасаа хойш энэ хууль хэлэлцэгдэлгүйгээр жил гаруйн хугацаа туулсны эцэст өнгөрсөн долоо хоногт л анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хийсэн. Ойрын хугацаанд хоёр дахь хэлэл­цүүл­гийг хийх болов уу. Ерөнхий­лөг­чийн зүгээс энэхүү шинэ хуульд маш их ач холбогдол өгч байгаа.   

 

Т.ГЭРЭЛМАА