МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Administrator 2012-11-27 16:57:29

”Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт” үндэсний зөвлөгөөнд оролцогчдод

Та бүхэн барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог цогцоор нь шинэчлэхээр үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж байгаад талархаж байна. Барилгын салбар их бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Гэхдээ энэ салбарын нэр хүндхүн амын аюулгүй амьдрах,барилгачдын аюулгүй хөдөлмөрлөх нөхцөлийг хэр бүрдүүлж байгаагаас шууд шалтгаалдаг. Тиймээс гүйцэтгэгч, захиалагч, хөрөнгө оруулагч, хяналтын байгууллагуудынөдөр тутмын хамтын хүчин чармайлт нэн чухал үүрэгтэй.
 
Энэ салбарт төр, иргэн, гүйцэтгэгч, захиалагч байгууллагуудын харилцан хяналт тавих тогтолцоо нь бараг бүрэн алдагдаж, нэг талаас хүнд суртал, авилгаар дарамталсан, нөгөө талаас нэг нэгэндээ найр тавьсан, назгайрсан байдал газар авч байна. Ийм байдал барилга барихтай холбоотой дамжлага бүхэнд, тухайлбал зөвшөөрөл авах, төлөвлөх, түүнийг дагаж мөрдөх, гүйцэтгэх, хяналт тавих, зохицуулах шатанд алхам тутамд ажиглагдаж байна. Үүний уршгаар эрдэнэт хүмүүний амь нас, эрүүл мэнд, эдийн засаг хохирсоор байна.
 
Хариуцлагагүй байдлыг зогсооход юуны өмнө барилгын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн тэр барилга дээр ажиллаж байгаа хүний бус тэрний орчимд яваа хүмүүсийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах заалтуудыг оруулъя.Төр зөвшөөрөл өгдгийг болиулъя. Мэргэжлийн байгууллагууд нь зураг зөв, аюулгүй байдлыг хангасан байна, барьж болно гэж шийдвэрлэснийг л төр бүртгэн хяналт тавья. Ийм болохын тулд мэргэжлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад эрхийг нь өгч, төр хариуцлага тооцож байя. Төрийн олон гарын үсгийг байхгүй болгоё.Мөн холбогдох хуулиудад зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан тушаалтнуудтай хэрхэн хариуцлага тооцохыг тодорхой зааж өгье гэсэн. Үүнийг та бүхэн асуудлаа хэлэлцэхдээ тунгаан бодно гэдэгт итгэж байна.
 
Хүнд суртал, чирэгдлийг арилгах, эрүүл ахуй, аюулгүйн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд барилгын салбарт мөрддөг олон улсын стандартыг монголынхоо нөхцөлд нутагшуулах явдал үгүйлэгдэж байна. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын удирдлагын тогтолцоог шинэчлэн бүх сум, аймаг, нийслэлд чанадлан мөрдөх ёстойг энд онцлон анхааруулмаар байна.
 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны шинэчлэлийн асуудалд барилгын салбарын төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнээс гадна эрүүл мэнд, даатгалын чиглэлээр Эрүүл мэндийн яам, шаталсан сургалтын чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яам, хяналт шалгалт, хууль эрхзүйн чиглэлээр Хууль зүйн яам, ослоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Хөдөлмөрийн яам оролцох учиртай.Одоогийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуульд өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажиллах “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо”-ны бүтцийг ч УИХ, Засгийн газрын хэмжээнд дахин тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
 
Тулгамдсан асуудлуудаа зөв тодорхойлж, хэрэгжүүлэх замаа оновчтой тогтоон, эрхзүйн аюулгүй шинэ орчин бүрдүүлэх үйл явцыг шуурхай эхлүүлэхэд зөвлөгөөнд оролцогч та бүхэн чухал түлхэц үзүүлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье.
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                   Ц.ЭЛБЭГДОРЖ
 
Улаанбаатар хот
2012 оны 11-р сарын 27