МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Administrator 2012-12-25 17:42:58

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд

Өвөг дээдсээс өвлөгдөн Монгол эх орны минь алтан хэвлийд хадгалагдан ирсэн үнэт баялгийн эрдэс  нөөцийг эрж хайх, эзэмшиж олборлох үйл хэрэгт түүчээлэн зүтгэж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөдөлмөр, сэтгэлээ зориулж яваа уул уурхайн салбарын үе үеийн алдартнууд, нийт хамт олонд Монгол Улсад энэ салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

         Өнгөрсөн 90 жилд уул уурхайн салбарыг даган эдийн засаг, нийгмийн томоохон бүтээн байгуулалт өрнөж  байсныг Налайх, Түмэнцогт, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Оюу толгой, Таван толгойн уурхай, хот тосгод илтгэн харуулж байна. Энэ бүтээн байгуулалт манай орны хөгжил дэвшлийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг юм.

Улс орны эдийн засаг, нийгэм, соёлыг дэлхийн өндөр хөгжлийн түвшинд хүргэхэд уул уурхайн салбарын хамт олны  үүрэг, хариуцлага шийдвэрлэх ач холбогдолтой байх болно. Ингэхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, ил тод, хариуцлагатай уул уурхайн эринийг эхлүүлэх зорилт тулгамдаж байна.

      Эх орныхоо өмнө хүлээсэн энэхүү өндөр хариуцлагатай, нэр төртэй,  бахархалтай үйл хэргийг гардан хэрэгжүүлэх уурхайчид, геологчид, мөн хамтран бизнес, түншлэлийн ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хүмүүст  уул уурхайн үйл хэрэг нь өөдрөг, бүтэмжтэй, олон улсад  өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй, ард иргэддээ өгөөжтэй байж, эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтөд   жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

2012 оны 12 дугаар сарын 25 ны өдөр

Улаанбаатар хот