МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Administrator 2012-12-17 10:40:02

“Дэлхийн Монголчуудын Чуулган”-ыН VI Ерөнхий Хуралдаанд оролцогчдод 

Монгол Улстай түүх, соёлын түмэн шижмээр холбогдсон, найрсаг харилцаат Турк улсын эртний нийслэл Бурса хотод болж буй “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ын 6 дугаар ерөнхий хуралдаанд дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд төдийгүй дэлхий дахинаа тархан суурьшсан Хүннү, Монгол, Түрэг угсаа гарвалтан, Монголыг судлаач эрдэмтэд, Монголын анд нөхдийн өндөр нэр хүндтэй, өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцож, даяаршлын эрин үед Монгол түмний түүх, хэл, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоонд тулгуурласан тал бүрийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөн хэлэлцэх гэж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Төрийн тэргүүн үзэж байна.
 
Тус чуулганы энэ удаагийн хуралдаан, түүний хүрээнд болох соёл урлаг, мэдээлэл, сурталчилгаа, эдийн засаг, бизнесийн чиглэлийн арга хэмжээнүүд нь Монгол, Туркийн өдрөөс өдөрт өрнөн дэлгэрч байгаа харилцаа, хамтын ажиллагааг улам бүр шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улмаар хоёр орны олон нийтийн хүсэл эрмэлзлэлийн нэгдмэл илэрхийлэл болж байгаагаараа онцлог бөгөөд хүмүүн төрөлхтөний оюуны сан хөмрөгт томоохон байр суурь эзэлдэг Монголын түүх, хэл, бичиг, соёлын арвин их өвийг судлах, сурталчлах, хадгалан хамгаалах, дээдлэн дэлгэрүүлэх талаар Чуулганд оролцогчид нухацтай санал солилцож, тодорхой асуудлаар тохиролцох, төсөл төлөвлөгөө боловсруулах зэргээр хамтран ажиллаж, олон улсын бизнес, соёл, хүмүүнлэгийнүйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулаасай хэмээн хүсч  байна.
 
Улс гүрэн, ард түмнүүдийн найрамдалт харилцаа, энх амгалан байдал, эв эеийг эрхэмлэн дээдлэгч Монгол түмний санал санаачлагыг дэмжиж, олон улсын цар хүрээтэй энэхүү чуулга уулзалтад оролцогчдод Мэндчилгээ дэвшүүлж, соёрхон үзсэн Турк улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Абдулла Гүл, тус Чуулганыг эх орондоо хүлээн авсан Туркийн Засгийн газар болон чуулганы хуралдааныг үр дүнтэй хийх бүхий л бололцоог бүрдүүлжнайрсагаар хамтран ажилласан Бурса хотын удирдлага, тус хотын эдийн засаг, соёлын байгууллагууд, олон нийтийн төлөөлөлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Туркийнард түмэнд хөгжил цэцэглэлт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Монгол, Туркийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжин дэлгэрэх болтугай.
 
Гүнээ хүндэтгэсэн,
Монгол улсын Ерөнхийлөгч,
“Дэлхийн Монголчуудын Чуулган”-ын Хүндэт Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж
 
 
 
2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот