МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Даваа 2012-01-02 11:08:15

Тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн ойд 

XVII жарны цагаагчин туулай жилд XX зууны монголын түүхийн гурван гайхамшигт түүхэн тэгш ой тохиож буй. Энэ нь монгол нутагт нүүдэлчдийн анхны төрт улс  Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дүнд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, шашин төрийг хослон барьсан Хаант монгол улс байгуулагдсаны 100 жил, Цагаагчин тахиа жилд Үндэсний ардчилсан хувьсгал ялж, Монголчууд хүн төрөлхтний хөгжлийн гольдролд тусгаар улсын хувьд дахин нэгдэн нийлсний 90 жилийн ой билээ.

XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын өлзий учрал бүрдсэн шинийн есөн, баасан гараг, усан тахиа өдрийн морин цагийн эхэнд VIII Богд Живзундамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаанд өргөмжлөн Эрдэнийн ширээнд залах их ёслолыг нээн явуулж Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам, Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яам гэсэн төрийн  5 яамнаас бүрдсэн Монгол улсын байнгын засгийн газрыг байгуулсан юм. VIII  Богд Жибзундамба хутагт хаан, хаанаар өргөмжлөгдөөд анх буулгасан хишиг тараах зарлигаараа тэдгээр таван яамны тэргүүн сайдууд, дэд сайд, түшмэдийг тохоон томилж мөн өдрөө яамдынхаа тамгыг нээн албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ өдөр бол тэдгээр 5 яамны анх удаа байгуулагдсан өдөр бөгөөд бид 100 дахь жилийнх нь ойг тэмдэглэж байна. Алив нэг тэмдэглэлт ой, дурсамж бол сургамж, ухаарлын цэгнүүр билээ.

Таван яамаар түшиг тулгуур хийн өндийн боссон Монголын тусгаар төрийн туулж өнгөрүүлсэн 100 жил тэр бүр дардан шулуун байгаагүйг бид мэднэ. Хуудас бүрт нь Монголчуудын алдаа, оноо шингэсэн мянга мянган боть бидний түүхэнд үлдэж хоцорсон. Тусгаар орших бүрэн эрхээ эдэлж хэрэгжүүлэхийн төлөө тавин оныг үдэж энэ хугацаанд их гүрнүүдийн эрх ашгийн золиос болгон олон мянган хүнийхээ амь насыг алдаж, газар нутгаа огтлуулан, харь гүрний эрхшээл нөлөөнд орж явсан гашуун үе байхад, шинэ цагийн соёл боловсрол, эдийн засгийн хөгжлийн шав суурийг тавьж улс орноо дэлхийн нийтийн хөгжлийн чиг гольдрол руу оруулах эхний алхамуудыг хийн, тусгаар тогтнолоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлж НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсон бахархам үе бас бий. Улмаар цагаан морин жил ард нийтээр түрхэрэн хөдөлж дагуул орны хэмжээнд бусдын удирдлага жолоодлого дор төр улсаа засаж явсан гунигт үеийг халж жинхэнэ ардчилалыг тугаа болгосон эрх чөлөөт монголыг бид бас бий болгож чадсан.

1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш үндэс язгуур тасрахгүй явсаар эдүгээ цагтай золгов.

Тусгаар бүрэн эрхт Монгол төрийн тулгар таван яамны 100 жилийн ойг тэмдэглэхээр хуран чуулж буй та бүхэнд Монгол улсын ерөнхийлөгч миний бие чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж төрийн  минь өлмий бат, мэлмий тунгалаг эгнэгт оршихуйн өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая.

МОНГОЛ УЛСЫН                                   ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                     ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот

2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр